Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 31

 

        Хэргийн оролцогчид эвлэрч, нэхэмжлэгч 

                                                            нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,                                                      
       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, Б.Батжаргалын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох 
Б.Батжаргалыг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгаж, тус аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Батжаргал, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Эрдэнэцогт нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурлын тогтоолоор анхдугаар хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхийн санал авсан Батсуурийн Батжаргал миний биеийг Цэнхэр сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн засаг даргад уламжилсан тогтоол гарсан. 
Үүний дагуу уг тогтоолыг аймгийн засаг даргад хүргүүлсэн боловч томилохгүй байж байгаад 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 01/287 дугаар албан бичгээр “Цэнхэр сумын засаг даргаар Батсуурийн Батжаргалыг томилохоос татгалзаж байгаа учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу дахин нэр дэвшүүлж материалыг ирүүлнэ үү." гэсэн албан бичгийн дагуу дахин иргэдийн хурал хурлаа хийж 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Архангай аймгийн Цэнхэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн 07 дугаар тогтоолоор “Гуравдугаар хуралдаанд оролцсон иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн олонхийн санал авсан Батсуурийн Батжаргалыг сумын засаг даргаар томилуулахаар аймгийн засаг даргад уламжилсан тогтоол гарсан боловч аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй байхад өнөөдрийг хүртэл томилоогүй тул Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргаар Б.Батжаргал миний биеийг томилохыг даалгах хууль эрх зүйн үндэслэлтэй байна.
Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад 2 дахь удаагаа нэр дэвшиж олонхийн саналаар батлагдсан Б.Батжаргал миний биеийг хууль зөрчин томилолгүй Цэнхэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/370 дугаар албан бичгээр “Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулах тухай” санал хүргүүлсэн байдаг.
 Гэтэл Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн саналыг хүлээн авч хууль тогтоомжоо зөрчин 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 4 дүгээр хуралдааныг хийж М.Ганболдыг сумын засаг даргаар томилуулахаар Засаг даргад уламжилсан. 
Иймд хууль зөрчиж хийсэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Архангай аймаг Цэнхэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн дөрөвдүгээр хурлын 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргаар Б.Батжаргал миний биеийг томилохыг Архангай аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Батжаргалын Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. 
Цэнхэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу дөрөвдүгээр хуралдаанд оролцсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 100 хувийн санал авсан Мангалжавын Ганболдыг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлан ирүүлсэн.
Аймгийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дахь хэсэгт заасны дагуу Цэнхэр сумын Засаг даргаар Мангалжавын Ганболдыг томилсон болно.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлаагүй тохиолдолд тухайн сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга томилох эрх үүсэхгүй. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас засаг даргаар томилуулахаар уламжлан ирүүлсэн тохиолдолд томилохоос татгалзах эрхгүй. 
Иймд хуулийн дагуу аймгийн Засаг дарга тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уламжилсны дагуу сумын Засаг даргыг томилох хуулийн дагуу Цэнхэр сумын Засаг даргыг томилсон шийдвэр нь хууль зөрчөөгүй шийдвэр юм гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Эрдэнэцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг  2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 23 минутанд иргэний танхимд хийсэн. Хуралд ирвэл зохих 27 төлөөлөгчөөс ирсэн 14 төлөөлөгч буюу ирц 51.8  хувьтай байсан.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга миний бие хурлыг эхлүүлэхэд төлөөлөгч М.Ганболд би хурал эхлүүлэхгүй хэлэлцэх асуудалд Засаг даргад нэр дэвшүүлэх зохион байгуулалтын асуудал оруулах санал байна. Бүлэг хэлэлцэж Б.Батжаргал хүсэлтээ гаргаж, зохион байгуулалтын асуудал оруулахаар болж хурал эхэлсэн бөгөөд аймгийн Засаг даргаас 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/370 дугаар албан бичигт Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргалыг томилохоос татгалзаж, огцруулах тухай саналыг ирүүлсэн. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар огцруулах шаардлагагүй гэсэн тогтоолыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Төлөөлөгчид хурлаа нээлттэй орхин 2017 оны 3 дугаар сарын 29-нд хуралдахаар санал нэгтэй баталсан.
2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 04 минутанд иргэний танхимд хийсэн хуралд 27 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч ирж 92.2 хувьтай байсан. Сумын Засаг даргад Ардчилсан намын бүлгээс М.Ганболдын нэрийг дэвшүүлсэн. Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшээгүй. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолоо баталж аймгийн Засаг даргад хүргүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батжаргал хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Эвлэрлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ж.Эрдэнэцогт, Б.Батжаргал нарын хооронд байгуулав. Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Эрдэнэцогтын хүлээх үүрэг: Б.Батжаргалыг ажлын байраар хангана, Б.Батжаргалын 1 сарын цалинг олгож, нийгмийн асуудалд туслалцаа үзүүлнэ, өмгөөлөгчийн болон бусад зардлыг хариуцан төлнө; Б.Батжаргалын хүлээх үүрэг: Захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлээсээ татгалзна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Б.Батжаргал миний биеийг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргуулахыг даалгахаар гаргасан нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаасаа татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д “...шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, бөгөөд нэхэмжлэгч Б.Батжаргалаас Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж, Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. /х.х-н 1-2/

Уг маргааны үйл баримтаас дурдахад: Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 11 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал авсан Батсуурийн Батжаргалыг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилжээ.

Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/287 дугаар албан бичгээр Цэнхэр сумын Засаг даргаар Батсуурийн Батжаргалыг томилохоос татгалзаж байгаа учир хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу дахин нэр дэвшүүлэхийг санал болгосон байна. /х.х-н 5-6/

Дээрх албан бичгийн дагуу Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдааныг хуралдуулах тухай” 14 дүгээр тогтоолоор хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хуралдуулж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хэлэлцэх асуудал батлах тухай” 02 дугаар тогтоолоор  Аймгийн Засаг даргын 01/287 дугаар албан бичгийг хэлэлцэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 15 буюу 55.5 хувийн санал авсан Б.Батжаргалыг сумын Засаг даргад сонгогдсонд тооцож, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 07 дугаар тогтоолоор сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилсан байна.
    
    Уг тогтоолын дагуу Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/370 дугаар албан бичгээр...Б.Батжаргал нь Төсвийн  тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тул Цэнхэр сумын иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг үндэслэн Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг хүргүүлснээр уг маргаан үүсжээ.

    Энэхүү албан бичгийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хурал дахин зарлах тухай” 23 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдааныг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар товлож, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 02 дугаар тогтоолын 1-д Аймгийн Засаг даргын 1/370 дугаар албан бичгийг тусгажээ./х.х-н 51,56/

    Ийнхүү 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Засаг даргыг огцруулах тухай санал хураасан дүн” 06 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн 4 дүгээр хуралдаанаас сумын Засаг дарга Батсуурийн Батжаргалыг огцруулах тухай саналыг хэлэлцээд санал хураалгахад огцруулахгүй гэсэн саналыг иргэдийн Төлөөлөгчдийн 14 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч санал өгч 100 хувийн саналаар засаг даргыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. /х.х-н 61-62/

    Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хуралдаж 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлж санал хураалгасан дүнгийн тухай” 9 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн 4 дүгээр хуралдаанаас сумын Засаг даргад нэр дэвшсэн Мангалжавын Ганболдыг 26 төлөөлөгч дэмжиж 100 хувийн санал өгсөн тул сумын Засаг даргад нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилжээ. /х.х-н 72-73/
    
    Хэргийн оролцогч болох нэхэмжлэгч Б.Батжаргалаас аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан, мөн, Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/370 дугаар албан бичгийг хүлээн авч хууль тогтоомж зөрчин 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 4 дүгээр хуралдааныг хийж М.Ганболдыг сумын Засаг даргаар томилуулахаар Засаг даргад уламжилсан. Иймд хууль зөрчиж хийсэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Архангай аймаг Цэнхэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн дөрөвдүгээр хурлын 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргаар Б.Батжаргал миний биеийг томилохыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах үндэслэлтэй гэж;
 Хариуцагч Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг  2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 23 минутанд иргэний танхимд хийсэн...төлөөлөгч М.Ганболд хэлэлцэх асуудалд Засаг даргад нэр дэвшүүлэх зохион байгуулалтын асуудал оруулах санал байна. Бүлэг хэлэлцэж Б.Батжаргал хүсэлтээ гаргаж, зохион байгуулалтын асуудал оруулахаар болсон, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 04 минутанд иргэний танхимд дахин хийсэн хуралд 27 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч ирж Сумын Засаг даргад Ардчилсан намын бүлгээс М.Ганболдын нэрийг дэвшүүлэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоолоо баталж аймгийн Засаг даргад хүргүүлсэн гэж;
Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу дөрөвдүгээр хуралдаанд оролцсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 100 хувийн санал авсан Мангалжавын Ганболдыг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлан ирүүлсэн тул аймгийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дахь хэсэгт заасны дагуу Цэнхэр сумын Засаг даргаар Мангалжавын Ганболдыг томилсон болно. Иймд хуулийн дагуу Аймгийн Засаг дарга тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уламжилсны дагуу сумын Засаг даргыг томилох хуулийн дагуу Цэнхэр сумын Засаг даргыг томилсон шийдвэр нь хууль зөрчөөгүй шийдвэр юм гэж маргажээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Батжаргал нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгахаас татгалзаж, хариуцагч Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хүрээнд “ хариуцагч Б.Батжаргалыг ажлын байраар хангана, Б.Батжаргалын 1 сарын цалинг олгож, нийгмийн асуудалд туслалцаа үзүүлнэ, өмгөөлөгчийн болон бусад зардлыг хариуцан төлж, нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлээсээ татгалзах” нөхцөлийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсоноо бичгээр илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна./х.х-н 102/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна. 

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчид эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Батжаргалын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох “Б.Батжаргалыг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгаж, тус аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.4, 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батжаргалын Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хариуцагч Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Б.Батжаргалыг ажлын байраар хангана, Б.Батжаргалын 1 сарын цалинг олгож, нийгмийн асуудалд туслалцаа үзүүлнэ, өмгөөлөгчийн болон бусад зардлыг хариуцан төлж нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хүрээнд харилцан тохиролцон хэргийн оролцогчид эвлэрснийг баталж, Б.Батжаргалыг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгаж, тус аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА