| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00323/И |
| Дугаар | 00376 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 00376
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 17 дугаар байрны 18 тоотод оршин суух, Д.Наранцацралтад холбогдох, зээл 4986086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан ньшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангаас иргэдэд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсний дагуу төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлаар 4 дүгээр багийн иргэн Д.Наранцацралтын Эмийн сан төсөл зориулалт бүхий төслийг дэмжиж Сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/24 дугаар захирамж гарч 2015/22тоот гэрээгээр 2 жилийн хугацаатай 5000000 төгрөгийн зээл олгосон. Уг зээлийн нийт төлөх дүн нь5152236 төгрөг төлөх ёстойгоос 215000 төгрөгийг төлсөн байна. Одоо зээлийн үлдэгдэл 4986086 төгрөгбайгаа тул уг мөнгийг Д.Наранцацралтаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Д.Наранцацралт бид харилцан тохиролцож сум хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн 4986086 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдрүүдэд 215000 төгрөг төлж байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан Д.Наранцацралтад холбогдуулж 4986086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Д.Наранцацралт нар ньхарилцан тохиролцож сум хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн 4986086 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 215000 төгрөгийг төлж байхаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаарБулган сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 17 дугаар байрны 18 тоотод оршин суух, Хар сүүлт овогт Дэшцэрэнгийн Наранцацралтад холбогдох, зээл 4986086 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Д.Наранцацралт нар нь харилцан тохиролцож сум хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн 4986086 /дөрвөн сая есөн зуун наян зургаан мянга наян зургаа/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 215000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөг төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Булган сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагчаас 94727 /ерөн дөрвөн мянга долоон зуун хорин долоо/ төгрөг гаргуулан Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН