Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 186

 

 

 

 

Б.Нямбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ний өдрийн 10А дугаар шийтгэх тогтоол,

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, Б.Нямбаатарт холбогдох эрүүгийн 201520000056 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Борлууд овогт Буянтогтохын Нямбаатар нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдыг эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч  Б.Нямбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, цагдан хоригдсон 249 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямбаатараас 85.419.809 төгрөг гаргуулж хохирогч С.Цэгмэдэд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг гар утас, 4 ширхэг утасны хайрцаг, наалт 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхэгийг хохирогч С.Цэгмэдэд буцаан олгож, “Нарлаг” төвийн камерын бичлэгтэй “Sony” гэсэн бичиглэл бүхий CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар “Тоёота марк 10Х” маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин 1 ширхэг, дан эсгий туургатай монгол гэр 1 ширхэг, нас гүйцсэн эм үхэр 2 ширхэг, LCD самсунг зурагт 1 ширхэг, самсунг хөргөгч 1 ширхэг, гэрийн шал 1 ширхэг, буйдан 1 ширхэг битүүмжилсэн шүүгдэгчийн 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нямбаатар, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 10А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хууль буруу хэрэглэсэн талаар гомдолдоо тодорхой дурдсан учраас давтан ярих шаардлагагүй гэж үзэж байна. 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 болгон өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 10А дугаар шийтгэх тогтоолоор тухайн шатны шүүх дахин шийдвэр гаргахдаа Б.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Нэг шүүхээс хоёр өөр шийдвэр гаргаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Буяннэмэх “... Б.Нямбаатарт холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Нямбаатар нь 2015 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Нарлаг” худалдааны төвийн цонхны хамгаалалт төмрийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан нэвтэрч бэлэн мөнгө, алтан эдлэл, цаг, гар утас, зургийн аппарат, компьютер зэрэг эд зүйл хулгайлж, 87.389.115 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байна.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудал буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Нямбаатарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ний өдрийн 10А дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                   ДАРГАЛАГЧ,

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧ                                                                           Б.ЦОГТ