| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2023/05178/И |
| Дугаар | 210/МА2025/00528 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00528
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/00606 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *****ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *****, ***** нарт холбогдох,
гэм хорын хохиролд 220,252,756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч нарын өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
***** нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар Дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*" ХХК-ийн байранд тус компанийн туслах ажилтнаар ажиллаж байхдаа лист төмөр таслагч машинд зүүн гарын 1 дүгээр хуруу уг хэсгээр, 2 дугаар хуруу угийн шивнүүрийн дээд хэсгээр таслуулсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан. Энэ гэмт хэрэгт *****, ***** нар нь холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 жилийн хугацаатай хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хохирогч *****ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан тул цалингийн зээл 4,484,142 төгрөг, эмийн эмчилгээний зардал 1,344,602 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, БНСУ-ын *** эмнэлгийн хиймэл гар хурууны протез хийлгэх үнэ 49,000,000 вон /2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар тооцож үзвэл 129,360,000 төгрөг/, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 26,492,550 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар 97.1.1-т заасан тэтгэмж 7,795,731 төгрөг, өмнө олгосон тэтгэмжийн зөрүү 775,731 төгрөг, нийт 220,252,756 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 1,344,602 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтой ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Цалингийн зээлийг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө зээлж авсан тул хариуцагч нарын гэм буруутай үйлдлээс шалтгаалан цалингийн зээлийг төлж барагдуулж чадаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй.
Мөн ямар хууль зүйн үндэслэл, шалтгаанаар сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гэж үнэлж байгаагаа тайлбарлан нотолж чадаагүй. Иргэний хуульд орсон 2022 оны өөрчлөлтөөр сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шаардах хууль зүйн боломж үүссэн хэдий ч нэхэмжлэгчийн хувьд сэтгэцэд учирсан гэх хохирлын төлбөрийг хариуцагч нараас шаардах хууль зүйн үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөр нь ажил олгогчид хамаарах бөгөөд хариуцвал зохих этгээд хариуцагч нар биш. Гар хурууны протезыг Монгол улсад 1,000,000 орчим төгрөгөөр хийх боломжтой талаар шүүхэд баримт гаргаж өгсөн, гэтэл БНСУ-д хэд дахин илүү үнээр хийлгэнэ гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *****, ***** нараас 130,704,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,912,151 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,417,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****, ***** нараас улсын тэмдэгтийн хураамжид 811,473 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *****т олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч * ***** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 18.2.1-т заасныг зөрчсөн бөгөөд Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ерөнхий шаардлага MNS 4930:2000 стандартын 3.29-т үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ажиллаж байх үед нь үзлэг, засвар үйлчилгээ хийхийг хориглоно гэж заасныг мөрдөж ажиллаагүй, тоног төхөөрөмжийг цахилгаан тэжээлээс салгаж бүрэн зогссоны дараа гацсан гэмтэлтэй хэсэгт засвар үйлчилгээ хийх ёстой байсан" гэж дүгнэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн магадлалаар дээрх шинжээчийн дүгнэлтийг нотолсон.
Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс хариуцагч нарт хүлээлгэсэн гэм хорын төлбөрийн хэмжээг багасгах боломжтой байтал дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.
Тус маргаанд гар хурууны протезыг зайлшгүй гадаад улсад хийлгэх шаардлагатай талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй тул энэ шаардлагыг нотолж чадаагүй гэж үзнэ. Хэрэгт авагдсан *" ХХК-ийн тодорхойлолт болон БНСУ-ын эмнэлгийн үнийн саналыг үндэслэн хариуцагч нарт их хэмжээний төлбөр ногдуулан шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.
***** нь хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөрийг нийгмийн даатгалын сангаа авах эрхтэй тул давхардуулан гадаад улсад гар хурууны протез хийлгэхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Түүнчлэн хүний 1-р хуруу уг хэсгээр, 2-р хуруу угийн шивнүүрийн дээд хэсгээр гэмтэл авсан тохиолдолд Монгол улсад гар хурууны протез хийх бүрэн боломжтой гэдгийг хариуцагч нотолсон.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 129,360,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Гэмт хэрэг гарахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсныг тогтоосон баримтгүй. Иргэний хуульд зааснаар гэм хорын хохирлыг өмнөх байдалд нь оруулж сэргээх ёстой байдаг учир хохирлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****, ***** нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цалингийн зээл 4,484,142 төгрөг, эмийн эмчилгээний зардал 1,344,602 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, гар хурууны протез хийлгэх үнэ 129,360,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 26,492,550 төгрөг, тэтгэмж 7,795,731 төгрөг, өмнө олгосон тэтгэмжийн зөрүү 775,731 төгрөг, нийт 220,252,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд эмчилгээний зардалд 1,344,602 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нотлогдоогүй, гадаад улсад зайлшгүй гар хурууны протез хийлгэх шаардлагагүй, мөн урьдчилан төлүүлэх хохиролд хамаарахгүй гэж эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоож, маргаанд хамаарах хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ДШМ/552 дугаар магадлалаар шүүгдэгч *****, ***** нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас *****ын эрүүл мэндэд зүүн гарын 1 дүгээр хурууны уг хэсгээр, 2 дугаар хуруу угийн шивнүүрийн дээд хэсгээр тасарсан хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн ял шийтгэлийг ногдуулсан байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх аливаа дүгнэлтийг өгөөгүй, түүнчлэн шүүгдэгч нарын оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хангаагүй орхисон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь хөдөлмөр хамгааллын журмыг зөрчсөн, төмөр лист тасдагч дээр ажиллаж буй ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйгээс шалтгаалан гарсан тул хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэг гарахад болон хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж дүгнэхгүй юм .
Иймд давж заалдах гомдолд дурдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
3.2. Нэхэмжлэгч ***** нь дээрх гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа 69 хувиар хугацаагүй алдсан, үүнтэй холбоотой гар хурууны протез хийлгээгүй болох нь амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0501431 дугаар акт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны *ийн 2024 оны 03 дугаар сарыг 26-ны өдрийн 1/84, 1/85 тоот албан бичгээр тогтоогдсон.
3.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь өөрсдийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэлээс эмийн эмчилгээний зардал 1,344,602 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, цалингийн зээл 4,484,142 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 26,492,550 төгрөг, тэтгэмж 7,795,731 төгрөг, өмнө олгосон тэтгэмжийн зөрүү 775,731 төгрөг буюу 89,548,154 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй учир талуудын зарчмын дагуу энэ шийдлийг дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж дүгнэж хэвээр үлдээнэ.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн хэмжээг нэгтгэн бичихдээ 89,912,151 төгрөг гэж алдаатай бичсэн байгааг залруулж өөрчлөлт оруулна.
4. Анхан шатны шүүх гар хурууны протез буюу хиймэл эрхтэн хийлгэх үнэ 129,360,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нараас дээрх гэм хорын хохирлыг урьдчилан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул холбогдох гомдлыг хангахгүй.
4.1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны *, * ХХК, * ХХК-ийн албан бичгүүд, БНСУ-ын SILOBIONIK протез суулгалтын газраас ирүүлсэн баримтаар Монгол улсад гар хурууны протез хийдэг боловч үеэрээ хөдөлдөг электрон бионик гар хурууны протез хийдэггүй болох нь тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг өмнөх байдалд сэргээх үүднээс БНСУ-д гар хурууны протез буюу хиймэл эрхтэн хийлгэх үнэ 49,000,000 вон буюу 129,360,000 төгрөг гаргуулахаар хариуцагч нараас урьдчилж шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч гар хурууны протез хийлгэх газраа буюу үеэрээ хөдөлдөг электрон бионик, эсхүл хөдөлдөггүй протез хийлгэх эсэхээ өөрөө сонгох эрхтэй гэж дүгнэж, уг нэхэмжлэлийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн гадаад валютын ханшийг үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлж хангасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Өмнө дурдсанчлан хариуцагч нар нь хөдөлмөр хамгааллын журмыг зөрчсөн, төмөр лист тасдагч дээр ажиллаж буй ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйгээс шалтгаалан гэмт хэрэг гарсан, мөн хэргийн баримтаар хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэг гарахад болон хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн гэм хорын хохирлын хэмжээг бууруулах үндэслэлгүй.
6. Шийдвэрийн тогтоох хэсэгт гэм хорын шаардах эрхэд хамаарахгүй Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан байгааг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй.
6.1. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний шинжтэй өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/00606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 497.3 гэснийг хасч, 89,912,151 гэснийг 89,548,154 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 804,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Т.БАДРАХ