| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 134/2022/00271/И |
| Дугаар | 216/МА2025/00001 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 216/МА2025/00001
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 216/МА2025/00001 |
Г а ᠋᠋п газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2024/00257 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Г а ᠋᠋п газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Я холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас иргэн Д.О олгосон ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн төлбөр болох 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөгийг гаргуулж, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт олгуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.Я гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч С.Я өмгөөлөгч П.Наранхүү, нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Иргэн С.Я нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.О 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар хууль бус шийдвэр гаргаж, ажлаас чөлөөлсөн. Д.О төрийн дээд шатны байгууллага болон шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон. Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон С.Я, хууль бусаар олгосон ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн төлбөр 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээр тус сумын тэтгэмжийн сангаас олгосон болох нь тогтоогдож байна. Иймд, С.Я, нийт 24,032,361 төгрөгийг гаргуулж Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Прокурорын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Прокурорын нэхэмжлэлийн агуулгад “Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч С.Я нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон Д.О Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 23,962,161 төгрөг, болон улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөг нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийснийг тус сумын төрийн сангаас олгосон болох нь тогтоогдож байна” гэжээ. Гэтэл уг шүүгчийн захирамжид хариуцагчаар С.Я биш тухайн үеийн сумын Засаг дарга П.Г оролцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ. Дээрхээс харвал прокурор нэхэмжлэл гаргахдаа “хариуцагч С.Я нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн” гэснийг ойлгох боломжгүй бөгөөд прокурор шүүгчийн захирамжийг бүхэлд нь судлаагүй болохыг илтгэнэ. Мөн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаартай захирамжуудын хууль зүйн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу тэдгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоогоогүй байна. Тийнхүү захирамжуудыг хууль бус болохыг тогтоогоогүй бол намайг төрд хохирол учруулсан буруутай этгээд гэж дүгнэх боломжгүй юм. Харин ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухайн үеийн Засаг дарга П.Г шүүхээр маргаж буй асуудлыг эцэслэж шийдвэрлүүлэлгүй, маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэл, бодит байдлын үндэслэлд шүүхээр хууль зүйн дүгнэлт хийлгүүлээгүй учир төрд учирсан хохирлыг хариуцах учиртай. Монгол улсад хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй бөгөөд гэм буруутай нь шүүхээр тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруугүйд тооцно. Шивээговь сумын Засаг даргын 2019 оны Б/09, Б/13 дугаартай захирамжуудын хууль зүйн үндэслэлд одоо хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
Иргэн С.Я буруу шийдвэрийн улмаас төрд учирсан мөнгөн дүнг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2., 498.5.-д заасныг баримтлан хариуцагч С.Я ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн төлбөр болох 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 24,032,361 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч С.Я улсын тэмдэгтийн хураамжид 278,112 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч С.Я давж заалдах гомдлын агуулга:
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 00257 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь тус шийдвэрээр миний Шивээговь сумын Засаг даргаар ажиллаж байх үеийн О үүрэгт ажлаас нь халсан захирамжуудыг шүүхээр хууль бус болохыг тогтоогоогүй байхад намайг төрд хохирол учруулсан гэж үзсэнд гомдолтой байна. Төрийн албаны зөвлөл бол шүүх биш. Мөн Шивээговь сумын Засаг дарга байсан П.Г шүүгч биш. Эдгээр этгээдүүдийн шийдвэр үйл ажиллагаагаар намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Хэн ч шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Иймээс шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч П.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
С.Я гаргасан төрд хохирол учруулсан үйлдэл гээд байгаа ажлаас чөлөөлсөн шийдвэрүүдийг хууль бус болохыг шүүхээр тогтоогоогүй. Үүнтэй холбоотой асуудлаар шүүхээр маргаад явсан, 2021 оны Захиргааны хэргийн шүүхийн 01 дугаартай шүүгчийн захирамж хүчингүй болчихсон. Энэ хэрэг 2024 ондоо хэлэлцэгдээд нэхэмжлэгч Д.О нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон. Ямар нэгэн этгээдийн буруутай үйлдэл гэдгийг шүүхээр тогтоогоогүй тохиолдолд буруутай гэж үзэх боломжгүй гэж Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээр тогтоохыг шаардаж байгаа гэж харж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл шүүх эрх мэдэлд өөр бусад этгээд халдаад ямар нэгэн байдлаар хэн нэгний үйлдлийг буруутай гээд тогтоосон байхыг зөвшөөрч байгаа үйлдэл болсон гэж харж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж шүүхээс хүсэж байна гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Төрийн албаны зөвлөл, захиргааны дээд байгууллага гэдэг утгаар нь Д.О Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Төрийн албаны зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр 2 захирамжийг хүчингүй болгосон. Тухайн үед С.Я ямар нэгэн байдлаар маргаагүй. Хоёрдугаарт С.Я өөрөө захирамждаа өөрчлөлт оруулсан, Д.О үндэслэлгүйгээр ажлаас халсан нь үндэслэлтэй байна гээд өөрчлөлт оруулчихсан. П.Г нь төрийн байгууллагыг төлөөлж хариуцагчаар оролцсон нь үндэслэлгүй, намайг оруулах ёстой байсан гэдэг асуудал тавиад байдаг. Гэхдээ эхлээд төрийн байгууллагын хууль бус шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгочихсон. П.Г нь хариуцагчаар оролцохдоо зөвшөөрөөд Д.О ажилгүй байсны цалин хөлсийг бүрэн олго гээд олгогдчихсон. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт гомдол гаргаагүй байхад шүүх түүнийг хүлээж аваад шийдвэр гаргах ямар ч үндэслэлгүй. Хэрвээ Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байсан бол тухайн үедээ С.Я яагаад гомдол гаргаагүй юм бэ, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр буруу, үндэслэлгүй байна, үүнийг Захиргааны шүүхээр шийдүүлье гэсэн хүсэлт гаргаагүй. Одоо төрд учирсан гэм хорын хохирлыг гаргах болохоор С.Я гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Энэ хэргийн тухайд 2022 оноос хойш 3 жил үргэлжилж байгаа, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.Г нь, Д.О ажилд нь эгүүлэн томилж, 23,962,161 төгрөгийг буцаан олгож, нөхөн бичилт хийсэн учраас С.Я гаргаж байгаа гомдол нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Г аймгийн п газар нь С.Я холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 24,032,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь “миний гаргасан захирамжуудын хууль зүйн үндэслэлийг шүүх шийдээгүй, намайг гэм буруутай эсэхийг шүүх тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр маргасан.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч дээрх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад:
3.1. Хариуцагч С.Я нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.О ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, уг захирамжидаа 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг ажилтны гомдлоор Төрийн албаны зөвлөл хянаад 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 376 дугаар тогтоолоор дээрх захирамжуудыг хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.2. Иргэн Д.О, шүүхэд хандаж, “...ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 23,962,161 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага гаргасныг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 113/ШШ2021/0001 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.3. Дээр захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 123/ШТ2023/0002 дугаар тогтоолоор хүчингүй болгож, улмаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2024/0002 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.О гомдлоор хянаад 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0346 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагджээ.
3.4. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/138 дугаар захирамж гарч Д.О ажилгүй байсан хугацааны цалин 23,962,161 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 24,032,361 төгрөгийг Шивээговь сумын Засаг даргын тамгын газраас олгосон.
3.5. Мөн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газар 2022 оны 10 дугаар сарын 05 дугаар сарын 3/453 дугаартай албан бичгээр “...нэг удаагийн тэтгэмжийн зардлаас Д.О ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон тул байгууллагыг хохиролгүй болгож, иргэн С.Я нэхэмжилж өгнө үү” гэсэн хүсэлтийг Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргаснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Маргаан бүхий харилцааны хохирол шаардах эрх нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, гэм хорыг арилгасан байгууллага буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газар өөрт учирсан хохирлоо өөрөө нэхэмжлэх эрхтэй.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар үйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.3 дахь хэсэгт “Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 2021 оны 03 дугаар сарын 01-нйи өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор, төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрх зүйн чадамжтай байгаа тохиолдолд түүнийг төлөөлж, прокурорын байгууллага хохирол шаардах эрхгүй, улмаар 3/453 дугаартай албан бичгээр шаардах эрхийг олгосон гэж үзэхээргүй байна.
5. Эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн шаардах эрх бүхий этгээд оршин байгаа тохиолдолд талуудын мэтгэлцэх зарчим үйлчлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд тусгайлсан чиг үүрэг бүхий прокурор нэхэмжлэгчээр оролцох нь зохисгүй. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн этгээд болох Прокурорын байгууллагын субьектив шаардах эрх нь зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд гэм хорыг шаардахаас зайлсхийсэн, сануулсаар байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, ашиг сонирхлын зөрчил байгаа нь тогтоогдсон, тухайн байгууллага татан буугдсан зэрэг нэхэмжлэл гаргаагүй хүндэтгэн үзэх нөхцөл байгаа тохиолдолд төрийн ашиг сонирхлын үүднээс прокурор нэхэмжлэл гаргаж болохыг үгүйсгэхгүй.[1]
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч С.Я холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах явцад анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШТ2023/00005 дугаартай шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулсан байхад хэрэгт уг шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй, мөн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШТ2023/00008 дугаартай шүүхийн тогтоолоор Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга П.Г гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа мэдүүлэг авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн зөрчлүүд илэрсэн. Гэвч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дүгнэлт хийгээгүй тул цаашид анхаарах шаардлагатайг магадлалд дурдаж байна.
7. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан “С.Я гаргасан буруу шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан тул төлүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй учир шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй болно.
8. Мөн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн хүрээнд дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй тул гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,112 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2024/00257 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г аймгийн п газрын нэхэмжлэлтэй С.Я холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 24,032,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,112 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ О.ОДНЯМАА
[1] А ПГ ба Д.Б, УДШ, (Иргэний хэргийн танхим), 001/ХТ2024/00246, х. 6, м.43.
https://www.shuukh.mn/single_case/10692?daterange=2024-01-01%20-%202025-03-26&id=3&court_cat=1&bb=1