Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 30

 

Э.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С, Н.Б, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 64 дүгээр магадлалтай, Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 13-нд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хатиган овогт Э.Э нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, гурван хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Э.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-өөс 34,532,197 төгрөгийг гаргуулж, 21,733,024 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-д, 7,069,940 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бд, 5,729,233 төгрөгийг хохирогч Э.Э, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нарт тус тус олгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-н нэхэмжлэлээс 4,660,000 төгрөгийн нэхэмжлэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ы нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-н амь хохирогч Т-ийн 3 хүүхдэд хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ы сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, Н.Б нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг, хохирогч Э.Э, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

шүүгдэгч Э.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-д 4,500,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д 2,500,000 төгрөг, хохирогч Э.Э, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э нарт 1,500,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Э.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Э.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

4 дэх заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Э-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-өөс 98,648 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э-т, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 4,500,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С-д тус тус олгуулж,

хохирогч Х.С-д “М.. д...” ХХК-иас 3,150,000 төгрөг, шүүгдэгч Э.Э-өөс 2,400,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Э-т “М... д...” ХХК-иас 830,000 төгрөг, шүүгдэгч Э.Э-өөс 300,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д “М... д...” ХХК-иас 1,020,000 төгрөг, шүүгдэгч Э.Э--өөс 300,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,

шүүгдэгч Э.Э-ийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 83 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Э гаргасан гомдолдоо “...Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Г.Батсайхан нь надад холбогдох хэргийг мөрдөн шалгаж эхлэхдээ тухайн осол болсон газарт нөгөө талын автомашиныг барьж явсан жолооч Т.С-ыг драйгераар үлээлгэсэн тэмдэглэл болон цусны дээж, шинжилгээний хариу нь хэргийн материалд авагдаагүйн улмаас анхан шатны шүүх хуралдаан дээр Т.С-ы гэм буруугийн талаар авч хэлэлцээгүй, зөвхөн нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна.

Мөн Өвөрхангай аймгийн прокурорын газрын прокурор С.Баатарсүх нь анхан шатны шүүх хуралдаан дээр нөгөө талын машиныг барьж явсан жолооч Т.С-ы эрх нь хасагдаагүй гэж хэлсэн боловч нотлох баримт үзүүлээгүй. Гэвч хэргийн материалтай танилцахад Т.С нь мөрдөн байцаалтын явцад өгсөн анхны мэдүүлэгтээ “Би жолооны эрхээ хасуулсан, мөн өмнө нь аваар осол хийж байсан” гэж хэлсэн байдаг. Прокурор С.Баатарсүх нь зөвхөн нэг талыг барьж ялласанд гомдолтой байна.

Иймд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Г.Батсайхан, Өвөрхангай аймгийн прокурорын газрын прокурор С.Баатарсүх нарыг шалгуулах хүсэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С гаргасан гомдолдоо “... 1.Эрүүгийн хэрэгт гэрчээр оролцсон Т.С нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сэнжитийн Цохио” нэртэй газар байрлах хатуу хучилттай авто зам дээр Улаанбаатар хот руу чиглэн хар өнгийн ... улсын дугаартай “Тоёота сай” маркийн суудлын авто машиныг жолоодож байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нь илт байдаг. Үүнд:

- Т.С нь хэрэг гарах тухайн цаг хугацааны өмнө амь хохирогч С.Т-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ хэлмэгцээ машиныг жолоодох боломжгүй гэдгээ илэрхийлсэн бол миний хүү замдаа хоолонд орж амарснаар ослын цаг хугацаа зөрөх л байсан.

- Гэрч Т.С нь хавтаст хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ миний хүүг жолоо бариад өгөөч гэж гуйсны дагуу тээврийн хэрэгслийг жолоодсон мэтээр өөрийгөө өмөөрч хамгаалж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ талаар тухайн үед автомашинд сууж байсан амьд хохирогч нараас мэдүүлэг авахдаа мөрдөгч асуулт тавиагүй байдаг.

- 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сэнжитийн Цохио” нэртэй газар байрлах хатуу хучилттай авто зам дээр ... улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн автомашин болон хар өнгийн ... улсын дугаартай “Тоёота сай” маркийн суудлын авто машин мөргөлдөн 3 хүний амь нас газар дээрээ хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан олон хүний амь нас хохирсон том осол аваар гарсан байтал тээрийн хэрэгсэл жолоодож байсан Т.Саас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах олон улсын жишигт нийцсэн тандах багаж (Алкоскан АL-1008, Драгер-6810, 750)-аар огт шалгаагүй байдаг нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн гаргасан хүний эрх, эрх чөлөө хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

- Үхсэн хүн үг хэлэхгүй, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг ашиглан Т.С нь энэ эрүүгийн хэрэгт гэм буруугийн ямар нэгэн хэлбэрийн хариуцлага аваагүй байдаг. Хэрэв Т.С нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байгаагаа хэлмэгцээ жолоо бариагүй бол ослын цаг хугацааг тойрох байсан бөгөөд миний хүү болон бусад хүмүүс амьд сэрүүн, эрүүл саруул амьдарч байх байсан.

2.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдох шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг хассаныг хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Учир нь:

- Э.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч Т.С-ы гэм бурууг орхигдуулсан нь хэргийг бодитой бүрэн дүүрэн нэг мөр шийдэх боломжгүй. Э.Э-ийн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нь үгээр хэлж, үнээр үнэлэх боломжгүй. Бүхэл бүтэн цэл залуу, эрүүл саруул, ажиллаж хөдөлмөрлөх насны гурван эрдэнэт хүмүүний амь насыг хохироосон үйлдлийн хор уршгийг арилгах боломжгүй. Миний хүүгийн оршуулгын болон бусад хохирол төлбөрийг Э.Э нь бүрэн барагдуулаагүй бөгөөд хүний ёсоор чин сэтгэлийн уучлалыг гуйгаагүй болно.

Иймд миний бичсэн гомдлын нөхцөл байдлыг үнэлэн судалж, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ДШМ/64 тоот магадлалыг хүчингүйд тооцож, мөрдөн байцаах ажиллагааг дахин хийж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С-н өмгөөлөгч Ө.Болормаа хэлсэн саналдаа Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С-н гаргасан гомдлыг дэмжиж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөнтэй холбогдож гарсан энэхүү хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн зүйлс харагдаж байсан. Энэ хэрэгт гэрчээр оролцсон Т.С нь “Тоёота сай” маркийн автомашиныг жолоодон явсан бөгөөд түүний цуснаас согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илэрсэн эсэх, жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаагүй байдаг. Хэрэв шалгах шаардлагагүй гэж үзвэл Замын хөдөлгөөний дүрмийн 3.2-т заасны дагуу шийдвэр гаргасан акт үйлдсэн байх ёстой. Гэтэл Т.С-ы асуудал орхигдсон байна. Т.С тухайн үед жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан болохоо мэдүүлсэн байдаг бөгөөд миний бие үйлчлүүлэгчтэйгээ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өчигдөр байгуулсан учир Т.С-тай холбоотой нотлох баримтыг хараахан цуглуулж амжсангүй. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож эрхээ хасуулаад 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сэргээлгэсэн юм байна. Хэрэг гарах үед автомашин жолоодох эрхгүй байсан байна. Тэгэхээр зөвхөн Э.Э-ийг буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай. Түүнчлэн сэтгэл санааны хохирол болон бусад хохирлыг бүрэн гүйцэт төлөөгүй байтал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж шийдвэрлэсэн асуудал бий” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа хэлсэн саналдаа Мөрдөн байцаалтын шатнаас Э.Э-ийн өмгөөлөгчөөр оролцсон. Э.Э хяналтын журмаар гомдол гаргахдаа надтай зөвлөлдөөгүй. Миний хувьд Э.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжихгүй байна. Миний бие Т.С-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх зэрэг асуудлыг шүүхийн шатанд гаргаж байсан. Гэвч одоо Т.С-ыг шалгах боломжгүй. Түүнчлэн хөнгөн гэмтэл учирсан хоёр залуу Т.С-ыг архи уугаагүй гэдгийг хэлдэг бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байдал харагддаггүй. Зөвхөн Э.Э л хоромхон зуурт эсрэг урсгал руу орсон болох нь нотлох баримтуудаас харагддаг. Э.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба Т.С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхэд л гомдолтой байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Дээрээс нь Э.Э өөрөө хүндэвтэр гэмтэж, ажил хийж чадахгүй хэд хоносон. Харин эмчилгээ хийлгэж гайгүй болсны дараагаас хохирол, төлбөрт анхаарч эхэлсэн. Миний бие хохирол төлбөрийг аль болох хурдан барагдуулах үүднээс давж заалдах шатны шүүхэд хорих ялыг багасгуулахаар гомдол гаргасан. Х.С гуайг хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд 1,000,000 төгрөг төлсөн байгаа. Прокурор, мөрдөгчид арга хэмжээ авах асуудал нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас С.Т, Н.С, Э.А нарын амь нас хохирч, Э.Э-ын биед хүнд, П.Э-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн гэж дүгнэж байна. Хэдийгээр энэ төрлийн хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг боловч Э.Э-ийн хууль бус үйлдлийн улмаас 3 хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан нь өнөөдрийг хүртэл арилаагүй, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ их байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Мөн шүүхээс “73-97 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.С-ы буруутай үйлдэл байхад мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна. Гэвч хуулийн өөрчлөлтийн улмаас хэргийг прокурорт буцаах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлд Т.С-ы буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй, харин шүүгдэгч Э.Э-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн үйл баримт нотлогдсон байна.

Бид тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийг шалгаж шийдвэрлэхдээ зөрчлийн, эсхүл гэмт хэргийн шинжтэй эсэхийг ялган дүгнэдэг. Тэгвэл Т.С-ы тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан эсэх асуудал нь Зөрчлийн шинжтэй боловч энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй буюу саад болохгүй юм.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн 64 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үүрээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сэнжитийн Цохио” нэртэй газар байрлах хатуу хучилттай авто зам дээр ... улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж тухайн замын зорчих хэсгийн эсрэг урсгалд иргэн Т.Серикжаны жолоодож явсан ... улсын дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн С.Т, Н.С нарын, “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.А нарын амь нас хохирсон, мөн уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн П.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Э.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарыг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Э-д анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 06 сар хорих ялыг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохироогүй байх тул энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С-гийн гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг тус тус хангаж, магадлалын тогтоох хэсгийн ял хөнгөрүүлсэн заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан /1хх-77/ гэж мэдүүлсэн хэдий ч тухайн зам тээврийн осол гарахад түүний буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тэрээр тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан эсэх нь шүүгдэгч Э.Э-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүйгээс гадна хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.Э-ийн Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Г.Батсайхан, Өвөрхангай аймгийн прокурорын газрын прокурор С.Баатарсүх нарыг шалгуулах хүсэлтэй” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С-н “Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ДШМ/64 тоот магадлалыг хүчингүйд тооцож, мөрдөн байцаах ажиллагааг дахин хийж өгнө үү” гэх гомдлын хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 64 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Ч.ХОСБАЯР

                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

      С.БАТДЭЛГЭР

                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН