Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00384

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хасбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Нида ХХК-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал бүгд 42087102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00359/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Нида ХХК нь Хас банкны Булган салбараас 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1310007561 тоот зээлийн гэрээгээр 30000000 төгрөгийн зээлийг сарын 2.5% хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлэн авсан бөгөөд барьцаа хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх хөрөнгө барьцаалсан. Зээлдэгч Нида ХХК нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг сар бүр хэтрүүлдэг байсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй 585 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй, зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байгаа боловч зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргүүдээ зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 27101601.82 төгрөг, хүү 13028409.54төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1931589.87 төгрөг, нотариатын зардал 25500 төгрөг, нийт 42087102 төгрөгийгНида ХХК-аас гаргуулж мөн зээлдэгч нарын өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нида ХХК-ийн захирал Л.Амарсайхан, Ц.Оюумаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлтэй 42087102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Хас банкны нэхэмжлэлтэй Нида ХХК болон Л.Амарсайхан, Ц.Оюумаа нарт холбогдох 42087102 төгрөгийг хариуцагч Нида ХХК-ийн захирал Л.Амарсайхан, Ц.Оюумаа бид нар төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхдөө 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа төлөхгүй бол албадан гүйцэтгүүлэхийг зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Булган аймаг дахь салбар нь Нида ХХК-д холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал бүгд 42087102 төгрөг гаргуулаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 42087102 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Нида ХХК-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал бүгд 42087102 /дөчин хоёр сая наян долоон мянга нэг зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 368385 /гурван зуун жаран найман мянга гурван зуун наян таван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 184192 /зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөг, хариуцагчаас 184192 /зуун наян дөрвөн мянга нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН