Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00383

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчЛ.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Б.Авирмэдийн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох 35000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2015/00396/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймаг дахь Авто тээврийн төвд улсын байцаагч ажилтай, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Рашаант Домын дэвсгийн 4-01 тоотод оршин суух, Улаан хад овогт Бүрэнтогтохын Авирмэд /РД:ГЭ67041414/,

хариуцагчийн байгууллагын төлөөлөгч-1981 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, дээд боловсролтой, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Усны 215 тоотод оршин суух, Боржигон овогт Намчингийн Пүрэвсайхан /РД:ГЖ81021219/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Авирмэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт байршилтай Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн хажуудах 60 ширхэг бетонон багана, суурийн дам нуруу, 60*30*1 суурийн эд хэсэг, спорт заалны 14 ширхэг бетонон багана, 40*40 хэмжээтэй суурь, урлагийн заалны 10 ширхэг бетонон багана, суурьтай нь, складын 24 ширхэг багана суурийн хамт Арцат Могой ХХК-ийн захирал Ц.Чойжамцаас худалдаж авсан бөгөөд Булган аймаг Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 255 дугаар шийдвэрээр намайг эдгээр эд зүйлийн өмчлөгч болохыг тогтоосон. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж гарч 2014 оны 11 дүгээр сарын 28 өдрийн 136 дугаартай "гүйцэтгэх хуудас" олгогдож тус шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №15/10/10 тоот "шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх" тухай тогтоол гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарсаны дагуу миний бие өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны холбогдох албан тушаалтанд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хохирлыг барагдуулж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолыг хааж архивт шилжүүлсэн байна. Дээрхи байдлыг ахлах гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нараас тодруулахад мөнгөн дүнгээр илэрхийлсэн хохирол байхгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байна, гэж хэлсэн. Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрийн төв нь 2011 онд Спорт заалыг барихдаа дээрхи миний эзэмшлийн эд хөрөнгө буюу 40*40 хэмжээтэй суурь, 14 ширхэг бетонон баганыг дур мэдэн ашиглан зураг төсөв хийлгэн, улсын төсвийн 35000000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заалыг барьсан. Дээрхи спорт заалны барилгын ажил явагдахаас өмнө барилгын суурь тавигдаж 14 ширхэг бетонон багана боссон байсан учир тус спорт заалны барилгын ажлын гүйцэтгэл нь 40-50%-тай байсан гэж үзэж байгаа бөгөөд банк санхүүгийн болон мэргэжлийн үнэлгээний байгууллагууд ч гэсэн дээрхитэй нэгэн адил үзэж байсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Спорт заал барихдаа ашигласан спорт заалны суурь, суурийн эд хэсэг, 14ш бетонон баганын гүйцэтгэлийг хамгийн багаар 18% -тай гэж үзэхэд 60000000 орчим төгрөг болж байгаа ч би 35000000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэл гаргасанаа багасгаж шинжээчийн дүгнэлтийн дагуу 34884635 төгрөгийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргах үед захирал нь Н.Оюунбат гэж хүн байсан учраас түүний нэрээр бичсэ түүнээс биш захирал Н.Оюунбатаас нэхэмжлээгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэхэмжилж байгаа. Спорт заалыг барихдаа миний өмчлөлийн 40*40 хэмжээтэй суурь, 14 ширхэг бетонон баганыг ашиглаж, оролцуулж барьсан учраас эдгээрийн үнийг нэхэмжилж байгаа бусад зүйлээ ав гэвэл би очоод авахад бэлэн байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Пүрэвсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр иргэн Б.Авирмэдийн өмч гэх /спорт заалны 14 ширхэг бетонон багана, 40*40 хэмжээтэй суурь, урлагийн заалын 10 ширхэг бетонон багана, суурь, складны 24 ширхэг бетонон багана, суурь/ хуучин нураасан барилгаас үлдсэн бетонон багана, суурийн доорх газар нь Хөдөлмөрийн яамны харьяа Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн газар мөн болохыг тогтоосон. Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2012 онд барьж ашилалтанд оруулсан Спорт заалыг барихдаа нэхэмжлэгч Авирмэдийн өмч гэх спорт заалны 14 ширхэг бетонон багана, 40*40 хэмжээтэй суурийг ашигласан боловч Б.Авирмэд нь 35000000 төгрөгийг ямар ч үндэслэлгүй өөрийн хүссэнээр үнэлж мөнгө нэхэмжилж байна. Мэргэжлийн үнэлгээний байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч үнэлгээ хийх боломжгүй гэж хариу ирүүлсэн. Хариуцагчийн хүсэлтээр мэргэшсэн төсөвчиний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Ажиллах хүчний зардал гэж нэхэмжлэгчээс гараагүй, барилгын насжилт, элэгдэл хорогдлыг тооцох ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрхгүй. Харин нэхэмжлэгч Авирмэдэд манай газар дээр байгаа урлагын заалны 10 ширхэг бетонон багана, суурь, складын 24 ширхэг бетонон багана сууриа авч газар чөлөөлж өгөөрэй гэж хэлэх байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Авирмэд нь хариуцагч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулж Спорт заал барихдаа ашигласан 40*40 хэмжээтэй суурь, 14 ширхэг бетонон баганы үнэ35000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаа шүүх хуралдаанд 34884635 төгрөг болгон багасгажээ./хх 1-2 тал/

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Пүрэвсайхан нь ...мэргэшсэн төсөвчний үнэлгээг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь өөрийн хүссэнээр үнэлж мөнгө нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ. /хх 23 тал/

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 255 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Авирмэдийг Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн сургуулийн хажууд байрлалтай 60 ширхэг бетонон багана, суурийн дам нуруу, 60*30*1 суурийн эд хэсэг, спорт заалны 14 ширхэг бетонон багана, 40*40 хэмжээтэй суурь, урлагийн заалны 10 ширхэг бетонон багана, суурьтай нь, складны 24 ширхэг багана суурийг өмчлөх эрхтэй болохыг тогтоожээ./хх 11-12 тал/

Гэтэл Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрийн төв нь 2011 онд Спорт заал барихдаа нэхэмжлэгч Б.Авирмэдийн өмчлөлийн спорт заалны 14 ширхэг бетонон багана, 40*40 хэмжээтэй суурийг ашиглаж барьсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргахгүй байна.

Харин хариуцагч байгууллагын төлөөлөгч нь ..мэргэшсэн төсөвчний үнэлгээг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь өөрийн хүссэнээр үнэлж мөнгө нэхэмжилж байна гэж маргаж байгаа хэдий ч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 685 дугаар захирамжаар томилогдсон Мөнгөн харандаа ХХК-ийн мэргэшсэн төсөвчин Д.Пүрэвдоржийн гаргасан дүгнэлтийг баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д ..Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх....зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 495.2-т ..495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэжээ.

Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрийн төв нь 2011 онд Спорт заал барихдаа нэхэмжлэгч Б.Авирмэдийн өмчлөх эрхтэй спорт заалны 14 ширхэг бетонон багана, 40*40 хэмжээтэй суурийг ашигласан учраас тэрээр өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвөөс спорт заалны14 ширхэг бетонон багана, 40*40 хэмжээтэй суурийн үнэ 34884635 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Авирмэдэд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т зааснаар, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 34884635 /гучин дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Авирмэдэд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 333000 /гурван зуун гучин гурван мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 332373 /гурван зуун гучин хоёр мянга гурван зуун далан гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Авирмэдэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булганаймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН