Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00479

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/00451 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

21,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: хариуцагч *******аас 2024 оны 10 дугаар сарын 04-ний Тоёота приус 20 маркийн ******* улсын дугаартай автомашиныг 21,300,000 төгрөгөөр худалдан авсан.

Машиныг худалдан авснаас хойш 3 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүрэг рүү явах замд машины цап дуугарч явах боломжгүй болоход ******* руу залгасан бөгөөд тэрээр машиныг засаад өгье гэсэн. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авто машинаа оношилгоонд оруулахад кроп эвдэрсэн, мөргөлдөн бүтэн будганд орсон машин байна гэсэн. Ингээд *******т мэдэгдэхэд эвдрэлтэй эд ангийг солиод засаад өгье гэж байснаа алга болсон.

Хариуцагч нь доголдолтой, эвдэрхий автомашин худалдсан байх тул түүнд тухайн автомашиныг буцаан өгч, машины үнэд төлсөн 21,300,000 төгрөгөө *******аас нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч ******* нь надаас машиныг авахдаа хүнээр үзүүлж, унуулж байгаад авсан ба би түүнд энэ машин нэмэлт /тоноглол/ хийсэн юм ихтэй, урд хойд купер, спойлер зэрэг нь өөрөөсөө будагтай гэдгийг хэлж, 21,800,000 төгрөгөөс буулгаж 21,300,000 төгрөгт худалдсан ба ******* нь будагтай гэдгийг нь мэдэж байсан болно.

******* цап нь дуугараад байна гэхээр нь цапыг нь солиулаад өгье гэж хэлсэн. Дараа нь цап биш байна, кроп нь эвдрэлтэй байна гэж хэлээд 700,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь кропоо солиулчих дараа нь мөнгийг нь өгье эсхүл миний таньдаг засварын газарт солиулчих би мөнгийг нь өгчихье гэж хэлсэн. Гэтэл ******* засварын газар очоогүй ба хэд хоногийн дараа машинаа буцааж, мөнгөө авъя гэж хэлсэн.

Тухайн автомашиныг худалдах үед явах эд анги, мотор, кроп, батерей бүх л зүйл нь хэвийн байсан. Хэрэв эвдрэлтэй байсан бол ******* нь машин худалдан авахдаа мэдэх бүрэн боломжтой байсан ба кропны гэмтэл нь хүч алдах, дуугарах зэргээр илт мэдэгдэх юм. Түүнчлэн машины кроп гэмтэлтэй гэх боловч энэ талаарх баримтгүй, өнөөдрийг хүртэл машиныг унаж, эдэлж байгаа болно.

Нэхэмжлэгч ******* нь үндэслэлгүй зүйл бичиж, автомашиныг буцаахаар шаардаж байгаа нь иргэн надад хохиролтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******т холбогдох 21,300,000 төгрөг гаргуулж, доголдолтой, эвдэрхий автомашиныг буцаан өгөх тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцсоноор Тоёота приус 20 маркийн ******* улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа тухайн авто машинаар Багануур дүүрэг рүү зорчиж явах үед нэг зүйл хүнгэнэн дуугарч явах боломжгүй болж, тухайн үедээ машин худалдсан *******т мэдэгдсэн.

Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүх хуралдаанд гаргасан цапаа солиулчих тэгээд мөнгийг нь өгье гэсэн тайлбараар, мөн талуудын хооронд харилцсан талаар утсанд хийсэн үзлэгийн ...хүнгэнээд байгаа юмыг нь үзүүлчих солиод өгий, ...цап л биз солиод өгье, ...хүнгэнээд байвал цап л байдаг, мөнгийг нь өгье, би угаасаа хотод 60-аас дээш гаргаж үзээгүй гэх зэрэг баримтаар тогтоогдсон.

Шүүх хариуцагчийн тайлбар болон үзлэг хийсэн баримтыг огт үнэлээгүй, мөн энэ талаар шийдвэрт огт тусгагдаагүй атлаа нэхэмжлэгчийг шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүх тухайн авто машиныг хүлээж авах үедээ шалгаж авах эрхээ хэрэгжүүлээгүй тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээг аман хэлбэрээр байгуулсан ба баталгаат хугацаа тогтоогоогүй тул Иргэний Хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь заалт үйлчлэх бөгөөд уг баталгаат хугацаанд буюу эд хөрөнгийг худалдан авсанаас хойш 4 хоногийн дотор доголдлыг илрүүлж гэрээнээс татгалзсан байхад энэ талаар огт тусгаагүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу бүрэн үнэлээгүй, гагцхүү нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан. Автомашин доголдолтой байсан бол доголдлыг илрүүлсэн, зассан талаарх баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй. Хариуцагчийн эвдрэлтэй эд хөрөнгийг солиод өгье гэсэн тайлбарыг үнэлээгүй гэх агуулгаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 21,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас худалдан авсан автомашин доголдолтой байсан нь илэрсэн тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 21,300,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч автомашиныг нэхэмжлэгчид худалдах үед ямар нэг доголдолгүй байсан, хэрэв доголдолтой байсан бол худалдан авагч буюу нэхэмжлэгч ******* нь мэдэх боломжтой байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.

 

5. Зохигч бичгээр гэрээ хийгээгүй хэдий ч 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* нь Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 21,300,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч ******* нь үнийг төлж, хүлээн авахаар харилцан тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч ******* нь тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 21,300,000 төгрөгийг хариуцагч *******т 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлж, тээврийн хэрэгслийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, банкны шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 1, 4, 20/

 

6.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Харин худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдах зохицуулалтыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заажээ. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

 

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээ байгуулах эсэхээ хэнээс ч хараат бусаар сонгох эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буюу гэрээнд заасан үүргийг давхар хүлээх учиртай. Худалдан авагч ******* нь гэрээний зүйлийг шалгаж авах ерөнхий үүргийн хүрээнд эрх бүхий байгууллагаар автомашиныг оношлуулах, тодорхойлуулах боломжтой байсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь автомашиныг хүлээж авах үедээ уг автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэ болох 21,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч ******* нь гэрээний зүйл болох автомашин доголдолтой байсан нь худалдан авснаас хойш 3 хоногийн дараа илэрсэн буюу оношилгоонд оруулахад кроп эвдрэлтэй, бүтэн будганд орсон машин байсан гэж тайлбарлан, 16 авто сервисийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зарлагын баримтыг хэрэгт хавсаргасан байна. Уг зарлагын баримтад ...урд цап 2ш солих, урд, хойд гупер будагтай, баруун, зүүн крлан будагтай, зүүн урд 5 бул солих, аккумлятор солих гэж дурджээ. /хх-ийн 30/

Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/02936 дугаар захирамжаар талуудын хооронд харилцсан гар утасны зурваст үзлэг хийж, нотлох баримтаар бэхжүүлсэн байна. /хх-ийн 36-40/

 

Гэвч, худалдан авагч буюу нэхэмжлэгч ******* нь автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээж авснаар шаардах эрхээ алдсан байх тул дээрх баримтууд нь нотолгооны ач холбогдолгүй гэж үзнэ.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/00451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 264,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ