Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 792

 

 

 

 

 

 

   2019        07         02                                   2019/ШЦТ/647

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          Улсын яллагч. Ц Амгаланбаатар,

          Шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гөрөөч овогт Вандангийн Баянмөнхөд холбогдох эрүүгийн 1909019650682  дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 28-ны Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бэби Камель кашмер” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, , ял шийтгэлгүй гэх Гөрөөч овогт В.Б/регистрийн дугаар АВ79072816/,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч В.Б нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Нутсаар ярихгүй байна гэх шалтгаанаар маргалдаж, түүний гарыг нь нугалж даран 16-14 УНЭ дугаарын саарал өнгийн “Ланд 200” маркийн автомашин дотор оруулан толгой руу нь удаа дараа гараараа цохисон, алчуураар хоолойг нь боосон, автомашинаас гарч зугтаахад нь барьж авах, автомашинд суулгах гэж гарыг нь нугалж даран биед нь зүүн гарын шуу ясны дээд 1/3 хэсгийн цуурал, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалганд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч В.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч В.Бөд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч .Б нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт Э.Нмаргалдаж, түүний биед зүүн гарын шуу ясны дээд 1/3 хэсгийн цуурал, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалганд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэрэг болсон. Э.Н-ыг 2017 оноос хойш таньдаг болсон. Манай компаниас цалин, урамшуулал авдаг байсан. Намайг гар утсаа авахгүй байна гэж хэлсэн. Би залгасан зүйл байхгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, 

          Хохирогч Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "..Тухайн үед таараад намайг машинд суу гэхээр нь “суухгүй ажилтай, завгүй явж байна” гэхэд машин руугаа чирээд маргаан эхэлсэн. Баруун гарын хурууг нугалж бариад бугалга хэсгээр нь хүчтэй хөшиж дараад машин руугаа чирсэн. Машин дотор оруулаад миний толгой руу гараа атгаж байгаад нилээн хэдэн удаа цохисон. Мөн миний хүзүүний нимгэн алчуураар хоолой боож энэ гэмтлийг учруулсан. 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэрийн гадаа таараад “уучлаарай” гээд гэр рүү дагаж ороод ярилцсан хоол унд хийсэн. Тэр үед В.Б согтуу байсан. ...чи намайг яагаад цагдаад өгсөн юм гээд толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Цээж рүү түлхэхэд гараа хананд цохисон. Гар гипстэй байсан учир хамгаалж чадаагүй. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдээд эрүүлжүүлэхэд өгсөн. Дараа нь буюу 05 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим В.Б гэрт ирээд утсыг чинь үзье гэхээр нь өгөхгүй гэсэн чинь утас булаацалдаж байхдаа гар дахиад хөндсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/,

 

          Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6125 дугаартай “…Э.Н-ын биед зүүн гарын шуу ясны дээд 1/3 хэсгийн цуурал, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалганд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 10-р хуудас/,

 

          Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 17-ны өглөө нөхөртэйгээ хамт гэрээсээ гараад машин үзэхээр хүүхдийн паркын урд талын автомашин зардаг газар ирсэн. ... машин сонирхоод дотор нь орж суугаад үзэж байтал Э.Н өөдөөс ирж яваа харагдахаар нь нөхөртөө Э.Н ирж байна гэж хэлсэн чинь манай нөхөр “чи битгий гараарай, би гараад уулзаад ирье” гэж хэлээд буусан. Нөхөр буугаад очиход Э.Н өөдөөс нь гартаа байсан түлхүүрээр толгой руу нь цохисон. Тэгтэл түлхүүр нь газар унасан. Түлхүүрийг манай нөхөр аваад тэр хоёр хамт цаашаа явсан. Тэр газрын оффис руу нь ороод сууж байтал нэг эмэгтэй ирээд ямар солиотой хүүхэн бэ тэр залуугийн машин руу чулуу шидээд байна гэж хажуугийн хүндээ хэлж байсан. Би ...сууж байтал тэр газрын ажилтан бололтой нэг залуу надад “та очоод хэрэггүй байхаа маргалдаад байна лээ” гэж хэлсэн. ... нөхөр залгаад 103-ын энд ирсэн байна таксидаад хүрээд ир гэхээр нь очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

 

          Яллагдагч В.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Паркийн урд байрлах автомашин зардаг газар эхнэр Г-гийн хамт автомашин үзээд байж байхад ...Э.Н явж байгаа харагдсан. ...Би өөрийн машин руугаа яваад очиход Э.Н өөдөөс чам руу залгасан чинь яагаад утсаа авахгүй байна гээд хэрүүл хийгээд машин руу чулуу шидээд байсан. Замаар олон машин явж байсан учир санаа зовоод тэврээд машиндаа суулгасан. Тэр үед суухгүй гээд эсэргүүцэж байхад л гар нь янз бүр болсон байх. Машинд суугаад маргалдаж байгаад гайгүй болоод бид хоёр явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

 

          Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 24-26 дугаар хуудас/,  

          Хохирогч Э.Н-ын хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/,

           

          Шүүгдэгч В.Бийн ял шалгах хуудас /хх-ийн 20 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 32 дугаар хуудас/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 51-59 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч В.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч В.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч В.Бөд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч В.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Гөрөөч овогт В. Б-aийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар В.Бийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар В.Бийг шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар В.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч В.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.           

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл В.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ