| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/06397/И |
| Дугаар | 210/МА2025/00529 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00529
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,486,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би *******тай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* загвар *******, ******* дугаар гэрчилгээтэй өрөм, компрессор тус бүр нэг ширхгийг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Энэхүү гэрээний 3.2-т заасны дагуу ******* нь үлдэгдэл төлбөр болох 42,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний 3.3-т заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өрөм, компрессорыг худалдан авагчид хүлээлгэн өгсөн.
Гэрээний 3.4-д заасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг болох 42,000,000 төгрөгөөс 0.1 хувийн алданги тооцоход 3,486,000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн хувьд тухайн өрөм, компрессорыг бусдаас худалдан авсан бөгөөд өрөм, компрессор нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй байсан, энэ тухай ч ******* мэдээд худалдан авсан.
Иймд хариуцагч *******аас худалдан авсан өрөм, компрессорын үлдэгдэл төлбөр 42,000,000 төгрөг, алданги 3,486,000 төгрөг, нийт 45,486,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг хууран мэхэлж, ашиг хонжоо олох зорилготойгоор дүр үзүүлэн, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, хэвийн бус ажиллагаатай тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессорыг гэрээгээр халхавчилж, хууль бусаар худалдан борлуулж, *******ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хохироосон.
Тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессор нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдэж, улсын дугаар гэрчилгээ авдаг бөгөөд нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гэрчилгээгүй, мөн гаалиар орж ирсэн мэдээлэлгүй техникийг худалдсан байна. Худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлэх үед нотариатч Ц.******* нь гэрчилгээ байхгүй байхад баталдаггүй юм гэж хэлээд гэрээг баталсан байдаг. Хариуцагч ******* нь тухайн худалдан авсан техникт нэлээд засвар үйлчилгээ хийж зардал гаргасан талаарх баримтыг шүүхэд өгсөн байгаа.
Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас 45,486,000 төгрөгийг гаргуулж, *******ид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 385,380 төгрөгийг гаргуулж *******ид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нийслэлийн тойргийн нотариатч Ц.******* нь 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 0653 дугаартай худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулахдаа хуулийг ноцтой зөрчиж, өөрт олгогдсон эрх, мэдэл албан тушаалын байдлаа хэтрүүлэн хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхгүй, хэний эзэмшил, өмчлөлд байгаа эсэх нь тодорхойгүй /*******/ арлын дугаартай техникийн тодорхойлолтгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, гаалийн бүрдүүлэлт, цэнхэр бичиггүй тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессорыг гэрчилгээний эх хувь, гаалийн цэнхэр бичиггүй байхад гэрчилж, хууль бус үйлдэл хийж, нотариатчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Гаалийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төвийн хариугаар нотлогдож байхад анхан шатны шүүх нь үүнийг бүрэн гүйцэт нотлох үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн үндэслэл бүхий хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 191/ШШ2025/01250 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч ******* анх тоног, төхөөрөмж авахдаа харилцан тохиролцож, гэрчилгээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэдгийг мэдэж байсан учраас худалдаж аваад нотариат дээр очиход нотариатч хэлж, сануулах үед хүлээн зөвшөөрөөд би худалдаж авна, надад яаралтай ажлаа хийх хэрэгцээтэй байна гэсний үндсэнд худалдаж авсан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,486,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
3. ******* нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр *******тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, загвар маркийн, U4X700248 ******* дугаартай тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессорыг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 28,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /х.х-ийн 4/
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Зохигчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн болон урьдчилгаа төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессор нь доголдолтой байсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Тодруулбал, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж тус тус заасан.
Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйлийн чанар болон улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах эсэх талаар тухайлан тохироогүй байх тул худалдагч ******* нь энэ хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж зааснаар зориулалтын дагуу ашиглах боломжтой тоног төхөөрөмжийг худалдан авагч *******д худалдах үүрэг хүлээнэ.
5. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тоног төхөөрөмж нь шинэ биш, урьд өмнө ашиглагдаж байсан бөгөөд хариуцагч ******* нь үүнийг шалгаж хүлээн авсан гэсэн нэхэмжлэгч *******ийн тайлбарыг үгүйсгээгүй байна.
Тиймээс Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар худалдан авагч *******ыг ашиглагдаж байсан буюу хуучин зүйлийг байгаагаар нь худалдаж авсан гэж үзнэ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж байсан, хариуцагч нь төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байсан үйл баримт тогтоогдсон байна. /х.х-ийн 58-61/
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулах цаг хугацаанд, мөн үүнээс хойш гэрээний зүйлийг биет байдлын болон эрхийн доголдолтой гэж худалдагчид гомдлын шаардлага гаргаж байгаагүй байна.
Хэдийгээр худалдан авагч ******* нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй боловч нотлох үүргийн хуваарилалтын хүрээнд ашиглаж байсан зүйлийг худалдан авсан тул энэ хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар дундаас доошгүй чанартай гэдгийг нотлох үүрэг хүлээнэ.
Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй байх тул энэ талаарх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
7. Үүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан ...одоогийн байдлаар гэрчилгээ аваагүй, байхгүй байна, өмнөх хүмүүсээс гэрчилгээ аваагүй гэдэг тайлбараа хэлж байсан гэж надад тайлбарласан... гэх тайлбар, мөн гэрч ы өгсөн ...нотариатаар батлуулах үед ******* бичиг баримт хамаагүй, сарын дараа мөнгийг нь өгье гээд батлуулсан, ...нотариатаар батлуулах үед дараа нь янз бүрийн хэл ам байхгүй биздээ гэж асуухад тийм асуудал байхгүй... гэх мэдүүлэг зэргээс үзвэл хариуцагч нь анхнаасаа тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессорыг улсын бүртгэлийн гэрчилгээгүй болохыг мэдэж байжээ. /х.х-ийн 125-127/
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх гэж заасан.
Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж зааснаар тоног төхөөрөмжийг гэрчилгээгүй гэдгийг мэдсээр байж хүлээн авсан байх тул хожим эрхийн доголдолтой гэж маргах эрхгүй гэж дүгнэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэсэн гомдлыг хүлээн авахгүй.
8. Мөн маргаан бүхий тэсэлгээний цооногийн өрмийн машин, хийн компрессорыг ХХК, ХХК нар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХХК-тай байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний дагуу шилжүүлэн авч, үүний дараа 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр *******ид шилжүүлжээ. /х.х-ийн 24-26, 32-33/
Улмаар зохигчид 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр урьдчилгаа төлбөр 28,000,000 төгрөгийг ы дансанд шилжүүлэх, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэх эрхгүй гэж маргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан.
Анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 191/ШЗ2025/07608 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, ...нотариатч Ц.*******г гэрчээр асууж, худалдах худалдан авах гэрээг батлахдаа гэрчилгээ байхгүй байхад баталдаггүй юм гэж хэлээд гэрээг баталсан гэх үйл баримтыг нотлуулах нь талуудын маргаанд хамааралгүй... гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй тул анхан шатны шүүх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хууль зүйн үндэслэл бүхий хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй гэх гомдлыг хангахгүй.
10. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР