Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00452

 

 

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04661 дугаар шийдвэртэй, 

 

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 13,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ******* ХК-ийн ажилчдын хотхоны цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээт ажил хийгдэх явцад 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-иар сантехникийн бүх ажлыг 10 хоногт туслан гүйцэтгүүлэхээр, ажлын хөлс нь 15,000,000 төгрөг байхаар тус тус тохиролцож гэрээ байгуулсан.

Гэрээт ажил эхэлсний дараа туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэлтэй танилцахад, гэрээнд заасан шаардлагууд хангагдаагүй байсан тул 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21/0717 тоот албан шаардлагыг ******* ХХК-ийн *******д өгөхөд, шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж хүлээж авсан. Ажил гүйцэтгэл хийгдэх явцад халиах, юүлэх шугамын шуудууны өндөржилт, налуу /уклон/ алдаатай ухагдсан байсныг засч ухуулахаар манай барилгаас 3 орчим километрийн зайд байсан экскаваторын жолоочид газраа үзүүлж, 1,500,000 төгрөгөөр ухуулахаар тохиролцож, тэр орой нь бид трайллерт 500,000 төгрөг төлж, экскаваторыг ачиж ирж, маргааш өглөө нь шуудууг ухуулж эхлүүлсэн. Экскаватор шуудууг ухаж байхдаа, ажлаас дуудаад явахгүй бол болохгүй нь би өөрийнхөө үндсэн ажлыг дуусгаад, буцаж ирээд гүйцээж ухаж өгье гэхэд нь бид зөвшөөрөөгүй. Гэтэл ******* ХХК-ийн *******, экскаваторын жолоочтой уулзаад энэ манай компанид ажиллаж байсан хүн байна. Та экскаваторын жолоочид одоо 600,000 төгрөг өгчих, тэгвэл хэд хоногт үндсэн ажлаа дуусгаад, өөрсдийнхөө трайллерээр ирээд үлдсэн газар шорооны ажлаа дуусгая гэнэ. Энэ экскаваторын жолооч миний сайн таних, манайд ажиллаж байсан хүн надад худлаа хэлэхгүй. Хэрэв хэлсэндээ хүрэхгүй бол би хариуцлагыг нь үүрнэ гэж хэлэхээр нь туслан гүйцэтгэгч *******ын амлалтад итгээд трэйллерт 500,000 төгрөг, экскаваторын жолоочид 600,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийг манай компани төлж явуулсан.

Мөн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 21/0839 тоот албан шаардлагыг ******* ХХК-ийн ажилтан *******д өгөхөд, шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж хүлээж авсан. Ингээд экскаваторын ажил хийх хугацаа дуусахад *******д мэдэгдсэн боловч ирэхгүй байсаар урьдчилгаа өгсөн экскаваторын үндсэн ажил нь дуусаад хот руу буцаад явчихсан байсан.

Ингээд манай компани экскаваторын урьдчилгаанд 600,000 төгрөг, трэйллерийн төлбөрт 500,000 төгрөг буюу 1,100,000 төгрөгийн үргүй зардал гаргаж хохирсон. Дундговь аймаг, Хулд сумаас экскаватор дуудаж авчирч, ажлаа хийлгэн 6,000,000 төгрөг илүү төлж хохирсон. Манай компани нь ******* ХХК-ийн гологдол, доголдолтой хийгдсэн ажлуудыг засварлахын тулд материалын, цалингийн, тээврийн зардал, бусад зардал зэрэгт манай компаниас багагүй хөрөнгө мөнгө зарлагадан хохирсон.

Иймд, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 5,600,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангийн тал хувь болох 7,500,000 төгрөг, нийт 13,100,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэрээ байгуулах итгэмжлэлийг *******д олгоогүй. Харин түүнээс яагаад ийм зүйл болсныг нь асуухад ******* ХХК-ийн захирал итгэмжлэл хэрэгтэй гэж хэлсэн, би итгэмжлэлийг хийгээгүй, 2,000,000 төгрөг урьдчилгаанд өгсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, экскаватороор ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байсан учраас ажлыг гүйцээж хийгээгүй гэж надад хэлсэн. Манай компанийн хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, итгэмжлэл хийж өгөөгүй. Би гэртээ байгууллагын тамгаа ширээн дээр үлдээчихдэг, компани үйл ажиллагаа явуулахаа больсон, харин ******* намайг байхгүйд гэрт ирээд тамга авсан юм шиг байна лээ. ******* компанийн өмнөөс итгэмжлэлийг зүгээр л нэг цагаан цаасан дээр үйлдсэн, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангахгүй байна. Энэ итгэмжлэлийг үндэслэн хийсэн гэрээ ч мөн шаардлага хангахгүй байна. Манай байгууллага үйл ажиллагаа явуулж байхдаа албан бланк ашигладаг байсан. Одоогоор би хөдөө мал дээр байгаа, би өөрөө инженер хүн, манайх өөрөө экскаватор, трайллертэй, би энэ асуудлыг мэдсэн бол өөрөө хийгээд дуусгах боломжтой байсан. Тэгэхлээр нэхэмжлэгч компани нь иргэн *******тай учраа олох нь зөв, тэгээд ч нэхэмжлэгч нь мөнгөө иргэн *******ын дансанд шилжүүлсэн болохоос манай компанийн дансанд огт мөнгө ороогүй. Тийм учраас иргэн *******ын өмнөөс манай компани хариуцлага хүлээх учиргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар ******* ХХК-д холбогдох гэрээнээс учирсан хохиролд 13,100,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1,-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 223,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ******* ХХК болон ******* ХХК-ны хооронд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээг ******* ХХК-ийн захирал *******ба ******* ХХК-ийн захирал ******* нар гарын үсэг зурж, тамга даран баталсан.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:...196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар... талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар; гэж заасан.

Гэрээг баталж ******* ХХК-ийн захирал ******* гарын үсэг зурж, тамга даран баталсан байхад уг гэрээг хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Талууд ******* ХХК-ийн захирал *******ын гарын үсэг хуурамч, тамга нь хуурамч гэж маргаагүй.

Шүүхээс ******* ХХК-ийн захирал *******аас *******д олгосон итгэмжлэл нь огноогүй учир хүчин төгөлдөр бус гэжээ. Ийнхүү дүгнэхдээ уг итгэмжлэлд ******* ХХК-ийн захирал ******* гарын үсэг зурж, тамга дарсан байгааг анзаарсангүй.

Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэг өгөхдөө 2021 оны 07 сарын 19 өдөр, гэрээ байгуулагдсанаас хойш 18 хоногийн дараа буюу 2021 оны 08 сарын 03 өдрийн 14 цаг 08 минутад нэхэмжлэгчээс хариуцагчийн төлөөлөгч *******ын гар утас руу ******* би 2-3 хоногийн дараа талбай дээр очно. Тэрнээс өмнө танай захирал чамд итгэмжлэл хийж өгөх, манайхаас өгсөн албан шаардлагыг танай захирал авч гарын үсэг тамга дарах... гэж бичсэн мессеж нь гэрээ эхэлж байгуулагдсаныг, гэрээ байгуулагдсанаас хойш 18 хоногийн дараа хариуцагчаас итгэмжлэл хийж өгөөгүй байсан нь нотлогддог. Мөн гэрээ байгуулагдсанаас хойш 20 хоногийн дараа 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 43 минутад бичсэн хариуцагчийн төлөөлөгч *******ын хариу мессеженд Би ахаас итгэмжлэлээ сая авлаа одоо инженерээ аваад гарлаа... гэсэн мессеж нь гэрээ байгуулагдсанаас хойш 20 хоногийн дараа итгэмжлэл бичигдээгүй байсныг тус тус нотлогдож байхад шүүгч итгэмжлэлийг үндэслэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. гэж заасан.

Итгэмжлэлд он, cap, өдөр заагаагүй хэдий ч итгэмжлэл хийгдэхээс 20 гаруй хоногийн өмнө ажил гүйцэтгэх гэрээ эхэлж байгуулагдаж ******* ХХК-ийн захирал ******* нь гэрээг зөвшөөрч, батлан гарын үсэг зурсан. Ийм байхад шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.

******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлж 6,700,000 төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Гэвч ******* ХХК нь гэрээнд заасан ажлаа бүрэн, чанартай хийгээгүйн улмаас нэхэмжлэгч 5,600,000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж хохирсон.

Гэрээний 8.10-т туслан гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол алданги 0.5 байхаар заасан. Гэрээний үнийн дүн 15,000,000 төгрөг ба ажил хаяж явсан өдрөөс хойш тооцоход гэрээний үнийн дүнгийн 50 хувиас давсан алданги гарсан байгаа. Тиймээс гэрээний үнийн дүнгийн 50 хувиар тооцож 7,500,000 төгрөгийг гэрээний нэг тал болох хариуцагч ******* ХХК-иас нэхэмжилж байгаа болно.

Иймд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04661 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй бөгөөд давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 13,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Харин хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс зохигчийн байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас үүсэх талуудын шаардах эрхтэй холбоотой зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч ******* ХХК нь ******* ХК-ийн ажилчдын хотхонд цэвэрлэх байгууламж барих ажлын сантехникийн ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч ******* ХХК нь ажлын хөлсөнд 15,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан туслан гүйцэтгэх гэрээ, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 1, 18-19/

4.3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан ажил үйлчилгээг доголдолтой гүйцэтгэсэн, энэ талаар хариуцагчид мэдэгдэж шаардлага хүргүүлсэн боловч доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй, гэрээт ажлаа орхин явсан тул 5,600,000 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Гэрээгээр тохиролцсон ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээнд заасны дагуу алданги 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, манай компанийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан этгээдэд итгэмжлэл олгоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалзжээ.

4.4. Талуудын байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн сантехник угсралтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээнд хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна. /хх-ийн 18-р тал/

Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-иас *******д гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлд он, сар, өдрийг заагаагүй байгаа нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан шаардлагыг хангаагүй тул итгэмжлэл хүчин төгөлдөр бус, уг итгэмжлэлийг үндэслэн байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай болсон. Тодруулбал, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэж заасан.

Хариуцагч ******* ХХК нь *******д олгосон итгэмжлэл, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэрээнд тамга, тэмдэг дарснаар захиалагч буюу нэхэмжлэгч ******* ХХК-д гэрээ хийсэн этгээдийг тус компанийг төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг өгсөн байна. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээ байгуулсан байх тул хариуцагч нь хожим төлөөлөх эрхгүй байсан гэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.5. Иймд талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээт ажлыг дуусгаагүй, захиалагч буюу ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч байгууллагаас явуулсан албан шаардлагын хариуд хариуцагч байгууллагын зүгээс Албан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Цаад хугацаа нөгөөдөр гэхэд бүх шаардлагыг бүрэн биелүүлнэ, Албан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна, УХАТ-ын инженер авч ирнэ гэжээ. /хх-34, 35-р тал/

 

Хариуцагч ******* ХХК гэрээт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, орхин явсны улмаас нэхэмжлэгч нь *******тай гэрээ байгуулж, газар шорооны ажлыг гүйцэтгүүлэн, ажлын хөлсөнд 6,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна, уг ажлыг 1,500,000 төрөгөөр хийлгэхээр хариуцагч компанийн ажилтан гэх *******тай тохиролцсон боловч ажил хийгдээгүй тул 1,100,000 төгрөгийн илүү зардал гаргасан гэж тайлбарласан ба нийт 7,100,000 төгрөгийн зардал гарснаас анх тохиролцсон 1,500,000 төгрөгийг хасаж 5,600,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас хохирлоо шаардах эрхтэй.

 

4.6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн доголдолтой хийсэн ажлыг нөхөж гүйцэтгээд 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уг ажлыг хүлээлгэн өгсөн талаар шүүх хуралдаанд тайлбарласан байна. /хх-ийн 138/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д гэрээний үүргээ гүйцэтгэх талаар албан шаардлагыг 2021 оны 07 дугаар сарын 29, 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус хүргүүлжээ.

 

Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн туслан гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, алданги нь гэрээний үүргийн харилцаанаас үүсэх үүрэг байна. Харин гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу алданги шаардах эрх мөн дуусгавар болно.

Иймд, нэхэмжлэгч нь гэрээний дагуу алданги шаардах эрхгүй. Түүнчлэн, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хууль болон гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцож шаардах эрхтэй байтал нэхэмжлэгч нь гэрээний үнийн дүнгээр тооцон алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/04661 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1., 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 5,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,500,000 төрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 104,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 223,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Г.ДАВААДОРЖ