Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бямбадорж, Д.Содномдорж

Шүүгдэгч Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 1806073630039 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Э-,  

Шүүгдэгч  Ц.Э- нь “ХАХАХА” ХХК-ийн УУУУ аймгийн О газраас зарласан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 201801241 дугаартай  “сургуулийн барилга, 320 суудал, УУУУ Т сум” гэсэн тендерийн шалгаруулалтанд оролцохоор www.tender.gov.mn  сайтад 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03 цаг 30 минутад шивж оруулсан мэдээллийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 45 минутад устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э- нь “ХАХАХА” ХХК-ийн УУУУ аймгийн О газраас зарласан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 201801241 дугаартай  “сургуулийн барилга, 320 суудал, УУУУ Т сум” гэсэн тендерийн шалгаруулалтанд оролцохоор www.tender.gov.mn  сайтад 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03 цаг 30 минутад шивж оруулсан мэдээллийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 45 минутад устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ч.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би барилгын үйл ажиллагаа эрхэлдэг “ХАХАХА” ХХК-ны захирал ажилтай хүн.  2018 оноос эхэлж УУУУ аймгийн Т суманд баригдах ёстой УУУУ аймгийн О газраас зарласан БСШУСЯ/201801241 дугаартай “Сургуулийн барилга, 320 суудал /УУУУ Т сум/" гэсэн тендерийн шалгаруулалтанд оролцох материалаа 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03 цаг 30 минутанд тендерийн материал хүлээн авах албан ёсны сайтад манай компанид өгсөн аккаунтаар орж материалаа шивж оруулсан. Гэвч 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тендерийн нээлтэд манай компаний материал гарч ирээгүй ба Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас асууж лавлахад “2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 10 цаг 46 минутанд танай компаний материалыг татан авч устгасан байна” гэсэн хариуг өгсөн. Манай компаний зүгээс материалаа татаж авсан, устгасан зүйл байхгүй...Дээрх асуудлын хүрээнд манай компаниас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр №79 дугаартай албан хүсэлт гаргаж ямар учраас манай компаний материал тендерт оролцох боломжгүй болсон талаар шалгаж, холбогдох материалыг гарган өгөхийг хүсэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын гарын үсэгтэй. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-1/3610 дугаартай албан бичгээр манайд хариуг өгсөн.Тус албан бичигт манай компанийг “2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 03 цаг 31 минутанд тендерийн материалыг 43.242.243.182 гэсэн хаягаас амжилттай илгээсэн боловч тендер нээхийн өмнө буюу  9 дүгээр сарын 07-ны өдөр 10 цаг 46 минутанд 202.21.117.22 гэсэн хаягаас нэвтрэн орж хавсралт файлуудыг устгаж тендерээ буцаасан байна. Манай цахим худалдан авах ажиллагааны систем нь ямар нэгэн байдлаар цахим халдлагад өртөөгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Миний төрсөн дүү Тайванжаргалын хүү Бямбаням 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 03 цагт манай гэрийн юнивишний интернет ашиглаж манай комьпютероор шивж оруулсан. Би тендерт оролцох сайт, нэвтрэх нэрийг сайн мэдэхгүй. Манай компанид тендерт оролцох нэвтрэх нэр, нууц үгийг УУУУ аймгийн орон нутгын өмчийн газрын мэрэгжилтэн Ц.Э- гэж хүн өгсөн. Тендерт оролцох аккаунтын нэвтрэх нэр, нууц үгийг манай нягтлан Чулуунбатын Цэнгэл, Миний төрсөн дүү Тайванжаргалын хүү Бямбаням нар мэдэж байгаа өөр хүн байхгүй. Миний бодлоор манай компаний кодыг манай дүү нараас гадна Ц.Э- гэж ажилтан мэдэж байгаа. Энэ хүнийг сэжиглэж байна...Манай компаний нэвтрэх нэр болон нууц үг Ц.Э-ын компьютер дээр хадгалагдсан байх боломжтой байж болох юм. Манай төрсөн дүү Цэнгэл ОНӨГ-ын мэргэжилтэн Ц.Э-аас токен төхөөрөмжөө авсан гэж байсан. Мөн хэрхэн нэвтрэх талаараа заалгаж байсан гэж байсан... Би анх өргөдөл гаргахдаа “манай компани тендерийн шалгаруултанд нэгдүгээрт зогсож байсан” талаар дурдсан. Учир нь манай үнийн санал бага байсан. Гэхдээ ганцхан үнийн саналаар шалгаруулахгүй. Манай үнийн санал нэг тэрбум 900 сая байсан. Бусад компаниудынх хоёр тэрбумаас дээш байсан байна лээ. Би үүнийг интернетээс харсан. Ийм болохоор л би нэгдүгээрт зогсож байсан гэж хэлсэн. Манай компани тендерт ороогүйн улмаас надад болон манай компанид ямар нэгэн хохирол учирсан, эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй. Тендерт ялах нь тодорхой бус байсан. Би энэ асуудлыг санаатай үйлдэл гэж үзэхгүй байна. Манай компани тендерт орохдоо журмын дагуу Голомт банкинд үнийг дүнгийн 2 хувь буюу 38.000.000 орчим төгрөг байршуулаад түүнийгээ тендер дууссаны дараа буцаагаад авчихсан. Тендерт орох эрхээ 50.000 төгрөг банкинд тушааж авдаг. Энэ 50.000 төгрөгөөс өөр зардал гараагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би 50.000 төгрөгийг нэхэмжпэхээс татгалзаж байна. Би үүнийг журмын дагуу тушаасан мөнгө гэж үзэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-36, 206-207-р тал/

Гэрч Т.Бямбанямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...ХАХАХА” ХХК-ны захирал манай ээжийн ах Ч.Н- юм. Би ахдаа тусалж УУУУ аймгийн Т суманд баригдах ёстой Хөвсгел аймгийн О газраас зарласан БСШУСЯ/201801241 Дугаартай. “Сургуулийн барилга, 320 суудал /УУУУ Т сум\Г гэсэн тендерийн' шалгаруулалтанд оролцох материалыг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03 цаг 30 минутанд тендерийн материал хүлээн авах албан ёсны сайтад болох tender.gov.mn-д бүртгүүлж өгсөн. Бүртгүүлэхдээ 10 дугаар хороололд байх ахын гэрт юнивишны интернет ашиглаж, ахын компанид өгсөн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан нэвтэрч амжиллтай бүртгүүлсэн. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 10 цаг 46 минутанд бүртгүүлсэн материалыг буцаасан гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хүмүүс хэлсэн...Би нууц үг нэвтрэх нэрийг аваад нууц үгээ солиогүй. Тухайн үед тендер явуулахдаа л орж байсан. Цэнгэл эгч болон бид хоёроос өөр нууц үг мэддэг хүн байхгүй. Уг нэвтрэх нэр болон нууц үгийг би гар утсан дээрээ хадгалж байсан. Эгч өөрийн комьпютер дээрээ хадгалж байсан. Тендерийн материалыг илгээхэд түлхүүр буюу плаш дискэнд суулгасан файл болон өөр нэг код хийдэг. Буцаах юм уу хасахад код файл хэрэг болохгүй бөгөөд буцаах нэг сонголтын товчлуур л байдаг байсан...Би олон удаа тендерийн материал явуулж байсан туршлагатай...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/

Гэрч Ч.Цэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би энэ компанид 2005 оноос хойш нягтлан хийж байна...Өмнө нь тендерт оролцох материалаа цахимаар өгдөггүй байсан. Тэгээд цахимаар өгдөг болоход нэвтрэх нэр, нууц үгээ хэзээ, хэрхэн, яаж авч байснаа сайн санахгүй байна. Мөн 2017 онд цахимаар тендерт оролцох материал авах журам шинэчлэгдэж мөн нэвтрэх нэр, нууц үгээ дахин шинээр авсан. Үүнийг Ц.Э-аар заалгуулж авч байсан санагдаж байна. Би Ц.Э-ын албан өрөөнд ажил хэргийн шугамаар орж тендертэй холбоотой зарим зүйлийг асууж тодруулах тендерт шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах зэрэг ажлаар орж байсан. Харин Ц.Э-ын компьютер дээр нь www.tender.gov.mn сайтад нэвтэрч би өөрөө бол нэвтэрч байгаагүй, би энэ эрхээр өөрөө ч нэвтэрдэггүй юм. Яг нэвтэрч материал илгээх ажлыг Бямбаням хийдэг. 2017 онд шинэчлэгдэж 7 дугаар сард Монпасс түлхүүрээ авч байснаа санаж байна. Тэгэхээр энэ үед нь би Ц.Э-аар сайтад хэрхэн нэвтрэх талаар заалгуулахаар өөрийн компанийн нэвтрэх нэрээр нэвтэрч байсан санагдаад байна. Өөрөөр бол нэвтрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

Гэрч Б.Болдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...УУУУ аймгийн Т сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын тендерийн нээлт хийх өдөр Улаанбаатар хотод Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний сургалтанд хамрагдаж байсан. Гэтэл ХАХАХА ХХК манай О газарт гомдол гаргасан. Гомдлын дагуу тендер зохион байгуулсан ажилтнуудтай болон Худалдан авах ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Цэрэндулам нартай уулзаж юу болоод байгаа талаар хуралдаж гомдлыг танилцуулж асуухад “бид нар энэ талаар юу ч мэдэхгүй” гэсэн тайлбар өгсөн. Тийм учраас аймгийн Тагнуулын хэлтэс болон Цагдаагийн газарт энэ талаар албан бичиг илгээж шалгуулахыг хүссэн юм. ...Ц.Э- Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар ажиллаж байхад “Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй компютерийн мэргэжилтэй хүн байна уу” гэж сураглаж байгаад 2014 онд мэргэжилтнээр ажилд орсон. Ажилд анх ороход нь би таньдаггүй байсан. Ц.Э- нь амьдрал ахуйн хвьд бүтэн өнчин, эмээтэйгээ амьдарч байгаад сургууль төгссөн. Манайд ажиллаж байхдаа тендерийг цахимжуулахад Ц.Э- энэ ажпыг бүрэн хариуцаж хийсэн. 2016 онд байгууллагын шилдэг ажилтнаар шалгарсан, мэдлэг чадвар сайтай, хурдтай ажилладаг, санаачилгатай залуу байна гэж хамт олон үнэлдэг. Эхнэр нь ажилгүй, 3 хүүхэдтэй. Амьдрах гэж зүтгэж яваа залуу гэж би боддог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р тал/

Гэрч Ч.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тус компани нь манай байгууллагад 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Тендерийн шалгаруулалтанд сайтанд шивсэн мэдээлэл утгасан байна” гэх утгатай гомдол гаргасан. Уг гомдлыг шалгахад 202.21.117.22 гэсэн IР хаягнаас 2018 оны 9 дүгээр сарын 07-ныөдөр 10 цаг 46 минутанд “ХАХАХА” ХХК-д өгсөн өөрийнх нь нэвтрэх нэр нууц үгээр нэвтэрч мэдээллийг буцаах товч дээр дарж бүх файлуудыг устгасан байсан. Манай сервер гадны ямар нэгэн халдлагад өртөөгүй...Манай сервер Үндэсний дата төв дээр байрладаг. “ХАХАХА” ХХК-ны нэвтрэх нэр нууц үгээс өөр нэвтрэх нэр нууц үгээр нэвтрэх боломжгүй  Манай газар ч юм уу, УУУУ аймгийн нэг албан тушаалтан өөрийн эрхээр нэвтэрч орно гэсэн асуудал байхгүй. Зөвхөн тус компаний нэвтрэх нэр нууц үгээр орно. Манай байгууллагаас нэвтрэх нэр нууц үг өгдөггүй. Харин өөрсдөө бүртгүүлэхдээ хэрэглэгчийн нэр нууц үгээ шинээр хийж бүртгүүлдэг. Гэвч хүмүүс өөрсдөө мэдэхгүй байдаг учраас “манайхыг бүртгүүлээд өгөөч” гэж гуйдаг. Эсвэл өөр мэддэг хүмүүсээр бүртгэлээ хийлгэх тохиолдолд байдаг байх. Манай байгууллага бүртгэж өгөх үүрэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал/

Гэрч Д.Сумъяабазарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай компани 2013 оноос хойш тендерт оролцож байна. Багцаагаар 100 гаруй удаагийн тендерт оролцож байна. Би тендерийнхээ ажлыг хариуцдаг юм...Манай компани энэ сайтад бүргүүлж нууц үг, нэрээ э-мэйл хаягаар авдаг. Үүнийгээ өөрөө зохиож авдаг юм. Тухайн тендерт оролцохын тулд “Монпасс” клент гэдэг нэртэй компаниас тоон гарын үсэг / I token/ авдаг. Үүнийг өөрийнхөө нээсэн аккоунтдаа бүртгүүлнэ,  ингээд тендертээ ордог. Тендерт орохдоо ОНӨГ-т тоон гарын үсгээ бүртгүүлэх, баталгаажуулах болон ямар нэгэн хамаарал байхгүй. Энэ бол зөвхөн манай компаний нууц юм. Тендер нээхэд өдөр ОНӨГ-т очиход цаанаасаа кодоо авч тендерээ нээдэг юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 115-116-р тал/

Гэрч З.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Ц.Э- гэж хүнийг 2014 оны 8 дугаар сард Худалдан авах ажиллагааны алба гэж байгууллага байх үед хамт ажиллаж эхэлсэн...Би Ц.Э- гэж хүний ахлахаар нь ажилладаг юм...Ц.Э- нь шударга шулуун зантай...хийсэн ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй сайн ажилтан юм...Манай байгууллага бол тендерт орж байгаа компаниудын нууц нэр болон кодыг авдаггүй. Харин зөвхөн тендер нээх кодыг үнэлгээний хорооны нарийн бичгийн мэйл хаягаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас явуулдаг...Монгол улсад www.meps.gov.mn  сайт хэрэгжиж эхэлсэнээс хойш маш их алдаа гарч, тендер устаж...энэ программыг илүү сайжруулах зорилгоор www.tender.gov.mn  программыг шинээр гаргаж, цахимд тендер зарлаж эхэлсэн. Одоо ч энэ байдал үргэлжилж, алдаа дутагдал гарсаар байна...Миний бодлоор энэ сестимийг засаж өөрчлөхгүй бол ийм алдаанаас болж янз бүрийн асуудал гарах шинжтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 163-164-р тал/

Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө ажил дээрээ 09:00 цагт ирсэн. Ингээд өөрийн ажил үүргийн дагуу “Т сумын 320 суудалтай хичээлийн байрны барилга угсралт”-ын ажлын тендерт оролцохоор системээр материалаа ирүүлсэн компаниудыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд өөрийн эрхээр нэвтэрч харахад нэр бүхий 5 компани оролцохоор материалаа илгээсэн байсан. Манай байгууллагын ерөнхий IР хаяг болох 202.21.117.22 -оор интернетийн сүлжээнд холбогдох бөгөөд уг хаягийг гадаад хаяг гэж нэрлэнэ. Энэ хаягаар бүх компьютерүүд сүлжээнд ордог бөгөөд энэ нь зөвхөн миний компьютерийн хаяг биш юм. Би www.tender.gov.mn сайтад нэвтэрч ороход “ХАХАХА” ХХК-ны уг сайтад нэвтрэх нэр, нууц үг нь хадгалагдсан байхаар нь тухайн эрхээр нь нэвтэрсэн. Гэхдээ би энэ компаний нууц үгийг мэдэхгүй, мэдэх боломж ч байхгүй. Тухайн үед нууц үг нь одоор тэмдэглэгдсэн харагдах боломжгүй байсан. Уг нууц үгийг би олгодоггүй бөгөөд хэрэглэгч дурын газраас холбогдон нууц үгээ мартсан бол хувийн э-майлээрээ сэргээдэг. Мөн анх нууц үгээ авахдаа өөрөө бүртгэлээ үүсгэн авдаг. Би энэ системд нэвтэрч ороод ямар нэгэн илүү үйлдэл хийгээгүй. Би энэ нэрээр нэвтэрч орохдоо кампаний зүгээс систем ямар байдлаар харагддаг эсэхийг сонирхож орсон. Тэгээд системээс гарах зорилгоор буцах товч дараад гарсан. Энэ үед би “ХАХАХА” ХХК-ны материал устсан гэдгийг мэдээгүй. Учир нь материалыг илгээх болон буцаахад тоон гарын үсгийн төхөөрөмжийг заавал шаарддаг гэсэн ойлголттой байсан. Хэрвээ мэдсэн бол тодорхой арга хэмжээ авах байсан. Би тухайн компанийн материал устсан болохыг нээлт болох үед л мэдсэн. Тэгээд энэ асуудал миний үйлдлээс боллоо гэдгийг мэдсэн боловч нэгэнт болоод өнгөрсөн зүйл болохоор энэ талаар айсандаа хэнд ч хэлээгүй юм. Би энэ үйлдлийг системийн алдаа гэж үзэж байна. Надад ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхол, хэн нэгний дарамт шахалт байгаагүй. Би өөрийн сониуч зангаас болж ийм асуудалд хүрлээ гэж бодож байна...Надад энэ тендерийн материалыг устгах ямар нэгэн шаардлага байгаагүй. Би системд компаний зүгээс нэвтэрч байгаагүй болохоор хэрхэн устах талаар мэдэхгүй. Тийм болохоор устаж байгааг нь ч мэдээгүй. Яагаад гэвэл тендерийн материалыг илгээх болон буцаахад тоон гарын үсгийн төхөөрөмжийг заавал шаарддаг гэсэн ойлголтондоо бат итгэлтэй байсан...Миний хувьд урьд өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Системийн доголдол гарахыг үгүйсгэх аргагүй юм...Монпасс гэх төхөөрөмж байхгүй тохиолдолд ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй юм. "Монпасс” гэдэг нь тухайн төхөөрөмжийг нийлүүлж буй компаний нэр бөгөөд уг төхөөрөмж И-Токен нэртэй юм. Энэ нь тоон гарын үсгийн төхөөрөмж юм...Хохирогч нь надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа хэлж байсан. Би өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж ийм асуудалд болсонд Ч.Н- гуайгаас уучлалт гуйсан...Надад энэ үйлдлийг хийх шаардлага, зорилго, сэдэлт огт байгаагүй. Энэ үйлдэл нь тоон гарын үсгээр хийгдэх үйлдэл гэдэгт итгэлтэй байна. Энэ нь системийн алдаа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 73-75-р тал/

Шүүгдэгч Ц.Э-ын шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн: ...Би өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө “үнэхээр устгасан байх” гэж бодоод “устгасан” гэж мэдүүлсэн байгаа. И-токен төхөөрөмжөөр илгээж, устгаж болдог байгаа. Би и-токен төхөөрөмжийг олгодог болохоос биш нэвтрэх нэр, нууц үгийг олгодоггүй байгаа. И-токен төхөөрөмжийг авахдаа 88.000 төгрөгөөр тушаадаг. Программ руу орж мөнгө тушаасан эсэхийг хардаг. Тушаасан бол эхлэл нээх товчин дээр дараад хуулаад өгдөг...Буцах, буцаах гэдэг 2 үг байгаа. Би буцах гэдэг товчийг дарсан байгаа. Харин буцаах гэдэг товч нь устгах, болиулах гэсэн утгатай...Тэгж байхад ямар нэгэн урьдчилсан байдлаар урьд нь огт гарч ирж байгаагүй жижиг цонх гарч ирэхээр нь компанийн талаас энгээд харагдчих юм биш биз дээ гэж бодсон. Тэгээд миний далд санаа “компанийн зүгээс алдаа гарч байгаа биш биз дээ” гэх байдлаар устгахаар “ok” гэдэг товч дарсан байгаа. Энэ нь арай өөр ойлголт болох байх гэж үзэж байна. Миний хувьд өмнө нь буруу мэдүүлэг өгсөн өгсөн байж магадгүй...Энэ нь системийн алдаа. Үүнийг систем рүү бухаад байгаа ойлголт биш юм...гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6112 дугаартай: Шинжилгээнд ируүлсэн цэнхэр өнгийн нүүртэй зөөврийн компьютерт нийт 80 GВ, Хар өнгийн процессорт нийт 175.1 GВ хэмжээтэй мэдээллүүд тус тус хадгалагдаж байна. Шинжилгээнд ирүүлсэн компьютеруудад хадгапагдаж байгаа мэдээллуүдээс www.tender.gov.mn сайтад бүртгэлтэй “ХАХАХА" ХХК- ийн “Huhtenger” нэртэй нэвтрэх нэр, 12811581 гэсэн нууц үгийг сануулсан мэдээлэл байхгүй байна. Шинжилгээнд хүргүүлсэн төхөөрөмжөөр интернетэд холбогдож ашиглаж байсан бол хэзээ ямар IР хаягтай ямар интернет ашиглаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Хадгалагдаж байгаа мэдээллүүдээс ямар ажил эрхэлдэг, хэн гэдэг хүн ашиглаж байсныг тогтоох боломжгүй болно...гэх дүгнэлт, хавсралт /хх-ийн 56-61-р тал/

Шинжээч М.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн компьютерт интернет хандалтын түүхийг үзэхэд хоосон байсан боловч интернет хөтөч ашиглан татаж авсан файлуудын жагсаалтыг үзэхэд www.tender.gov.mn сайтаас файл татаж авч байсан болохыг тогтоол дүгнэлтэд заагдсан 10 дугаартай зургаар харуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 169-170-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-р тал/

УУУУ аймгийн ХАХАХА ХХК-иас улсын эрүүгийн хэрэг мөрдөх газрын кибер хэрэг мөрдөх хэлтэс болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж гаргасан хүсэлт бүхий албан бичиг, хавсралт /хх-ийн 15-20-р тал/

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ХАХАХА ХХК-д хандаж хариу хүргүүлсэн тухай албан бичиг, хавсралт /хх-ийн 21-26-р тал/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30-р тал/

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанд хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /хх-ийн 87-95-р тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 165-168-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч  Ц.Э- нь “ХАХАХА” ХХК-ийн УУУУ аймгийн О газраас зарласан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 201801241 дугаартай  “сургуулийн барилга, 320 суудал, УУУУ Т сум” гэсэн тендерийн шалгаруулалтанд оролцохоор www.tender.gov.mn  сайтад 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 03 цаг 30 минутад шивж оруулсан мэдээллийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 45 минутад устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд шүүгдэгч Ц.Э-ын гэм буруутай үйлдэлд нь цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-р тал/-аар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 36-р талд хохирогч Ч.Н-гийн “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Ц.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын хэмжээний дотор таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Мөн шүүхээс шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн 1806073630039 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1806073630039 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР