| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01399/И |
| Дугаар | 01223 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 01223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-14-22 тоотод оршин суух Боржигон овгийн Дамдингийн Баярмагнайн /ТИ-65071771/ ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Баярмагнай, гэрч Б.Мөнхзул, Н.Нармандах, Т.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Баярмагнай шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Д.Баярмагнай нь Дархан хотын Политехникумыг 1989 онд төгсөж, ГУУҮЯ-ны томилолтоор Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн Дулаан ус хангамж ариутгах,татуургын цехийн цэвэрлэх байгууламжийн хэсэгт 1989-07-10-нд насосын машинистаар орж, цехийн даргын 1989-12-11-ний 142 тоот захирамжаар цэвэрлэх байгууламжийн хэсэгт тоног төхөөрөмжийн засварчны ажилд шилжин орж 1990-02-01-нээс 2004-08-13-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан.Миний бие тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул Эрдэнэт үйлдвэрийн төв архиваас 1989-07-10-нд ажилд орсон тушаалын лавлагаа авсан.1989-12-11-ны цехийн даргын насосын машинистаас тоног төхөөрөмжийн засварчны ажилд шилжин орсон 142-р захирамж архивт хадгалагдаагүй тул Дулаан ус хангамж ариутгах, татуургын цехийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга болон хамт ажилд орсон 3 хүний тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, бичиг баримтыг үндэслэн цэвэрлэх байгууламжийн насосын машинистаар 1989-07-10-наас 1990-02-01 хүртэл 6 сар 21 өдөр, цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчнаар 1990-02-01-нээс 2004-08-13 хүртэл 14 жил 1 сар 12 өдөр нийт 15 жил 1 сар 06 өдөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд: 1990 оны 2 сарын 01-нээс 2004 оны 8 сарын 13-ны өдөр хүртэл цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгоно.машинистаас засварчнаар шилжүүлсэн тушаал олдохгүй байгаа гэжээ.
Гэрч Л.Батсүх шүүх хуралдаанд:Миний бие 1989 онд Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн даргаар ажиллаж байхад Баярмагнай сургууль төгсөж ирээд насосны машинистаар ажиллаж байгаад 1990 оноос тоног төхөөрөмжийн засварчнаар ажилласан.Би 2003 онд өөр ажилд шилжихэд Баярмагнай нь ажиллаж л байсан гэжээ.
Гэрч Б:Мөнхзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1989 онд сургууль төгсөж ирээд цэвэрлэх байгууламжид ажилд ороход Баярмагнай машинист хийж байсан.Удалгүй засварчнаар шилжин ажилласан гэжээ.Гэрч П.Нармандах шүүх хуралдаанд:би Баярмагнайтай хамт 1989 онд сургууль төгсөж ирээд Эрдэнэт үйлдвэрийн цэвэрлэх байгууламжид 2004 он хүртэл ажилласан гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Баярмагнай нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Дамдин овогтой Баярмагнай 1990-02-01-нээс 2004-08-13-н өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ний 2016-09-13-ны өдрийн 398 дугаартай архивын лавлагаа, 294196 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар,092972 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат 15/5199 дугаартай тоног төхөөрөмжийн засварчний үнэмлэхний баталгаат хуулбар, гэрчүүдийн тодорхойлолт,мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Дамдин овогтой Баярмагнайг1990 оны 02 дугаар 01-ний өдрөөс 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ний цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 09 сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ