Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00435

 

 

 

*******, ******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04677 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******** ХХК-д тус тус холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй,

 

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай ******** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн наст хотхоны ******* байрны ******* тоот, 70,183 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь ******* нь 2008 онд өөрийн гурван өрөө байрыг зарж орон сууцаа сайжруулах зорилготой Баянзүрх дүүрэгт байр хайж байгаад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан ******* гэх хүнтэй очиж уулзаж байрны захиалга өгсөн. Ийнхүү нэг талаас эхнэрийн төрсөн эгч болох ******* нь дүүгээ төлөөлж, нөгөө талаас ******* ХХК нар 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ******* нь орон сууцны урьдчилгаа төлбөр 80 хувийг төлж, үлдэгдэл 20 хувийг орон сууц ашиглалтад орсон хойно төлж барагдуулах нөхцөлтэйгөөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй 168 айлын орон сууцны 4 давхрын 83.41 м.кв бүхий 4 өрөө байрыг захиалж байсан. Гэрээний дагуу тус орон сууцыг 2010 оны 3 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл барилгын ажил удааширч явагдсанаар эхний байр нь 2012 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон. Энэ хугацаанд *******гийн гэр бүл 4 жилийн хугацаатай хөлсний байр хөлсөлж байсан. Ийнхүү учир байдлаа тайлбарлан ****** захиралтай уулзаж байрандаа ормоор байгаа тухайгаа хэлэхэд Хан-Уул дүүргийн 13 давхрын 2 өрөө байранд түр орж бай гэсэн боловч тус байранд ороод удаагүй байтал хөөгдсөн. Ингээд анх захиалсан Баянзүрх дүүргийн 168 айлын орон сууцны 4 давхрын 83.41 м.кв бүхий 4 өрөө байрыг очиж үзэхэд өөр айл ороод амьдарч байсан. Гэтэл ******* ХХК-ийн талаас 8 эсвэл 10 давхрын 70.1 м.кв талбай бүхий 2 өрөө байрны аль нэгийг сонгоод орвол ор орохгүй бол боль, та нар бараг байргүй үлдэх болчихоод байна гэсэн. Арга буюу бид тус байрны 10 давхрын ******* тоот 2 өрөө байрыг сонгож шинээр 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэг талаас ******* ХХК, нөгөө талаас ******* нар захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. ******* нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн ч өнөөдрийг хүртэл орон сууцны үл хөдпөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж чадахгүй, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөөр байна. Иймд, гэрээний 4.1-д энэхүү гэрээний 2.2-д орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц хөрөнгө оруулагчийн өмчлөлд бүрэн шилжүүлэх бөгөөд уг орон сууцыг хөрөнгө оруулагч үл хөдпөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргаснаар хөрөнгө оруулагчийн өмчлөлд бүрэн шилжинэ гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн наст хотхоны ******* байрны ******* тоот 70.183 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү

 

2. Хариуцагч ******* ХХК, ******** ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч ******** ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нэхэмжлэгч *******, ******* нартай ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Тухайн орон сууцыг хүлээлгэж өгөх үүрэг хүлээгээгүй. Манайх өөрсдөө улсын комист хүлээлгэж өгөөд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ******** ХХК-д өмчлөл нь бүртгэлтэй явдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ХХК-ийн зүгээс мөн адил нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардпага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх чөлөө, хуулиар тогтоосон ашиг сонирхолд нь хохирол учруулсан этгээдийг хэлнэ гэж заасан. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн ямар ч эрх хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нь хохирол учруулаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргаж өгсөн гэрээ яриад байгаа 2008, 2012 оны гэрээ өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг сонсохоор 2012 оны гэрээгээр шаардаж байгаа юм шиг тайлбарлаад байгаа. Гэхдээ хурлын тэмдэглэл дээр 2008 оны гэрээгээр шаардаж байгаа гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардпага нь тодорхойгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь Түмэн наст барилгын ажлыг гүйцэтгэдэг байсан. Тухайн үед манай компанийн захирлаар ажиллаж байсан ******* гэх хүнтэй ******* нь 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу манай компанид ямар нэгэн орон сууцны төлбөрийг төлж байгаагүй. ******* гэх хүн хувьдаа хэрэглэсэн байдаг. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч ******* нь манай компанид огт мөнгө өгөөгүй, ирж уулзаж байгаагүй. Нэхэмжлэлд дурдсан тус орон сууц нь анхнаасаа ******** ХХК-ийн өмчлөлд байсан. Хэргийн материалд нотлох баримтаар өгсөн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний баримт нь өмнөх шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ж.Жаргалсайхан гэх хүн нь зээл авахад хэрэгтэй байна гэж ******* ХХК-ийн нягтлан бодогч ********аас бичүүлж авсан хуурамч баримт байдаг. Гэрчээр асуугдаж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн нэхэмжлэгч талын дуудсан гэрч Ж.Жаргалсайхан *******д мөнгө өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч ******** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо Түмэн наст хотхоны ******* байрны ******* тоот орон сууцыг хариуцагч *******ий хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь тухайн орон сууцыг манай компани 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 000281250 дугаар гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч нь болоод явж байгаа. Түмэн наст орон сууцад манай компани нь хөрөнгө оруулаад ******* ХХК-иар бариулж ашиглалтанд оруулаад худалдан борлогдоогүй орон сууцнуудыг манайх өмчлөлдөө авсан байдаг. Маргаан бүхий орон сууцыг 2012 оноос хойш ******* эзэмшилдээ авсан байдаг. Энэ талаар 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан орон сууцыг худалдан авсан гэж тайлбарладаг. Энэ талаар ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Мөн ямар ч төлбөр тооцоо төлөгдөөгүй. Энэ талаарх баримт байдаггүй. Манай компанийн зүгээс энэ асуудлыг шүүхийн маргаан үүсэхээс өмнө мэдээгүй байсан. Шүүхийн маргаан үүссэнээс хойш хариуцаж байсан ******* ХХК-иас гэрээ хэлцэл, төлбөр тооцооны асуудлаар лавлаж тодруулсан. Тэгэхэд орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, төлбөр төлж байгаагүй байсан. Иймээс, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг хууль бусаар эзэмшилдээ авч, ашиглаж байгаа нь компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж үзэж байгаа учраас хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106.1-д зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулах *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн 14- р хороо Түмэн наст хотхоны ******* байрны ******* тоот 70.183 м.кв орон сууцыг нэхэмжлэгч *******ий хууль бс эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,150 төгрөгийг, хариуцагч ******** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** ХХК, ******* ХХК, ******* ХХК нараас 403,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нь нэхэмжлэгч нар нь ...11,162,854 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д төлмөгц тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэснийг хүлэзн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар нь 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-тай Орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байдаг бөгөөд уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 168 айлын 4 давхарт 83.41 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 38,250 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон бөгөөд урьдчилгаанд 35 сая төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Гэрээний 2.1.1-д зааснаар уг орон сууц нь 2010 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох байсан боловч гэрээнд заасан хугацаандаа орон сууц ашиглалтад ороогүй 2012 он хүрсэн бөгөөд тэр хүртэл нэхэмжлэгч түрээсийн байранд 3 жил түрээс төлж амьдарсан байдаг. Энэ байдлаа ******* ХХК-д удаа дараа хэлж, өргөдөл хүсэлтээ гаргаж байж 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 185 дугаартай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-гээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн наст орон сууцны хотхоны З6А байрны ******* тоот, 70.183 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг.

Уг гэрээнийн 2.2-т талуудын тохиролцоогоор үлдэгдэл төлбөр байхгүй болох нь нотлогдож байхад үүнд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч нараас 11,162,854 төгрөгийг хариуцагч ******* ХХК-нд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04677 дугаартай шийдвэрт ... 11,162,854 төгрөгийг хариуцагч ******* ХХК-нд төлмөгц ... гэх хэсгийг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нотлох баримтаар 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 185 дугаартай захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгт авагдсан. Энэ гэрээг ерөнхий захирал Б.Мөнхтөр, гүйцэтгэх захирал Л.Түвшинбат болон бусад албан хаагч нар гарын үсэг зурж баталгаажуулж хүчин төгөлдөр болно. Шүүхээс энэ гэрээг ямар учраас манайхтай байгуулсан гэж үзсэнийг ойлгохгүй байна. Тус гэрээний дагуу 11,162,854 төгрөгийг төлөхгүй гэж байгаатай холбогдуулан хэлэхэд тухайн үед байгуулагдсан бүх гэрээ компьютер дээр бичигддэг. Манай байгууллагатай байгуулаагүй гэрээ учраас төлбөр төлөх асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

6. Хариуцагч ******** ХХК болон ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрзэс нь харьцуулан үнэлээгүй тухайд:

Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04677 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 7-р хэсгийн 7.2-т ...51 мкв орон сууцны урьдчилгаа 35,000,000 төгрөгийн орлого хийсэн ... гэж, мөн 7.3-т 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК нар захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын 185 дугаар гэрээг байгуулж, ...талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан, 7.4-т ...урьдчилгаа төлбөрт 80 хувийг төлсөн тул байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлон гаргаж өгсөн баримтууд нь хуурамч, нотлох баримтын шаардлага хангахгүй, манай ******* ХХК-тай байгуулсан гэх 185 дугаартай гэрээ нь батлагдаагүй гэрээ, эх хувь биш хуулбар, гэрээний драфт байна. Мөн гэрээний дугаарыг 185 гэж өөрчилсөн, хуулбар баримт дээр нэхэмжлэгч тал өөрсдөө гарын үсэг зурсан шинжтэй байхад гэрээг байгуулагдсан гэж дүгнэсэн гэж нотлох баримтыг огт үндэслэлгүй дүгнэж шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Түүнчлэн, *******, ******* нарын гэх хүсэлт нь хэнд, хэзээ, хаана гаргаж, хэн хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй гарын үсэг хэсэгт нэг хүн 2 гарын үсэг зурсан нь илэрхий зэрэг хуулбар баримтуудыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож буй нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь харьцуулан дүгнэх шаардлагыг хангаагүй таамаглаж шийдвэрлэсэн.

Мөн шийдвэрийн ******* ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 624 дугаар бэлэн мөнгөний орлогын баримтад байрны урьдчилгаа /112- 43 орон сууцны үнэд 52,332,068 төгрөг тушаасан үйл баримт тогтоогдсон гэжээ.

Нэхэмжлэгч нь 52,332,068 төгрөгийг төлсөн эсэхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч нотлодоггүй бөгөөд төлбөр төлсөн талаарх орлогын эх үүсвэр, өөрөөс зардал гарсныг нотлох баримт байхгүй, мөн 1-р хавтаст хэргийн 90-92 дахь талд авагдсан гэрч ********ын гэрчийн мэдүүлгээр дээрх мөнгийг бодитойгоор төлөөгүй, бэлэн мөнгөний кассын орлогоор орсон зүйл байдаггүй, зөвхөн итотекийн зээл авах зорилгоор бичүүлж авсан нь нотлогддог.

Анхан шатны шүүх хэт нэг талын байр суурийг барьж хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзэлгүйгээр *******, ******* нар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж илт үндэслэлгүйгээр дүгнэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

6.2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд:

Шүүхийн шийдвэрт, ...2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* ******* ХХК нарын хооронд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Түмэннаст хотхон ******* байрны ******* тоот хаягт байрлах 70.183 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулах, урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдсон гэж,

...шүүх 2008.07.25-ны өдрийн гэрээний дагуу 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний зүйл болох орон сууцыг өөрчлөхөөр, харин үнийг хэвээр үлдээхээр тохиролцсон гэж үзэхээр байх тул ... гэж тус тус дүгнэсэн байна.

Гэвч анхан шатны шүүхээс худалдан авагч нь орон сууцны хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй гэж, 35 сая төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж дүгнэсэн мөртлөө орон сууцны урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрт мөнгө төлсөн ямар ч хууль ёсны, нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгч тапын тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрзг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

6.3. ******** ХХК нь нэхэмжлэгч *******, ******* нарын өмнө үүрэг хүлээгээгүй бөгөөд мөн Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй тухайд:

******** ХХК нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан зүйл байхгүй бөгөөд тухайн хэргийн жинхэнэ хариуцагч биш болно. Нэхэмжлэгч тал нь орон сууцны төлбөрийг манай ******** ХХК төлөөгүй, ******** ХХК-тай огт гэрээ байгуулаагүй тул ******** ХХК нь нэхэмжлэгч нарын өмнө ямар нэгэн гэрээгээр болон хуульд заасан үүрэг хүлээхгүй, тус үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх үүрэггүй.

Монгол улсын Иргэний хуулийн 183-р зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн, зөв гэж тооцно гэж заасан.

Анхан шатны шүүхээс маргаан бүхий орон сууцыг манай ******** ХХК-ийн хууль ёсны өмчлөлд байгаа мөн нэхэмжлэгч нар нь ******** ХХК-тай гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй талаар ямар ч дүгнэлт өгөлгүй өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээр даалгаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд биелэгдэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл манай ******** ХХК нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Түмэннаст хотхон ******* байрны ******* тоот хаягг байрлах 70.183 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой бүртгэлийг хууль бус эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох үйл баримт байхгүй, мөн энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагад өмчлөгчөөр тогтоолгох, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөх гэж тодорхойлсон байгаа нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. ******** ХХК-ийн хууль ёсны өмчлөгчийн бүртгэлийг хүчингүй болгох шаардлага гаргаагүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байхад манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, хэт нэг талын байр суурийг барьж нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж илт үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч талын нотлох баримт хуурамч, эргэлзээтэй байна гэх гомдол үндэслэлгүй.

Гэрээ байгуулж энэ байранд амьдар гээд нэхэмжлэгч нарт түлхүүр өгч амьдрах боломж олгосон. Өөрсдөө гэрээ байгуулж, гэрээгээ баталгаажуулна гэж оруулсан байж байрны гэрчилгээг гаргаж өгдөггүй.

Улсын бүртгэлд захиалагч нь ******* гэх хүн байгаа учир гэрчилгээ гаргаж өгнө үү гэх баримтыг өгсөн байдаг. Дараа нь залруулга хийж ******* гэж андуурсан тул ******** ХХК-ийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ гаргаж өгнө үү гэх баримт хэрэгт авагдсан учир шүүх уг баримтыг үнэлсэн.

Нэхэмжлэгч нар нь 2008 оны гэрээг үндэслэж 2012 онд гэрээ байгуулсан. 2008 оны гэрээний биелэлт биелэгдээгүй учраас 2012 онд гэрээний биелэлтийг хангаж, гэрээ байгуулж, захиалагч нарыг хохиролгүй болгож байранд оруулсан.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хангалттай үнэлсэн, гомдолд дурдсан асуудлыг хууль ёсны дагуу бүрэн дүүрэн үнэлсэн. ******** ХХК, ******* ХХК, ******* ХХК-иуд нь хамаарал бүхий компани гэж шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Тухайн байранд 2012 оны 11 сараас хойш өдийг хүртэл амьдарч байсан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч талаас байрны гэрчилгээ гаргуулахаар удаа дараа шаардсан боловч гаргаж өгөхгүй байсан тул 2022 оноос хойш эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан.

Нэхэмжлэгч нар нь захиргааны хэргийн шүүхэд маргаан бүхий байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн үндэслэл бүхий шийдвэр гарсан. Иймд хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******** ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч ******** ХХК нь хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин нэхэмжлэгч нар нь 11,162,854 төгрөгийг хариуцагч ******** ХХК-д төлмөгц тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ******* ХХК-тай орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороололд байрлах 168 айлын 12 давхар орон сууцны 4 давхрын .... тоот 4 өрөө, 83.41 м.кв талбайтай орон сууцыг захиалгаар бариулах хөрөнгө оруулалтыг хийж, хөрөнгө оруулалтын нийт зардлын 80 хувь болох 30,600 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 20 хувь болох 7,650 ам.долларыг ашиглалтад хүлээлгэн өгөхийн өмнө буюу 2010 оны 3 дугаар улиралд тус тус төлөхөөр харилцан тохиролцож, гарын үсэг зуран, тамга тэмдгээр баталгаажуулжээ. /1-р хх-ийн 9-12/

 

4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын 185 дугаар гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн наст орон сууцны хотхоны ******* байр, ******* тоот 70,183 м.кв 2 өрөө орон сууцыг барих ажлыг түүний хөрөнгөөр санхүүжүүлэн барихаар харилцан тохиролцсон. /1-р хх-ийн 5-7/

 

4.2.Хариуцагч ******* ХХК-ийн 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай кассын орлогын ордерт ******* 1-168-ийн зүүн урд булан 4-р давхарт 51 м.кв орон сууцны урьдчилгаа гэх утгаар 35,000,000 төгрөгийн төлбөр төлж, энэ орлогыг ******* ХХК 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр авч 14 дүгээр хорооллын газар шилжүүлэх ажилд хэрэглэсэн бөгөөд үүнийг Мөнхтөр захиралтай ярилцаж шийдвэрлэсэн гэж тэмдэглэсэн байна. /1-р хх-ийн 17/

 

4.3.******** ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт охин компани болох ******* ХХК-ийн шилжүүлж буй Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын ******* байрны 151, 76, *******, 97, 160, 111, 114, 115, 180, 34 тоот орон сууцуудыг компанийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Улмаар Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын ******* байрны ******* тоот орон сууцны өмчөгчөөр ******** ХХК-ийг бүртгэж, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204055306 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /1-р хх-ийн 89/

 

4.4. Талуудын маргаж буй дээрх ******* тоот орон сууц бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Түмэн наст хорооллын зоорийн давхартаа 24 автомашины зогсоолтой, 12 давхар 216 айлын орон сууцны барилгыг 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан байна. /1-р хх-ийн 151-152/

 

5.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2008 онд байгуулсан гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэн авах гэтэл өөр хүн эзэмшиж, ашиглаж байсан ба уг 2008 оны гэрээ хэрэгжээгүй буюу хариуцагч ******* ХХК-тай харилцан тохиролцсоноор уг барилгын 10 давхарт байрлах 70,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг авахаар болж 2012 онд захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гэж тайлбарласан.

Хариуцагч нар нь 2008 онд орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хэдий ч уг гэрээний дагуу төлбөр төлсөн баримтгүй, 2012 онд байгуулсан гэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч ******** ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах талаар ямар нэг эрх зүйн харилцаа үүсгээгүй гэж татгалзсан.

 

5.1.Хэргийн 1-р хавтасны 45-р талд авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээнд гүйцэтгэгч компанийн эрх бүхий этгээд гарын зураагүй, тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь уг гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй.

Харин хариуцагч нар 2013 онд орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн, улмаар нэхэмжлэгч нар уг орон сууцанд 2013 оноос хойш одоог хүртэл амьдарч, эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөл байдал, мөн энэ хугацаанд хариуцагч талаас орон сууцыг чөлөөлүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нөхцөл байдал, мөн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд баригдсан Түмэннаст хотхон ******* байрны оршин 10 давхрын ******* тоот, 70,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны захиалагчийн нэрсийн жагсаалтад ******* бүртгэгдсэн нөхцөл байдал зэргийг харьцуулан үзэхэд талууд 2008 онд байгуулсан гэрээний эрх, үүргийг 2012 онд сольсон үйл баримт тогтоогдож байна. /2-р хх-ийн 24-28, 37-69/

 

5.2. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2008 онд ******* ХХК-ийн захирал *******тай гэрээ байгуулж, уг гэрээ хэргжих боломжгүй болсноор ******* ХХК-ийн менежертэй тохиролцож ******* тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нар хүлээн авсан, хариуцагчийн зүгээс уг орон сууцыг хүлээлгэн өгсөн бодит үйлдлээр талууд хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

 

Иймээс, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах үүргийн хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна.

 

5.3.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагдаж байгаа эд хөрөнгийн үнэ нь уг гэрээний гол нөхцөл болох ба талууд 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулахдаа орон сууцны үнийг тодорхой тохиролцоогүй хэдий ч уг орон сууцыг нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгсөн нь урьд буюу 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний үнийг өөрчлөөгүй харин гэрээний зүйл болох орон сууцыг өөрчилсөн гэж үзэхээр байна.

Иймээс, нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороонд баригдсан Түмэннаст хотхон ******* байрны 10 давхрын ******* тоот, 70,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

5.4. Зохигчийн байгуулсан 2008 оны гэрээнд орон сууцны нийт үнийг 38,250 ам.доллар ба урьдчилгаа 80 хувь буюу 30,600 ам.долларыг гэрээ байгуулахдаа төлж, үлдэх 20 хувь буюу 7650 ам.долларыг орон сууц ашиглалтанд орох үед төлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч ******* нь гэрээний үнийн дүнгийн 80 хувь буюу тухайн үеийн ам.долларын ханшаар тооцсон 35,272,070 төгрөгийн 35,000,000 төгрөгийг төлсөн болох нь ******* ХХК-ийн 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн кассын орлогын ордероор тогтоогдсон.

Хариуцагч талаас гэрээний дагуу төлсөн гэх 35,000,000 төгрөг нь компанийн дансанд ороогүй тул төлсөн гэж үзэхгүй гэх агуулгаар татгалзсан боловч дээрх санхүүгийн баримтыг няцаасан баримтыг гаргаагүй байна.

Иймээс, нэхэмжлэгч нар нь үлдэх 7,650 ам.долларыг барилга байгууламжийг улсын комисс ашиглалтанд хүлээн авсан 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкнаас нийтэд зарласан ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 1,410.56 төгрөгөөр тооцож, 10,790,784 төгрөгийг, урьдчилгаа төлбөрт дутуу төлөгдсөн 372,070 төгрөгийн хамт нийт 11,162,854 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин шүүх дээрх төлбөрийг ******* ХХК-д төлмөгц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Тодруулбал, гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр болох 11,162,854 төгрөгийг нэхэмжлэгч нар төлсөн эсэхэд улсын бүртгэлийн байгууллага хяналт тавих боломжгүй тул уг төлбөрийг нэхэмжлэгч нараас гаргуулж, маргаан бүхий орон сууцны одоогийн өмчлөгч болох ******** ХХК-д олгуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцнэ.

 

6. Хариуцагч ******** ХХК нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны үнийг төлж, орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан ...хууль бус эзэмшил гэх ойлголтод түүний эзэмшил хамаарахгүй хэмээн дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч ******** ХХК гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04677 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн наст хотхон, ******* байрны, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204055306 дугаарт бүртгэлтэй, ******* тоот, 70.1 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч *******, ******* нараас 11,162,854 төгрөгийг гаргуулж хариуцагч ******** ХХК-д олгож, нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч ******** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад ... олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 193,555 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 193,555 төгрөг, хариуцагчийн төлсөн 403,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ