Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 01222

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 05 өдөр                          Дугаар 142/ШШ2016/01222                                   Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Архангай аймаг, Цэцэрлэг сум, 3 дугаар багт оршин суух Халзан Дамба овгийн Галбадрахын Содбаатарын /регистрийн дугаар АН89100514/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 15 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Боржигон овгийн Нямаагийн Баяр-Эрдэнэд /регистрийн дугаар ФА85070475/ холбогдох 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Содбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Содбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Содбаатар би Баяр-Эрдэнийн хүсэлтээр өөрийн эзэмшилд байсан старекс машиныг 5 500 000 төгрөгөөр худалдсан учир нь би 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкинд малчны зээл хаах шаардлагатай байсан. Баяр-Эрдэнийн хүсэлтээр төлбөрийг хэсэгчлэн авахаар тохироод эхний удаа 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 3 500 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулсан, хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир төрийн банкны малчны зээлээ нутгийн иргэн Б.Тэгшжаргалаас 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүүтэй 3 850 000 төгрөг зээлж банкны зээлээ хаасан. Иймд Баяр-Эрдэнээс 4 500 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Содбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Баяр-Эрдэнэ надад хугацаандаа мөнгөө өгөөгүй учраас би хүнээс хүүтэй мөнгө зээлж зээлээ төлсөн.Тиймээс хүүтэй зээлсэн мөнгөө төлөхийн тулд дахин 1 000 000 төгрөгийг Баяр-Эрдэнээс нэмж нэхэмжилж байна” гэв.

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Содбаатар нь хариуцагч Н.Баяр-Эрдэнээс 4 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...Н.Баяр-Эрдэнийн хүсэлтээр өөрийн эзэмшилд байсан старекс машиныг 5 500 000 төгрөгөөр худалдсан, эхний ээлжинд 2 000 000 төгрөгөө авсан. Одоо Баяр-Эрдэнээс 4 500 000 төгрөгийг гаргуулна” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1 000 000 төгрөг нэмж, нийт Н.Баяр-Эрдэнээс 5 500 000 төгрөг нэхэмжилсэн боловч нэмэгдүүлсэн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан журмын дагуу бичгээр гаргаагүй, нэмэгдүүлж буй шаардлагадаа тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй учраас нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч Н.Баяр-Эрдэнэд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Н.Баяр-Эрдэнэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.Содбаатараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяр-Эрдэнээс 86 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Баяр-Эрдэнээс 4 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Содбаатарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Н.Баяр-Эрдэнээс 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 86 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА