Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 211/МА2024/00007

 

211/МА2024/00007

 

                                        

                             

“Э” ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2024/00501 дугаартай шийдвэртэй

У хот, С дүүрэг, 0 дүгээр хороо 0, нарны зам 0 тоотод байрлах “Э” ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй

А аймгийн Э сумын 0 дугаар багт байрлах “М” ХХК /РД:00000/-д холбогдох

30,021,840 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-ийн 22,939,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн дарга Э.Гүн-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч Э ХХК анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хариуцагч болох “М” ХХК эмийн сан нь өөрийн үйл ажиллагааг эрхлэхдээ манай байгууллагаас эм бараа худалдах, худалдан авах гэрээний дагуу эм бараа захиалан хөдөө орон нутагт авсан бөгөөд төлбөрөө бэлэн төлөлтийн гэрээтэй хийж гүйцэтгэж ирсэн. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан БМГ-21-04-07 тоот гэрээг байгуулж тус гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талууд гэрээг дүгнэх ба аль нэг талаас гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээ 12 сарын хугацаатай сунгагдсанд тооцно гэж заасны дагуу М ХХК нь эм бараагаа 2022 оны турш авсаар ирсэн боловч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамгийн сүүлд эм бараа авсан ба үлдэх төлбөр 34,014,560 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 14,000,000 төгрөгийн төлбөрийг хийж гүйцэтгэсэн. Ингээд өнөөдрийн байдлаар эм барааны төлбөрийг төлөөгүй 195 хоногийн хугацаа хэтрэлттэй. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2 дах хэсэгт заасан “Худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд буюу гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө. Худалдан авагчийн хүлээх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ. Иймд гэрээнд заасны дагуу алдангийн хэмжээг тооцож үзэхэд 20,014,560x0,5%x195=19,514,196 төгрөг бөгөөд хуульд зааснаар бууруулж 10,007,280 төгрөгийг алдангид нэхэмжилж нийт 30,021,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.2 Хариуцагч М ХХК анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Талуудын хооронд гэрээний хугацаа дуусаагүй 2022 оны гэрээг дүгнээгүй, хугацаа болоогүй төлбөр тооцоо хэвийн хийгдээд Э ХХК-ийн зүгээс урамшуулал тооцох журмын дагуу 2021 оны жилийн эцэс, 2022 оны 01 дүгээр улирлын урамшууллыг хасаж тооцохоос өөр үлдэгдэл байхгүй. 2021 оны жилийн эцэс, 2022 оны 01 дүгээр улирлын урамшууллыг журмын дагуу олгоогүйгээс манай компани нь Э ЭХНТ-ийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаас татгалзаж гэрээний 7.5-д заасан заалтыг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12,601,600, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4,793,600 төгрөгийн 2 удаагийн эмийн буцаалт хийсэн. Харилцагч манай байгууллагын хувьд удаа дараа гэрээнд заагдсан урамшууллыг олгохыг маш олон удаа шаардан, мөнгөн дүнгээр болон эмээр олгох боломжгүй бол эмийн үлдэгдлийн дүнгээс хасч тооцоод гэрээгээ дүгнэж, дуусгавар болгох саналыг удаа дараа тавьж байсан. Гэрээний хугацаа болоогүй байхад шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь шүүхийн ажлыг хүндрүүлсэн харилцагчийнхаа эрх ашгийг илэрхий зөрчсөн ямар утга агуулгатай болох нь тодорхойгүй зүйл боллоо гэжээ.

 

2.1 Хариуцагч М ХХК  анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай М ХХК нь Э ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр БМГ-21-04-07 тоот гэрээг байгуулан хамтран ажиллаж 2021 онд 347,916,545 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл татан авалт хийж борлуулалт хийсэн. Гэрээнд зааснаар харилцагчийн урамшууллын журамд заагдсан харилцагчийн урамшуулал тооцох хүснэгт 1-ийн дагуу 2021 оны борлуулалтад 5% буюу 17,395,827 төгрөгийн урамшуулал, 2022 онд БМГ-21-04-07 тоот гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө аль нэг талаас гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээ 12 сарын хугацаатай сунгагдсанд тооцно гэж заасны дагуу хамтран ажиллаж 2022 онд 130,885,595 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл татан авалт хийж 110,871,035 төгрөгийн борлуулалт хийсний 5% буюу 5,543,551 төгрөгийн харилцагчийн урамшуулал, нийт 2021 оны 17,395,827 төгрөг, 2022 оны 5,453,551 төгрөг болох 22,939,378 төгрөгийн харилцагчийн урамшууллыг Э ХХК нь олгоогүй өдий хүрлээ. Иймд гэрээнд заасны дагуу нийт 22,939,378 төгрөгийн урамшууллыг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... “М” ХХК-ийн гаргасан 22,939,378 төгрөгийг талуудын хооронд байгуулсан БМГ-21-04-07 тоот гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар урамшуулал тооцоход худалдан авагч тал гэрээний үүргийн биелэлтээ 100 хувь хангасан байх үндсэн нөхцөлийг хангахгүй байсан тул урамшуулал гэрээний дагуу олгогдоогүй болно гэжээ.

 

2.3 Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.О  болон өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2022 оны 5,6 дугаар сард Э ХХК-тай хамтран ажилласан. Э ХХК-ийн  хамгийн сайн харилцагч, Монгол улсын хэмжээнд 2021 оны шилдэг,  улирлын топ таван харилцагчийн нэг болж байсан.  Манай үйл ажиллагаа 2022 оны 6 сар хүртэл хэвийн явагдаж байсан.  2021 онд манайх 300,000,000 төгрөгийн борлуулалт хийж Монгол улсын хэмжээнд хамгийн тэргүүний борлуулалттай компаниар тодорч байсан. А аймагтаа М ХХК өндөр байр суурьтай явж ирсэн. Гэтэл 2022 оны эхээр Э ХХК нийт жилийн эцсийн борлуулалтын урамшуулал  20,000,000 гаран төгрөгийн урамшуулал олгох ёстой байсан. Манайх энэ урамшууллаа удаа дараа шаардсан боловч батлагдаагүй байгаа батлагдахаар нь бүх компаниуд руугаа хийнэ гэсэн тайлбартайгаар 6 сар хүргэсэн. Ингээд 6 сар болчихоор нь 20,000,000 гаруй төгрөгийн урамшууллаа гэрээний дагуу авах ёстой гэж бодоод 20,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авчихвал өр авлага цайрах юм байна гэж үзсэн.  Жилийн эцсийн урамшууллыг бэлэн мөнгөөр бус эмээр болон бусад байдлаар олгоно гэсэн гэрээний заалт байгаа учраас бараа бүтээгдэхүүн авч байснаас үлдэгдэл бараа бүтээгдэхүүнээсээ суутгуулаад болчихъё гэж бодсон. Мөн 2022 оны 1,2 дугаар улирлын урамшууллыг би авах ёстой байсан. Надад нэг ёсондоо нэг ч урамшуулал өгөөгүй тул үйл ажиллагаагаа буюу эм татан авалтаа зогсоосон. Өмнөх оныхоо үйл ажиллагааг дүгнэж асуудлаа дуусгачхаад дараагийнхаа ажиллагааг хийх ёстой юм гэж бодсоны үндсэн дээр татан авалтаа зогсоосон юм. Гэтэл Э ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тэгэхээр нь би нэгэнт шүүхэд өгчихсөн юм чинь гэрээ цуцлагдаж байгаа юм байна гэж ойлгоод гэрээний 7.5-д зааснаар худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийг хангуулахад үлдэгдлийн барааг худалдагч талд буцаан авч,  зөрүү тооцоог бэлэн мөнгөөр хийнэ гэсэн байгаа. Тэгэхээр нь би үлдэгдэл бараа бүтээгдэхүүнээ  өгөөд, урамшууллын асуудал жичдээ шийдэгдчих байх гэж бодоод ондоо багтаагаад тооцоогоо дуусгачихъя гэдэг үүднээс гэрээнийхээ бараа бүтээгдэхүүнийг 2 удаагийн үйлдлээр 2 падаан гаргаж буцааж өгсөн. Бараа бүтээгдэхүүнийг өгөхөд хуулийн зөвлөхөөс асуу тэгээд хүлээж авъя гэж байсан. Тэгээд хүлээж авсан. Би хуулийн зөвлөх, эрхлэгч, эмийн сангийнх нь эрхлэгч рүү гээд бүгд рүү нь залгасан. Гэтэл өнөөдөр ажилдаа очихгүй гэхээр нь би холоос ирж байна, шинэ жил гарах гэж байна, би явахаасаа өмнө хүлээлгэж өгье өө гэтэл эмийн сангийн эрхлэгч Ч та санаа зоволтгүй, манайх камерын өмнө танай комисстой хүлээгээд авчихна, манайх илүү дутуу тийм ийм байна гэж ерөөсөө ярихгүй, даргын өрөөнд бараа бүтээгдэхүүнийг чинь тавьчихъя гэхээр нь эгч нь явлаа шүү гэж хэлсэн. Тэгээд би  гарч ирээд өмгөөлөгч рүүгээ мессеж бичсэн.  Бараа бүтээгдэхүүнээ хүлээлгээд өгчихлөө, зардал их гарсан. 500,000 төгрөг болсон гэж хэлж байсан. Хавтаст хэрэгт хүлээлгэж өгсөн баримт байгаа. Би буцаахдаа нягтландаа задарсан хайрцагтай юмнуудыг нь битгий явуулаарай, бусад барааныхаа падааныг сайн гаргаад бичээрэй гэж хэлж байсан. Манайх Э ХХК-иас 20,000,000 төгрөгийн урамшууллын авлагатай байгаа болохоор 18,000,000 төгрөгийн бараа буцаагаад болчих юм байна гэж бодсон.  Иймд манайх Э ХХК-д өгөх өглөг байхгүй. Харин ч авлагатай. Үүнийг миний фейсбүүк чатын баруун бүсийн групп чатаас харж болно. Бусад  компаниуд 2022 оныхоо урамшууллаа өгөөч,  6 сар гарлаа, 5 сар дууслаа гэсэн утгатай чатууд  байгаа.  Мөн миний буцаасан бараа бүтээгдэхүүнийг аваагүй гэж худлаа хэлнэ гэж санасангүй. Би энийг нь гайхаж байгаа. Зууны луйвар шиг юм Э ХХК  санаачилж байгаа юм болов уу.  Өнөөдөр шүүхэд ачаалал өгөөд байх асуудал биш.  Э ХХК гэрээнийхээ дагуу бараагаа хүлээгээд авчихсан бол шаардлагагүй гэсэн барааных нь мөнгө төгрөгийг төлөөд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байх байсан.  Эмийн бизнес ер нь хэцүү. Хүмүүс амарч байхад хүнд үйлчлээд,  өглөө 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажиллаж  байж бараа бүтээгдэхүүнээ борлуулж, ажилчдынхаа цалинг тавьж,  татвараа төлж байна. Бидний ганц хардаг зүйл бол жилийн эцсийн гэрээнд заагдсан урамшуулал юм. Энэ урамшуулал чинь манай компанийн олз ашиг шүү дээ. Би Э ХХК-г ингэнэ гэж огт санасангүй. Би итгэсэндээ л бараа бүтээгдэхүүнээ өгсөн. Эм гэдэг чинь хугацаа онцгой бүтээгдэхүүн. Гэтэл авчхаад аваагүй гүрийнэ гэж бодсонгүй.  Энэ барааны хугацаа нь өнгөрлөө гэж би их санаа зовсон. Э ХХК өдөртөө зараад дуусах байсан. Гэхдээ би Э ХХК-г  зараад дуусчихсан  гэж бодож байгаа. Э барааг хүлээн авлаа, хэдэн төгрөгийн бараа байна шүү гэж огт надад хэлээгүй. Тэгэхээр миний явуулсан барааг бүрэн бүтнээр нь  тооцоод авч байгаа юм байна гэж үзэж байгаа. Иймд бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн, авсан нь тодорхой байгаа тул урамшуулал авах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Э ХХК 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хоёрдугаар улирлын топ харилцагч гээд талархлын бичиг өгч байсан.  Хуулийн зөвлөх нь буруу ойлгож, алдаа гаргаснаас болоод энэ байгууллага хохирсон гэж харж байна. Учир нь өндөр борлуулалт хийдэг манай компани байхгүй болсон. Жилд 300,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг, асуудал гарвал дор нь шийддэг газар байхгүй. Манай мөнгийг луйврын аргаар авах гэж үзэж байна. Тэрэндээ шүүхийг ашиглаж байна.  Шүүх арай ашиглагдахгүй байх. Хуулийн байгууллага луйвардах гэсэн юмыг нь биелүүлж байдаг газар биш байх.  Би тухайн үед  манай нягтлан ажлаасаа гарах гэж байна 2021 оныхоо тооцоог хурдан нийлээд, юмнуудаа цайруулъя, над руу ингээд үлдэгдэл бараа бүтээгдэхүүн болон өөрсдийнхөө тайланг явуулаач гэж удаа дараа асуухад  нэг ч явуулаагүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд манайх гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлсэн. Гэрээн дээр  60,000,000 төгрөгөөс дээш худалдан авалтад 5%  гээд заасан байгаа. Мөн  улиралд 82,500,000 төгрөгийн борлуулалт хийвэл 5% хөнгөлөлт олгоно гэсэн байгаа. Манай компанийн 82,000,000 байтугай байнга давуулан биелүүлдэг байсан гэв.

 

   А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2024/00501 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.2, 208.3, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч М ХХК-с үндсэн төлбөр 20,014,560 төгрөг, алданги 10,007,280 төгрөг, нийт 30,021,840 төгрөг гаргуулж Э ХХК-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-с урамшуулал 17,395,827 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,543,551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-с нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-с сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 244,929 төгрөг гаргуулж хариуцагч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М ХХК-н давж заалдах гомдолдоо: Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дахь хэсэгт заасны дагуу А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.18-ны 129/ШШ2024/00501 тоот шийдвэрийн зарим хэсгийг /35,565,391/ эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Алдангийн төлбөрт 10,007,280 төгрөг гаргуулсан шийдвэр үндэслэлгүй тухайд. а. Алданги шаардах хууль зүйн гол үндэслэл нь алданги шаардах эрх хууль зүйн хувьд үүссэн эсэх үйл баримт юм. Нэхэмжлэгч алданги шаардах үндэслэлээ тодорхойлохдоо 2022.5.18-ны өдөр 34,014,560 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч үүнээс 14,000,000 төгрөгийг төлж үлдэх төлбөрийг төлөөгүй хэмээн тодорхойлсон ба анхан шатны шүүх энэ хүрээнд нь дүгнэлт хийсэн. Гэвч бодит байдал дээр талууд 2022.05.18-ны өдөр 34,014,560 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор аваагүй бөгөөд урт хугацаанд давтамжтай хэсэгчилж авсан байдаг. Шүүх хэдэн оны хэдэн сарын хэдэнд хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан нийт хэдэн удаагийн үйлдлээр тус бараа бүтээгдэхүүнийг авсан эсэх үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй. Энэ алданги тооцох үйл баримтад хууль зүйн хувьд шууд хамааралтай юм. Өөрөөр хэлбэл 2022 онд авсан эхний бараа бүтээгдэхүүнээс хэдэн төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн 2 дахь бараа бүтээгдэхүүнээс хэдэн төгрөгийн төлөлт хийгдсэн гэх мэт чухал ач холбогдолтой. Нөгөө талаас шүүх алданги нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй тул 195 хонгийн алданги нэхэмжилж буй нь хуульд нийцэхээр байна гэж дүгнэсэн боловч алданги шаардах эрх хэзээ хэрхэн үүссэн алданги нь хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдний хоорондох алданги нэхэмжилж буй талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. б. Иргэний хуулийн 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ мөн хуулийн 208.1. Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байна. Э ХХК нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг М ХХК-р дамжуулан худалдан борлуулж борлуулж өгсөн үйлдлийн хариу төлбөрт борлуулалтын хувиар тооцож урамшуулал олгох үүргийг хүлээсэн байдаг. 2021 оны борлуулалтын урамшуулалд 17,395,827 төгрөгийг 2021 оны эцсээр тооцож олгох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ хууль буюу гэрээнд заасанд биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна. Энэ үүргээ биелүүлээгүй нь 2022 онд тус байгууллагаас авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүйтэй шууд холбоотой юм. өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай дээрх үйлдлээс шууд хамааралтай юм. с. Төлбөрийг хугацаанд төлөөгүйгээс үүдэлтэй алданги шаардах эрх үүссэн байна хэмээн дүгнэсэн үндэслэлгүй. Учир анхан шатны шүүх гэрээнд зааснаар талууд бараа бүтээгдэхүүнийг авсан даруйд төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна хэмээн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу дүгнэж ингэхдээ ИХ-н 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт заасан ХХАГ-ны эрх зүйн харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн гол шинж нь худалдагч өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж харин худалдан авагч тохирсон хөлс төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээдэг. Гэвч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Э ХХК нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг М ХХК-д худалдах бус тус байгууллагаар дамжуулан худалдан борлуулж борлогдсон бараа бүтээгдэхүүний төлбөрийг авч явдаг байсан. Түүнчлэн Э ХХК-ийн ажилчид болох Г.Э, М.Ч нар түүнчлэн М ХХК н нягтлан Д.О нар нь тус шүүхэд өгсөн мэдүүлэгтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаггүй, бараа бүтээгдэхүүнийг борлуулж өгдөг, борлогдсон бараа бүтээгдэхүүнийг төлбөрийг авч дараагийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр олгож явдаг байсан буюу бараа авсан даруйдаа төлбөрийг төлөхөөр тохиролцож байгаагүй тухай зохигч байгууллагуудын ажилчид мэдүүлсэн байхад анхан шатны шүүх бараа бүтээгдэхүүнийг авсан даруйд төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй хэмээн буруу дүгнэж алданги тооцсон. д. Бараа бүтээгдэхүүн нь борлогдсон тохиолдолд борлуулалтын орлогыг тушааж дараагийн бараа бүтээгдэхүүний авдаг байсан боловч Э ХХК-ийн 2022 онд авсан тус бараа бүтээгдэхүүн нь 2022 оны 11 сард нэхэмжлэл гаргах үеийн байдлаар худалдан борлогдоогүй байсан тул хариуцагч байгууллагаас буцаан өгсөн байдаг. Бараа бүтээгдэхүүн нь борлогдоогүй байхад төлбөр төлсөнгүй хэмээн алданги нэхэмжилж буй нэхэмжлэлийг үндэслэлтэй хэмээн дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. 2. Гэрээний үүргийн гүйцэтгэлт 20,014,560 төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэр үндэслэлгүй буюу нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй түхайд: Хариуцагч “М” ХХК-с тус бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч байгууллагад буцаан өгсөн. Энэ тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг төлбөрийг мөнгөн байдлаар давхардуулан нэхэмжилж буй нь үндэслэлгүй боловч анхан шатны шуух буцаан өгсөн нь үндэслэлгүй буюу тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд: а. Бараа бүтээгдэхүүнийг 2 удаагийн үйлдлээр Э ХХК-д Ж.Э, Э.М, С.О нар хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд энэ тухайгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг, тайлбар өгсөн байдаг боловч анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл, няцаасан дүгнэлтээ шүүхийн шийдвэрт тусгаагүй энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. б. Хариуцагч байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг буцааж өгсөн санхүүгийн анхан шатны баримт болох буцаалтын падаан бүртгэлийн дэвтэр зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байх атал шүүх мөн үнэлээгүй, энэ тухай няцаасан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. с. Бараа бүтээгдэхүүнийг буцааж өгсөн үйл баримт нь гэрчийн мэдүүлэг, санхүүгийн баримт зэргээр тогтоогдохоос гадна бараа бүтээгдэхүүнийг буцааж өгч буй video бичлэгээр давхар тогтоох бөгөөд тус бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажсан байдаг. Гэвч хавтас хэрэгт тус гэрчийн мэдүүлэг, санхүүгийн анхан шатны баримт, видео бичлэг, фото зураг зэргийг үгүйсгэсэн, няцаасан нэг ч баримт авагдаагүй байдаг. d. Анхан шатны шүүх дүгнэхдээ тус хайрцаг нь дотор ямар бараа бүтээгдэхүүн байгаа болох нь тодорхойгүй хүлээлцээгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч байгууллагын зүгээс тус хүлээж авсан бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахгүй, дутуу байна гэж нэг ч удаа хандаж байгаагүй бөгөөд хүлээж авсан өдрөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 мөн хуулийн 38.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй энэ хүрээндээ бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн Ж.Э, Э.М, С.О нарын мэдүүлэг тайлбарыг үгүйсгэсэн баримт гаргаж өгч байсан удаагүй. е. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээлгэж өгсөн гэх бараа бүтээгдэхүүнд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүлээж аваагүй атлаа бараа бүтээгдэхүүн хүлээлцээгүй дотор нь юу байгаа нь тодорхойгүй гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. 3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,543,551 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тухайд: а. Анхан шатны шүүх 2022 оны жилийн эцсээс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэрээнээс татгалзсан тул жилийн эцсийн байдлаар урамшууллыг тооцох үндэслэлгүй хэмээн дүгнэж. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсан учраас 2022 оны урамшуулал шаардах эрхгүй гэсэн нь ойлгомжгүй. Гэрээнээс татгалзсан учир урамшуулал шаардах эрхгүй гэж үзсэн атлаа гэрээнээс татгалзаж 2022 оны бараа бүтээгдэхүүний төлбөрт алданги шаардсан нэхэмжлэгчийн алданги үндэслэлтэй гэсэн шүүхийн шийдвэр зөрчилдөөнтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч нар аль аль нь нэг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл шаардсан байхад нэгийн үндэслэлтэй нөгөөг нь үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй. б. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тухай ойлголтууд нь харилцан адилгүй хууль зүйн үр дагавартай ба гэрээнээс татгалзах тохиолдолд өгсөн авснаа буцаах бол гэрээг цуцлах нь гэрээ байгуулсан цагаас цуцлах хугацааны харилцаа, гэрээний үйлчлэлийг хэвээр үлдээж харин цуцалснаас хойш харилцааг дуусгавар болгодог. Тийм ч утгаар гэрээ хүчин төгөлдөр байх хугацааны буюу 2022 оны 1, 2 улирлын урамшууллыг шаардсан байдаг. Гэрээ цуцлагдаж цаашид хамтран ажиллахгүй болсон гэрээний хүчин төгөлдөр хугацаанд үүссэн харилцаа буюу урамшуулал төлөх үүргээс Э ХХК-с чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. с. Талуудын гэрээ болоод журамд зааснаар урамшуулал тооцох зохицуулалт нь жилээр бус улирал, улирлаас тооцохоор заасан болохыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Э ХХК-ийн нэхэмжилсэн. 30,021,840 төгрөгийг хэрэгсэхгүй болгож М ХХК-н хэрэгсэхгүй болгосон 5,543,551 төгрөгийг хангах байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралд биечлэн оролцох тул боломжит хугацаанд тов мэдэгдэж өгнө үү... гэжээ

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11- р сарын 18-ны өдрийн 129\ШШ2024\00501 дугаартай шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 05 өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь: Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-нд холбогдох 30,021,840 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-ийн 22,939,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ иргэний хууль , болон талуудын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 01 өдрийн “Эм, бараа худалдах худалдан авах гэрээ”-г буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үндсэн нэхэмжлэлтэй хэргийн талаар. 1. Нэхэмжлэгч “Э” ХХК, болон хариуцагч “М” ХХК-ний хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01 өдрийн “Эм ,бараа худалдах худалдан авах гэрээ” байгуулсан боловч талууд эм барааны төлбөрийг хэдийд төлөх хугацааг нарийвчлан тогтоосон зүйл байхгүй, харин “М” ХХК нь болон “Э” ХХК-нд гэрээ байгуулахаас өмнө ч, гэрээ байгуулсны дараа ч төлбөрийг хэсэгчлэн төлж харилцан тохирч байсан байна. Энэ нь гэрч нар болон хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Шүүх талуудын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 01 өдрийн “Эм ,бараа худалдах худалдан авах гэрээ” г Иргэний хуулийн 98 дугаар зүйлд заасан үгийн утгыг анхаарч үзэлгүй, гэрээг тайлбарлаж хэрэглэсэнгүйд гомдолтой байна. Тухайлбал гэрээний 7.5 дугаар зүйлд “худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийг хангуулахад үлдэгдэл эм, барааг худалдагч тал буцаан авч, тооцоог мөнгөн төлбөрөөр шаардаж төлүүлнэ” гэжээ. “Э” ХХК-нийг төлбөртэй холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргасны дараа хариуцагч “М” ХХК-нь 2022 оны 12 дугаар сарын 17 өдөр 4 793 600 төгрөгийн эм бараа, мөн оны 12 дугаар сарын 30 өдөр 12 601 600 төгрөгийн эм барааг тус тус гэрээний дээрхи заалтын дагуу буцаан өгсөн байна. “М” ХХК- нь “Э” ХХК-нд нийт 17,395,200 төгрөгийн эм барааг буцаан өгсөн байх тул үндсэн төлбөр болох 20, 014, 560 төгрөгөөс хасагдаж тооцогдох ёстой. Энэ талаар гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг, утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. 2. Нэхэмжлэгч “Э” ХХК, болон хариуцагч М ХХК-ны хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01 өдрийн “Эм, бараа худалдах худалдан авах гэрээ”-нд эм барааны төлбөрийг хэдийд худалдагч талд төлөх талаар хугацааг өдөр, хоног, сар, улирал, жил гэх мэтчилэн хугацааг тохироогүй байхад, алданги 10,007,280 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн талаар: Анхан шатны шүүхээс 2021 оны урамшуулал 17,395,827 төгрөгийг “Э” ХХК-с гаргуулж хариуцагч “М” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч харин 2022 оны урамшуулал 5,543,551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн хамт биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11- р сарын 18-ны өдрийн 129\ШШ2024\00501 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.Гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр талд Хэрэгт авагдсан А аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/71 дугаар албан бичгээр ирүүлсэн Э ХХК-ийн борлуулалт, М ХХК-ийн худалдан авалтын падаанаар хариуцагч М ХХК нь 2021 онд Э ХХК-иас нийт 368 615 340 төгрөгийн бараа татан авалт хийсэн болох нь тогтоогдож байх боловч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ 347 916 545 төгрөгийн эм барааны хэрэгсэл худалдан авч борлуулалт хийсэн. 2021 оны борлуулалтад 5 хувь буюу 17 395 827 төгрөгийн урамшуулал тооцно гэж сөрөг нэхэмжлэлдээ дурдсан тул сөрөг нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр урамшууллыг тооцож олгох нь зүйтэй байна гэжээ. Нэгдүгээр хавтаст хэргийн 7 дугаар талд талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг баталгаажуулсан БМГ-24-01-07 тоот эм бараа худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 2.1-т эм барааны төлбөрийг худалдан авагч тал падаанаар бараа хүлээн авмагц итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөнгөн төлбөрөөр бэлнээр болон дансаар /Х 0000000 тоот, Х 00000 тоот/ тэр даруй төлнө буюу Монгол Улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөл шилжихэд төлбөр шилжих байдлаар талууд харилцан тохиролцож баталгаажуулсан. Ингээд уг гэрээний төлбөр төлөх нөхцөлд гэрээний 2.2 дах хэсэгт худалдагч нь худалдан авагчийн татан авсан эм барааны үнийн дүнд тохирсон хөнгөлөлт үзүүлэх бөгөөд улирал бүрийн эцэст дараах нөхцөлөөр урамшуулал тооцож олгоно гэжээ. Мөн энэхүү гэрээний 2.3 дах хэсэгт Урамшуулал тооцоход худалдан авагч тал гэрээний үүргийн биелэлтээ 100 хувь хангасан байна гэж тодорхойлон заасан. Монгол улсын иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 .Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ. Өөрөөр хэлбэл талуудын хэн аль нь ямар тохиолдолд худалдан авагч урамшуулал авах талаар харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан. 2021 онд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2 дах хэсэгт заасны дагуу урамшууллыг улирал тутамд тооцож олгохоор харилцан тохиролцсон. Ингэхдээ гэрээнд заасан эм барааны төлбөрийг төлсөн байх нөхцөлийг урьдчилан хангасан байж урамшуулал олгохоор зохицуулсан. Талуудын хооронд худалдан авалт хийгдсэн эм барааны төлбөрийг худалдан авагч нь нэг ч удаа хугацаандаа хийж байгаагүйн улмаас 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 31-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 31-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 31 -ны өдөр тус тус урамшуулал аваагүй энэ талаар маргаагүй байдаг. Гэвч “М” ХХК нь 2021 он болон 2022 онд авсан эм барааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй улмаас Э ХХК тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ үед хариуцагч түүний төлөөлөгч анх удаа урамшуулал гэх зүйлийг ярьж эхэлсэн байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3 дах хэсэгт заасан нөхцөлд шүүх хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий зөв дүгнэлтийг өгч анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлд хангасан 17 395 827 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж хавсаргав. Тус анхан шатны шүүхийн шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарны 05-ны өдрийн шуудангийн тамгатайгаар хүлээн авсан бөгөөд...гэжээ.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч  “М” ХХК-д холбогдуулан бараа материал худалдан авсан үлдэгдэл төлбөр 20,014,560 төгрөг, алданги 10,007,280 төгрөг, нийт 30,021,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч  “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд улмаар Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авах ёстой урамшуулал 22,939,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э ХХК-ий нэхэмжилсэн барааны үлдэгдэл төлбөрийн үнийн дүнтэй хариуцагч тал маргаагүй, барааны үлдэгдэл төлбөрийн хэмжээ нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч тал гэрээнд заасан  хугацаанд төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч тал алданги нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 30,021,840 төгрөгийг хариуцагч “М” ХХК-ниас гаргуулахаар, нэхэмжлэгч  Э ХХК, хариуцагч  “М” ХХК нарын байгуулсан гэрээний дагуу хариуцагч  “М” ХХК 2021 онд 368,615,340 төгрөгийн бараа татан авалт хийсэн бөгөөд гэрээний үүргийг биелүүлсэн гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,395,827 төгрөгийг нэхэмжлэгч  Э ХХК-ниас гаргуулахаар, талууд 2022 оны жилийн эцсээс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэрээнээс татгалзсан тул урамшуулал тооцох боломжгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,543,551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч “М” ХХК нарын хооронд 2021 оны 01 сарын 01-ний өдөр эм, бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний 1.4-т заасны дагуу гэрээ 12 сарын хугацаатай сунгагдсан байна.

 

 2022 оны 05 сарын 18-ны байдлаар гэрээний үлдэгдэл төлбөр 34,014,560 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас хариуцагч тал 14,000,000 төгрөгийн төлбөрийг төлж, 20,014,560 төгрөгийн төлбөр төлөгдөхгүй байснаас нэхэмжлэгч тал 2022 оны 11 сарын 29-ний өдөр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцон шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч “М” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т “Эм барааны төлбөрийг худалдан авагч тал падаанаар бараа хүлээн авмагц итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөнгөн төлбөрөөр бэлнээр болон дансаар тэр даруй төлнө” гэж, 2.2-т “Худалдагч нь худалдан авагчийн татан авсан эм, барааны үнийн дүнд тохирсон хөнгөлөлт үзүүлэх бөгөөд улирал бүрийн эцэст дараах нөхцөлөөр урамшуулал тооцож олгоно” гэж, 2.3-т “Урамшуулал тооцоход худалдан авагч тал гэрээний үүргийн биелэлтээ 100 хувь хангасан байна” гэж, 2.4-т “Талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 3 сар тутамд тооцоо нийлнэ”  гэж тус тус заасан байна. /1-р хх-ийн 7/

 

Мөн “Э” ХХК-ийн 2021 оны харилцагчийн урамшууллын журамд харилцагчид олгох урамшуулалыг хэрхэн тооцож, олгох нөхцлийг зохицуулжээ. /1-р хх-ийн 10/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “М” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Талуудын хооронд байгуулсан БМГ-21-04-07 тоот гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар урамшуулал тооцоход худалдан авагч тал гэрээний үүргийн биелэлтээ 100 хувь хангасан байх үндсэн нөхцөлийг хангахгүй байсан тул урамшуулал гэрээний дагуу олгогдоогүй”  гэсэн тайлбар гаргасан байдаг.

 

Хариуцагч “М” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлоогүй, гаргаж өгөөгүй, тодруулбал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх талуудын хоорондын тохиролцоо, гэрээний заалт, урамшууллын журмыг харгалзалгүй, зөвхөн 2021 онд нийт татан  авсан эм, барааны үнийн дүнгээс урамшуулал тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ний гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч М ХХК, түүний өмгөөлөгч Ц.Б нар талууд эм барааны төлбөрийг хэдийд төлөх хугацааг нарийвчлан тогтоосон зүйл байхгүй, хариуцагч “М” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 17 өдөр 4,793,600 төгрөгийн эм бараа, мөн оны 12 дугаар сарын 30 өдөр 12,601,600 төгрөгийн эм барааг тус тус буцаан өгсөн тул үндсэн төлбөр болох 20,014,560 төгрөгөөс хасагдаж тооцогдох ёстой, эм барааны төлбөрийг хэдийд худалдагч талд төлөх талаар хугацааг өдөр, хоног, сар, улирал, жил гэх мэтчилэн хугацааг тохироогүй байхад, алданги 10,007,280 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, урамшууллыг зөв тооцоогүй гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Талууд төлбөрийг худалдан авагч тал падаанаар бараа хүлээн авмагц мөнгөн төлбөрөөр бэлнээр болон дансаар төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан,  хариуцагч “М” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 17 өдөр 4,793,600 төгрөгийн эм бараа, мөн оны 12 дугаар сарын 30 өдөр 12,601,600 төгрөгийн эм барааг тус тус буцаан өгсөн гэсэн тайлбар гаргадаг ч нэхэмжлэгч талд тухайн барааг хүлээлгэн өгсөн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй тул нэхэмжлэгч талын буцаан өгсөн гэх  барааны үнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй юм.

 

Мөн гэрээний 7.2-т худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд буюу гэрээний 4.1-т заасан хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч тал 2022 оны 05 сарын 18-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцогдох алдангийг хуульд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон, нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан эм, бараа худалдах, худалдан авах гэрээ болон “Э” ХХК-ний харилцагчийн урамшууллын журамд зохицуулснаар хариуцагч “М” ХХК-д урамшуулал тооцож олгох үндэслэлгүй байх ба хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа тул өөрчлөлт оруулсан дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг өөрчлөн хувиарлахаар шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК болон  хариуцагч “М” ХХК-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаан урьд нь 2 удаа хойшилсон бөгөөд 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 211/ШТ2025/00002 дугаартай шүүхийн тогтоолоор 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 09-30 цаг хүртэл хангалттай урт хугацаагаар хойшлуулсан.

 

Гэтэл 2025 оны 03 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд зохигчдын хэн алин нь ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын шүүхэд ирүүлсэн хүсэлт нь ойлгомжгүй, шүүх хуралд оролцох эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн төлөөлөгч С.О хүсэлтдээ Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг нотлох баримт ирүүлээгүй, түүний ирүүлсэн эмнэлгийн магадалгаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар тусгагдаагүй, ажлаас чөлөөлсөн гэх боловч 2025 оны 03 сарын 12-ноос хэдэн хүртэл чөлөөлж буй нь тодорхойгүй байх тул зохигчдыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2024/00501 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгч Э ХХК-с урамшуулал 17,395,827 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,543,551 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч М ХХК-ны Э ХХК-наас 22.939.378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “...нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-с нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-с сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 244,929 төгрөг гаргуулж хариуцагч М ХХК-д олгосугай” гэснийг “...нэхэмжлэгч Э ХХК-ний төлсөн улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-с нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, хариуцагч М ХХК-ний сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272,646 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. М ХХК-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 335.798 төгрөгийг улсын орлого болгож, Э ХХК-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.950 төгрөгийг Төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                   Т.ГАНЧИМЭГ