| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00373/И |
| Дугаар | 00377 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 00377
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1963 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, Тайж овогт Гомбосүрэнгийн Хишигсүрэн /РД:ГМ63061526/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00373/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Хишигсүрэн, нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Харилцаа холбоонд залгагчаар 1982 оны 7 дугаар сарыг 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан юм. Тухайн үеийн ажилд орсон гарсан тушаал болон цалингийн баримтууд байхгүй болж хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээгүйгээс намайг хохироож байна. Иймд гэрчээр хамт ажиллаж байсан Н.Ичинхорлоо, А.Дамдин нарыг асууж, дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Харилцаа холбоонд 1982 оны 07 дугаар сарыг 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл залгагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар цалингийн лавлагаа, Холбооны Яамны харъяа Булган аймгийн холбооны газрын даргын 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №81, 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №87, 1983 оны 02 дугаар сарын 16-ны өдөр №22, 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №130 дугаар тушаал, тухайн үед Г.Хишигсүрэнтэй хамт ажиллаж байсан гэрч Н.Ичинхорлоо, А.Дамдин нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуули 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт Гомбосүрэнгийн Хишигсүрэнг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Харилцаа холбоонд 1982 оны 07 дугаар сарыг 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл залгагчаар нийт 2 /хоёр/ жил 10 /арав/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ