Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 469

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Ш.Хосбаяр,  

Шүүгдэгч Э.М түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 1809018080191 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 2 дугаар гудамжны 27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

         Шүүгдэгч Э.М нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурхан” пабын гадна иргэн Б.Алтантулгыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч түүний эзэмшлийн гар утсыг шилжүүлэн авч залилан бусдад 222.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809018080191 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Э.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цагаас 02 цагийн үед өөрийн найз болох Ууганжаргал, Аззаяа хоёртой “Макс” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэнд Алтантулга гэдэг залуутай танилцсан. Макс баарнаас гараад онгорхой газар хайж явсан. Найз Чука руу залгах гэсэн боловч миний утасны цэнэг дууссан байсан болохоор Алтантулгын утсыг зээлж ярьсан. Тухайн үед согтуу байсан учир Алтантулгын утсыг өгөхөө мартаад таксинаас буусан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Алтантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн үед Дөлгөөн нуурт байдаг “W” нэртэй бааранд 3 охинтой танилцсан. Баарнаас гараад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гацуурхан” баарнаас пиво авах гээд очсон боловч хаалттай байсан. Таксинаас нэг охинтой “Гацуурхан” баарны хаалгыг нүдээд хүлээж байтал тэр охин “утсаа өгч байгаач утсаар яриадхая” гээд хажууд утсаар яриад зогсож байсан. Тэгээд байж байтал нөгөө охин алга байхгүй байсан. Нөгөө хоёр найз нь надаас асуухаар нь болсон явдлын талаар хэлсэн. Тэр охиныг хүлээж суусан боловч ирээгүй. 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Мөнхжин надад миний гар утасны мөнгө 222.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч А.Аззаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 4 дүгээр сард өөрийн найз Ууганжаргал, Мөнхжин хоёртой уулзаад Дөлгөөн нуурын тэнд байрлах “Микс” бааранд орж үйлчлүүлсэн. Тэр үед Мөнхжин Алтантулга гэдэг залуутай танилцсан. Бид нар гадагшаа гараад хүнсний 4 дэлгүүрийн тэнд байрлах “Гацуурхан пабын үүдэнд очсон. Мөнхжин, Алтантулга нар таксинаас пиво авна гээд буусан. Ууганжаргал бид хоёр таксин дотор сууж байхад Мөнхжин намайг дуудахаар нь очиход “Алтантулгын утсыг авчихлаа найзыгаа дуудчихсан. Манай найз ирэх үед Ууганжаргал та хоёр таксинаасаа буугаад манай найзын машинд суучих” гэж хэлсэн. Тэр үед би Мөнхжинд “юу яриад байгаа юм бэ?” гэж уурлаад буцаад таксиндаа суугаад удаагүй байхад таксины урд машин ирсэн ба уг машинд Мөнхжин суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тухайн үнэлэгдэж буй хөрөнгө нь “Huawei y5” маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 222.000 /хоёр зуун хорин хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Мөнжингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/, гэрч Н.Загдсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч М.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогчоос хохирол төлсөн талаарх хүсэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

                                      

 Шүүгдэгч Э.М нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гацуурхан” пабын гадна иргэн Б.Алтантулгыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч түүний эзэмшлийн “Huawei y 5” загварын гар утсыг шилжүүлэн авч залилан бусдад 222.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Б.Алтантулгын “...тэр охин “утсаа өгч байгаач утсаар яриадхая” гээд хажууд утсаар яриад зогсож байсан. Тэгээд байж байтал нөгөө охин алга байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч А.Аззаяагийн “...Мөнхжин намайг дуудахаар нь очиход “Алтантулгын утсыг авчихлаа найзыгаа дуудчихсан. Манай найз ирэх үед Ууганжаргал та хоёр таксинаасаа буугаад манай найзын машинд суучих” гэж хэлсэн. Тэр үед би Мөнхжинд “юу яриад байгаа юм бэ?” гэж уурласан...” гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгч Э.Мгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Э.М нь “утсаар ярьчихаад өгнө” гэж Б.Алтантулгыг төөрөгдүүлэн хуурч түүний эд хөрөнгө болох гар утсыг өөртөө авч бусдад хохирол учирсан болох нь тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Мгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Мг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Алтантулгаас “...Хохиролд 222.000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 94 дүгээр хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болжээ.

 

Тодруулбал дээрх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн хууль, зүйл, хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн хууль, зүйл, хэсгийн 1.2-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж тус тус зохицуулжээ.    

 

Шүүгдэгч Э.Мгийн гэм буруутайд тооцогдсон дээрх гэмт хэрэгт оногдуулж болох хүнд төрлийн буюу хорих ялын доод хэмжээ 6 сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, дээд хэмжээ 3 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус хамаарч байгаагаас шалтгаалж хөөн хэлэлцэх хугацааг хэдий хугацаагаар тооцоход тодорхой бус, эргэлзээтэй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан хуулийн зарчмыг баримталж шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамааруулж тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Э.Мгийн хувийн байдал болон хохирогчийн гомдол, саналгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байдлыг харгалзав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад Э.Мгөөс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар, зальжин байдлаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                  

         ТОГТООХ нь:

 

            1. Э.Мг бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Э.Мг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Э.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            5. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН