Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 32

 

 

 


2017 оны 06 сарын 08 өдөр                       Дугаар                               Эрдэнэбулган сум
       109/ШШ2017/0032

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
    Нэхэмжлэгч: Д.Эрдэнэчимэг
    Хариуцагч: Архангай аймгийн Өлзийт сумын Засаг дарга 
    Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн  Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргад Өлзийт сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Дэжидийн Эрдэнэчимэгийг томилохыг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
    Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэчимэг миний бие Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргад Өлзийт сумын эрүүл мэндийн төвийн даргаар Дэжидийн Эрдэнэчимэгийг томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 
    Би 1994 онд анагаах ухааны их сургуулийг төгсөж тус суманд Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон очиж ажиллаж эхэлсэн. Намайг очиход тус сумын эмнэлгийн эрхлэгч А.Энхтуяа жирэмсний амралттай байсан учраас эрхлэгч эмчээр томилогдон 1 жил ажилласан. Түүнээс хойш би Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд тасралтгүй 23 жил ажиллаж байна. Энэ хугацаанд би анагаах ухааны магистр зэргээ хамгаалж, ахлах зэрэгтэй, мөн дотрын эмчийн мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. Эм наруулагчийн курс, 2014 онд хэвлийн хөндийн хэт авианы оношилгооны курс, 2009 онд Египетийн Кайр хотод эмнэлгийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Намайг төр захиргаанаас үнэлж Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Засгийн газрын шагнал Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байсан. 
    Дээрх ажиллаж байсан байдлаа Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд танилцуулж, би сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй байгаа учраас сонгон шалгаруулалтанд оруулж өгнө үү гэсэн хүсэлтээ гаргасан учраас намайг сонгон шалгаруулалтанд оролцуулсан. 
    Архангай аймагт 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан Удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж 88 оноогоор тэнцсэн учир Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилуулахаар шийдвэр ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Өлзийт сумын Засаг даргатай удаа дараа уулзаж байсан боловч янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд шийдвэрлэхгүй байсан. 
    Тийм учраас Өлзийт сумын Засаг даргыг зохих хуулийн дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийг хугацаанд нь томилуулах хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй энэхүү санаатай үйлдлийн цаана ашиг сонирхлыг зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. 
    Сумын Засаг дарга уг ажлын байранд тавигдах шаардлагад 2-оос доошгүй жил удирдах ажил хийсэн байх гэсэн ажлын туршлагыг тавьсан байсан. Зарлагдсан ажлын байранд тавигдсан шаардлагыг тухайн байгууллага захиалга өгдөг ч гэсэн практикт туршлагын шаардлагад байхгүй шаардлагыг тавьсан байдаг. Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалт Тариат сумын Сум дундын Эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалттай нэг өдөр хамт зохион байгуулагдсан. Тухайн Тариат сумын сонгон шалгаруулалтад эрүүл мэндийн байгууллагад 3-аас дээш жил ажилласан байх гэсэн шалгуурыг тавьсан байсан. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргыг томилох сонгон шалгаруулалтанд би орсон, гэтэл дээрх заалт байхгүй байсан. Тийм учраас миний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хааж боогдуулсан гэж үзэж байна.
    Сумын Засаг дарга ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлыг хэсэг томилсон байдаг. Тухайн ажлын хэсэгт томилогдон ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулахад ямар нэгэн хууль тогтоомж ашиглаагүй, зөвхөн тухайн хүнийг 3 жил эрхлэгчээр ажилласныг шаардлага болгож оруулж ирсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэчимэг нь Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргад Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргаар Дэжидийн Эрдэнэчимэгийг томилуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
    Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын комиссын дүнг үндэслэн Д.Эрдэнэчимэгийг Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн ажлын байранд томилсон шийдвэрээ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлэхийг Өлзийт сумын Засаг даргад зөвлөсөн.
    Засаг дарга нь төрийн нэг цогц учраас төрийн захиргааны ажилтан ч бай, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлж байгаа ажиллагаа нь Засаг даргад шууд хамааралтай. Тийм учраас сумын Засаг дарга шийдвэрээ гаргах ёстой байсан боловч эс хэрэгжүүлсэн.
    Нэхэмжлэгч нь Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан. Нэхэмжлэгч анагаах ухааны магистр, Ерөнхий мэргэжлийн эмчийн ахлах зэрэгтэй бөгөөд 23 жил эрүүл мэндийн салбарт ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй талаар гаргасан Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Мөн Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс зохион байгуулсан Сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, Дэжидийн Эрдэнэчимэг нь нийт 100 онооноос 88 оноо авч тэнцсэн талаарх нотлох баримтуудыг хавсаргасан байгаа. 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаас үзэхэд хариуцагч Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын сонгуульт ажлын байранд ажиллах этгээд “удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” шаардлага тавих эрхгүй болох нь гэрч нарын мэдүүлэг мөн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журам, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 сарын 18 ны өдрийн 182 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн их эмчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 сарын 14-ний өдрийн 168 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан. Өөрөөр хэлбэл сумын эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах хүн заавал 2-оос доошгүй жил удирдах ажилд ажилласан байх туршлагатай байхыг шаардаагүй. 
    Харин удирдлагын чиглэлээр богино болон урт хугацааны сургалтанд хамрагдсан байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нь Египетийн Кайр хотод эмнэлгийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг 1 жил хариуцан гүйцэтгэж байсан, Ерөнхий эмчийн ахлах, анагаах ухааны магистр зэрэгтэй, Олон Улсын сургалтын байгууллагад Эмнэлгийн удирдахуйн ажилтны дээд курс эзэмшсэн нь дээрх стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. 
    Сумын Засаг дарга аливаа шийдвэр гаргахдаа тухайн асуудлыг хариуцсан мэргэжлийн байгууллагаас зөвлөмж авах ёстой. Монгол Улсын Стандарт тохирлын үнэлгээний тухай хуулийн дагуу Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 63 дугаар тогтоолоор баталсан монгол улсын стандарт Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны талаарх стандартад эрүүл мэндийн төвийн дарга нь өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагын сургалтанд хамрагдсан байна гэж заасан байдаг. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын гаргасан 168 дугаар тушаалд тодорхой зааж өгсөн.
    Тухайн 2 жил удирдах албан тушаал хашсан байх шаардлагыг бий болгохдоо  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” гэсэн зарчмыг зөрсөн. Хариуцагчийн байгуулсан ажлын хэсгийн гишүүд болох С.Ариунжаргал, Э.Одбаяр, Д.Амарсайхан нарт эрүүл мэндийн төвийн даргад тавигдах ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах чиг үүрэг байхгүй. 
    Мөн авлигатай тэмцэх газрын 2017 оны 5 дугаар сарын 09 ны өдрийн 05 / 4152 дугаар албан бичигт дурьдсанчлан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгож төрийн албаны чадавхийг санаатай бууруулах, улмаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна. 
    Үүнээс дүгнэн үзэхэд Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт явагдсан. Тийм учраас Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргад Өлзийт сумын эрүүл мэндийн төвийн даргад Дэжидийн Эрдэнэчимэгийг томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв
    Хариуцагч Архангай аймгийн Өлзийт сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь 2016 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших шалтгаанаар өргөдлөө өгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд бидний зүгээс аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд сонгон шалгаруулалт зарлан явуулж өгөх тухай хүсэлтээ албан ёсоор гаргаж өгсөн. 
    Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлан мөрдөгдөж байгаа “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод тухайн удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагын ажлын туршлагыг байгууллага хамт олныг удирдан зохион байгуулах туршлагатай, Эрүүл мэндийн байгууллагад удирдах ажил 2-оос дээш жил хашсан байх гэсэн ерөнхий шаардлагуудыг зааж өгсөн.
    Уг журмын 2 дугаар зүйлийн 2.2-д удирдах албан тушаалд томилогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байх бөгөөд тухайн албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлага болон шалгуурыг тусгасан. Ажлын туршлага, мэргэшлийн ур чадвар хэмээн заасныг баримтлан томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтны хувьд ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар томилон боловсруулсан.
    Архангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь уг ажлын байранд тавигдах шаардлагад тусгагдсан удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэсэн ажлын туршлага шаардлага хангахгүй хүнийг сонгон шалгаруулалтад оруулан нэр дэвшүүлэн ирүүлсэн учраас сумын Засаг дарга миний бие томилохоос татгалзсан хариугаа Архангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд албан ёсоор хүргүүлсэн бөгөөд одоогоор ямар нэгэн хариу шийдвэр ирүүлээгүй байгаа болно гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
    Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
        Иргэн Д.Эрдэнэчимэгээс Архангай аймгийн Өлзийт сумын /цаашид сумын Засаг дарга гэх/ Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Д.Эрдэнэчимэгийг томилохыг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2017 оны 3 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна .
    Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг сумын Засаг дарга нь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үл биелүүлж, холбогдох хууль тогтоомж болон дүрэм, журамд байхгүй удирдах ажил 2-оос дээш жил хашсан байх гэсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр намайг Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж. Хариуцагч сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэр дэвшигч Д.Эрдэнэчимэг нь тухайн албан тушаалыг эрхлэх ажлын туршлагад тавьсан шаардлагыг хангахгүй байгаа тул тухайн албан тушаал дээр томилох боломжгүй гэж маргажээ.
    Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйл. “Бүх шатны Засаг даргын бүрэн эрх”, 11.3. “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.” гэж заажээ.
    Сумын Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт тавих тухай” 1/120 дугаар албан бичгээр сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулахаар Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүсэлтээ хүргүүлжээ .
    Сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор томилогдсон сонгон шалгаруулалтын комисс Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж , салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд тэнцэж хамгийн өндөр оноо авсан Д.Эрдэнэчимэгийг Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ .
    Сумын Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын эрүүл мэндийн төвийн даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзах тухай” 1/52 дугаар албан бичгээр нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийн ажилласан байдал, ажлын туршлага нь бидний зүгээс тавьсан тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул томилохоос татгалзаж байгаа талаарх мэдэгдлээ Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хүргүүлсэн байна . 
    Нэр дэвшигчийн ажилласан байдал, ажлын туршлага нь бидний зүгээс тавьсан тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа гэх үндэслэлийн тухайд: Сумын эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага гэх хэсгийн туршлага гэдэгт “Байгууллага хамт олныг удирдан зохион байгуулах туршлагатай, Эрүүл мэндийн байгууллагад удирдах ажил 2-оос дээш жил хийсэн байх.” гэжээ .
    Эрүүл мэндийн тухай хуулиар сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тусгайлан зохицуулаагүй байна. 
    Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн загвар, зураглалыг шинэчлэн батлах тухай” 168 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Хүний их эмчийн хөгжлийн ерөнхий загвар”-ын 4 дүгээр зүйл. “удирдлагын чиглэл”, 4.1 “Эрүүл мэндийн байгууллагад 5 ба түүнээс дээш жил ажилласан, удирдлагын чиглэлээр урт эсвэл богино хугацааны сургалтанд хамрагдсан, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан хүний их эмч нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төвд эрхлэгчээр ажиллах буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, түргэн тусламжийн төв, сувилал, амаржих газар, клиник, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн албан, тасаг, нэгжийн даргаар ажиллаж болно.”, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор баталсан “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа”-ны стандартын /MNS 5081:2013/ 6 дугаар зүйл. “Бүтэц, зохион байгуулалт, удирдлага”, 6.2. “Удирдлага”, 6.2.2. “Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгийн дарга нь өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан байна.” гэж тус тус заажээ.
    Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн загвар, стандартын дээрх заалтуудаас үзвэл сумын эрүүл мэндийн төвийн дарга нь эрүүл мэндийн байгууллагад удирдах ажил 2-оос дээш жил хийсэн байх гэсэн шаардлагыг хангасан байхыг шаардаагүй байна. 
    Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Их эмч, эм зүйчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” 182 дугаар тушаалын зугаадугаар хавсралтаар “Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар”-ыг баталжээ. Тус загварын тавигдах шаардлага гэх хэсгийн туршлага гэдэгт “5 жилийн хугацаатай эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй” гэжээ. Өөр тусгай шаардлагыг тавиагүй байна.
    Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/51 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа холбогдох дүрэм, журам, стандартыг судлалгүйгээр “удирдах ажил 2-оос дээш жил хийсэн байх” гэсэн шаардлага тавьсан нь холбогдох холбогдох дүрэм, журам, стандарттай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 
    Иймд дээрх шаардлагыг үндэслэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэхэмжлэгчийг томилохоос татгалзаж байгаа сумын Засаг даргын үйлдэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Д.Эрдэнэчимэгийг томилохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
    Хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд: Хариуцагч Архангай аймгийн Өлзийт сумын Засаг дарга Д.Энхжаргалд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг товлон зарлах шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минутанд болох талаар товыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн байна .
    Хариуцагч шүүх урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох боломжгүй талаар мэдэгдээд, шүүх хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд товлон зарлаж өгнө үү гэсэн саналыг гаргажээ .
    Шүүх хариуцагчийн гаргасан саналыг үндэслэн шүүх хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутанд хийхээр товлон зарлажээ .
    Хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч авч, эрх зүйн туслалцаа авах шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулжээ .
    Хариуцагч нь шүүх хуралдаан хойшлуулсан цаг хугацаатай холбоотой санал, хүсэлт гаргаагүй бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 0,10 хувийн согтолттой байсан  тул хариуцагчийг шүүх хуралдааны танхимаас гарган, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Дэжидийн Эрдэнэчимэгийг томилохыг Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргад даалгасугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ГАНБАТ