| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0214/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/225 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Ч.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Н-ид холбогдох эрүүгийн 1938004450275 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ч.Н-,
Шүүгдэгч Ч.Н- нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХХ сумын 111 багийн нутаг ХЭХЭ гэх газар иргэн Ж.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Н- нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХХ сумын 111 багийн нутаг ХЭХЭ гэх газар хохирогч Ж.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ж.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн орой 21 цагийн үөд би гэртээ байсан нэг шил архиа халаасандаа хийгээд баз Нэргүйгийнхээ гэр лүү явсан. Тэгээд хүргэн Нэргүйгийнхээ гэрийн гадаа очоод хаалгыг нь нүдээд зогсож байхад хажуугаар нэг залуу зөрөхдөө миний халаасанд байсан архийг аваад гүйчихсэн. Тэгэхээр нь би тэр залууг араас нь дуудаж эогсоогоод уулзахад манай нутгийн Ч.Н- гэх залуу байсан. Тухайн үөд Ч.Н- согтуу байсан. Би түүнийг “чи яагаад архи аваад зугтаачихаж байгаа юм бэ” гэж асуухад “тоглож л байна шүү дээ” гэж хэлснээ намайг барьж аваад тонгороод унагаачихсан. Тэгж унахад миний зүүн гар үе хэсгээрээ эвгүй болсон. Мөн намайг унасан байхад нүүр лүү гараараа 3-4 удаа цохичихоод надаас салаад явсан. Ч.Н- намайг зодчихоод явахдаа миний авч явсан архийг үлдээчихээд явсан, би тухайн үед архиа тэндээ хаячихаад шууд гэр лүүгээ харьсан...Ч.Н- бид хоёр дунд өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй...Миний хувьд Ч.Н-той маргалдаж, хэрэлдсэн зүйл байхгүй...Би тухайн үед гэртээ ганцаараа нэг лаазтай пиво уусан байсан. Гэхдээ ухаантай, өөрийгөө аваад явчих чадвартайгаа байсан...Одоо миний биеийн байдал гайгүй хэвийн байгаа. Би гомдолгүй байна. Ч.Н- миний эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулна гэсэн. Тийм учраас түүнээс нэхэмжлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/
Гэрч Э.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Хөвсгөл аймгийн ХХХ сумын 111 багийн Сант тоотод аав, ээж болон дүү нарынхаа хамт амьдардаг юм. 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай ээж Алтанчимэг над руу утасдаад “ХХХ сумын 111 багийн нутаг ХЭХЭ гэх газарт ХХХ суманд амьдардаг Ч.Н- гэж хүнд аав чинь зодуулчихсан байна. Одоо Мөрөн сум руу авч явж эмчлүүлэх шаардлагатай байна, чи мөнгө явуул” гэхээр нь би шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд ашиглах 70.000 төгрөгийг ээжийнхээ данс руу шилжүүлсэн юм.Тэгээд би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос гараад гэртээ ирчихээд дараа өдөр нь Мөрөн сум руу яваад Нэгдсэн эмнэлэг дээр очтол манай аав Ж.Э-ы нүүрний зүүн хэсэг нь хавдсан байдалтай, гар нь хавдаж гэмтсэн байдалтай, “толгой эргээд байна” гэсэн утгатай зүйл ярьж хэлж байсан.Тэгээд л би цагдаад хандсан юм. ...Манай аав надад хэлэхдээ өөрийгөө Ч.Н- гэж хүнд зодуулсан гэж ярьсан... Ч.Н- ах манай аавыг ХХХ сумаас Мөрөн сум руу эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Мөн эмчилгээний зардалд зарцуулагдах 54.000 төгрөг өгөөд дараа нь дахиад миний данс руу 99.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
Шүүгдэгч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:... Би хохирогч Ж.Э-аас уучлалт гуйж, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулж, эмчилгээнд гарсан зардпыг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байгаа. Би хохирогч Ж.Э-ы биед учирсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 335 дугаартай: Ж.Э-ы биед баруун дээд зовхи, зүүн дээд доод зовхи, дээд уруул, зүүн бугалганаас шуу хүртлэх талбайг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүуд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Ж.Э-ы биед үүссэн гэмтлүүд нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгви зэрэгт хамаарна. Хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/
Хохирогч Ж.Э-ы Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Ч.Н- нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХХ сумын 111 багийн нутаг ХЭХЭ гэх газар хохирогч Ж.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ч.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/-аар тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 39-р талд хохирогч Ж.Э-, шүүгдэгч Ч.Н- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ч.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ч.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Ч.Н-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Э-д олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Ч.Н- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938004450275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н-оос эмчилгээний зардал болох 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн ХХХ сумын 111 багийн ХХ тоотод оршин суух - -Ж.Э- /-/-д олгосугай.
5. Эрүүгийн 1938004450275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР