Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын эрүүгиин хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-эд холбогдох эрүүгийн 1938003110247 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, П.Б-, 

Шүүгдэгч П.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 26-аас 27-ны өдрийг шилжих шөнө Х аймгийн ХХ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ХХ гэх газарт байх иргэн Б.М-ийн өвөлжөөний хашаанаас 150 кг хэмжээтэй хонины ноосыг хууль бусаар авч, 450.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрийг шилжих шөнө Х аймгийн ХХ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ХХ гэх газарт байх хохирогч Б.М-ийн өвөлжөөний хашаанаас 150 кг хэмжээтэй хонины ноосыг хууль бусаар авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний хяргаж хураасан ноосыг Жүнжиг /П.Б-/, Эрдэмбээ 2 хулгай хийж авсан талаар 2018 оны 6 дугаар сарын сүүлээр ХХ сумын б дугаар багийн нутаг “Мод толгой" гэх газарт зусаж байсан Баззаяа гэдэг айлд Жүнжиг, Эрдэмбээ, Даваахүү нар очиж архи ууж байхдаа Жүнжиг, Эрдэмбээ 2 миний хяргаж үлдээсэн ноосыг хулгай хийсэн талаараа хоорондоо ярьж байгаад Эрдэмбээ нь Даваахүүд хандаж “энэ талаар Б.М-эд очиж хэлэх юм бол ална шүү” гэж хэлсэн байсан...Би Эрдэмбээ тэр хоёрыг яг хамт хулгай хийсэн эсэхийг нь бол хэлж мэдэхгүй байна. Би хүмүүсээс сонссон зүйлээ л мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Тэрнээс яг Эрдэнэдалай, П.Б-тэй хамт хулгай хийсэн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. П.Б- болохоор ганцаараа хулгай хийсэн гэж байсан. Надад 450.000 төгрөгийн хохирол учирсан. Тэрнээс 200.000 төгрөгийг нь П.Б- надад өгсөн. Одоо 250.000 төгрөг өгөх дутуу байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р тал/

Гэрч Х.Баярцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Жүнжиг буюу П.Б- гэдэг хүнийг сайн танина. Бид найзууд...2018 оны 6 дугаар сарын сүүлээр байхаа, яг өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ХХ сумын төв гудамжинд мотоцикльтэй явж байхад Жүнжиг надтай тааралдаад “ноос зарчихмаар байна хөгшөөн, манай хашаанаас танай хашаанд аваачиж буулгаад зарчихмаар байна” гэхээр би ямар учиртай ноос болох талаар нь асуугаагүй “за тэгье” гэж хэлээд өөрийн эзэмшилд байдаг бор ногоон өнгийн 62-91 ХӨА улсын дугаартай УАЗ-469 машинаар сумын төвийн урд байдаг Ургах наран хороололд байх нэг эзэнгүй хашаа руу ороод хаалга цонх байхгүй, торхон дотор задгай асгасан ноосыг миний машинд ачаад сумын төвийн зүүн талд манай хашаанд буулгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/

Гэрч О.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн орчим Эрдэмбээтэй хамт айлаар архи ууж...Батзаяа гэдэг айлд очиж нэг шил архи уусан. Би тэр үед нэлээд согтуу байсан. Тэр үед Эрдэмбээ хэрэлдэж маргалдаж байхдаа “би Б.М-ийн ноосыг хулгай хийсэн, өөрт нь очиж хэлэх юм бол ална шүү” гэж заналхийлж байсан...Ноос хулгай хийсэн гэх асуудал юунаас болж гарсан талаар надад мэдэх зүйл алга. Би энэ талаар өөр хэн нэгэн хүнд хэлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

Гэрч Б.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 20-дын үеэр...манайд Даваахүү, Эрдэмбээ нар 1 шил архи хувааж ууж байгаад хоорондоо маргалдсан бололтой том, том дуугаралдаад...хэрэлдэж байх зуураа Эрдэмбээ гэх залуу нь “Б.М-ийн ноосыг Жүнжиг бид хоёр авсан” гээд хэрэлдээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

Шүүгдэгч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өнгөрсөн 2018 онд манай нутгийн залуу Б.М-ий Өндөр хар гэх газарт малын хашааны гадаа задгай байсан ноосыг авчихсан юм. Би тухайн үед ноос авахдаа Б.М-эд хэлээгүй. Би ноос авахдаа өөрийнхөө мотоциклиор зөөгөөд сумын төв оруулсан. Сумын төв оруулчихаад өөрийнхөө хашаанд барьж байсан торхон дотор хийж байж байгаад Баярцолмон гэж залууг гуйж машинаар нь өөр айлын хашаа руу аваачиж буулгуулсан. ...Тухайн үед хулгай хийхдээ намайг Эрдэнэдалайтай хамт явсан гэж хүмүүс яриад байна гэсэн. Тэр бол шал худлаа...Би хохиролд 200.000 төгрөг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 250.000 төгрөгийг төлнө...Би хулгай хийхдээ унаж явсан тэр мотоциклийг багийнхаа Бямбажавын Батбаатар гэж хүнд зарчихсан. Одоо надад байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 30-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч П.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 26-аас 27-ны өдрийг шилжих шөнө Х аймгийн ХХ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ХХ гэх газарт байх хохирогч Б.М-ийн өвөлжөөний хашаанаас 150 кг хэмжээтэй хонины ноосыг хууль бусаар авсан үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч П.Б-ийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч П.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч П.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч П.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Б.М-э нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...миний бие хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч П.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1938003110247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Б-ийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б-эд оногдуулсан 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн 1938003110247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР