Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга  П.Ханбүргэд,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч М.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Ч-д холбогдох эрүүгийн 1938003630252 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Ч-, 

Шүүгдэгч М.Ч- нь Х аймгийн Ц сумын төвийн хажууд урсах Б-ын захад 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ноте загварын ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон иргэн М.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч М.Ч- нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Х аймгийн Ц сумын төвийн хажууд урсах Б-ын захад Ноте загварын ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон иргэн М.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р тал/

Хохирогч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...М.Ч- нар хар саарал өнгийн “Ноте” загварын машинтай явж байсан би мотоцикльтой явж байсан юм. Тэгээд тэд нартай зогсож уулзаад мэндлээд, хаа хүрэх гэж яваа юм гэж асуутал дэмий хэсэж явна ганц пиво уудаг юм билүү гэцгээж байсан. Тэгэхээр нь би тэгвэл пивоор бооцоо тавиад барилдчихъяа гэж хэлтэл тэгье гэцгээсэн. Тэгээд сумын төвийн хойшоо гараад Б-ын зүлэг рүү очсон. Эхлээд М.Ч- бид 2 хоорондоо барилдаад би М.Ч-ийг давсан. Дараа нь Доржжарантай бид 2 барилдах гээд өрж эхэлж байтал гэнэт машин хөдлөөд намайг мөргөсөн. Бид хоёр машины урд ойрхон барилдах гээд өрж байсан юм. Тэгтэл М.Ч- гэнэт хаазлаад намайг мөргөөд зогссон. Миний баруун талаас мөргөсөн. Би машины хамар дээр нь гараад буцаж урагшаа унасан тэгээд би босох гэтэл баруун хөл хөдлөхгүй болсон байсан. Тэгээд эмнэлгийн машинд намайг хүмүүс өргөж оруулаад сумын эмнэлэг дээр хүргэж ирсэн. Эмч нар үзээд хөл хугарсан байна гээд өвчин намдаах тариа хийж маргааш нь аймаг руу орж нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. М.Ч- болон түүний аав, ээж надтай байнга холбоотой байж эмчилгээний зардал мөнгөний тусламж үзүүлж байгаа. М.Ч- намайг санаатай мөргөөгүй учраас миний хувьд санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21-р тал/

Иргэний нэхэмжпэгч Ж.О-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 05 дугаар сарын 11- ний өглөө Ц суманд ирсэн. Тэгээд тэр өдөр Б-ын эрэг дээс миний ХХХХ улсын дугаартай Ниссан Ноте загварын суудлын тээврийн хэрэгслээр голын зах дээр ирээд М.Ч- М.С- хоёр барилдаж байгаад М.Ч- унаад машинд орж суусан. Тэр үед машин асаалттай байсан ба М.Ч- миний машиныг жолоодож доороо тойрч эргэж байх үед Санчир Доржжарантай хоёр барилдаж байхад М.Ч- М.С-ийг миний машинаар мөргөсөн. Миний машинд ямар нэгэн гэмтэл үүсээгүй надад нэхэмжпэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Гэрч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...М.С- М.Ч- 2 барилдахаар болсон юм. Тэр хоёр барилдаж эхлээд удалгүй Санчир давсан юм Тэгээд хэсэг байж байгаад би Санчиртай барилдахаар болоод машиныхаа урд талд барилдсан. Санчир бид хоёр барилдахаар өрж байтал машин асах шиг болсон. Машин хэсэг нормалдаад байсан. М.С- бид 2 барилцаж аваагүй  тойроод өрөлт аваад байж байтал машин хүчтэй хаазлаад Санчирын баруун талаас мөргөчихсөн. Би зайтай байсан учраас арай мөргүүлээгүй тэгээд машин руу хартал М.Ч- жолооны ардаас царай нь хачин болчихсон юу ч дуугаралгүй миний хажууд ирээд зогссон. Би М.С- руу гүйж очоод зүгээр үү гэж асуутал хөл, хөл гээд ёолж орилоод байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/

Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...Отгонсайхан болон Доржжарантай, Санчир, М.Ч- нар байсан.  Архи согтууруулах ундааны зүйл үнэртэй мэдэгдээгүй барилдаж байгаад М.Ч- гэнэт ухас хийж хөдлөөд дайрчихлаа гэж манай ах ярьж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

Х аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаартай: М.С-ийн биед баруун дунд чөмгөнд хугарал, хамар, цээж, ууц, зүүн мөрөнд зулгаралт, зүүн өвдгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. М.С-ийн биөд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал/

Замын цагдаагийн тасгийн цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай: Ниссан Ноте загварын ХХХХ улсын дугаартай автомашиныг жолоодсон М.Ч- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1 дүгээр зүйлүүдэд заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” “Жолооч хөдөлгөөн эхлэлийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж. хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрсөн...гэх магадлагаа /хх-ийн 48-р тал/

Шүүгдэгч М.Ч-ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:... Отгонсайханы машинд суугаад араандаа хийгээд хөдлөх гэтэл урдуур М.С-, Доржжарантай хоёр барилдаж байгаад машины урдуур ороод ирсэн, би тормозон дээрээ гишгэх гэтэл сандарсандаа болоод хаазан дээр гишгээд М.С-ийг машинаар мөргөсөн. Тэгээд Санчиндорж хажуу тийшээ унасны дараа би машинаа зогсоотол М.С- орилоод хэвтээд байхаар нь түргэн тусламж дуудсан...Би гэм буруугаа ойлгож байна...гэх мэдүүлэг,

Хохирогч М.С- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 53-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч М.Ч- нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Х аймгийн Ц сумын төвийн хажууд урсах Б-ын захад Ноте загварын ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон иргэн М.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч М.Чингүүний гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч М.Ч- нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 59-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч М.Чингүүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч М.Чингүүнд Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938003630252 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн Даян-Үүр ХХК-ий эзэмшлийн ХХХХ улсын дугаартай Ниссан Ноте маркийн автомашиныг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн 1938003630252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Ч- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1938003630252 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн Даян-Үүр ХХК-ий эзэмшлийн ХХХХ улсын дугаартай Ниссан Ноте маркийн автомашиныг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 5. Эрүүгийн 1938003630252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР