Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0568/з |
Дугаар | 001/ХТ2024/0090 |
Огноо | 2024-10-07 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2024/0090
“Э р” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын
Том татвар төлөгчийн газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0243 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/334 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0235 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, А.Д, Д.Ү, өмгөөлөгч Э.Б, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Ц.Т нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх;
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн Тогтворжуулах гэрчилгээ олгох тухай А/98 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дахь хэсгийг үндэслэн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14/01 дүгээр дүгнэлтийн дагуу Монгол Улсын хуулийн этгээд “Э р” ХХК-д Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Ухаа худаг нүүрсний орд төсөл”-ийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагааны чиглэлд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрчилгээ олгосон өдөр мөрдөгдөж байсан хууль, тогтоолд зааснаар 2033 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл тогтворжуулж, хөрөнгө оруулалтын Тогтворжуулах гэрчилгээг олгосон байна.
2.2.“Э р” ХХК-иас 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 216 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт хандан “... Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолыг 2019 оны 342 дугаар тогтоолоор, уг тогтоолыг 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцож, нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас нүүрсний борлуулалтад илүү хэмжээгээр төлөгдсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг баталгаажуулах, цаашид АМНАТ-ийн хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ олгосон 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2, 47.4, 47.5 дахь хэсэгт заасан хүснэгтийн 12 дахь заалтад заасан хувь болон мөн хуулийн 47.6-д зааснаар Засгийн газраас 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тооцуулан АМНАТ ногдуулж, төлж, тайлагнах арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг гаргажээ.
2.3.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрыг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах боломжгүй агуулгатай хариуг хүргүүлсэн байна.
2.4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлав:
2.4.1.“... “Э р” ХХК нь бүх нүүрсээ бүгдийг нь баяжуулаад нэг ч нүүрсийг түүхийгээр нь гаргахгүйгээр дотооддоо баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, дотооддоо өгөөжийг нь авч үлдэх үйлдвэр барьж байгуулсан. Тухайн үед нүүрс баяжуулах үйлдвэрлэл байхгүй өнөөг хүртэл нүүрс баяжуулах чиглэлээр манай компани үндсэндээ дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулалтын газрын дэргэдэх Хөрөнгө оруулалтын орон тооны бус зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14/01 тоот дүгнэлтийг үндэслэн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/98 тоот тушаалаар “Э р” ХХК-д Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан Тогтворжуулах гэрчилгээг 24 жил буюу 2033 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаатайгаар олгосон нь эдүгээ хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
2.4.2.Татварын ерөнхий хуулийн 12.1.11-т “хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх” гэж заасан. Тогтворжуулах гэрчилгээ хүчинтэй байх бүхий л цаг хугацааны туршид тухайн гэрчилгээг авах үеийн хувь хэмжээгээр татвараа төлөх эрх нь хүчин төгөлдөр байна гэдгийг хуульчилсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13.4 дэх хэсэгт заасан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 14.1-т заасан дөрвөн татварын хувь, хэмжээг бууруулсан эсхүл нэмэгдүүлсэн тэдгээр татварын хууль тогтоомжийн өөрчлөлт хийгдсэн тохиолдлыг тодорхойлсон байгаа.
2.4.3. Маргаан бүхий 174 дүгээр тогтоолоос өмнө, өнгөрсөн 12 жилийн хугацаанд 476 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн байгаа. Гэтэл 174 дүгээр тогтоол гарснаас хойш ердөө 2 жил гаруй хугацаанд манайх 539 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ачаалалтай болсон. Энэ нь хөрөнгө оруулалтыг тогтворжуулахаар заасан Гэрчилгээний нөхцөл зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.
2.4.4.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй” гэжээ. Гэтэл бодит байдалд АМНАТ-ийн хэмжээ 30 орчим хувиар нэмэгдсэн нь аудитын байгууллагын дүгнэлт, тооцооллоор тогтоогдож байна.
2.4.5.“Э р” ХХК нь маргаан бүхий 465, 174 дүгээр тогтоолын дагуу АМНАТ-ийн тайлан гаргаж, төлбөрийг нэмэгдүүлсэн дүнгээр төлсөн. Учир нь татварын цахим системд өгөгдсөн өгөгдөл нь сонголтгүй, тэр өгөгдлийнх нь дагуу тайлагнаад, татвараа төлөх шаардлагатай болдог. Ингэхгүйгээр манай компанийн олон улсын тээврийн “С” зөвшөөрлийг олгохгүй, манай тээвэр явагдах боломжгүй болж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжгүй болох тул төлөхөөс өөр аргагүй болсон. Хариуцагч байгууллагад удаа дараа хандаж, Тогтворжуулах гэрчилгээний дагуу АМНАТ-ийг тооцохыг хүссэн боловч татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас “... хувь хэмжээ чинь нэг зүйл, хувь хэмжээ чинь өөрчлөгдөөгүй” гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хувь болон хэмжээ нь хоёр өөр ойлголт. Тогтворжуулах гэрчилгээнд болон Хөрөнгө оруулалтын тухай хуульд “татварын хувь болон хэмжээг тогтвортой байлгана” гэж заасан. Борлуулалтын үнэлгээ тооцох журам гэж нэрлэж байгаад борлуулалтын үнэлгээгээ өөрчлөөд нэмэгдүүлсэн, үүнээс үүдэн төлөх АМНАТ-ийн хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэн төлүүлсэн.
2.4.6.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг тодорхойлсон. Тухайн үед “Э р” ХХК-иар 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлгээд “танай татварыг чинь тогтворжуулна” гэж Гэрчилгээ олгосон, захиргааны байгууллага өөрөө үүрэг хүлээсэн атлаа АМНАТ-ийн татварын хэмжээг тогтоох нэг шалгуур үзүүлэлт болох борлуулалтын үнэлгээг хийсвэрээр өсгөх замаар татварын хэмжээг нэмэгдүүлээд байгаа нь хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. ... ” гэжээ.
2.5.Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах агуулгаар хариу тайлбар гаргав:
2.5.1.“... Татварын алба нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд татвар төлөлтийн байдалд нь хяналт тавьдаг. Төр өөрийнхөө өмчийг ашиглуулсныхаа төлөө авч байгаа төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь орлоготой хамааралгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахтай холбоотойгоор тухайн хуулийн үйлчлэлийн хүрээнд хасагдах зардал гэдэг нь ашиг орлогод тооцогдохгүй учраас хасагдах зардлын томьёолол гэдэг асуудал хуулиар зохицуулагдаагүй.
2.5.2.“Э р” ХХК-ийн тухайд Монгол Улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниудын адил хуулийн хүрээнд татвар төлөх ёстой. Тухайн үед 2013 оны байдлаар тогтворжуулсан хувь хэмжээнд нь ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй. Ганцхан “Э р” ХХК-нд ч биш, уул уурхайн бүх төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын жишиг үнэ буюу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн үнийг үндэслэж АМНАТ ногдуулах хуулийн зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-т зааснаар хэрэгжиж байгаа.
2.5.3.Татвар төлөгч өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаад, төлбөр хураамжаа тайлагнаж төлсөн, тэгсэн атлаа илүү төлчихлөө гэдэг асуудал үүсгээд байгаа нь үндэслэлгүй. Татварын алба ямар нэгэн байдлаар татвар ногдуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна.
2.5.4.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан томьёоллоор, экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслээд тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална. Ашигт малтмалын тухай хуулийн 47.3 дахь хэсэгт “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулах” гэж заасан, хувь хэмжээ нь 2,5 хувь, 5 хувь гэх зэргээр томьёолсон үнэлгээ хувь хэмжээ байгаагаас үзвэл 47.3 дахь хэсэг дээр хувь хэмжээ гэдэг бол хувийг тодорхойлсон гэдэг нь тодорхой харагдана. “Э р” ХХК нь экспортлогч компани тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1, 47.3.3 дахь хэсэгт заасны дагуу борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнийх нь 5 хувиар тооцож АМНАТ төлөх эрх зүйн зохицуулалттай. Хувь хэмжээ гэдэг үг үсэг дээр эргэлзээд маргаан үүсгэх, ойлгомжгүй байх нөхцөл байхгүй. Энэ бол маш тодорхой зохицуулагдсан харилцаа учраас хувь хэмжээ гэдэг дээр маргах ёсгүй.
2.5.5.Борлуулалтын үнэлгээг тооцохтой холбоотой Засгийн газраас журмуудыг баталсан байдаг. Засгийн газрын 2014 оны 220, 2019 оны 465, 2021 оны 174 гэх мэтчилэн эдгээр журмууд нь зөвхөн борлуулалтын үнэлгээ тооцдог. Ямар нэгэн хувь хэмжээг энэ журмуудаар зохицуулдаггүй. Борлуулалтын үнэлгээг 220 дугаар тогтоолын хүрээнд гэрээний үнээр тооцож байсан. Засгийн газрын өмнөх тогтоолуудаар тухайн хэм хэмжээг тогтоосон журам хүчингүй болсон.
2.5.6.Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон журам зааврыг тогтворжуулдаг харилцаа байхгүй. Юуг тогтворжуулах вэ гэдгийг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон тогтворжуулах гэрчилгээнд маш тодорхой заасан. Тухайн үед үйлчилж байсан 4 төрлийн татвар, яг тэр гэрээ байгуулах үед тогтворжуулах гэрчилгээ орох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээг тогтворжуулна л гэж заасан. Үүнд хэм хэмжээний актыг тогтворжуулсан, зохицуулалтын шинжтэй үйл ажиллагааг зохицуулсан ямар нэгэн шийдвэр байдаггүй. Ийм ч эрх зүйн орчин байх ёсгүй. Тухайн үед үйлчилж байгаа Засгийн газрын хэм хэмжээний актууд хүчин төгөлдөр байх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлээд, хүчингүй болсон бол дараагийн хүчин төгөлдөр эрх зүйн акт үргэлжлээд хэрэгжээд явдаг. Хэм хэмжээний актуудыг буцаан хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байх хуулийн үндэслэл байхгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн адил тэгш татвар төлөх, адил тэгш эрх зүйн орчныг хуулийг дээдлэх зарчмын хүрээнд тэгш нөхцөлөөр хангуулах эрхтэй.
2.5.7.Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсэг дээр Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол гаргана гэж заасан. Тус хуулийн 30.7 дахь хэсэг дээр Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжид тэдгээр болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол бол 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Засгийн газрын 342, 465 дугаар тогтоолууд нь Засгийн газрын тухай хуулийн 30.7 дахь хэсэгт заасны дагуу тухайн хугацаандаа хүчин төгөлдөр мөрдөгдөөд, хүчингүй болсон бол гарсан өдрөөс хүчингүй болох эрх зүйн зохицуулалтынхаа хүрээнд хүчингүй болно.
2.5.8.Засгийн газар шийдвэртэй холбоотой асуудлаар маргаан үүсгэх эрх нь татвар төлөгчид байгаа. Татварын албанд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон Засгийн газрын хэм хэмжээний актын хүрээнд татварыг төлөх, ногдуулахтай холбоотой харилцаанд хяналтаа тавиад, төлүүлэх үүргийг хэрэгжүүлээд явдаг. Засгийн газрын шийдвэр зөв, буруу гэх үндэслэлээр татвар төлөгчийн гомдлыг авч үзээд хөнгөлөх, чөлөөлөх эрх татварын албанд байхгүй. ...” гэжээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.4, 16 дугаар зүйлийн 16.3.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс дараах дүгнэлтүүдийг хийсэн байна:
3.1.“ ... “Э р” ХХК-ийн 1,169,593,391,000 /Нэг ихнаяд нэг зуун жаран есөн тэрбум таван зуун ерэн гурван сая гурван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хөрөнгө оруулсан Ухаа худаг уурхайн цогцолбор төсөлд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтворжуулах гэрчилгээ олгосон үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй. Тогтворжуулах гэрчилгээний тэмдэглэл хэсгийн 4 дэх хэсэгт “2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь хэмжээг тогтворжуулах”-аар заасан байна.
3.2. ...Тогтворжуулах гэрчилгээ олгох үеийн Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаад зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын 2.3-т “Аж ахуйн нэгжийн нүүрс борлуулах гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцож, Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлно”, 2.4-т “Энэ аргачлалын 2.3-т заасан хэлцлийн үнийн аргаар борлуулалтын үнэлгээг тодорхойлоход гэрээний үнэд нүүрсийг Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэхэд дараах зардал, төлбөр ороогүй бол түүнийг нэмж тооцно”, 2.7-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-д заасны дагуу тодорхойлсон үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тооцох”-оор заасан байжээ.
3.3. ...Тогтворжуулах гэрчилгээ олгох үеийн Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын зохицуулалтын дагуу тооцож үзвэл, Монгол Улсын хилийн өртөө хүртэлх бүх зардлыг гаалийн баримтын дагуу нэмж тооцсон гаалийн хэлцлийн үнээс, Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоол, 2021 оны 174 дүгээр тогтоолуудын өөрчлөлтөөр төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 20.8 хүртэл хувиар нэмэгдсэн болох нь тогтоогдож байна.
3.4. ... Татварын ерөнхий хуулийн (2008 он) 3 дугаар зүйлийн 3.1-д “татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж зааснаар аливаа татварын харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг хэрэглэж, татвар тооцох зарчимтай бөгөөд энэ тохиолдолд Татварын ерөнхий газар нь Засгийн газрын тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж, тогтворжуулах гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээ нэмэгдээгүй гэж нэхэмжлэгч компанийн хүсэлтээс татгалзсан нь үндэслэлгүй байна.
3.5. ... Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг цахимаар хүлээн авахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн жишиг үнээс буюу олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл дэх тухайн сарын дундаж үнээс тооцон тайлагнасан тохиолдолд тайланг автоматаар хүлээн авдаг тохируулгатай гэдэг үйл баримттай талууд маргаагүй. Мөн программаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнаж төлөөгүй тохиолдолд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэх олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг зөвхөн татварын өр төлбөргүй аж ахуйн нэгжид олгохоор заасан тул татварын ТТ-15Б маягтад зааснаар тайланг сонголттойгоор гаргах боломжгүйн улмаас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас нэхэмжлэгч “Э р” ХХК-ийн тогтворжуулах гэрчилгээнд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтворжуулахгүйгээр 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд 208.7 тэрбум төгрөгийн илүү төлбөр тогтоосон болох нь тогтоогдож байна.
3.6. ... Нэхэмжлэгч “Э р” ХХК нь ашигт малтмал ашигласны төлбөрийг хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас илүү төлсөн гэж үзэж, илүү төлүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын хөндлөнгийн аудитын “П К ТМЗ” ХХК-аар шалгуулан, уг байгууллагаас гаалийн бүрдүүлэлтийн албан ёсны бүртгэл мэдээлэлд үндэслэн тайланг гаргасан байх бөгөөд уг хөдлөнгийн аудитын тайлангаар “Э р” ХХК-ийн экспортод гаргасан баяжуулсан коксжих нүүрсэнд төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд нийт 208,688,214,552 төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг баталгаажуулсан байх бөгөөд шүүхээс үүнийг нотлох баримтаар хүлээн авах боломжтой гэж үзсэн болно.
3.7. ... Нэхэмжлэгчээс Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолыг түүний төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн харилцаанд үйлчлэхгүй байхыг тогтоолгосноор нэхэмжлэгч компанийн тогтворжуулах гэрчилгээнд заасан тухайн үеийн хууль тогтоомжоор ашигт малтмал ашигласны төлбөр төлөх эрх сэргээгдэхээр байх бөгөөд Засгийн газраас хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, тогтворжуулсан татварыг нэмэгдүүлэхгүй байснаар тус компанийн хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ амжилттай хэрэгжих боломжтой болох ашиг сонирхол байна.
3.8. ... Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаартай тогтоолын хавсралт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нь зүйтэй” гэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.2, 13.4, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 12.1.11, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, илүү төлөлт байгаа эсэхийг зохих журмын дагуу хянаж, шалгахыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгаж”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, шүүхээс дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна:
4.1. ... Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “татварын хувь, хэмжээг тогтворжуулах” гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 13.4-т заасны дагуу нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулахыг, 3.1.9-д зааснаар “татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ” гэж энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд энэ хуульд заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг ойлгох бөгөөд энэхүү гэрчилгээг эзэмшигч нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 13.5-д заасан этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох замаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг тогтворжуулна”, 13.2-т “Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна”, 13.4-д “Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй” гэж тус тус заасан эрхээр хангагдах учиртай.
4.2.Гэтэл хариуцагч нь тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нэхэмжлэгч хуулийн этгээдийн Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан дээрх эрх болон мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтлэг баталгааг харгалзан үзэж “Э р” ХХК-иас гаргасан нүүрсний борлуулалтад илүү хэмжээгээр төлөгдсөн 221,450,489,876.82 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан олгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэлгүй татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус байх бөгөөд энэ нь дээрх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах...хуулийн зорилгод нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн тус шаардлагын талаар анхан шатны шүүхээс “...Засгийн газрын тогтоолууд нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт төдийгүй, Ашигт малтмалын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн бүрдэл хэсэг болохын хувьд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх ёстой” гэж зөв дүгнэсэн.
4.3. ... /харин/ хариуцагч захиргааны байгууллагаас Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү төлсөн татварыг буцаан олгох эсэх асуудлыг хяналт, шалгалт явуулах замаар тогтоосны үндсэн дээр шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тодорхойлсон 208,688,214,552 төгрөгийн үнийн дүнгээр тооцож буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.4.Өөрөөр хэлбэл дээрх асуудлыг захиргааны байгууллага өөрийн эрхийн хүрээнд холбогдох ажиллагааг зохих журмын дагуу хийж, улмаар илүү төлөлт байгаа эсэх, буцаан олголт олгох эсэх төдийгүй илүү төлөлт байгаа тохиолдолд хичнээн төгрөгийн буцаан олголт олгогдох эсэх, мөн тогтворжуулалтын гэрчилгээ бүхий этгээдийн хувьд анхан шатны шүүхийн хүснэгтээр харуулсан Засгийн газрын тогтоолуудаар татвар ногдуулах хувь хэмжээ өссөн, эсхүл борлуулалтын үнийн өөрчлөлтөөс хувь хэмжээний зөрүү үүссэн эсэхийг тодруулах тогтоох ажиллагаа явуулах нь зүйтэй байх тул үүнтэй холбоотой ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
4.5. ... Нэхэмжлэгч “Э р” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын ... /баталсан маргаан бүхий журмын заалтуудыг/ хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гаргасан байх бөгөөд ... эдгээр нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. /Иймд/ “Э р” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын ... /маргаан бүхий/ тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай шаардлага бүхий тус нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн ... 54.1.3, ... 109 дүгээр зүйлийн 109.2-т ... заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
5.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.Д, Д.Ү нар гомдолдоо:
5.1.1.“Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 2.1.7-д “Нэхэмжлэгчийн тус шаардлагын талаар анхан шатны шүүхээс “... Засгийн газрын тогтоолууд нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт төдийгүй, Ашигт малтмалын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн бүрдэл хэсэг болохын хувьд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх ёстой” гэж зөв дүгнэсэн боловч хариуцагч захиргааны байгууллагаас Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү төлсөн татварыг буцаан олгох эсэх асуудлыг хяналт, шалгалт явуулах замаар тогтоосны үндсэн дээр шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тодорхойлсон 208,688,214,552 төгрөгийн дүнгээр тооцон буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Шүүхийн шийдвэрийг сонсгохдоо татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээг тодорхойлон олгох асуудал нь татварын албаны эрхийн асуудал байна гэж танилцуулсан атлаа бичгийн хэлбэрт шийдвэрээ баталгаажуулахдаа шууд 208 тэрбум төгрөгийг хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтээр олгохыг татварын албанд даалган шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна...” гэх гомдол үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ...
5.1.2. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дэлхийн тэргүүлэх аудитын компани болох “П К Т” ХХК-аар АМНАТ-ийн төлсөн төлбөрийн дүнг хянан баталгаажуулж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус байгууллагаас 2021.05-2023.09 сарыг дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн экспортод гаргасан нүүрсний хэлцлийн үнээс 65.4 хувиар өндөр дүнгээс АМНАТ тооцож нийт 498,747,536,406 төгрөгийн АМНАТ төлүүлсний 208,688,214,552 төгрөг нь илүү төлсөн болохыг хянан баталгаажуулсан. Хариуцагчийн зүгээс тус дүгнэлтэд дурдагдсан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220, 2021 оны 174 дүгээр тогтоолуудын зөрүү АМНАТ-ийн 208,688,214,552 төгрөгийн дүнтэй маргаж байгаагүй болно. ...
5.1.3.Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “Э р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаа болох 2021 оны 5 сарын 01-ээс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд АМНАТ төлөх харилцаанд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаартай тогтоол үйлчлэхгүй, харин 2021 оны 174 дүгээр тогтоолоор илүү төлөлтийг баталгаажуулахаар үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлт буюу хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон дүн болох 208,688,214,552 төгрөгөөр илүү төлөлтийг баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
5.1.4.Мөн давж заалдах шатны шүүх ... маргаан бүхий захиргааны акт болох Том татвар төлөгчийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон боловч, “Э р” ХХК-ийн АМНАТ төлөх харилцаанд илүү төлөлт байгаа эсэхийг зохих журмын дагуу хянаж, шалгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаагийн улмаас үндэслэлгүй төлүүлсэн татварын дүн 2024 оны 4 дүгээр сарын байдлаар 28.2 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна.
5.1.5. ... Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх буюу “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” гэж тодорхойлж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн хангаж шийдвэрлэсэн.
5.1.6.Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг үндэслэл эш татаж, хууль хэрэглээний илэрхий алдаа гаргаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах” болон 123.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын нийтлэг ач холбогдолтой” гэх Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэлэлцэх үндэслэлд хамаарч байна.
5.1.7. ... “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох” шаардлагын хувьд нэхэмжлэл гаргах хугацааг хуулиар заагаагүй тул хэдийд ч шүүхэд гаргаж болох бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй болно.
5.1.8.Монгол Улсын дээд шүүхийн дээрх тайлбарт “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох” нэхэмжлэлийн шаардлага, түүний урьдчилсан нөхцөлийг тодорхой тайлбарласан байхаас гадна, уг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хувь хүн, хуулийн этгээдээс зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжгүй юм. ...
5.1.9.Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс магадлалын ХЯНАВАЛ хэсэгт тус компанийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг эш татсан атлаа, ТОГТООХ хэсэгт огт дурдалгүй, зөвхөн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй гэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь тодорхойгүй байна.
5.1.10.Магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 2.1.4-д ... маргаж буй үйл баримтад хамааралгүй дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй бөгөөд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах” гэх Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэлэлцэх үндэслэлд хамаарч байна.
5.1.11.Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-т зааснаар Татварын алба нь буцаан олгох татварыг холбогдох актаар баталгаажуулан ажлын 30 хоногийн дотор буцаах олгох хуулийн хугацаа нэгэнт өнгөрсөнтэй холбоотойгоор гомдол гаргасан, гэтэл давж заалдах шатны шүүх хянан баталгаажуулалтыг татварын байгууллагад хийхийг дахин даалгаад байгаа нь ойлгомжгүй байна.
5.1.12.Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13.4 дэх заалтаар татварын хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төлөх татварын хувь, хэмжээг нэмэгдүүлсэн бол хамаарахгүй байхаар заасныг хууль тогтоомжийн бусад зохицуулалт, эрхийнхээ хүрээнд Том татвар төлөгчийн газарт гаргасан хүсэлтдээ цаашид тогтворжуулах гэрчилгээ олгох үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын дагуу АМНАТ төлөх эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан үйл баримт нь агуулгын хувьд Засгийн газрын 2021 оны 174 болон 2019 оны 465 дугаар тогтоолууд тогтворжуулах гэрчилгээ бүхий нэхэмжлэгчийн АМНАТ төлөх харилцаанд нь хамаарахгүй болохыг шийдвэрлүүлэхээр хандаж байсныг илэрхийлнэ. Давж заалдах шатны шүүхээс энэхүү үйл баримтыг үнэлэлгүйгээр, урьдчилсан шатанд огт асуудал тавьж байгаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т гомдолдоо:
5.2.1. “... Хөрөнгө оруулалтын тухай хууль /2013/-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгоно” гэж заасны дагуу Монгол Улсын эрх бүхий байгууллагаас 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 24 жилийн хугацаанд 4 төрлийн татварын хувь хэмжээг тогтворжуулахаар 001 дугаар “Тогтворжуулах гэрчилгээ” авсан.
5.2.2.Тогтворжуулах гэрчилгээний хавсралт хэсэгт “2015 оны 08 дугаар сарын 13-ны байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь, хэмжээг тогтворжуулаа” гэж нэмэлт хэлбэрээр заасан нь экспортлогдсон нүүрсэнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үндсэн хувь хэмжээг 5,0 хувь, нэмэлт хувь хэмжээг боловсруулаагүй нүүрсний хувьд 1.0%-5.0%, баяжуулсан нүүрсний хувьд 1.0%-3.0% хувиар тогтворжуулан баталгаажуулсан болох нь тодорхой байна.
5.2.3.Ашигт малтмалын тухай хуулийн 47.15-д Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь хэмжээгээр ногдуулна гэж заасан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд нэхэмжлэгч талд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр олгосон 001 тоот гэрчилгээнд дурдсанаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зөвхөн хувь хэмжээг нь хуулийн хүрээнд тогтворжуулсан болох нь тодорхой байна.
5.2.4.Тогтворжуулах гэрчилгээгээр тогтворжуулсан ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээ нь ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс өөр ялгаатай ойлголт бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд дараах байдлаар хуульчилсан байгаа нь борлуулалтын үнэлгээг төлбөрийн хувь хэмжээтэй нэг ойлголт гэж үзсэн шүүхийн үндэслэл няцаагдана.
Ашигт малтмалын борлуулалтын үнэлгээ: 47.2. Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;
Ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээ: 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна: 47.3.1. олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь; 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь. 47.5.Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:
5.2.5.“Э р” ХХК нь экспортод гаргаж буй нүүрсэндээ Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох худалдаанд хүлээн зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тооцно гэж заасны дагуу борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнээр тооцох болсноос төлөх татвар нэмэгдсэн.
5.2.6.Энэ нь Тогтворжуулах гэрчилгээний хавсралт хэсэгт “2015 оны 08 дугаар сарын 13-ны байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь, хэмжээг тогтворжуулав” гэж заасан эрхэд хамааралгүй, тодруулбал тогтворжуулах гэрчилгээгээр баталгаажуулсан хувь хэмжээнээс хамааралгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 дахь хэсэгт заасан борлуулалтын үнэлгээг зах зээлийн үнээр тооцсоноос үүссэн зөрүү юм. Өөрөөр хэлбэл татварын суурь буюу АМНАТ ногдуулах ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс хамааралтай төлөх татвар нэмэгдсэн. Борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 дахь заалтаар нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд борлуулалтын үнэлгээг тогтворжуулах гэх ойлголт байхгүй бөгөөд энэхүү үнэлгээ нь олон улсын зах зээлийн үнэ, валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран өөрчлөгдөж байдаг тогтворжуулах боломжгүй харилцаа байдаг.
5.2.7.Засгийн газрын тогтоолоор ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг тогтоодоггүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дэх хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох аргачлалыг Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор журамласан байдаг. Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ыг баталсан бөгөөд энэ аргачлалаар АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг зохицуулснаас бусдаар АМНАТ-ийн хувь хэмжээг зохицуулаагүй, төлбөр төлөгчийн төлөх төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн шинээр татварын харилцаа үүсгээгүй.
5.2.8.Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-аар борлуулалтын үнэлгээг бусад аж ахуйн нэгжтэй харьцуулалт хийн 10 хувь дотор зөрүүтэй байвал хэлцлийн үнэ буюу татвар төлөгчийн гэрээнд заасан үнээр борлуулалтын үнэлгээг тооцох эсэхийг татварын алба хэмж болго тогтоож байсан бөгөөд энэхүү аргачлал нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн 342 дүгээр тогтоолоор хүчингүй болсон.
5.2.9.Нэгэнт Засгийн газрын борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал хүчингүй болсон тохиолдолд хүчингүй болсон аргачлалыг үндэслэн зөвхөн нэг хуулийн этгээд нүүрсний борлуулалтын үнэлгээгээ гэрээний үнээр тооцуулна гээд байх боломжгүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд АМНАТ-ын борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох асуудал бусад ААН-ийн адил хэрэгжих ёстой.
5.2.10.Татварын алба нь уг компанийн хүсэлтийн дагуу төсөвт төлөх АМНАТ яагаад нэмэгдсэн асуудлыг судлан, шалгаж үзээд тогтворжуулах гэрчилгээгээр олгогдсон татварын хувь хэмжээнээс бус борлуулалтын үнэлгээнээс үүссэн болохыг тогтоосон, энэ талаараа хариуг татвар төлөгчид мэдэгдсэн.
5.2.11.Мөн Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын байцаагчид нь “Э р” ХХК-ийн 2019.01.01-2021.12.31-ний өдрийг дуусталх хугацааг хамруулан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр НА-21230000089 дугаар акт тогтоосныг татвар төлөгч хүлээн зөвшөөрөн актаар ногдуулсан төлбөрийг төсөвт төлсөн байдаг. Уг актаар татвар төлөгчийн АМНАТ тайлангаар илүү төлсөн гэх 2019-2021 оны татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаад хуульд нийцсэн, илүү ч төлөөгүй дутуу ч төлөөгүй болохыг дээрх актаар баталгаажуулсныг татвар төлөгч зөвшөөрсөн байдаг.
5.2.12.Тиймээс татварын албыг шалгаагүй гэж үзсэн шүүхийн магадлал үгүйсгэгдэж байна. “Э р” ХХК нь 2019 онд нийт 75,864,295,496,38 төгрөгийн АМНАТ төлөхөөр тайлагнасныг татварын улсын байцаагчид шалгаад зөрүү үүсээгүй зөв гэж үзсэнийг татвар төлөгч зөвшөөрсөн /НА-21230000089 актын хавсралт маягт ХШ- 07/06/, 2020 онд нийт 55,604,512,301,19 төгрөгийн АМНАТ төлөхөөр тайлагнасныг татварын улсын байцаагчид шалгаад зөрүү үүсээгүй зөв гэж үзсэнийг татвар төлөгч зөвшөөрсөн /HA-21230000089 актын хавсралт маягт ХШ-07/06/, 2021 онд нийт 57,526,015,514.80 төгрөгийн АМНАТ төлөхөөр тайлагнасныг татварын улсын байцаагчид шалгаад зөрүү үүсээгүй зөв гэж үзсэнийг татвар төлөгч зөвшөөрсөн /HA-21230000089 актын хавсралт маягт ХШ-07/06/ эдгээр баримтаар татварын алба шалгаагүй, судлаагүй, шалгах ёстой гэж үзсэн шүүхийн үндэслэл няцаагдана.
5.2.13.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дахь заалтыг татварын алба зөрчсөн гэж шүүх үзсэн. “Э р” ХХК нь АМНАТ-ын ногдуулалт төлөлтэй холбоотой асуудлаар маргаан үүсгэсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын харилцааг зохицуулсан журам энэ харилцаанд үйлчлэхгүй. Шүүхийн энэхүү дүгнэлт нь Татварын ерөнхий хуулийн 3.2.Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 1.1.“Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасантай нийцээгүй шийдвэр болсон байна гэж үзнэ.
5.2.14. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа Засгийн газрын 2014 оны 220, 2019 оны 342, 2021 оны 174 дүгээр тогтоолуудаар ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг зохицуулаагүй бөгөөд борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг аргачлал болгосон байдаг.
Тодруулж хэлбэл Засгийн газрын 2014 оны 220, 2019 оны 342 дугаар тогтоолуудаар ашигт малтмалын төлбөрийн хувь хэмжээг тогтоогоогүй, борлуулалтын үнэлгээг ч тогтоогоогүй зөвхөн хуулиар тогтоосон буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 дахь хэсэгт заасан борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцохыг тодорхойлсон аргачлал юм. Ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1, 47.2.2, 47.2.3 дахь хэсгээр хуульчилж өгсөн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дэх хэсэгт заасан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болох зах зээлийн үнийн эх сурвалжийг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд уг тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь хэсэгт “Нүүрс” бүтээгдэхүүний экспортын борлуулалтын үнэлгээг БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (http://en.sxcoal.com) гэж тогтоосон.
5.2.15.Дээрхээс үзвэл “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй, дээрх тогтоолуудаар төлбөрийн хувь хэмжээг зохицуулаагүй болох нь тодорхой байна.
Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 128/ШШ/2024/0243 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/334 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
6.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2024/0235 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.4-т тус тус заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангалгүй орхиж шийдвэрлэв.
7.1.Хөрөнгө оруулалтын тухай хууль нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох” зорилготой бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 13.4-т заасны дагуу нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулахыг” ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.4-т “Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна: 14.1.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар; 14.1.2.гаалийн албан татвар; 14.1.3.нэмэгдсэн өртгийн албан татвар; 14.1.4.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэж тус тус заажээ.
7.2.Эрх бүхий этгээдээс “Э р” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Ухаа худаг нүүрсний орд төсөл”-ийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч, 2009-2033 он хүртэл буюу 24 жилийн хугацаанд хуульд нэрлэн заасан татваруудыг тогтворжуулахаар шийдвэрлэж, Тогтворжуулах гэрчилгээ олгосон. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ гэж энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг” ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “... тогтворжуулах гэрчилгээ олгох замаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг тогтворжуулна” гэж заасан.
7.3.Нэхэмжлэгчээс “... Тогтворжуулах гэрчилгээ олгож татварын хувь, хэмжээг гэрчилгээ олгосон үеийн хууль тогтоомжийн зохицуулалтаар тогтворжуулахаар байхад сүүлд батлагдсан Засгийн газрын тогтоолыг хэрэглэж татварын хэмжээг нэмэгдүүлсэн” гэх агуулгаар, хариуцагчаас “ ... Засгийн газрын тогтоолыг тогтворжуулахаар хуульд заагаагүй, ... татварын хувь, хэмжээ нь нэг ойлголт бөгөөд хувь, хэмжээ нэмэгдээгүй” гэх агуулгаар маргаж байна.
8.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэх талаар:
8.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй” гэж зааснаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Ухаа худаг нүүрсний орд төсөл”-ийн үйл ажиллагаатай холбоотой а/аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, б/гаалийн албан татвар, в/нэмэгдсэн өртгийн албан татвар, г/ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй хугацаанд буюу 24 жилийн хугацаанд татварын хууль тогтоомжид татварын хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд үйлчилж, харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлт нь үйлчлэхгүй байх хууль зүйн баталгааг авсан байна.
8.2.Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй: 4.1.1.хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах” гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ: 12.1.11.хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.15-д “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр ногдуулна” гэж тус тус зааснаас үзвэл Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу олгогдсон эрх нь хуулиар хамгаалагдсан, Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй хугацаанд татварын хувь болон хэмжээг аливаа байдлаар нэмэгдүүлэх, нэмэгдүүлэн тооцох үндэслэлгүй гэж үзнэ.
8.3.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь ... Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд “татварын хууль тогтоомж” гэх ойлголт нь зөвхөн “УИХ-аас баталсан хуульд хамаатай” гэж үзэхгүй.
8.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд зааснаар Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар ... хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж тус тус зааснаас үзвэл Засгийн газрын тогтоолоор батлагдсан маргаан бүхий хэм хэмжээний актууд нь “татварын хууль тогтоомж”-ийн бүрэлдэхүүн хэсэг болно, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13.4-т заасан “татварын хууль тогтоомж” гэдэгт Засгийн газрын тогтоол хамаарахгүй” гэх агуулгатай тайлбар, гомдол үндэслэлгүй байна.
8.5.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна: 47.3.1. олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь; 47.3.3. энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь” гэж, 47.17-д “Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ... хувийг нэмэгдүүлж тооцох”-оор зааснаас үзвэл нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний тодорхой хувиар тооцохоор хуульчилсан, уг “хувь” нь Ашигт малтмалын тухай хуулиар шууд тодорхойлогдсон, харин татвар төлөгчийн улсын төсөвт төлөх төлбөрийн “хэмжээ” нь ашигласан нөөцийн хэмжээ, борлуулалтын үнэлгээнээс хамаарч нэмэгдэх, хасагдах боломжтой байна.
8.6.Тухайн тохиолдолд, нүүрсний нөөц ашигласны төлбөрийн хувь өөрчлөгдөөгүй боловч Засгийн газрын маргаан бүхий тогтоолуудаар борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалыг өөрчилсний улмаас “Э р” ХХК-ийн АМНАТ-ийн хэмжээ нэмэгдсэн нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан “Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй” байх хөрөнгө оруулагчид хуулиар олгосон баталгааг зөрчсөн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй, “татвар ногдуулах төлөхтэй холбоотой аргачлалыг хэм хэмжээний актаар өөрчлөх замаар төсөвт төлөх АМНАТ-ийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой” гэж шүүх дүгнэхгүй. Энэ ч утгаараа нэхэмжлэгчийн Тогтворжуулах гэрчилгээнд “Ашигт малтмалын тухай хуульд заасан хувь, хэмжээ” гэснийг зөвхөн “хуулиар тогтоосон хувь” гэж, эсхүл “хувь, хэмжээ нь адил” гэж, эсхүл “хуулиар тогтоосон хэмжээ гэдэгт Засгийн газрын тогтоолоор баталсан борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал болох захиргааны хэм хэмжээний акт хамаарахгүй” гэж тайлбарлах боломжгүй. Тогтворжуулах гэрчилгээний үр дагавар, ерөнхий агуулга, хүрээ нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиар тодорхойлогдоно.
8.7.Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу олгогдсон Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй хугацаанд “Э р” ХХК-ийн АМНАТ-ийн хувь болон хэмжээг нэмэгдүүлэх үр дагавартай аливаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт буюу Засгийн газрын тогтоолууд энэ тохиолдолд үйлчлэхгүй, хариуцагч нь татварын хэмжээг нэмэгдүүлсэн үр дагавартай татварын “хууль тогтоомжийн бусад акт”-ыг хэрэглэж Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчээр татварын хэмжээг нэмэгдүүлэн төлүүлсэн нь хууль бус, энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд хариуцагчаас “Гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээнд Ашигт малтмалын хуулиар өөрчлөлт ороогүй” гэх агуулгаар татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй байна.
8.8.Өөрөөр хэлбэл, 2015 онд Тогтворжуулах гэрчилгээ олгох үед хуульд заасан байсан “татварын хувь” болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасны дагуу гарсан, тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын үйлчлэл нь “Э р” ХХК-ийн хувьд тогтворжсон гэж үзэх бөгөөд Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн төлөх АМНАТ-ийн хэмжээг ихэсгэх үр дагавар үүсгэсэн 2019, 2021 онд батлагдсан Засгийн газрын тогтоолуудыг баримталж татвар ногдуулсан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтыг зөрчсөн байх тул Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус гэж үзнэ.
9.Хариуцагчаас “... татвар төлөгч өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаад, төлбөр хураамжаа тайлагнаж төлсөн, тэгсэн атлаа илүү төлчихлөө гэдэг асуудал үүсгээд байгаа нь үндэслэлгүй” гэх боловч нэхэмжлэгчээс татварын байгууллагад уг асуудлаар хандсан удаа дараагийн хүсэлтүүдээс үзэхэд АМНАТ-ийн нэмэгдүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч төлсөн гэж дүгнэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “... татварын цахим системд тайлан шивэхэд цаанаасаа өгөгдсөн өгөгдөл нь сонголтгүй байдаг, тэр өгөгдлийнх нь дагуу АМНАТ-ийн ногдуулалт, төлөлтийг тайлагнасан, тайлангаа гаргаагүй эсхүл татварын өртэй тохиолдолд цахим сүлжээнд холбогдсон Автотээврийн үндэсний төв манай компанийн олон улсын тээврийн “С” зөвшөөрлийг олгохгүй, улмаар бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжгүй болох тул нэмэгдүүлсэн АМНАТ-ийг төлөхөөс өөр аргагүй болж төлсөн” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй.
9.1.Хариуцагч нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан “илүү төлсөн татварыг буцаан авах ...”, 12.1.11-т заасан “хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх” татвар төлөгчийн эрхийг хангах, энэ үүднээс үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн татварын буцаан олгох үүрэгтэй байна.
9.2.Нэхэмжлэгчээс “үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн 208,688,214,552 төгрөгийг буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах” шаардлага гаргасан, шаардлагын үндэслэлээ “... олон улсын хөндлөнгийн аудитын П К ТМЗ ХХК-аас гаалийн бүрдүүлэлтийн албан ёсны бүртгэл мэдээлэлд үндэслэн гаргасан тайлангаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд нийт 208,688,214,552 төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг баталгаажуулсан” гэх агуулгаар тайлбарласан, хариуцагчаас “ ... 208.7 тэрбум төгрөгийн үнийн дүнг яаж тооцсон нь тодорхойгүй, хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ... нэхэмжлэгч нь 2021 онд тавьсан татварын актыг хүлээн зөвшөөрч, ...төлсөн” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
9.3.Түүнчлэн, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан “тогтворжуулсан татварыг нэмэгдүүлсэн эсэх” асуудлаар буюу хууль хэрэглээний асуудлаар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан, харин “208,688,214,552 төгрөгийг буцаан олгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох татварын тооцооллын асуудлаар баримт гаргаж, тодорхой тайлбар хийгээгүй, “208.7 тэрбум төгрөгийн үнийн дүнг яаж тооцсон нь тодорхойгүй” гэх тайлбар гаргажээ.
9.4.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж заасан, хариуцагчаас нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хүлээн авч, Тогтворжуулах гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хянан шалгаж, баталгаажуулаагүй тул шүүх нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр буцаан олголтыг баталгаажуулахыг хариуцагчид шууд даалгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... хариуцагчаас илүү төлүүлсэн татварын дүнтэй маргаж байгаагүй” гэх гомдлыг үндэслэлийг хүлээж авах боломжгүй.
9.5.Энэ тохиолдолд хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар шүүхийн шийдвэрийн дагуу Тогтворжуулах гэрчилгээ олгох үед хуульд заасан байсан “татварын хувь” болон тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын дагуу АМНАТ-ийн ногдлыг тодорхойлж, татварын тооцооллыг хууль тогтоомжид заасны дагуу хийж, илүү төлүүлсэн бол буцаан олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь татварын хяналт шалгалтад ороод зарим нэг татварын актыг хүлээн зөвшөөрч төлсөн” гэсэн тайлбар гаргаж байх тул энэ нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзлээ. Уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “илүү төлөлт байгаа эсэхийг зохих журмын дагуу хянаж, шалгахыг даалгасан” давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэлийг өөрчилж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын (Тодорхойлох хэсгийн 5.1.1, 5.1.4) зарим хэсгийг хангаж, мөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” талаарх гомдлыг (Тодорхойлох хэсгийн 5.1.2, 5.1.3) хангасангүй.
10.Нэхэмжлэгчээс “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, давж заалдах шатны шүүхээс “урьдчилсан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.
10.1.Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд “субсидиар зарчим” үйлчлэх ба үүний дагуу нэхэмжлэгч хүчингүй болгох, даалгах зэрэг нэхэмжлэлийн бусад төрлийг гаргах боломжгүй, өөрөөр хэлбэл маргааны агуулга нь тэдгээр нэхэмжлэлийн зүйл, урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байх тохиолдолд, түүнчлэн бусад нэхэмжлэлийг гаргасан ч бодит үр дүнд хүрэхээргүй буюу эрх ашиг нь хамгаалагдаж чадахааргүй нөхцөлд “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргадаг.
10.2.Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн төрөлд хамаарахгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд бие даасан эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй буюу эрхийн хамгаалалт үзүүлэхээргүй байх тул шүүх холбогдох шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1.“захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” буюу “эрх зүйн маргаан биш” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.
10.3.Тодруулбал, хяналтын шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Засгийн газрын тогтоолоор батлагдсан маргаан бүхий хэм хэмжээний актууд нь “татварын хууль тогтоомж”-ийн бүрэлдэхүүн хэсэг болох талаар, Засгийн газрын тогтоолуудаар борлуулалтын үнэлгээ тооцох аргачлалыг өөрчилсний улмаас “Э р” ХХК-ийн АМНАТ-ийн “хэмжээ” нэмэгдсэн нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан “Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй” байх нэхэмжлэгчийн эрхийн хамгаалалтыг зөрчсөн, татварын хэмжээг нэмэгдүүлсэн үр дагавартай хэм хэмжээний актыг хэрэглэж, татварыг төлүүлсэн нь хуульд нийцээгүй талаар нэгэнт дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 465, 2021 оны 174 дүгээр тогтоолын холбогдох заалтууд нь “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоолгох” шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж хүлээн авч шийдвэрлэх шаардлагагүй юм. Энэ утгаараа “давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 5.1.6-5.1.9) үндэслэлтэй байна.
10.4.Талуудаас Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 465, 2021 оны 174 дүгээр тогтоолтой холбоотой маргаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа талаар шүүхэд тайлбарласан, давж заалдах шатны шүүх уг маргааныг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
11.Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн “шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзлээ.
12.Маргааны үйл баримтад холбогдуулан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн асуудлаар шүүх бүрэлдэхүүний 2 шүүгч тусгай санал гаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0243 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/334 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э р” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн илүү төлөлтийг баталгаажуулахаас татгалзсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/352 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Тогтворжуулах гэрчилгээ олгох үед хуульд заасан байсан “татварын хувь” болон тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдлыг тодорхойлж, татварын тооцооллыг хууль тогтоомжид заасны дагуу хийж, илүү төлүүлсэн бол буцаан олгохыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “Э р” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.1.2 дахь хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Э р” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд үйлчлэхгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Д.БАТБААТАР