Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00481

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00456 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие ******* нь ******* ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй.

******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/212 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно.

******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/212 тоот тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.8, 3.4 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.

Тус тушаалын тушаах хэсгийн нэгдүгээрт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 07 сарын 27-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

Миний бие 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр ажил үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй, түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ., мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6-д Ажилтантай өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажилд түр шилжүүлэхээр заасан байна. Иймд миний бие 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байсан болно.******* ХХК-ийн зүгээс надтай байгуулсан туршилтын хугацаатай гэрээг харилцан тохиролцож сунгаагүй болно. Иймд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс миний бие жинхлэгдэн ажилласан гэж үзнэ.

Миний бие 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан тул хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцэхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож буй талаар надад мэдэгдээгүй болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.

Иймд, урьд эрхэлж байсан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтэний ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасны дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/171 дугаар тушаалаар сунгаж дахин 2 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулахаар тохирсон.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж буй тухай надад мэдэгдээгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар туршилтын хугацааны гэрээ дуусгавар болж байгааг мэдэгдэх үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй байна.

Иймд хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын албанд мэргэжилтнээр жинхлэн ажилласан тул уг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн.

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт цахим баримтад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгчийг Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын албанд мэргэжилтнээр шилжин ажилласан нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба шилжин ажилласан үйл баримттай хариуцагч маргахгүй гэж тайлбарласан. Үүний дараа шүүгч нь нэгэнт маргахгүй бол үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзвал яасан юм бэ? Нэгэнт цахим баримтууд ирсэн нөгөө тал маргахгүй гэсэн учраас үзлэг хийсэн гэж үзэж нотлох баримтаар үнэлээд явчихна гэж тайлбарласан. Гэтэл шүүх хуралдааны явцад дээрх цахим шуудан нь нотлох баримт биш, ажлын байрны тодорхойлолт нь хаана байна, батлагдсан орон тоо нь хаана байгаа юм гэх мэтээр асууж тодруулж эхлэхэд дээрх цахим баримтыг хэлтэл энэ нотлох баримтын шаардлага хангаагүй гэж тайлбарласан. Миний бие тийм бол яах гэж миний хүсэлтийг татгалзуулсан бэ гэдэг агуулгаар мэтгэлцсэн. Дээрх баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол нотлох баримтууд байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь өөр ажил, албан тушаалд ажилласан бичмэл нотлох баримт юм. Шүүх талууд маргахгүй байна гэж нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзуулж, хүсэлтийг буцаан өгчихөөд өөрөө нотлох баримтаар огт үнэлээгүйгээр барахгүй, нэхэмжлэгчийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь хуульд огтоос нийцэхгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

4.2. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Тодруулбал, талууд Хөдөлмөрийн гэрээний 3.4 дэх хэсэгт туршилтын хугацааны эцэст ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж тохиролцсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс ажил олгогчтой бичгээр байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2 сарын хугацаатай сунгасан тухай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/191 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгснийг нэхэмжлэгч уг тушаалыг мэдэгдээгүй, харилцан тохиролцоогүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн ч энэхүү нөхцөл нь нэхэмжлэлийг хангах буюу ажил олгогчийн хүсэл зоригоос гадуур хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл болохгүй. гэжээ.

Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг тал бүрээс нь бодитой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. ******* ХХК, *******тай Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т Туршилтын хугацааны эцэст ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгоно" гэж заасныг шүүх баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь хууль тогтоомж зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ дараах шаардлагыг хангасан байна., 12.2.1-д хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх, хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулаагүй байх, харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх, 12.3 дахь хэсэгт Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан байна.

Хөдөлмөрийн гэрээний 3.4 дэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт хамааралгүй юм. Гэтэл шүүхээс хамааралтай гэж үзжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно. гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, 50.3 дахь хэсэгт 50.1.2-т заасан туршилтаар ажиллах гэрээ хамааралгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж заасан байна. Нэхэмжлэгч *******тай харилцан тохиролцсон үйл баримт огтоос байхгүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, харилцан тохиролцоогүй болно. Иймд дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Харилцан тохиролцсон гэдгийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ., 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хүсэл зориг илэрхийлсэн, гэрээг сунгасан үйл баримт байхгүй юм. *******гийн туршилтын хугацааг сунгасан тушаал нь захирамжлалын баримт бичиг бөгөөд хэлцэл биш юм. Бичгээр хийсэн хэлцэл нь хүсэл зоригийн илэрхийлэл гарын үсэг байх бөгөөд шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгчөөс тус тушаалыг танилцуулсан уу гэж асуухад танилцуулаагүй байсан болно. Гэтэл шүүх туршилтын хугацаа сунгасан тушаалыг хэлцэл гэж үзсэн, нөгөө талаар тал бүрээс нь бодитой судлаагүй юм.

******* нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Дотоод, хяналт эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтнээр ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1.1-ээс 49.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүд өөрчлөгдсөн байхад түүнийг өмнөх албан тушаалын харилцаа үргэлжилж байгаа гэж үзсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг бөгөөд Хөдөлмөрийн гэрээ нь 1 ажлын байр дээр үүсдэг харилцаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчийн үүрэг байх бөгөөд энэ явдалд нэхэмжлэгч буруугүй байна.

Мөн хугацаа сунгагдсан гэж үзлээ гэж бодоход (энэ нь зөвшөөрсөн гэсэн агуулга биш) Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг шүүх хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 71.1 дэх хэсэгт Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, cap, өдөр, гаригаар буюу жил, улирал, cap, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно, 72 дугаар зүйлийн 72.1- 72.6 дахь хэсэгт заасан хугацаа тоолох журам, 73 дугаар зүйлд заасан хугацаа тоолж дуусах зохицуулалтыг хэрэглээгүй болно.

Гэрч *******ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Гэрч мэдүүлэгтээ: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******гийн хувьд танай газарт орж ажилласан уу? Ямар үйл баримт болж байж танайд ажиллах болсон бэ? Гэхэд гэрч *******: Тухайн үед манайх том газар мөртлөө 3-4 хүнтэй ажилладаг байсан. Сонгон шалгаруулалтын явцад хуульч заавал байх ёстой гарч байсан. Гэхдээ сонгон шалгаруулалт явагдаагүй. Тухайн үед гүйцэтгэх захирал *******од манайд хуулийн чиглэлээр ажиллах хүн хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэрнээс болсон үгүйг нь мэдэхгүй байна. Ямарч байсан 6 дугаар сарын 07-ны өдөр Хүний нөөцийн менежер ******* манай өрөөнд орж ирээд танайд хууль эрх зүйн газраас ******* гэдэг охиныг оруулж болох уу гэхээр нь би болно, надад хуульч хэрэгтэй байна гээд зөвшөөрсөн. Тэр хүн өөрөө танайд шилжүүлж өгье гэсэн гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 06 дугаар сарын 12-ны өдөр ******* гэдэг хүнээс *******гийн ажил үүрэг, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хариуцсан мэргэжилтэн гэдэг ажлын байрны тодорхойлолтыг танд танилцуулсан уу? гэхэд гэрч *******: танилцуулсан гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хууль эрх зүйн газраас шилжүүлж аваад байгаа юм уу? Эсхүл *******г сайн дураараа авч ажиллуулаад байгаа юм уу? гэхэд гэрч *******: би сайн дураараа авч ажиллуулаагүй. Би өмнө нь хуулийн чиглэлийн хүн хэрэгтэй байна гэсэн надад *******г санал болгосон. гэжээ.

Шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хараагүй байна. Хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй. Талууд *******г Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газарт ажилласан эсэх дээр огт маргаагүй. Харин албан ёсоор томилсон, томилоогүй дээр маргаж байгаа болно.

Дээрх тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолтыг түүнд танилцуулж, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш дээрх ажлын байранд ажилласан. Тус ажлын байр нь бүтцэд байдаг, байдаггүй талаарх асуудал нь ажил олгогчийн өөрийн үүргийн асуудал бөгөөд гүйцэтгэх захирал, гэрч ******* нар ярилцан эзгүй байгаа орон тооны ажил үүргийг өөрчлөн, ажлын байрны тодорхойлолтыг батлан нэхэмжлэгчид танилцуулжээ. Энэ талаарх хариуцагчийн тайлбар нь бид *******г Дотоод хяналт, эрсдлийн удирлагын газрын мэргэжилтэн ажил үүргийг гүйцэтгэж байсан дээр маргахгүй, гагцхүү сайн дураар ажиллаж байсан гэж маргана гэх хариу тайлбараар нотлогдоно.

Дээрх гэрчийн мэдүүлгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.6 дахь хэсэгт ажилтантай өөртэй нь тохиролцон адил чанарын өөр ажилд шилжүүлэн томилсон асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсгийг нотлох баримтаар үнэлээгүй. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай А/113 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам батлагджээ. Тус Хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийн 22.4.3-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгадахгүй болсон, 22.7 дахь хэсэгт Энэ журмын 22.3, 22.4.1 -22.4.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасныг шүүх хэрэглээгүй, ямар учраас хэрэглээгүй талаар шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

Шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх хуулийн заалтыг баримтлах талаар хэлсэн бөгөөд мэтгэлцээний шатанд хариуцагч нь техникийн алдаа гэсэн боловч өмнөх дотоод журамд мөн адил хугацаа дуусгавар болгоход 1 сарын өмнө мэдэгдэх зохицуулалт байсан уу гэх асуултанд тэр үед ч мөн техникийн алдаа байсан гэх байдлаар хариулсан болно.

Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалт нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, дээрдүүлсэн заалт байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар дээрдүүлсэн нөхцлийг хэрэглэх хууль тогтоомжийн эрэмбэтэй болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол үндэслэл болох гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг үнэлээгүй, ажил, албан тушаал шилжсэн үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй.

Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 21-ны өдрийн 191/ШШ2025/00456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:Талууд шүүх хуралдааны явцад аль хэсэгт маргасан болон хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарласан. 9 цахим баримтад үзлэг хийлгэсэн ч цаана нь байгаа эх баримт нь тухайн баримтууд байгаа учраас маргах шаардлагагүй гэж тайлбарласан. Шүүх энэ талаарх хүсэлтийг хүлээн авсан. Нэхэмжлэгч тухайн газар ажилласан, ажиллуулах нь ажил олгогчийн шийдвэр байсан гэдгийг нотолно гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Ажил олгогч гэж гүйцэтгэх захирлыг ойлгоно. Гэрч *******ийн өгсөн мэдүүлгээр гүйцэтгэх захирлын тушаалаар эрсдлийн удирдлагын газар ажилласан гэх үйл баримт тогтоогдоогүй. ******* нь н.*******тай ярилцсаны дараа ажлын байранд очиж ажилласан. Мөн нэхэмжлэгч цалин хөлс авч 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хууль зүйн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан. Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч хариуцагч байгууллагад байхгүй албан тушаалд холбогдуулан шаардлага гаргасан болох нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд гэрээг цуцлах болон дуусгавар болгох агуулгын хүрээнд мэдэгдэл өгөх зохицуулалтыГ заасан. Мэдэгдэл нь зайлшгүй өгөх ёстой үйл баримт биш. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ учраас дуусгавар болох агуулга байж болно. Энэ агуулгын хүрээнд тайлбарласан. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь анх туршилтаар ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалд бус харин сүүлд ажиллаж байсан Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад уг шаардлагыг шийдвэрлээгүй, үүнтэй холбогдуулан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

4. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******тай 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Хууль, эрх зүйн газрын Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар тохиролцсон.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/212 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 1, 19, 20, 126-р тал/

4.1. Ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслэн *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. Тус тушаалыг ажилтан эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу ажил олгогч буюу хариуцагч тал тушаалын хууль зүйн үндэслэл болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар нотлох үүргийг хүлээнэ.

4.2. Хариуцагч татгалзалдаа *******тай 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр туршилтаар ажиллуулах гэрээ байгуулсан. Тус гэрээг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сунгаж, дахин 2 сарын хугацаанд туршилтаар ажиллуулахаар тохиролцсон ба уг хугацаа 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусч, түүнийг ажлаас чөлөөлснөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж тайлбарласан.

4.3. Ажил олгогч буюу хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/212 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******г Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр чөлөөлсөн байна.

Харин нэхэмжлэгч ******* нь тус компанид Дотоод хяналт, эрсдлийн удирлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, гэрч *******ийн мэдүүлэг, Microsoft teams праграмм ашиглан команийн ажилтан хооронд харилцсан цахим зурвасууд зэрэг баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, *******г Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллуулахаар томилсон тушаал гараагүй, ажил олгогчийн зүгээс түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч уг албан тушаалд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д тодорхойлсон. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцохоор зохицуулжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар Хууль эрх зүйн газрын Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн *******гийн туршилтаар ажиллуулах хугацааг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2 сарын хугацаатай сунгасан байна. Гэвч нэхэмжлэгч *******г уг албан тушаалд ажиллуулаагүй байх тул дээрх тушаалын үйлчлэл нэхэмжлэгчийн сүүлд ажиллаж байсан Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын мэргэжилтний албан тушаалд хамаарахгүй юм.

 

4.4. Нэхэмжлэгч *******г хариуцагч компанийн Дотоод хяналт, эрсдлийн удирлагын газарт ажиллаж байсныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь уг албан тушаалд ажиллаж цалин хөлс авч байжээ. Хариуцагч нь дээрх албан тушаалд ажиллуулах талаар албан ёсны тушаал, шийдвэр гараагүй гэж тайлбарласан. /хх-ийн 5, 126-127-р тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй байна. Ажил олгогч буюу хариуцагч ******* ХХК-ийн хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан ажлын байр болох Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч ******* ажиллаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хариуцагч ******* ХХК нь түүнийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг, сонирхлыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч *******г түүний эрхэлж байсан хариуцагч ******* ХХК-ийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******г хариуцагч ******* ХХК-ийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 46,479,820 /2,042,407+2,473,005+2,563,570=7,078,982, 7,078,982:3=2,359,660, 2,359,660:21,5=109,752, 2,359,660x19 сар 15 хоног=46,479,820/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******г хариуцагч ******* ХХК-ийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 46,479,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 390,349 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ