Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-д холбогдох эрүүгийн 1938004170271 дугаартай хэргийг  2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Ц-, 

Шүүгдэгч Г.Ц- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХ багийн нутаг дэвсгэр ХХХ гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Д-тай маргалдан,  улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ц- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХ багийн нутаг дэвсгэр ХХХ гэх газарт хохирогч Ч.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХ багийн нутаг ХХХ гэх газарт оршин суудаг хүргэн ах болох Г.Ц- гэж айлын гэр рүү явж очтол тэдний гэрийн гадаа Г.Ц- ах болон манай төрсөн эгч Баянжаргал нар нь хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “морь нь аргамжаан дээрээсээ явчихсан байна” гээд хэрэлдэж маргалдаж байсан.Тэгэхээр нь би хүргэн Г.Ц-гоо “та өөрөө тэр морио харахгүй яасан юм бэ, таны буруу шүү дээ” гэхэд Г.Ц- ах “чамд ямар хамаатай юм бэ" гээд намайг хөөж гүйж байгаад миний бөгс хэсэг рүү нэг удаа өшиглөөд миний хүзүү хэсэг рүү нэг удаа цохитол манай Баянжаргал эгч бид хоёрыг салгасан Тэгээд би дараа өдөр нь буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр  ХХ сумын цагдаа дээр ирж өргөдөл бичиж өгсөн Ийм л зүйл болсон...Тэр үөд Г.Ц- ах эрүүл байсан. Би ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг  /хх-ийн 16-17-р тал/

Гэрч Ч.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХ багийн нутаг ХХХ гэх газар өөрийн нөхөр Г.Ц- болон хоёр хүүхдийнхээ хамт мал маллан амьдардаг юм.2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай гэрийн гаднаас аргамжаатай байсан нэг тооны морь аргамжаан дээрээсээ алга болчихсон байсан юм.Тэгтэл манай нөхөр над руу “айл хэсэж явахаар аргамжаатай байсан морио харж байхгүй яасан юм бэ” гэхээр нь “би анзаарсангүй ээ” гээд хэрэлдэж байтал манай төрсөн дүү Ч.Д- манай гэрт ирээд бид хоёрыг хэрэлдэж маргалдаж байхыг сонсож байгаад Г.Ц-д хандаж “та тэр аргамжаатай байсан морио өөрөө сайн харж байхгүй яасан юм бэ” гэтэл манай нөхөр “чамд ямар хамаатай юм бэ” гээд Ч.Д-ыг араас нь хөөж байгаад бөгс хэсэгт нь нэг удаа өшиглөөд хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохиод авахад нь би тэр хоёр дээр явж очоод “больцгоо” гээд салгасан.Тэгтэл манай дүү Ч.Д- гэр рүү алхаад яваад өгсөн. Ийм л зүйл болсон...Тухайн үед манай дүү Ч.Д- намайг өмөөрөөд Г.Ц-той хэрэлдтэл л ийм зүйл болчихсон юм....гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

Шүүгдэгч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би дүү Ч.Д-ыгаа зодож түүний биед шинжээчийн дүгнэлтэн дээрхи гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...Би дүү Ч.Д-аасаа уучлалт гуйж, түүнтэй эвлэрсэн байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        6 дугаар сарын 10-ны өдрийн 321 дугаартай: Ч.Д-ын биед баруун зүүн өгзөг, анусанд цус хуралт, баруун өгзөгний зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Ч.Д-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Ц- нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын ХХ багийн нутаг дэвсгэр ХХХ гэх газарт хохирогч Ч.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрч нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Г.Ц- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р тал/-аар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт хохирогч Ч.Д-, шүүгдэгч Г.Ц- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Г.Ц- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн 1938004170271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938004170271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР