Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2020/0082

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Э нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 870 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Э нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.Э 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Сангийн сайд Ч.Х Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 01/574 дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Э миний биеийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг Сангийн сайд Ч.Х даалгах, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг Сангийн сайд Ч.Х гаргуулахыг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 870 дугаар шийдвэрээр:

“Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.3, Засгийн газрын хуулийн 183 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан Н.Э Сангийн сайд Ч.Х холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сангийн сайд Ч.Х Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 01/574 дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Э Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг, Н.Э 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртлэх нийт 17 сар, 4 хоногийн цалин ......... төгрөгөөс мөн хугацааны холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг суутган тооцож нэхэмжлэгчид олгохыг Сангийн сайд Ч.Х даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2-т заасныг баримтлан Н.Э Сангийн сайд Ч.Х холбогдуулан гаргасан “2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, К.Г нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.3-д “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дарга, дэд даргатай байна”, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна. Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэж заасан байх бөгөөд энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд нэмэлт өөрчлөлтийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байна.

Дагаж мөрдөж эхлэхээс өмнө үйлчилж байсан Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3-д “Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэж заасанчлан, өмнөх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж Сангийн сайд нь Гаалийн ерөнхий газрын 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 01/574 дүгээр саналын дагуу нэхэмжлэгч Н.Э Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна” гэсэн байна.

Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг Гаалийн тухай хууль болон Засгийн газрын тухай хуулиар зохицуулсан байх ба эдгээр хуульд 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр өөрчлөлт оруулахаас өмнө дараах зохицуулалттай байсан. Үүнд:

Засгийн газрын тухай хуулийн 183.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж чөлөөлнө”, Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.4-т “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг, дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилно” гэжээ.

Н.Э холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 499 дүгээр магадлалд “...Засгийн газар нь Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.4-т заасан дэд даргыг томилох эрхийг Сангийн сайдад шилжүүлээгүй байхад өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар Н.Э чөлөөлсөн шийдвэр гаргасан байна гэж тогтоосон бөгөөд Засгийн газрын тухай 18 дугаар зүйлийн 183.3, 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна...” гэж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргыг томилох асуудал нь Сангийн сайдын бус Засгийн газрын эрх хэмжээ болохыг тогтоож Гаалийн тухай хуулийг үндэслэн шийдвэр гаргасан.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 870 дугаар шийдвэрт “Засгийн газрын тухай 183.3-т заасны дагуу Сангийн сайд Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргыг томилох боломжтой байсан байна” гэж Засгийн газрын тухай хуулийг үндэслэн шийдвэр гаргасан нь өмнөх шат шатны шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэсэн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчсөн.

Мөн Гаалийн ерөнхий газраас шүүхийн шийдвэрийн дагуу Н.Э санал болгосон албан бичгийг Сангийн сайдад 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ирүүлсэн боловч дээрх шүүхийн шийдвэр болон Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.4-т зааснаар уг асуудал нь Сангийн сайдын бус Засгийн газрын эрх хэмжээнд хамаарах юм.

2. Нэхэмжлэгч Н.Э холбоотой Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 317 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 499 дүгээр магадлалд дараах зүйлийг даалгасан байна. Үүнд:

-Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 315 дугаар тушаалын Н.Э холбогдох хэсгийг хүчингүй болгох,

-Гаалийн ерөнхий газрын даргаас Н.Э Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд санал болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дэд даргын албан тушаал санал болгохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж,

-Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

-Н.Э ажилгүй байсан хугацааны цалин ..... төгрөгийг хариуцагч Сангийн сайдаас гаргуулах гэж Сангийн сайдад даалгасан шийдвэр нь зөвхөн цалин болох ....... төгрөгийг гаргуулах тухай бөгөөд Н.Э томилохтой холбоотой даалгасан шийдвэр байхгүй байна. Энэхүү төлбөрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 499 дүгээр магадлалаар Сангийн сайдаас бус Гаалийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Н.Э томилохыг даалгах тухай асуудал дээрх шийдвэрүүдэд огт байхгүй бөгөөд харин Гаалийн ерөнхий газрын даргад Н.Э дэд даргын албан тушаалд санал болгохыг даалгаж шийдвэрлэсэн байна. Гаалийн ерөнхий газраас энэхүү санал болгосон албан бичгийг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сангийн яаманд ирүүлж, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/628 тушаалаар Н.Э ........ төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Ингэснээр шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн байх тул Сангийн сайдаас эс үйлдэхүй гаргаагүй болно.

Нөгөөтэйгүүр “Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн саналыг заавал хүлээн авч тухайн санал болгосон этгээдийг томилно” гэсэн хуулийн заалт байгүй бөгөөд энэ нь тухайн шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн бүрэн эрхэд хамаарах асуудал байтал Сангийн сайдад Гаалийн ерөнхий газрын саналыг заавал хүлээн авч томилохыг даалгасан нь хууль бус юм.

3. Нэхэмжлэгч Н.Э хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүгчээс нэхэмжлэгчийг байнга хөтөлж нэхэмжлэлийн шаардлагыг зааж өгөх, зөвлөх байдал гаргасан нь “шүүх хэт нэг талыг баримталсан” гэж үзэх нөхцөлийг бүрдүүлсэн (шүүх хуралдааны аудио бичлэгт байгаа). Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах” гэж заасныг зөрчсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдлыг зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан тул шийдвэрийг гомдлын хүрээнд хянаж, хуулийн нэр болон хууль хэрэглээний хувьд зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Гааль, татварын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Н.Э үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Сангийн сайдын 2016 оны 315 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилуулах саналыг Гаалийн тухай хуулийн тухайн үед үйлчилж байсан 2671 дүгээр зүйлийн 2671.4-т заасны дагуу Засгийн газарт хүргүүлээгүй тус газрын даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоон, уг албан тушаалд томилуулах санал хүргүүлэхийг гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, мөн Ё.Б тус газрын дэд даргаар томилсон Засгийн газрын 2016 оны 62 дугаар тогтоолыг хүчингүй болгосон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Гаалийн ерөнхий газрын даргаас 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 01/574 дүгээр албан бичгээр Н.Э дэд даргаар томилуулах саналыг Сангийн сайдад хүргүүлжээ.

Давж заалдах гомдолд дурдсанчлан эдгээр шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилохыг Сангийн сайдад даалгаагүй ч, шүүхүүд дээрх байдлаар хэргийг шийдвэрлэхдээ “…Сангийн сайд гаалийн асуудал эрхэлсэн дэд даргыг чөлөөлөх эрхгүй атлаа өөрт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж Н.Э чөлөөлсөн, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газрын дэд даргын албан тушаалын чиг үүрэг Гаалийн ерөнхий газарт шилжиж хэвээр хадгалагдан үлдсэн, нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах болон төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн…” гэж тус тус дүгнэснээс үзэхэд зөвхөн Гаалийн ерөнхий даргаас түүнийг дэд даргаар томилуулах санал гаргах төдийхнөөр эдгээр шүүхийн шийдвэрийг бүрэн биелэгдсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл энэ тохиолдолд “томилох эсэх нь Сангийн сайдын эрх хэмжээнд хамаарна” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. 

Иймд Гаалийн ерөнхий газрын даргын саналыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгчийг тус газрын дэд даргын албан тушаалд томилох тушаал гаргахыг Сангийн сайдад даалгасан шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Н.Э өмнөх нэхэмжлэлийг хангахдаа тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “…Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэсэн заалтыг бус харин Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4 дэх хэсгийн “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэд даргыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилно” гэж заасныг үндэслэсэн, эдгээр заалтууд нь 2019 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл буюу Гаалийн ерөнхий газрын даргаас нэхэмжлэгчийг дэд даргад томилуулах саналыг 2018 оны 2 сард Сангийн сайдад хүргүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ч, анхан шатны шүүхийн шийдвэр гаргах үед дээрх заалтуудыг өөрчлөн найруулсан буюу Сангийн сайд агентлагийн дэд даргыг томилох зохицуулалт мөрдөгдсөн байна.

Магадгүй 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө хариуцагчаас тухайн үед өмнөх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Гаалийн тухай хуулийн хүрээнд одоогийн давж заалдах гомдолд дурдсанчлан “эрх хэмжээгүй” гэдгээр томилуулах саналыг буцаах, эсхүл Засгийн газарт уламжлах боломжтой байсан ч энэ талаар ямар нэг шийдвэр гаргаагүй тул одоогийн хүчин төгөлдөр хуулиар түүний эс үйлдэхүйг хууль бус гэж үзнэ.

Иймд давж заалдах гомдлын “…анхан шатны шүүхээс Сангийн сайд гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэд даргыг томилох боломжтой байсан гэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэж шийдвэр гаргасан нь өмнөх шат шатны шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэснийг зөрчсөн…” гэснийг хүлээн зөвшөөрч болох ч, энэ нь дээрх байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход нөлөөлөхгүй.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна…”, Гаалийн тухай хуулийн 2671 зүйлийн 2671.3 дахь хэсэгт “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дарга, дэд даргатай байна” гэж заасан, бодит байдалд Гаалийн ерөнхий газар дэд даргатай, мөн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрснээр тэтгэвэр авах эрх үүсэхээр зохицуулсан, гэтэл нэхэмжлэгч Н.Эт 1957 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болох нь иргэний үнэмлэхээр тогтоогдох тул хуульд зааснаар түүнд тэтгэвэр тогтоолгох эрх хэдий нь үүсчээ.

Харин 65 нас хүртэл ажиллуулах эсэх нь нэхэмжлэгчээс бус хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 315 дугаар тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын гаалийн асуудал хариуцсан дэд даргын албан тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх, мөн Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан “тэтгэвэр, тэтгэмж авах” нийтлэг баталгааг хангах үүднээс нэхэмжлэгчийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилсон тушаал гаргах нь хариуцагчийн үүрэг, харин цаашид ажиллуулах эсэх нь хариуцагчийн эрхэд хамаарна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Өөрчлөлтийн тухайд шүүхийн шийдвэрт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг баримтлахдаа хуулийн нэрийг дутуу бичсэн, мөн маргаанд хамаарал бүхий Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.4 дэх заалтыг баримтлаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, олговрын асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд хуулийн энэхүү зүйлд заасан харилцаа үүсээгүйг анхаараагүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын хүрээнд тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй, ажлын байр нь хэвээр хадгалагдаж байхад томилоогүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгох боломжтой юм.

Харин “шүүгчээс нэхэмжлэгчийг байнга хөтөлж, нэхэмжлэлийн шаардлагыг зааж өгөх, зөвлөх байдал гаргасан…” гэх давж заалдах гомдлын 3 дахь үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй болохыг, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй болохыг тус тус тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 870 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Гаалийн тухай хуулийн 2671 дүгээр зүйлийн 2671.3, Засгийн газрын хуулийн 183 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т...” гэснийг “Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.4, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, К.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН