| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 129/2023/00372/и |
| Дугаар | 211/МА2025/00008 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 211/МА2025/00008
211/МА2024/0000
Ч.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 301/ШШ2025/00010 дугаартай шийдвэртэй
А аймгийн Т сумын 2 дугаар багийн Д гэх газарт оршин суух С овогт Чийн Тын нэхэмжлэлтэй
А аймгийн Т сумын 2 дугаар багийн Б гэх газарт оршин суух Б овогт Өйн Эд холбогдох
Газар эзэмших эрх шилжүүлэх 0298196 дугаартай хэлцэл хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Д өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 30 га газар, нэгж талбарын 00000 /хуучнаар/, 00000 /одоогийн нэгж талбарын дугаар/ дугаартай А аймгийн Т сумын Б багийн Д гэх газарт орших эзэмших эрхээр олгогдсон 20 га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Тыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ө.Э давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Е:рөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахимаар/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч / цахимаар/
Хариуцагч Ө.Э
Хариуцагчийн өмгөөлөгч В.У
нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Нэхэмжлэгч Ч.Т анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Т миний бие насаараа А аймгийн Т суманд газар тариалангийн ажил эрхэлж байсан бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр давуу эрхээр А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д өвөр-20 га, Б-30 га, нийт 50 га газрыг 15 жилийн хугацаатайгаар үр тарианы зориулалтаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслээд тус сумын засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №49 тоот захирамжаар давуу эрхээр авсан. Түүнээс хойш тасралтгүй зориулалтын дагуу ашиглаж байхад нутгийн хуурай дүү Ө.Э 2015 оны 06 дугаар сард ахаа та надад газрын гэрчилгээгээ түр өгчхөөч, дүү нь трактор авах гэсэн газар дутаад байна, гэрчилгээгээ түр өгчих гээд гуйгаад байхаар нь би түүнд итгээд гэрчилгээ, гэрээ зэргээ эх хувиар нь өгөөд явуулсан. Түүнээс хойш бид миний талбайд 2020 он хүртэл хамт үр тариа тарьж байсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сард би бага хүү Т.Энхбаярт өөрийн эзэмшлийн газраа шилжүүлж өгөх гэтэл Ө.Э нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад гэрээ байгуулаад, гэрчилгээ гаргуулаад авчихсан гэдгийг мэдсэн. Би Ө.Эд газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн өргөдөл бичиж өгөөгүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг огт зураагүй. Ө.Э нь намайг хууран мэхэлж, миний өмнөөс өргөдөл бичиж, гэрээнд гарын үсэг зурж, хууль зөрчиж өөрийн эзэмшилдээ шилжүүлж авсан байна. Түүнээс хойш би болон манай хүүхдүүд Ө.Этай удаа дараа уулзахад өнөө маргаашдаа буцааж шилжүүлж өгнө гэж биднийг хуурч явсаар өнөөдрийг хүрлээ. Өмнө миний бие хариуцагч Ө.Эд холбогдуулан гаргасан дээрх газрыг өөрийн эзэмшилдээ хууль бусаар авсан болохыг тогтоолгож, газрын гэрчилгээнүүдийг иргэн Ч.Т миний нэр дээр буцааж шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэн Ө.Эд дээрх газрыг эзэмшүүлсэн хэлцлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иймд А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д өвөр гэх газарт 20 га, Б гэх газарт 30 га, нийт 50га газрыг хариуцагч Ө.Эд эзэмшүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх 0298196 дугаар хэлцлийг хууль бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2 Хариуцагч Ө.Э анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Өөдөс овогтой Э нь 2015 оноос хойш одоог хүртэл А хоршооны үйл ажиллагааг эрхэлж газар тариалангийн чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. 2015 онд иргэн Ч.Тоос өөрийнх нь хүсэлтийн дагуу А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д өвөр-30 га, Бт-20га газрыг хууль журмын дагуу шилжүүлж авсан юм. Иргэн Ч.Т нь тухайн үед газраа өөрөө зөвшөөрч шилжүүлсэн. Өргөдөл дээр өөрөө гарын үсэг зурсан. Харин ах нь бичиж чадахгүй гээд өргөдлийг надаар бичүүлээд өөрөө гарын үсгээ зурсан. Газраа шилжүүлснээс хойш 8 жил гаруй болж байна. Энэ хугацаанд газрын төлбөрийг би төлж байсан. Ч.Т гуай нэхэмжлэл дээрээ худал, гүтгэж бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
2.1 Нэхэмжлэгч Ч.Т анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд хянагдаж буй Ч.Тын нэхэмжлэлийн хариуцагч Ө.Эд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байна. Одоогоор шүүхэд “Хариуцагч Ө.Эд А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д өвөр 20га, Б 30 га, нийт 50га газрыг эзэмшүүлсэн хэлцлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа билээ. Тус нэхэмжлэлийн шаардлагыг “нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Д өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрыг Ө.Эд шилжүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж тодруулж байна. Дээрх тодруулсан шаардлагаас гадна хариуцагч Ө.Эд холбогдуулж “нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Д өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Тыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0298196 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр А аймгийн Т сумын Д өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших 50га газрын хууль ёсны эзэмшигч болсон билээ. Гэвч тус газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх явцад хариуцагч Ө.Э нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан. Тодруулбал, 2015 оны 06 дугаар сард хариуцагч нь надад хандан “техник авах гэхээр дутаад байна, гэрчилгээгээ өгч байгаач” гэж хэлэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг авч явсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөх хүсэл зориг байгаагүй бөгөөд шилжүүлэн өгөөгүй болно. Гэтэл миний эзэмшлийн газар эзэмших эрхийг Ө.Э нь хууль бусаар миний гарын үсгийг дуурайлган зурж, газар шилжүүлэх өргөдлийг өөрөө бичиж тус газрыг өөртөө шилжүүлэн авсан байгаа бөгөөд миний зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Дийн өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Т намайг тогтоож өгнө үү гэжээ.
2.2 Хариуцагч Ө.Э анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Хариуцагч Ө.Э миний бие А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д өвөр-20га, Б-30га, нийт 50га газрыг эзэмшүүлсэн хэлцлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэснийг нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Дийн өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Тыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хуулийн дагуу тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан болно гэжээ.
2.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг тодруулсан шаардлагадаа: ... Одоогоор шүүхэд “Хариуцагч Ө.Эд А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Дийн өвөр 20га, Б 30 га, нийт 50га газрыг эзэмшүүлсэн хэлцлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа билээ. Тус нэхэмжлэлийн шаардлагыг “нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Дийн өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50га газрыг Ө.Эд шилжүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагуудаас ирсэн баримтуудыг үндэслэн тус нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь шаардлагыг “Нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Дийн өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 30га газар, нэгж талбарын 00000 /хуучнаар, 00000 /одоогийн нэгж талбарын дугаар/ дугаартай А аймгийн Т сумын Б багийн Д нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 20га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Тыг тогтоолгох” гэж тодруулж байна. Учир нь маргаан бүхий нэгж талбарын 00000 дугаартай 50га газар нь газрын кадастрын мэдээллийн сан шинэчлэгдсэнтэй холбогдуулан нэгж талбарын 650700575 дугаартай 30га, нэгж талбарын 00000 дугаартай 20га газар болон өөрчлөгдөн бүртгэгдсэн байгаа юм гэжээ.
2.4 Хариуцагч Ө.Э анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Ө.Э миний бие Ч.Т гуайгаас тухайн газруудын газар эзэмших эрхийг өөрийн хүсэлтийн дагуу шилжүүлж авсан. Хуулийн дагуу надад эзэмшил үүссэн. Түүнээс хойш ямар ч маргаан байхгүй байсаар 2023 он хүрсэн. Хүүхдүүдийнхээ үгэнд орж шүүхэд хандаж байна. Хамгийн сүүлд Т сумын Засаг даргын 2020 оны А/00 дугаартай захирамжийн дагуу кадастрын бүртгэлд бүртгэгдэж над дээр уг газруудыг эзэмшүүлэх шийдвэр гарсан байгаа. Би хууль ёсны эзэмшигч нь тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд дэмжиж оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үе шатад хариуцагч өөрийн байр сууриа хангалттай илэрхийллээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 30 га газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Үйл баримтын талаар өмгөөлөгч маань тайлбар гаргасан тул энэ талаар аль болох давхцуулан тайлбар гаргахгүйгээр хэлэхэд анх хариуцагч Э нь газар тариаландаа зориулан техник хэрэгсэл авах зорилгоор нэхэмжлэгч Тоос газрын гэрчилгээг нь гуйсан байдаг. Энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Гэрч мөн энэ агуулгаар мэдүүлэг өгсөн байгаа. Иймд талуудын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Нэгдүгээрт энэ хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Үнэн хүсэл зоригоосоо нэхэмжлэгч хариуцагчид газраа шилжүүлэн өгөөгүй. Зөвхөн техник хэрэгсэл авахад нь зориулж түр шилжүүлэн өгсөн. Тухайн үед техник хэрэгсэл авахад газрын гэрчилгээ хэрэгтэй байсан гэдэг нь үнэн. Ийм шалтгааны улмаас талууд гэрээ байгуулсан. Тэрнээс биш хариуцагчийн тайлбарлаж байгаагаар газар эзэмших эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй. Гол зорилго нь эрх бүхий этгээдэд тус газрын гэрчилгээг үзүүлэх зорилготой байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийг шүүхэд заавал нэхэмжлэлийн шаардлага гаргаж байж хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох шаардлагагүй. Шүүх өөрийн дүгнэлтээр шийдвэрлэнэ. Тус хуулийн 57, 58 дугаар зүйлүүдэд заасан хууль зүйн ноцтой хэлцлийг нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байдаг. Мөн хариуцагч Тт нэг ч төгрөг төлөөгүй, надаас мөнгө нэхэж байгаагүй, хүний хоол болгож байхаар чамд өгчихье гэж тайлбарлаж байна. Маргаан бүхий газар нь 15 жилийн хугацаатай нэхэмжлэгчид олгогдсон газар буюу 2027 онд хугацаа нь дуусах газар юм. Хугацаа нь дуусахаас өмнө хүнд алдчих вий гэдэг байдлаар шилжүүлэхгүй. Шүүх хэргийн үйл баримт болон бодит байдалд дүгнэлт хийх байх. Хариуцагч асуултад хариулахдаа би 2018,2020 онд тариа тарьж өгсөн хэмээн хариулсан. Гэтэл шүүхэд гаргасан тайлбартаа 2015 оноос хойш 2022 оны хавар хүртэл Тт тариа тарьж өгсөн гэж байна. Хариуцагч иймэрхүү зөрүүтэй тайлбаруудыг хэлдэг. Үүнийг шүүх мөн анхаарах байх. Иймд 20 га газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.2 Хариуцагч Ө.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэг нутгийн хүмүүс нь хамаагүй. Энд хүн чанар яригдах байх. Хамгийн гол нь намайг ашиглаж байсан. Т гуай надад хэлэхдээ миний дүү энэ газрыг ав, хэн ч ашиглаж чадахгүй хүний хоол болно гэж хэлж байсан. Ингээд аман гэрээ байгуулан би тус газар дээр нь 5,10 га газарт нь тариалан тарьж өгөхөөр тохирч газрын гэрчилгээгээ шилжүүлэн өгсөн. Т гуайн үр хүүхэд нь бор дарсанд орчихсон үе байсан юм. Тэгээд надад хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэхчээр чи энэ газрыг, өөр хэнд өгөх вэ дээ, шөлний хонь, цайны сүү, малын тэжээл бэлдэж өг гэх зэргээр болзол тавьж надад газраа шилжүүлж өгсөн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хүү, бэр, эхнэр нь гэрчилгээг нь гуйгаад аваад явсан гэж хэлж байна. Ийм зүйл болоогүй 2015, 2016 онуудад Тын хүү малын хулгай хийгээд асуудалд орчихсон байсан. Үүнээсээ болоод архинд орсон. Энэ үед нь би тариаланг нь тарьж байсан. Ингэж намайг ашигласан. Би 2015 оноос хойш 2022 оны хавар хүртэл тасралтгүй тариа тарьж өгч байсан. Ингэлээ гээд би нэг ч төгрөг авахгүй. Тариалан эрхлэхэд их хэмжээний өртөг гардаг. Т гуай надад чи л бид хоёрт туслахгүй бол өөр хэн туслах вэ дээ гэж хэлж байсан. Тэгээд сүүлд хүүхдүүдийнх нь асуудал цэгцрээд архи уухаа болиод ирэхээр намайг өөрөөсөө түлхэж эхэлсэн. Тэгээд газраа авах талаар маргаан үүсгэж эхэлсэн. Анх 5,000,000 төгрөг өгөөд тохиролцох талаар ярьж байснаа шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байсан. Тариа тарихад их хэмжээний өртөг гардаг. Зөвхөн түрээснийх нь зардал гэхэд 20,000,000, 30,000,000 төгрөг болдог. 5,6 жил тариаг нь тарьж өгсөн намайг Т гуай шууд хаячхаж байгаа юм. Өөрөөр хэлбэл намайг ашигласан. Мөн нэхэмжлэгч тал бидний хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Төрийг төлөөлсөн мэргэжилтэн дээр Т намайг өөрөө дагуулж очсон. Өөрийн биеэр надад газраа шилжүүлж өгсөн. Үүнийг тухайн үеийн газрын даамал нь мэдэж байгаа. Би гэр бүлийн хүндээ Т гуай надад газраа шилжүүлж өгнө, оронд нь тариа тарьж өгөөрэй гэж байна гэж хэлж байсан. Би тухайн үед трактор авчихсан. Энийгээ хөдөлгөчих санаатай байсан. Мөн өргөдлийн талаар нэхэмжлэгч тал ярьж байна. Т гуай надад би бичиг үсэг мэдэхгүй, миний дүү бичээд өгчих гээд өөрөө гарын үсгээ зурсан. Би хуулийн дагуу газрыг нь шилжүүлэн авсан. Хуулийн байгууллага үнэн худлыг нь тогтоож өгөх байх. Хуулиас гадна хүн чанар гэдэг зүйл байх хэрэгтэй. Хүнийг гүтгэж болохгүй байх. Би энэ талаар харин гомдолтой байгаа. Хүний үг дуу цөөтэй байдлыг далимдуулан ийм маргаан үүсгэж болохгүй. Тариа тарьж өгсөн техникийн хөлсийг тооцоолоход л замбараагүй үнийн дүн гарна. Би дан ганц газрын төлбөрөө төлж чадахгүй байна гэдэг агуулгаар яриагүй. Т гуайд тухайн үед нь шаардлагатай байсан зүйлээр нь бид тохиролцсон. Хамгийн гол нь надад болзол тавиад газраа шилжүүлсэн гэдэг нь тодорхой байгаа. Мөн би тухайн үед трактор авчихсан байсан. Би техниктэй болчихсон болохоор тариа будаагаа аваад, трактороо жаахан хөдөлгөе гэж бодоод Т гуайгаас давхацсан 20 газраа авъя гэхэд тэг, тэг ав, хоёулаа сум ороод шилжүүлчихье гээд намайг дагуулаад сумын төв явсан. Бид анх 20 га газар шилжүүлэхээр очсон. Гэтэл Т гуай би чамд 50 га газраа өгчихье, харин чи надад жаахан тариа тарьж өгөөрэй гэж хэлээд шилжүүлж өгсөн. Ингээд бид хуулийн дагуу газраа солилцсон. Шүүх үнэн зөвийг нь тогтоох байх. 5,10 га газар тарьж өгөхдөө би гарын үсэг зуруулж баталгаажуулж аваагүй. Учир нь би ийм хүн муутай үйлдэл хийхгүй. Сүүлд нь ийм маргаан үүсгэнэ гэж бодоогүй. Т гуайд итгэж байсан болохоор баталгаажуулж аваагүй. Т гуайд тариа тарьж өгч байсан гэдгийг манай нутгийн хүмүүс мэдэж байгаа. Т гуай өөрөө Э надад тариа тарьж өгөөгүй гээд хэд хэдэн удаа хэлсэн. Өөр хэлэх зүйл байхгүй. Энэ газрын маргаан дээр трактор л гээд яриад байх юм. Трактор газрын маргаантай хамааралгүй. Гэрч Сарантуяа хүртэл намайг трактор авах гэж байсан гээд байх юм. Газар тариалангийн газар дээрээ 3 жилийн хугацаанд тариалан эрхлээгүй бол газрыг нь хураадаг. Т гуай ингэж байхаар надад өгчихье гэж бодсон байх. Би оронд нь 2015 оноос хойш тариа тарьж өгсөн. Зүгээр надад өгчихсөн зүйл байхгүй. Би эхэндээ 5 га газарт нь тариа тарьж өгч байгаад сүүлдээ 10 га газар тариа тарьж өгсөн. Мөн дахин хэлэхэд техник авахад газрын гэрчилгээ хэрэг болохгүй газар тариалан эрхэлдэг үү, хэр хугацаанд газар тариалан эрхэлж байгаа вэ гэдгийг нь анхаардаг. Үнэхээр техник хэрэг болсон бол 300 га газартай надад давуу эрхээр олгогдоно. Надад Тын 50 га газрыг хууль бусаар аваад, зээл авах шаардлага байхгүй. Трактор гэдэг үгийг ашиглаад байгаа нь намайг буруутгаж байгаа нэг хэлбэр нь гэв.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 301/ШШ2025/00010 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нарын 2015 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Тыг нэгж талбарын 00000 дугаартай 30 га газар, нэгж талбарын 00000 дугаартай 20 га газрын эзэмшигч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ө.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Хариуцагч Ө.Э давж заалдах гомдолдоо: А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 301/ШШ2025/00010 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Тын 1. Нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Д өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 50 га газрыг Ө.Эд шилжүүлсэн 2015 оны 6 сарын 15- ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох", 2. Нэгж талбарын 00000, 00000/хуучнаар/, 00000/ одоогийн нэгж талбарын дугаар/ дугаартай А аймгийн Т сумын Б багийн Д өвөр, Д гэх газарт орших нийт 50 га газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч тал дараах байдлаар тодорхойлдог. Ө.Э 2015 оны 6 дугаар сард ахаа та надад газрын гэрчилгээгээ түр өгчих гээд гуйгаад байхаар нь би түүнд итгээд гэрчилгээ, гэрээ зэргээ эх хувиар нь өгөөд явуулсан. Түүнээс хойш миний талбайд 2020 онд хүртэл хамт үр тариа тарьж байсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сард би баг хүү Т.Энхбаярт өөрийн эзэмшлийн газраа шилжүүлж өгөх гэтэл Ө.Э нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхээ нэр дээр шилжүүлж аваад гэрээ байгуулаад, гэрчилгээ гаргуулаад авчихсан гэдгийг мэдсэн. Би Ө.Эд газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн өргөдөл бичиж өгөөгүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг огт зураагүй. Ө.Э нь намайг хууран мэхэлж, миний өмнөөс өргөдөл бичиж, гэрээнд гарын үсэг зурж, хууль зөрчиж өөрийн эзэмшилдээ шилжүүлж авсан байна гэж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан Газрын тухай хууль зөрчиж хийсэн хэлцэл, мөн 56.2.1-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог. Хариуцагч Ө.Э миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд цаашид ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Би хэзээ ч Ч.Т гуайг хууран мэхлээгүй, харин эсрэгээрээ Ч.Т нь хөгшин настай хүн байж хууль, шүүхийн өмнө газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэж намайг гүжирдэж байна. Би 2015 онд анх 20 га газрын газар эзэмших эрх шилжүүлж авах хүсэл сонирхолтой байсан. Яагаад гэвэл би А аймгийн Т сумын Б багийн Д өвөр гэх газарт 100 га газар эзэмшдэг байсан/одоо ч эзэмшиж байгаа/ бөгөөд нэхэмжлэгч Ч.Т гуайд эзэмшүүлсэн 20 га/ тухайн үед 30 га байсан/ газар нь миний эзэмшлийн 100 га газар дээр давхацсан байсан учраас шилжүүлж авах хүсэлтээ Ч.Т гуайд тавьж түүний дагуу А аймгийн Т сумын ЗДТГ-ын газрын албаны мэргэжилтэн С болон тамгын газрын дарга дээр очиж гэрээг байгуулсан. Ингэх явцдаа Ч.Т гуайн өөрийнх нь хүсэлтийн дагуу Бийн Д байрлалтай 30 га/тухайн үед 20га/ газрын газар эзэмших эрхийг шилжүүлж авсан юм. Би уг 30 га газар эзэмших эрх шилжүүлж авсаны хариу төлбөрт түүнд 2015 оноос хойш 2022 он хүртэл хугацаанд өөрийн зардлаар, өөрийн техник хэрэгслээр тариа тарьж, хурааж өгсөн. Үүнтэй нэхэмжлэгч тал маргадаггүй. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Ч.Т газар эзэмших эрхээ шилжүүлэн өгөх хүсэл зориг байгаагүй, өөрийнх нь гарын үсгийг дуурайлган зурсан, техник хэрэгсэл авахад нь зориулж түр шилжүүлсэн гэх боловч 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 952 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрч Х.Сарантуяагийн мэдүүлэг, А аймгийн Т сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн /гэрээ/ бүртгэлийн дэвтэр зэргээр гэрээнд зурсан гарын үсэг Ч.Тынх мөн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хамт А аймгийн Т сумын газрын даамалтай очиж уулзаж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна” гэж нотлох баримтад үндэслэсэн зөв дүгнэлт хийсэн атлаа ямар ч нотолгоогүйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нийтээр хүлээн зөвшөөсөн зан суртахуунд харш хэлцэл хийсэн байна гэж үзэж “Ч.Т гуайг газраа өөрөө бие даан ашиглахад хүндрэлтэй, эдийн засгийн болон хөдөлмөрийн хүчний сул дорой байсан түүний хэрэгцээт байдлыг ашиглан түүний газар эзэмших эрхийг шилжүүлж авсан” гэж хэт өрөөсгөл, хууль зүйн бус шинжтэй дүгнэлтийг хийсэн байна. Ч.Т гуай 2015 онд буюу тухайн үед газраа өөрөө бие даан эзэмшиж, ашиглахад хүндрэлтэй, биеийн хүчний сул дорой байдалтай байсан нь үнэн боловч би энэ байдлыг нь далимдуулаагүй, мөн ашиглаагүй, харин ч эсрэгээрээ би түүнд тариа тарьж өгч байсан. Энэ нь тухайн газрын зах зээлийн ханш өртгөөс хэт давуу өртөг мөнгө болж байгаа.Зөвхөн түрээсийнх нь нэг жилийн зардал 20-30 сая төгрөг болдог, би Ч.Т гуайд 5,6 жил тариаг нь тарьж, хурааж өгч байсан. Бид хуурай ах дүү шиг явсан, түүнд ямар ч гэм хийгээгүй. Харин ч хөгшин настай хүнд тус дэм болоод явж байна гэж бодож байсан. Гэтэл түүний хүүхдүүд нь одоо архи дарснаасаа салаад ирэхээр намайг хөсөр хаяж, хүн мөсгүй гүтгэж байгаад хүн чанарынхаа хувьд туйлын их гомдож байна даа. Мөн түүнчлэн би түүнд Бийн Д байх өөрийнх нь 30 га газрын газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч Ч.Т нь 30 га газраа 2022 оноос хойш ашиглаж байгаа зэрэгт огт дүгнэлт хийгээгүй, 50 га газрыг үнэ төлбөргүй шилжүүлэн авч, эсрэг талдаа хэт алдагдалтай тэгш бус гэрээ байгуулсан гэж хийсвэр дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна. Харин алдагдлын тухайд ярих юм бол би илүү алдагдал хүлээж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт, биечлэн оролцож, нэмэлт тайлбар гаргах хүсэлттэй байна. Мөн гэрч Х.Сарантуяагийн/2-р хавтаст хэргийн 222- 226х/ шинжлэн судална. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав... гэжээ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Ч.Т нэхэмжлэгчээс хариуцагч Ө.Эд энэ 50 га газар ямар нөхцөл байдлаар шилжсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байна. Тухайн газрын даамлаар ажиллаж байсан хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...тухайн үед Ө.Э гуайд газар хэрэг болоод Ч.Т гуай түр 20 га газар шилжүүлж байна гэж ойлгосон... гэсэн байдаг. Нэхэмжлэгч Ч.Т гуай Ө.Э гуайд газраа шилжүүлэх үндэслэл байгаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд тодорхой тайлбарласан байгаа. Нийтээр эзэмших газар талбайн үнэлгээ авагдсан байдаг. 1 га газар 5.000.000 төгрөг, 50 га газар нь 250.000.000 төгрөгөөр үнэлгээтэй газар. Тиймээс Ч.Т гуай болон үр хүүхдүүд нь амьжиргаагаа залгуулдаг ганц газраа үнэ төлбөргүй хүнд шилжүүлж өгөх ямар ч үндэслэл байхгүй. Тухайн үед Ө.Э гуай техник авах гэсэн газрын хэмжээ дутаад байна гэж гэрчилгээг авч явж шилжүүлсэн байдаг. Тийм учраас хууль бус хэлцэлд шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. Ө.Э гуай тухайн газар дээр 20-30 сая төгрөгийн зардал гаргасан гэж ярьдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч үйл баримтаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл ямар ч санхүүгийн болон анхан шатны баримтууд байхгүй, ямар ч баримтгүй зүйл яриад байгаа. 30 га газрыг өгөөд 20 га газрыг авч үлдэнэ гэж хөгшин настай хүнийг сул дорой байдлын ашиглаж газрын шилжүүлж авчхаад шантаачилж байгаад гомдолтой байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд зөвшөөрөхгүй байгаа 20 га газар байгаа. 30 га газар дээр анхан шатны шүүхэд зөвшөөрч байсан. Давж заалдах шатны шүүхэд ч зөвшөөрч байна. Хариуцагчийн хувьд 20 га газар нь миний нэр дээр байгаа юм чинь гэдэг байдлаар хандаж ирсэн. Гэтэл энэ 50 га газар нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа учраас бүхэлд нь шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2015 оны үед биеийн хүчний сул дорой байсан нь үнэн. Гэхдээ би энэ асуудлыг далимдуулж ашигласан зүйл байхгүй гэж яриад байгаа. Нэхэмжлэгч Т гэдэг туслах зорилгоор тариа будаа тарьж, хурааж өгч байсан юм бол яагаад энэ 50 га газрыг шилжүүлж авсны үндсэн дээр туслах ёстой байсан юм. Үнэхээр тусалж байсан юм бол 50 га газрыг шилжүүлж авахгүй туслаад явах боломж байсан байх. Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар тухайн эсрэг талын хүний сул дорой байдлыг ашиглаж, мөлжлөгийн шинж чанартай үйлдэл гэж тайлбарласан байгаа. Бид хариуцагчийн хийж байсан үйлдэл нь энэ зүйлчлэлтэй тохирч байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч яагаад энэ 50 га газрыг шилжүүлж өгөх болсон талаар дэлгэрэнгүй тайлбарладаг. Хариуцагч нь техник авах гэсэн газар дутаад байна гэсэн үндсэн дээр шилжүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч сая хэлж байна. Намайг хүчээр авч явж гарын үсэг зуруулж 50 га газраа шилжүүлж өгсөн гэж байна. Тийм байх боломжгүй. Энэ талаар гэрчийн мэдүүлэг хэрэгт хангалттай авагдсан байгаа. Хариуцагч, түүний өмгөөлөгч 2 хариу төлбөр болгож тариа тарьж, хурааж өгч байсан. Түүний зардал 30-50 сая төгрөг гаргасан гэдэг ч хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй. Хэрвээ тийм зүйл хийсэн бол хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй, нотлоогүй. Хариуцагчийн өмгөөлөгч үндэслэлгүй тайлбар хийж байна. Үнэхээр авсан өгснөө буцаах дээр тулбал нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Хэдэн төгрөгийн тариа тарьж өгсөн юм. Энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй. Тэгээд 20 га газарт дүйцүүлж авна гэдэг үндэслэлгүй байна. Хариуцагч Э гуай өөрөө 350 га газартай гэж байж, хүний 50 га газрын талыг авна гэдэг ёс зүйгүй үйлдэл гэж харж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагч Ө.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ө.Т гэдэг хүнтэй төрсөн ах дүү шиг харилцаатай байсан. Үр хүүхдүүд нь архи дарс уугаад өөрийнх бие сэтгэл гутрал доройтолд орсон байсан. Энэ үед чи надад тус бол тариа тарьж өг. Энэ 50 га газрыг би чамд шилжүүлж өгнө гээд шилжүүлж өгч байсан. Энэ шилжүүлж өгөхдөө би зүгээр авсан юм шиг, Ч.Т гуай надад зүгээр өгсөн юм шиг харагддаг. 5-6 жил, 5 га гэж ярьж байсан. Тухайн жил, жилд өөр өөр тарьж байсан. 5 га талбайгаар бодоход 1 жилд 5 га талбайд тариалалт хийх зардал хамгийн бага даа 5.000.000 төгрөг гардаг. Харахад зүгээр авсан юм шиг мөртөө худалдаж авах зардлаас хэд давсан зардал гарсан. 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж байна. Энэ хүнд өөрт 1 ширхэг хүрз ч байхгүй. Би эд нарт талбай дээр будаа тариаг тарьж өгдөг байсан. Би энэ газраар яах вэ чи бүгдийн ав гэж байсан. Би үгүй та мөнгөө гарга, би тариаг чинь тарьж өгч байя гэж байсан. Чи намайг хар ямар мөнгөө би чамд гаргаж өгөх вэ. Чи энийг л хийж өг, миний үр хүүхдийг чи харж байна. Энэ хүний тэгж хэлж байсан нь намайг төрсөн дүү шигээ бодож, би ч төрсөн ах шигээ бодож явсан. Миний хувьд газар тариалан эрхэлдэг хувийн аж ахуй нэгжтэй. Ч.Т гуай техникийн инженер хүн, надад ирж зөвлөгөө өгч хүний ах шиг зан гаргаж байгаад өнөөдөр үр хүүхдийнх нь амьдрал жигдрээд ирэхэд муухай зан гаргаж байна. Би та 30 га газраа ав, шилжүүлж өгсөн 20 га газраа би авъя гэсэн. Тэгсэн үгүй би бүгдийн авна гэхээр нь та тэгвэл бүх газраа ав, надад 5.000.000 төгрөг өгчих гэсэн, үгүй чамд юу ч өгөхгүй чамайг шүүхэд өгнө гэсэн. Одоогоор намайг янз бүрээр хэрэгт унагах гэж үзэж байгаа. Би өөрөө зөв мөрөөр явсан болохоор ямар ч үндэслэлгүй байгаа. Шүүхийн өмнө худал гүтгэлэг хийж, намайг дорд үзэж, нутаг оронд хүртэл худал ярьж, гүтгэж байна. Өөрөө тариа тарьж байсан гэдэг, дандаа би тарьж өгч байсан. Би өөрөөсөө үр тариа, бордоог нь гаргаж тарьж байсан. 5-10 га газар тарьдаг байсан гэж яриад байгаа. 5 га нь үр тариа, 5 га нь ногоон тэжээл тарьдаг байсан. Ногоон тэжээлийн үр тариаг тэд нар өөрсдөө гаргадаг байсан. Түүнээс сольярк, тос масло бүгдийг би гаргаж байсан. 5-6 жил тариаг нь тарьж өгч байсан. Би гэрийнхээ хүнээс хүртэл нуугаад бүх газрыг нь өгч байгаа юм. Та надад 5.000.000 төгрөг өгчих би Нараад Т ах энэ мөнгийг өгч байна. Өөр хүнээр тариагаа тариулна гэнэ гэж хэлье гэтэл, тэгэлгүй яах вэ гэж байгаа л дараа нь чамайг шүүхэд өгнө болсон. Тэгэхэд нь би та өөрөө л хэцүү байдалд орно шүү, та настай хүн байна. Ингээд болъё, та бид 2 төрсөн ах дүү шиг явсан улс, хүмүүс муу хэлнэ гэтэл, үгүй би чамайг шүүхэд өгнө гээд энэ асуудал үүссэн. Өөрөө хүчээр намайг дагуулж явж газраа шилжүүлж өгсөн. Хувь хүний хувьд асар их гомдолтой байна. Ямар нэг түрээс төлдөггүй байсан. Би өөрөө нэг жолооч цалинжуулаад бүх юмыг нь хийж өгдөг байсан. 5 га тарихад 5-8 сая төгрөгийн зардал гардаг. Өөр хэлээд байх тайлбар алга... гэв
Хариуцагчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Давж заалдах шатны шүүхэд гомдлыг бүрэн дэмжиж оролцож байгаа. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Ө.Э нь Ч.Тын газрыг үнэ төлбөргүй шилжүүлэн авч алдагдалтай тэгш бус гэрээ байгуулсан байна, уг үндэслэлээр зан суртахууны хувьд харшилсан хэлцэл байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэлийн хариу тайлбар болгож гаргасан хариуцагчийн тайлбар байгаа, гэрчүүдийн тайлбар байгаа. Энэ гэрчүүдийн тайлбар мэдүүлгээр үнэ төлбөргүй аваагүй, харин үнэ төлбөртэй, хариу төлбөртэй шилжүүлсэн байжээ. Тариаг нь тарьж, хурааж өгч байжээ гэдэг нь тогтоогддог. Тэгэхэд үнэ төлбөргүй авч, нөгөө талдаа хохиролтой байдал бий болгожээ гэж үзсэн. Биеийн хүчний болон тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал нэхэмжлэгч талд байсан. Гэтэл нэхэмжлэгч талд хохиролтой байдал үүсээгүй нь харагддаг. Үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд нэхэмжлэгч тал өөрсдөө оролцож байсан. Жил бүр сайн ургаагүй гэдэг ч 1 жил сайн ургасан байхад тухайн газрын үнийг хэд дахин олох боломжтой. Тэгэхээр алдагдалтай байдал бий болоогүй. 2015 оны байдлаар манай аймагт газар тариалан тийм сайн хөгжөөгүй байсан. Тэр үед газрын үнэ ханш харьцангуй бага байсан. Газар шилжүүлэх үедээ ямар ч үнэ ханш яриагүй. Харин бодит байдал дээр буцаагаад тариа тарьж өгье гэдэг тохиролцоо байсан. Гэтэл шүүх дүр эсгэсэн байдал гэдэг дээр дүгнэлт хийж, дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байдаг. Тариа тариад авч байсан нь тогтоогдож байна. Ямар зорилгоор тухайн газар дээр тариа тариад Т гуайд өгөөд байгаа юм. Зүгээр бэлэглээгүй шүү дээ. Газар шилжүүлж авсанд хариу төлбөр болгон өгч байгаа үйл явдал юм. Хариуцагч Ө.Эы хувьд зан суртахууны ямар нэгэн харшилсан үйлдэл гаргаагүй. Анхнаасаа тэр 50 га газрыг авах хүсэлт сонирхол байгаагүй. Өөрөө тухайн газар 100 га газар эзэмшиж байдаг. Түүний 20 га газар нь Т гуайн газартай давхацсан байдаг. Тэр газраа шилжүүлж авахаар очсон байдаг. Т гуайн тухайн 30 га хамт ав гээд гэрээ хийж шилжүүлсэн байдаг. Гэрээнд өөрөө гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн нотариатыг асуулгах хүсэлт тавьсан байдаг, гэтэл нотариат олон жилийн өмнөх зүйл сайн санахгүй гэсэн байдаг. Харин газрын албаны ажилтан Сарантуяа гэдэг хүн ажлаа олон жил сайн хийсэн хүн байсан. Мэдүүлэг өгөхгүй зугтаад байсан шалтгаан нь нэхэмжлэгчийн хүүхдүүд гэр, орноор нь очоод загнаад байсан учраас тухайн үед би ажлаа л хийсэн. Мэдэж байгаагаар нь тамгын газрын даргаа асуулга гэдэг асуудал яригдаж байсан. Шүүх гэрч асуулгах хүсэлтийн хангаж, Сарантуяаг авч ирж гэрчээр асуусан. Гэрчийн мэдүүлэгт тодорхой хэлсэн байдаг. Өөрсдөө биеэр ирээд гарын үсэг зурсан. Тухайн газар шилжүүлэх гэрээний маягт дээр Сарантуяа гуай өөрөө нөхөж бичиж өгөөд гарын үсэг зуруулаад нотариат ороод ир гэсэн, хамт явж байсан гэдэг. Гэтэл Т гуай би очоогүй гэрчилгээгээ өгөөд явуулсан гээд байсан нь Сарантуяа гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Т гуайн хувьд хөгшин настай хүн үр хүүхдэд нь энэ газар хэрэг болсон байж магадгүй. Ө.Эы хувьд 20 га газар нь хэрэгтэй байсан. 30 га газрыг 2022 оны 05 дугаар сард Т гуайн хүүхдүүд ирээд газраа авсан, одоог хүртэл ашиглаж явж байгаа. Э гуайн хувьд 30 га газрын эрхийг шилжүүлж өгье гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн хувьд худлаа ярьсан зүйл байдаггүй. Харин нэхэмжлэгч тал бодит байдлыг гуйвуулсан, ямар нэгэн аргаар 50 га газрын эрхийг шилжүүлж авъя гэсэн байдал ажиглагдаад байдаг. Хариуцагч талаас анхан шатны шүүхэд 30 га газрын шилжүүлж өгье гэдэг дээр эвлэрэх санал гараад хугацаа авч байсан. Гэтэл нэхэмжлэгч тал 20 га газрынхаа 10 га газрыг тасалж өг гээд эвлэрээгүй. Ямар нэгэн үнэ тохироогүй, тариа тарьж өгөөд хариу төлбөр маягаар өгөөд явж байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй шийдвэрлэсэн. Хэрвээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх юм бол өгсөн, авснаа буцаах, тариа тарьж, хурааж өгч байсан зардал зэргийг буцааж нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Гэхдээ одоо ингэж явмааргүй байна. 30 га газрыг шилжүүлж өгөхөөр шийдэж өгнө үү... гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Эд холбогдуулан, А аймгийн Т сумын Б багийн нутагт байрлах Д өвөр гэх газарт 20 га, Б гэх газарт 30 га, нийт 50 га газрыг хариуцагч Ө.Эд эзэмшүүлсэн 2015 оны 06 сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх 0298196 дугаар хэлцлийг хууль бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Д өвөр, Б багийн нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 30 га газар, нэгж талбарын 00000 дугаартай А аймгийн Т сумын Б баг Д нутаг дэвсгэрт орших эзэмших эрхээр олгогдсон 20 га газрын хууль ёсны эзэмшигчээр Ч.Тыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч Ө.Э 2015 онд Ч.Тоос өөрийнх нь хүсэлтийн дагуу газрыг шилжүүлж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Харин анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр 30 га газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар газар эзэмших эрх шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулсан нь тогтоогдсон, гэхдээ нэхэмжлэгч Ч.Тын хэрэгцээт байдлыг ашиглан хариуцагч Ө.Э түүний 50 га газрын үнэ төлбөргүй шилжүүлэн авч, эсрэг талдаа хэт алдагдалтай, тэгш бус гэрээ байгуулсан гэж дүгнэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нарын 2015 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Тыг нэгж талбарын 00000 дугаартай 30 га газар, нэгж талбарын 00000 дугаартай 20 га газрын эзэмшигч болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ө.Э “...Нэхэмжлэгч Ө.Тоос 50 га газрыг зүгээр авсан юм шиг харагддаг ч худалдаж авах зардлаас хэд давсан зардал гарсан. Би талбай дээр будаа тариаг нь тарьж өгдөг байсан. Миний хувьд газар тариалан эрхэлдэг хувийн аж ахуйн нэгжтэй. Би өөрөө нэг жолооч цалинжуулаад бүх юмыг нь хийж өгдөг байсан. 5 га тарихад 5-8 сая төгрөгийн зардал гардаг. 50 га газраа авна гэхэд нь 5 сая төгрөг өгөөд ав гэхэд үгүй гээд шүүхэд өгсөн...” гэсэн үндэслэлээр, хариуцагчийн өмгөөлөгч В.У “...2015 оны байдлаар манай аймагт газар тариалан тийм сайн хөгжөөгүй байсан. Тэр үед газрын үнэ ханш харьцангуй бага байсан. Газар шилжүүлэх үедээ ямар ч үнэ ханш яриагүй. Харин тариа тарьж өгье гэдэг тохиролцоо байсан. Тариа тарьж өгч байгаа нь газар шилжүүлж авсанд хариу төлбөр болгон өгч байгаа үйл явдал юм. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй шийдвэрлэсэн. Хэрвээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх юм бол өгсөн, авснаа буцаах, тариа тарьж, хурааж өгч байсан зардал зэргийг буцааж нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Гэхдээ одоо ингэж явмааргүй байна. 30 га газрыг шилжүүлж өгөхөөр шийдэж өгнө үү...” гэсэн үнэдэслэлээр тус тус давж заалдах гомдол гаргасан байна.
Хариуцагч Ө.Э, хариуцагчийн өмгөөлөгч В.У нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч, хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ч.Т анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ө.Эд газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн өргөдөл бичиж өгөөгүй, өргөдөлд гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, зохигчдын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Хариуцагчийн өмгөөлөгч В.Уын “нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 001 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийг шүүх хангаж, 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 129/ШЗ2024/00405 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын байгуулсан 2015 оны 06 сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-ний эрх шилжүүлэгч хэсэгт зурагдсан Ч.Тын гэх гарын үсэг, нэхэмжлэгч Ч.Тын гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг тогтоолгох шинжилгээг бүрэлдэхүүнтэй хийлгэхээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнг шинжээчээр томилжээ.
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 952 дугаар шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн “2015.06.15” гэсэн огноотой, “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэсэн гарчигтай, баримтын “Эрх шилжүүлэгч” гэсний доод талд 2 дах мөрөнд байх шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ч.Тын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж тогтоожээ. /1-р хх-144-146
Мөн хэрэгт авагдсан гэрч Х.Сийн мэдүүлгээр нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нар газар эзэмших эрх шилжүүлэхээр сумын газрын албанд хамт очиж, газар эзэмших эрх шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн болох нь /2-р хх-ийн 222-224/, гэрч Т.Э /2-р хх-ийн 227-228, Ш.Н /1-р хх-ийн 232-233/, Ж.С /1-р хх-ийн 235-237/ нарын мэдүүлгээр Ө.Э өөрийн эзэмшилд шилжсэн газар дээр Ч.Тт тариа тарьж, хурааж өгдөг байсан үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар зохигчид Т сумын газрын даамалтай очиж уулзаж, газар эзэмших хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон, гэрээг хууль зөрчиж байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч Ч.Т өөрөө зөвшөөрч газар эзэмших эрхээ шилжүүлэн өгсөн боловч нэхэмжлэгч өөрөө уг газраа бие даан ашиглахад хүндрэлтэй, эдийн засгийн болон хөдөлмөрийн хүчний хувьд сул дорой байсан байдлыг ашиглан хариуцагч Ө.Э түүний эзэмших эрхийн гэрчилгээтэй 50 га газрыг үнэ төлбөргүй шилжүүлэн авч эсрэг талдаа хэт алдагдалтай, тэгш бус гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Ө.Э нэхэмжлэгч Ч.Тоос шилжүүлж авсан газрын төлбөрт 5, 10 га газар өөрийн зардлаар тариа тарьж, хурааж өгч байсан болох нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад талууд газар эзэмших эрх шилжүүлэхдээ төлбөрийг хэрхэн, ямар хэлбэрээр төлөхөөр тохирсон, тухайн үед 50 га газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхэд зах зээлийн үнэ хэдэн төгрөг байсан, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноор талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн тухайд хариуцагч Ө.Э нэхэмжлэгч Ч.Тт тариа тарьж, хурааж өгснөөр нийт хэдэн төгрөгийн зардал гаргасан зэргийг тодруулалгүйгээр газрыг үнэ төлбөргүй шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Анхан шатны шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, шинжлэн судалсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нар дотно харилцаатай байсан, талууд харилцан тохиролцож газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн, газар эзэмших эрх шилжүүлсний төлбөрт хариуцагч Ө.Э өөрийн зардлаар 5, 10 га газарт тариа тарьж, хурааж өгч байсан үйл баримт тогтоогдож, харин нэхэмжлэгч Ч.Тын эзэмшлийн газраа бие даан ашиглахад хүндрэлтэй, эдийн засгийн болон хөдөлмөрийн хүчний хувьд сул дорой байсан байдлыг хариуцагч Ө.Э ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул тэдний хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй болно.
Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 30 га газрыг нэхэмжлэгч Ч.Тт шилжүүлэхийг зөвшөөрч гаргасан хариуцагч Ө.Эы тайлбарт шүүх дүгнэлт хийсэнгүй.
Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нар харилцан тохиролцсоны үндсэн дээр, хуульд заасны дагуу нэхэмжлэгч Ч.Тын эзэмшилд байсан А аймгийн Т сумын Д өвөр гэх газарт байрлах 20 га, Б гэх газарт байрлах 30 га, нийт 50 га газрыг эзэмших эрхийг хариуцагч Ө.Эд шилжүүлсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй, харин хариуцагч Ө.Э нэхэмжлэлийн шаардлагаас А аймгийн Т сумын Б гэх газарт байрлах 30 га газрыг нэхэмжлэгч Ч.Тт шилжүүлэхийг зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлага хангасан, хэрэгсэхгүй болсон хэмжээгээр нэхэмжлэгч Ч.Тын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагч Ө.Э, хариуцагчийн өмгөөлөгч В.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийн 98.280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 301/ШШ2025/00010 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ө.Э нарын 2015 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай” гэснийг “ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч Ч.Тын хариуцагч Ө.Этай 2015 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Тыг нэгж талбарын 00000 дугаартай 30 га газар, нэгж талбарын 00000 дугаартай 20 га газрын эзэмшигч болохыг тогтоосугай.” гэснийг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар хариуцагч Ө.Эы эзэмшлийн нэгж талбарын 00000 дугаартай 30 га газрыг нэхэмжлэгч Ч.Тт шилжүүлж, хариуцагч Ө.Эы эзэмшлийн нэгж талбарын 00000 дугаартай 20 га газрын эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ө.Эаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тт олгосугай” гэснийг “...нэхэмжлэгч Ч.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Ө.Эаас улсын тэмдэгтийн хураамж 42,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тт олгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч Ө.Эийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгөөс 98.280 шүүгчийн захирамжаар буцаан олгож, 42,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Т.ГАНЧИМЭГ