Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 124/2024/0018/З |
Дугаар | 001/ХТ2024/0126 |
Огноо | 2024-11-29 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2024/0126
Н.Б****-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом
сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 124/ШШ2024/0015 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2024/0615 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2024/0427 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Н.Б****, хариуцагч Д.Г**** нарыг (цахимаар) оролцуулан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Н.Б***-аас Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу урамшуулал олгохгүй байгаа Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6,600,000 төгрөгийн урамшуулал олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгчээс “... төрийн байгууллагад 35 жил, төрийн захиргааны албанд 19 жил, Улаангом сумын Тамгын газарт 10 гаруй жил тасралтгүй ажилласан, 2022 онд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох заалт Төрийн албаны тухай хуульд туссан, 2023 оны 07 дугаар сард мөнгөн урамшуулал авах болзол хангасан хүмүүсийн материалыг бүрдүүлж, сумаас 2024 оны төсөвт төсөвлөсөн, үүнд нэр багтсан, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын 3 дахь заалтаар 2024 онд шаардагдах хөрөнгийг байгууллагын төсвийн захирагч батлагдсан төсөвт багтааж, цаашид урамшууллын төсвийг жил бүрийн төсөвт санхүүжүүлж байхыг төсвийн захирагч, Сангийн сайдад үүрэг болгосон, тасралтгүй 5 жил ажилласан тул мөнгөн урамшуулал авах үндэслэл бүрдсэн, 2023 онд төсөвлөгдсөн зардал 2024 онд надад ойлгогдох ёстой, урамшуулал олгох өргөдлөө өгсөн, бусад хүмүүст олгогдоод надад олгогдоогүй тул биечлэн уулзсан, олгох боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргажээ.
3.Хариуцагчаас “... нэхэмжлэгчийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон “өндөр насны тэтгэвэр” тогтоосон, нэг удаагийн тэтгэмжийг олгосон, тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасан төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг олгохоор 5 жил тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчдын судалгааг авсан боловч Засгийн газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр урамшуулал олгох журмыг баталж, мөрдөж эхэлсэн, тус журмын 2.1-д заасан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй, тэтгэвэрт гарсан тул журамд зааснаар урамшуулал олгохгүй, тэтгэвэр тогтоолгон төрийн албанаас чөлөөлөгдсөн учир журмын 3.2, 3.3, 3.5, 5.2, 5.5 дахь заалтуудыг мөрдөн ажилласан” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргасан байна.
4.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б***-ын Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу урамшуулал олгохгүй байгаа Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6,600,000 төгрөгийн урамшуулал олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 124/ШШ2024/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
6.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2024/0427 дугаар тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
7.Нэхэмжлэгчээс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:
7.2.Хэрвээ төсөвт тусгахаас нэг хоногийн өмнө би ажлаасаа чөлөөлөгдсөн бол энэ асуудал үүсэхгүй. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйл хэрэгжээд эхэлчихсэн, түүнийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд тусгайлсан заалт орсон учир захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын ажлаас чөлөөлөгдсөний дараа тогтоол гарсан, тусгайлан заагаагүй гэдгийг зөвшөөрөхгүй байна. Иймд төсөвт сууж батлагдсан урамшууллыг олгож өгөхийг хүссэн миний хүсэлттэй холбогдолтой асуудлыг хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
10.Улсын Их Хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар уг хуульд “51.3. Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэх нэмэлт оруулж, тус нэмэлт зохицуулалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр мөн хуульд заажээ.
11.Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар тус газрын ногоон байгууламж, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Н.Б***-ыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь (өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтэд үндэслэн) чөлөөлсөн.
12.Энэ тохиолдолд, нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт орсон 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг дагаж мөрдөгдөхөөс өмнө буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн учир тус хуулийн нэмэлт зохицуулалт түүнд үйлчлэхгүй байна.
13.Тодруулбал, уг хууль хүчин төгөлдөр болсон цаг хугацаанд нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, төрийн албан хаагч биш болсон бодит нөхцөл байдал үүссэн тохиолдолд, хууль хэрэгжиж эхлэхээс өмнө “... хуулийн шаардлага ханган ажиллаж байсан этгээдэд ... мөнгөн урамшууллыг олгох” нь тус хуулийн нэмэлт зохицуулалтын зорилгод нийцэхгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
14.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 124/ШШ2024/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2024/0615 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б***-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН