| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/07301/И |
| Дугаар | 210/МА2025/00494 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00494
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******ийн нэхэмжлэлтэй,
*******од холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч ******* нь өндөр насны тэтгэврээрээ амьдардаг. Нэхэмжлэгч ганц хүүтэй, хүү нь гэр бүлээрээ Австрали улсад амьдардаг. Манай бэр ******* 2023 оны 3 дугаар сард нэхэмжлэгч рүү залгаж Хаан банкны ******* тоот н. гэх хүний данс руу 12,000,000 төгрөгийг хийчих гэж хэлсэн. Манай хүү мэдэж байгаа юу гэж асуухад ******* мэдэж байгаа гэж хариулж байсан. Хүний газар хүүхдүүд минь хэцүү байгаа гэж бодоод 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны ******* тоот данснаас хариуцагч *******ын Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. Манай бэр ******* миний хүүгээс нууж, надад худлаа хэлж *******ын данс руу 12,000,000 төгрөгийг надаас гаргуулсан байсан. Миний олж мэдсэнээр *******ын хүү *******гийн данснаас нийт 10,000,000 төгрөгийг *******ын Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн, одоо мөнгө өгөх хэрэггүй гэж ******* хэлсэн. Тиймээс манай бэр болон ******* нар ашиг сонирхлын хамааралтай бөгөөд манай бэр намайг хуурч 12,000,000 төгрөгөөр хохироосон. Тиймээс нэхэмжлэгчид учирсан хохирол болох 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай 10 жилийн ангийн охин *******, түүний нөхөр нар Австрали улс руу явах гэж байна гээд 2022 оноос 2023 оны 3 дугаар сар хүртэл 15,000,000 төгрөг зээлсэн. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр миний Хаан банкны данс руу 6,000,000 төгрөгөөр 2 удаа , хоёроос зээл төлөв гэсэн утгатай шилжүүлсэн. Би ******* болон ******* нар надаас мөнгө зээлдэг байсан. Өмнө нь ******* руу шилжүүлж байсан мөнгө энэ хэрэгт хамааралгүй. Би ******* гэх хүнээс мөнгө зээлж аваагүй, уулзаж байгаагүй, надад хамааралгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ийн хариуцагч *******од холбогдуулан гаргасан 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Өөрөөр хэлбэл эрх зүйн ямар ч харилцаа үүсээгүй хоёр этгээдийн хооронд дансаар мөнгө шилжсэн байхад түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан шаардах эрх үүсэхгүй гэж тайлбарлах нь үндэслэлгүй байна.
Мөн хэргийн үйл баримтаас харвал Анхан шатны шүүх дүгнэхдээ ...хүү *******, бэр ******* нарын бусдад төлөх төлбөрийг тэдний хүсэлтийн дагуу дансаараа дамжуулан төлсөн гэжээ. Тэгвэл хүү *******, бэр ******* нар нь нэхэмжлэгч руу мөнгө шилжүүлсэн эсэх ******* ******* болон хариуцагч ******* нарын хооронд зээлийн харилцаа байсан эсэхийг тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Зөвхөн дансны хуулга нь зээлийн харилцаа байсан гэдгийг нотлохгүй бөгөөд хариуцагчийн зээлийн харилцаа байсан гэж байгаа нь зөвхөн түүний тайлбар бус бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдох учиртай.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00805 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас хариуцагч *******ын ******* тоот данс руу 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 12,000,000 төгрөг /6,000,000+6,000,000/-ийг 2-оос зээл төлөв гэх утгаар шилжүүлжээ. /х.х-ийн 5/
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...бэр маань над руу утсаар яриад ааваа та Хаан банкны ******* тоот данстай ******* гэдэг хүн рүү 12,000,000 төгрөгийг хийгээдхээч гэсний дагуу нийт 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн бол, хариуцагч нь ...арван жилийн ангийн хүүхэд *******, түүний нөхөр ******* нар 2022 оноос 2023 оны 03 сар хүртэл надаас 15,000,000 төгрөг зээлсэн, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний Хаан банкны ******* данс руу 6,000,000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн ба утга нь , 2-оос зээл төлөв гэсэн байсан гэх тайлбар гаргаж маргасан байна. /х.х-ийн 1, 18/
4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд үүрэг үүсээгүй, аль эсхүл үүссэн боловч хожим хүчингүй, мөн дуусгавар болсон бол нэхэмжлэгч нь тухайн 12,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардаж болно.
5. Хавтаст хэргийн 34-57 дугаар талд авагдсан хариуцагч ******* болон түүний эхнэр З. нарын Төрийн банк ХК дахь дансны хуулгаар 9 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн бэр *******, түүний хүү Т. нарын данс руу, мөн *******ын өмнөөс , , нарын данс руу нийт 13,590,009 төгрөг шилжүүлсэн байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн баримт болох ******* болон ******* нарын харилцан бичсэн зурвасаас үзвэл нэхэмжлэгч ******* нь өөрийн төрсөн хүү *******, бэр ******* нарын *******од төлөх төлбөрийг тэдний хүсэлтийг үндэслэн төлсөн үйл баримт тогтоогджээ. /х.х-ийн 83-87/
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь өөрийн хүү *******, түүний эхнэр ******* нарын зээлийг тэдгээрийн хүсэлтээр хариуцагч *******од төлсөн байх тул хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан гэж буруутгах боломжгүй юм.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од 12,000,000 төгрөгийг эрх зүйн харилцаа үүсээгүй байхад шилжүүлсэн гэх тайлбар няцаагдаж байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх зохицуулалт нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх нийтлэг үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд тус заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсон байна.
Харин дээрх хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт ...492.1... гэснийг 492.1.1 гэж өөрчилнө.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...8 дугаар зүйлийн 8.1 гэснийг хасаж, ...492.1 гэснийг 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР