| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0209/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/223 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч Х.Б-,
Шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Г-д холбогдох эрүүгийн 1938004540272 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Г-,
Шүүгдэгч Ц.Г- нь 2019 оны 6 дуаар сарын 27-ны өдөр Х аймгийн ХХ сумын ХХХХ тоотод хамтран амьдрагч Х.Б-тэй “бинзений мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г- нь 2019 оны 6 дуаар сарын 27-ны өдөр Х аймгийн ХХ сумын ХХХХ тоотод хамтран амьдрагч хохирогч Х.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би ХХ сумын ХХХХ тоотод байрлах өөрийн гэртээ байж байхад оройны 12 цагийн үед нөхөр Ц.Г- маань гаднаас халамцуу орж ирсэн. Нөхөр Ц.Г- маань гаднаас орж ирээд “түлш дуусчихлаа, надад мөнгө өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгө байхгүй” гэж хэлээд виза картаа өгөөгүй. Тэгэхэд нөхөр Ц.Г- маань уурлаад над руу модон сандал авч шидсэн. Шидсэн сандал нь миний толгойны баруун дээд хэсэгт оносон. Нөхөр Ц.Г- маань над руу сандал шидчихээд л гараад явчихсан...Нөхөр Ц.Г- маань намайг урьд өмнө нь огт зодож байгаагүй. Энэ удаад л уурласан уурандаа ийм үйлдэл гаргачих шиг боллоо. Миний бие одоо зүгээр байгаа. Ямар нэгэн өвдөж зовиурлах зүйл алга байна. Би гомдолгүй байна. Нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/
Гэрч Ц.Нацагдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өнөөдөр өдөр 14:30 цагийн үед ХХ сумын 2-10-04 тоот гэртээ байж байтал эхнэр маань утсаар залгаад “дүү Х.Б-ийн толгойг нөхөр болох Ц.Г- нь хагалсан байна, цус их гарсан байна, эмнэлэг явлаа” гэж ярихаар нь эмнэлэг дээр очсон.Тэгээд дотогшоо ортол толгойд нь оёо тавьж байсан.Тэгээд шингэн хийлгээд тархины зургийг нь авахуулсан. Х.Б- нь манай эхнэрийн төрсөн дүү юм...Ц.Г-ыг урьд өмнө нь манай дүүг хэл амаар доромжилж байхыг нь харсан...Миний сонссоноор “архины мөнгө өгсөнгүй” гэж сандлаар цохисон гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/
Шүүгдэгч Ц.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:...Би эхнэр Х.Б-ийгээ сандлаар цохиж гэмтээсэн нь үнэн. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...Би энэ асуудал болсоноос хойш эхнэр Х.Б-эсээ уучлалт гуйж, түүнтэй эвлэрсэн. Мөн би дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ амласан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
Х аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 341 дугаартай: Х.Б-ийн биед баруун зулайн дээд хэсэгт шарх, нурууны гол дээд хэсэгт цус хуралт, баруун хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Х.Б-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/
Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8-р тал/
Хохирогч Х.Б- рүү шидсэн гэх сандалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р тал / зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Ц.Г- нь 2019 оны 6 дуаар сарын 27-ны өдөр Х аймгийн ХХ сумын ХХХХ тоотод хамтран амьдрагч, хохирогч Х.Б-ийг “бинзений мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ц.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р тал/-аар тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 52-р талд хохирогч Х.Б-, шүүгдэгч Ц.Г- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ц.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Ц.Г- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938004540272 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938004540272 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР