Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,  

Шүүгдэгч Я.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Эд холбогдох эрүүгийн 190900411 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, “Тод их наяд” ХХК-нд худалдагч ажилтай, ам бүл 8, эцэг, эх, 3 дүү, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бага дарь эх 3 дугаар гудамж 1847 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Я.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” шөнийн цэнгээний газарт иргэн Ц.Уранцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 190900411 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Я.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийнхөө төрсөн өдрөөр найзуудтайгаа хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Авто плаза” төвийн урд байдаг “Холливүүд” бааранд орсон. Бааран дотор хохирогч Уранцэцэгтэй үл ойлголцол гарч маргалдсан. Тэр үед хохирогч Уранцэцэг намайг өшиглөчихөөд хүний ардуур орж нуугдаад байсан. Баарны талбай дээр бүжиглэж байгаад намайг түлхээд цохиод байхаар нь би зөрүүлээд тэр эмэгтэйг түлхэж цохисон. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир хаана яаж цохисноо сайн санахгүй байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Уранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн орчим хоёр найзын хамт “Холливүүд” бааранд орсон. Нэг охин бүжгийн талбай дээр гичий минь холд гээд байсан. Би гайхаад юу гээд асуусан чинь ойлгохгүй байгаа юм уу гээд шууд үснээс зулгаасан. Би эргүүлээд тэр эмэгтэйг барьж авсан. Намайг хэд хэдэн удаа миний толгой хэсэг рүү цохиж миний үснээс зулгаасан.  Миний шанаа хэсэг хөхөрсөн байсан. Хохиролд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 12 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Эрдэнэбадам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө найз Энхтулга, Дашням, Нинжээ, Билгүүн, Мөөнөө заяа нарын хамт Холливуд бааранд орж үйлчлүүлсэн. Би баарнаас гараад хүнтэй уулзаж байхад Энхтулга баарнаас гарч ирээд “дотор маргалдаан боллоо” гэж хэлсэн. Би юу болсон талаар асуугаад байж байхад хоёр эмэгтэй гарч ирээд “надтай муудалцсан гичий хаана байна” гэж орилсон. Тэгээд элдвээр хараасан. Энхтулга өөдөөс нь маргасан чинь нэг хүүхэн нь шууд дайрсан. Энхтулга өөрөөсөө холдуулаад цээж рүү нь түлхэж холдуулсан. Би бааран дотор юу болсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1245 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ц.Уранцэцэгийн биед баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины гадна булан хэсэг, баруун хэсэг, баруун хацар, баруун зүүн бугалганд цус хуралт, баруун бугуйн үед зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэжээ /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Я.Энхтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Я.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” шөнийн цэнгээний газарт иргэн Ц.Уранцэцэг нар хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар шүүгдэгчээс түүнийг түлхэх, цохих зэргээр биед нь хүч хэрэглэн цохиж эрүүл мэндэд нь “баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины гадна булан хэсэг, баруун хэсэг, баруун хацар, баруун зүүн бугалганд цус хуралт, баруун бугуйн үед зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ц.Уранцэцэгийн “....Нэг охин бүжгийн талбай дээр гичий минь холд гээд байсан. Би гайхаад юу гээд асуусан чинь ойлгохгүй байгаа юм уу гээд шууд үснээс зулгаасан. Намайг хэд хэдэн удаа миний толгой хэсэг рүү цохиж миний үснээс зулгаасан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Я.Энхтулгын “....Баарны талбай дээр бүжиглэж байгаад намайг түлхээд цохиод байхаар нь би зөрүүлээд тэр эмэгтэйг түлхэж цохьсон.....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13813 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Ц.Уранцэцэгийн биед баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины гадна булан хэсэг, баруун хэсэг, баруун хацар, баруун зүүн бугалганд цус хуралт, баруун бугуйн үед зулгаралт гэмтэл тогтоогдлоо... 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... 5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Ц.Уранцэцэгтэй маргалдаж, зодсон талаар мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрт хэрхэн яаж хүч хэрэглэн гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Энхтулгын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Улсын яллагчаас ялласан болон прокурорын яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг зөв зүйлчилж хэрэглэсэн ба шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Я.Энхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч У.Уранцэцэгээс “...гэмтэл учирснаас 10 хоног ажлаа хийгээгүй цалин 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэх боловч үүнийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Я.Энхтулгыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Я.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Я.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин аль алинд нь дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Я.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Энхтулгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН