Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1630

 

Б.**ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.**ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “** ББСБ” ХХК-д холбогдох,

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би "** ББСБ" ХХК-д 2013 оны 12 дугаар сараас хуульчаар ажиллаж эхэлсэн. 2006 оноос тус компанид Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан. "** ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15/64 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, мөн өдрөө 15/65 тоот тушаалаар Б.**той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн байна.

Эхний тушаал нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр У.**д холбогдох шүүх хуралдаанд байгууллагын захиргаанаас тусгайлан өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаал юм. Бодит байдал дээр н.**оос Б.**ид олгосон итгэмжлэлийн хүрээнд өөрийнхөө эрхийг хэрэгжүүлсэн байдал гарсан юм. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг Б.** биш шүүгч хойшлуулсан. Тус шүүх хуралдаан нь хариуцагч тал хүсэлт гаргаснаар хүсэлтийг хангаж, хойшилсон байдаг. Манай талаас энэ тушаалтай холбогдуулан 15 хуудас нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтад "** ББСБ" ХХК нь У.**д холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. "** ББСБ" ХХК нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа хамгийн сүүлд нэмэгдүүлсэн байдлаар буюу 25 424 374 төгрөг төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан байдлаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Б.** нь өөрт олгосон эрхийнхээ хүрээнд "** ББСБ" ХХК-ийн эрх ашгийг тус хэргийн хувьд бүрэн хангасан гэж үзэж байна.

Иймээс "** ББСБ" ХХК-иас нэхэмжлэгч Б.**ид ногдуулсан 15/64 дугаар захирлын тушаал хууль бус бөгөөд 2 дахь сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл болох Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооны хуралд "** ББСБ" ХХК-ийг төлөөлж оролцох үүрэг нэхэмжлэгч Б.**ийн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заагаагүй байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг шаардахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймээс шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "** ББСБ" ХХК-ийн захирлын Б.**ид холбогдуулж гаргасан 2 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Б.**ид ногдуулсан 15/64 тоот сахилгын шийтгэл нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан У.**ын хэрэгтэй холбоотой шийтгэл юм. Тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр манай компанийн ажилтан С.** хамт оролцож байсан. У.**ын хэрэг нь компанийн нийт активын 20 хувийг эзэлж байгаатай холбогдуулан манай компаниас тус хэрэг дээр маш их ач холбогдол өгч, хурдан шийдүүлэх хүсэлтэй байсан. У.**д холбогдох шүүх хуралдаан нь хариуцагч талаас болж 11, 12 удаа хойшилсон байдаг. "** ББСБ" ХХК-ийн удирдлага нь У.**ын хэрэгтэй холбогдуулан Б.**ид тусгайлан үүрэг өгч нэхэмжлэгч талаас шалтгаалж шүүх хуралдааныг хойшлуулахгүй байхыг, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхгүй байхыг даалгасан юм.

Хэрвээ У.**д холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагатай тохиолдолд гүйцэтгэх удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөл авахыг тусгайлан үүрэг болгосон. Гэтэл Б.** нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь шүүх хуралдааныг олон хоногоор хойшлуулах үндэслэл болсон. Б.** нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх талаар удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй.

Манай компанийн хувьд Б.**ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан У.**, А.** нарт холбогдох 2 хэрэг дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэг дээр нь 400 000 000 төгрөгөөр, нөгөө дээр нь 130 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээс илүүтэйгээр тус хэргүүдийг хурдан шийдүүлэх нь компанийн нэн тэргүүний ашиг сонирхлын асуудал байсан юм.

Ийм учраас Б.**ид ажил олгогчоос тусгайлан даалгасан үүргийг биелүүлээгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан. У.**д болон А.**д холбогдох хэргүүдэд шүүх хуралдаан хойшилсон захирамжуудыг харахад нэхэмжлэгч тал буюу манай талаас нэг ч удаа шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж байгаагүй нь нотлогдоно. Энэ нь тус хурлуудыг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргахгүй шүү гэсэн байр суурьтай ажиллаж байсан нь шүүгчийн захирамжуудаас харагдаж байгаа.

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь 173 гишүүнчлэлтэй, 9 удирдах зөвлөлийн гишүүнтэй байдаг. "** ББСБ" ХХК нь тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм. Б.** нь "** ББСБ" ХХК-ийг тус холбоонд төлөөлөн ажилладаг байсан. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо жилд 10 хурал хийснээс Б.** нь 8 хурлыг нь тасалсан байсан. Үүнтэй холбоотойгоор Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны удирдах зөвлөлөөс манай байгууллагыг хассан байсан. Энэ тухай баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч Б.** нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээс "** ББСБ" ХХК-ийг хассан тухай асуудлыг хагас жилийн хугацаанд компанийн удирдлагуудаас нуун дарагдуулсан байсан. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос энэ тухай лавлахад Б.**ийн имайл хаяг руу нь мэдэгдсэн гэсэн тайлбар өгсөн.

Б.**ийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар хариуцсан ажлын байрны хувьд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллана. Байгууллагаас гадуур бүх төрлийн албан тушаалтантай хамтран харилцаатай ажиллах нь түүний үүрэг байсан. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоонд өөрийн ажиллаж байгаа компанийг төлөөлөх нь түүний ажлын байрны тодорхойлолтод орсон байгаа. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны хуралдааны явцад Б.** нь удирдах зөвлөлд хуульч хүн байх нь зүйтэй гэж өөрөө санал дэвшүүлж, удирдах зөвлөлийн гишүүн болсон тухай тус хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Мөн хариуцагч талаас сүүлд шүүхэд өгсөн баримт дээр Б.** нь 2013 оны 08 дугаар сарын 03- ны өдрөөс эхлэн өмгөөлөгчөөр давхар ажиллаж байсан нь тогтоогддог. Энэ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан давхар ажил эрхлэн гүйцэтгэхийг хориглосон заалтыг зөрчсөн байна. Б.** нь ажилтны үүргээ болон хуульчийн ёс зүйн журмыг зөрчсөн гэж үзэж байна. Нэмж хэлэхэд Б.** нь манай компаниас халагдсанаар огт ажилгүй болоогүй ба одоог хүртэл өмгөөлөгчөөр ажиллаад явж байгааг шүүх анхаарна уу. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг баримтлан "** ББСБ" ХХК-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/64 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.**ийг "** ББСБ" ХХК-ийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 814 286 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагч "** ББСБ" ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.**ид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247 021 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б.Батторж манай компанид 2013 оноос Тамгын газрын дарга, хуулийн зөвлөхөөр ажилласан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг зөрчсөн, ийнхүү хөдөлмөрийн харилцаа үүсч, хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу нотлох баримт, тайлбар гаргасан боловч маргааныг тун өнгөцхөн, зөвхөн хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдэг агуулгаар нь шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн зүгээс компани санхүүгийн хүнд байдалд орсны улмаас цомхотгол хийсэн бөгөөд Б.**ийн эрхэлж байсан тамгын газрын захирал, хуулийн зөвлөхийн албан тушаал байхгүй болсон, хуулийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байхаар болсон гэж тайлбар хийснийг шүүх авч үзээгүй байна.

Шүүх хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус учраас хөдөлмөрийн харилцааг ямар үндэслэлээр дуусгавар болгосноос үл хамааран өмгөөлөгч хүн компанийн ажил, албан тушаалд ажиллахыг хориглох хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосонгүй. Тиймээс нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа үүссэн нь хууль бус байсан учраас түүнийг ажилд нь эгүүлэн авах, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг олгож шийдсэн нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчжээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт бага цалинтай ажил хийсэн бол зөрүүг нөхөн олгох бөгөөд шүүх нэхэмжлэгчийг өнгөрсөн хугацаанд цалин хөлс, түүнтэй адилтгах орлого олсон эсэхийг тогтоолгүйгээр шийдсэн нь өрөөсгөл юм. Мөн ямар хуулийн ямар үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон талаар шийдвэрийн тогтоох хэсэгт байхгүй нь энэ хэрэгт дээр дурдсанчлан хэтэрхий өнгөц, үйл явдлыг иж бүрэн судлаагүй, дүгнэлт хийхдээ хайнга хандсаны илрэл гэж үзэж байна. Үндэслэл болсон хуулийн зүйл, хэсэг, заалтууд шүүх шийдэх маргаан харьяалал, цалинг нөхөн олгох зохицуулалт, ажил олгогчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд ажилтныг даатгуулах үүргийг л дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

Тиймээс хууль зөрчиж үүссэн хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэхгүй, хууль бус харилцаагаа зогсоосны төлөө нөхөн олговор олгох үүргийг манай компани хүлээхгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, мөн иргэн Б.**ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.** нь хариуцагч “** ББСБ” ХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “** ББСБ” ХХК нь Б.**той 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 22/14 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүнийг Тамгын газрын даргын ажил, албан тушаалыг эрхлүүлэхээр харилцан тохиролцсон, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 

 

“** ББСБ” ХХК-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/64 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.9, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.**ийн үндсэн цалинг нэг сарын хугацаанд 20 хүртэл хувиар бууруулах, ажлын үр дүнгийн шагнал, урамшууллыг 6 сарын хугацаагаар бүрэн хасах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хариуцагч байгууллага сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ ажилтан нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор билүүлээгүй буюу удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр өөрөө дур мэдэн У.**д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлж оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан зөрчил гаргасан гэх боловч хэрэгт авагдсан баримт болох 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “** ББСБ” ХХК-иас Б.**ид олгосон итгэмжлэл /хх 29 дэх тал/-ээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг ба уг эрхийг хэрэгжүүлснийг сахилгын зөрчил гэж дүгнэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Харин уг итгэмжлэлд Б.**ид нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрх олгооогүй гэж хариуцагч тайлбарлаж, баримтаар хэргийн 99 дэх талд авагдсан итгэмжлэлийг гаргаж өгсөн. Уг итгэмжлэлд У.**д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлж оролцох эрхийг Б.**ид олгохдоо нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх эрхийг заагаагүйгээр хэргийн 29 дэх талд баримтаар авагдсан итгэмжлэлээс ялгаатай байна.

 

Энэ 2 итгэмжлэлээс хэргийн 29 дэх талд авагдсан итгэмжлэлийг илүү үндэслэлтэй гэж шүүх дүгнэхдээ уг нэхэмжлэл нь У.**д холбогдох иргэний хэрэгт баримтаар авагдсан ба ажил олгогчоос сүүлд гаргаж өгсөн хэргийн 99 дэх талд байгаа итгэмжлэлийг уг иргэний хэрэгт олгогдсон итгэмжлэл гэдгийг хариуцагч байгууллага нотлохгүй байх тул нэг талын үйлдсэн баримт гэх үндэслэлээр эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээс гадна хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан нь тус шүүхийн шүүгчийн 35475 дугаар захирамжаар тогтоогдож байх тул Б.**ид 15/64 тоот тушаалаар ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

“** ББСБ” ХХК-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.3, Хөдөлмөрийн гэрээний 3.1.5, 3.1.6.4, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Б.**ийг Монголын Банк бус санхүүгийн байгууллагын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээс хасуулж, удирдлагаас нуун дарагдуулж сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

 

Монголын Банк бус санхүүгийн байгууллагын холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ВМ-2015/001 тоот тогтоолоор “** ББСБ” ХХК-ийг Удирдах зөвлөлийн гишүүнээс хассан үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан болон ажлаас халсан тушаалуудад Б.**ийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, компанийн санхүүгийн байдал хүнд байдалд орсны улмаас ажилнуудаа цомхотгосон тул Б.**ийн эрхэлж байсан Тамгын газрын захирал, хуулийн зөвлөх албан тушаал байхгүй болсон гэх үндэслэлүүд нь тушаалын үндэслэл болоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй банйа.

 

Түүнчлэн Б.**той байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл нь энэ хэргийн маргааны зүйл биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/04776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

 

        ШҮҮГЧИД                                               Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА