| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2024/04093/И |
| Дугаар | 210/МА2025/00531 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00531
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01281 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* миний бие ******* ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх-ийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
Ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагатай ханддаг байсан бөгөөд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №300/24 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 83.2, 42.2.3, 7.1.2, 7.1.3, Хөдөлмөрийн гэрээний 7в, 9.2.1-ийн и, Ажлын гүйцэтгэл хөдөлмөрийн сахилгын тухай журмын 3.2.2.3, Ёс зүйн дүрмийн 1а, 6г, Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах тухай журмын 2.2.2, 2.4, 4.2 дэх хэсгийг тус тус үндэслэн компанийн ажилтныг дээрэлхэх, дарамт үзүүлэх, сэтгэлзүйн дарамтад оруулж, компанийн бодлого журамд заасан ажилтны ёс зүй, зан хандлагын тэвчишгүй, хөнгөрүүлэн үзэх боломжгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Миний бие дээрх тушаалын үндэслэлийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие ямар нэг байдлаар ажилтныг дээрэлхэж, дарамталсан, тэвчишгүй орчин бүрдүүлсэн, гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлж, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл гаргасан.
Иймд, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ******* ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, нэхэмжлэгч ******* нь төрийн албан хаагч биш тул хөдөлмөрийн гэрээг цуцалсныг ажлаас чөлөөлсөн гэж үзэх нь үндэслэлгүй болно. Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажил албан тушаалаас чөлөөлөх нь өөр өөр зохицуулалтууд болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу хөдөлмөрлөх нь иргэний журамт үүрэг. Харин Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалтад хөдөлмөрлөхтэй холбоотойгоор иргэний эдлэх эрхүүд тодорхойлогдсон. Тиймээс ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан нь *******ын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхэд халдсан гэх үндэслэл үгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал нь Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд гарсан болно.
Нэхэмжлэгч *******ыг хамтран ажиллаж буй хүндээ ажлын байрны дарамт үзүүлсэн тул Хөдөлмөрийн хууль, компанийн бодлого журамд заасан ажилтны ёс зүй, зан хандлагын тэвчишгүй, хөнгөрүүлэн үзэх боломжгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогчоос нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн Хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтсийн Хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 106,267,333 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 106,267,333 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК- д даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01281 дугаар шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийг баримталсан нь ажилд эгүүлэн тогтоох үндэслэлд хамаарахгүй заалт болно.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримталсан нь буруу. Тус заалт нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, шимтгэл төлж байх ажил олгогчийн үүргийн тухай заалт болохоос бус нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй огт хамааралгүй заалт болно.
Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-г удирдлага болгосон. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгоогүй, мөн шүүхийн шийдвэрт энэ талаар хэрхэх талаар дурдаагүй атлаа ажилд эгүүлэн тогтоосон нь шүүхийн шийдвэр хоёрдмол нөхцөл байдлыг үүсгэсэн ойлгомжгүй шийдвэрийг гаргаад байна.
4.2. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.
Шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн цахим шуудан (хуулбар гэсэн дардастай)-г буцаасан. Нэхэмжлэгч тал уг баримтад маргахгүй гэсэн атлаа шүүх хуралдааны турш журам танилцуулаагүй гэж маргаж, үгүйсгэсэн.
Шүүх хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ болгоогүй Санал гомдол барагдуулах журам-г хэрэгт гаргаж өгөөгүй, журмын дагуу шалгасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Байгууллагын дотоод хэрэгцээнд зориулагдсан хариуцагч талын Хянан шалгалтын тайланг үнэлээгүй нь Улсын Дээд Шүүхийн 2008 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримтын талаарх зөвлөмжид нийцээгүй.
Хариуцагч талаас холбогдох журамдаа заасан тайлан болон ажлын байрны дарамтад өртсөн ажилтантай хийсэн ярилцлага зэргийг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Үүнтэй холбоотойгоор ажлын байрны дарамттай холбоотой зөрчлийг *******ийн Хяналт шалгалтын баг шалгадаг бөгөөд тухайн багт буй гомдол гаргагчаас өгсөн гомдол, мессежүүд бидэнд байхгүй, шалгах баг болон шалгах багт хууль зүйн туслалцаа үзүүлдэг *******ХХН-д байгаа тул *******ХХН-ээс гаргуулан авах шаардлагатай байгаа талаар хүсэлтээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн.
Шүүх хуралдааны явцад нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоод байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж шүүгчээс асуусан болон шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах байтал энэхүү байдлыг үл ойшоож хэргийг дутуу нотлох баримт дээр үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
4.3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэнд нийцээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заалтын дагуу хариуцагч ******* ХХК нь Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах тухай журам-ыг баталсан. Энэхүү журамд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах зөрчлүүд-ийг тодорхойлсон. Энэ нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг тодорхойлсон 9 дүгээр зүйлийн 9.2.1 .и- д ийнхүү ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах арга хэмжээ авахаар заасан ... зөрчил гаргасан гэж тусгагдсан болно. Тиймээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т тусгайлан заасан гэж үзэх боломжгүй гэснийг үндэслэл бүхий гэж үзэхгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг сахилгын зөрчил гаргасны улмаас цуцалсан, түүнээс биш нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь Ажлын гүйцэттэл ба хөдөлмөрийн сахилгын тухай журам-ын 3.2.2.2 заалтыг үндэслээгүй тул тус заалтыг үндэслэсэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх боловч уг хэсэгт дурдсан гэрээг шууд цуцлах аль зөрчлийг гаргасан гэж үзсэн тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг Ажлын гүйцэтгэл ба хөдөлмөрийн сахилгын тухай журам-ын 3.2.2.3, Бидний ажлын арга барил Ес зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн а, 6 дугаар зүйлийн г, Хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах тухай журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.2, 2.4 болон 4 дүгээр зүйлийн 4.2 дэх заалтыг тус тус үндэслэн цуцалсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь хамтран ажиллаж буй хүнээ гадаад байдлын талаар шүүмжлэн ярьж, өнгөц ойлголтоор дүгнэж, нэр хоч өгч, тохуурхан даажигнан дээрэлхэж, сэтгэл зүйн дарамтад оруулсан, мөн хамтран ажиллаж буй хүний ажилтай холбогдуулан компанийн үйл ажиллагаатай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлж болох мэдээлэл бүхий цахим шуудан илгээж тухайн ажилтанг сэтгэл зүйн дарамтанд оруулсан зэрэг зөрчлийг гаргасны улмаас хариуцагч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Эдгээрийг нотлох баримтыг шинжлэн судлахад, мөн тайлбараа хэлэх, шүүгчийн асуултанд хариулахдаа ч хэлсэн. Мөн дээрх зөрчлийн гол биет нотлох баримт болох захидал харилцааны мэдээлэл буюу цахим шуудан, мессеж зэргийг гаргуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн боловч шүүгч тэр талаар ямар ч тайлбар хэлэхгүй, хийхгүйгээр хэргээ шийдсэн. Тэгсэн атлаа компаниас гадуур ******* ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой худал хуурмаг болон буруу ташаа ойлголт өгөх мэдээлэл, хов жив, үндэслэлгүй гүжир гүтгэлэг тараах гэсэн зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан нь нэхэмжлэгч нь хамтран ажиллаж буй хүндээ ажлын байрны дарамт үзүүлсэн зөрчил гаргасан гэх зөрчлөөс өөр агуулгатай байна гэж өөр байдлаар тайлбарлан бичиж, дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэдэгт огт нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-д ... Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар асуудал хөндөгдөхөд энэ талаар тухайн ажилтанд мэдэгдэж, өөрийн зүгээс өгөх хариу бэлдэх, мэдэгдэх боломжийг олгоно. Ажилтны өгсөн хариуг удирдлагууд авч хэлэлцсэний дараа компаниас гаргасан эцсийн шийдвэрийг удирдах ажилтан болон хүний нөөцийн төлөөллөөр дамжуулан ажилтанд мэдэгдэнэ гэж зааснаар ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан болох нь тогтоогдсонгүй гэжээ. Хариуцагч талаас шүүх хуралдаан дээр Хүний нөөцийн хэлтсээс нэхэмжлэгчтэй утсаар холбогдон оффист ирүүлээд ажил олгогчоос гарах шийдвэрийг мэдэгдсэн, мөн тайлбар бичээд өгч болох тухай ажил олгогчийн төлөөлөл тайлбарласан боловч нэхэмжлэгч тайлбар бичиж өгөхгүй гэсэн бөгөөд энэ үйл явдлыг гэрчлэх тухайн үед байлцсан хүний нөөцийн ажилтан байгаа, дээр нь нэхэмжлэгч тэр ажилтанг өрөөнөөс гар гэж хөөж байсан тухай шүүх хуралдаан дээр ч хэлсэн. Хариуцагч тал нэхэмжлэгчид мэдэгдсэн, тайлбар өгөх боломжийг нь хангасан болохыг гэрчлэх гэрчтэй. Гэтэл шүүх шийдвэртээ мэдэгдсэн, тайлбар авсан болох нь тогтоогдсонгүй гэж байгаа нь үндэслэлгүй болно. Ажилтан тайлбар бичиж өгөхгүй гэж байгааг шүүх тайлбар авсан нь тогтоогдсонгүй гэж дүгнэж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсний улмаас шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэдэгт нийцээгүй болно.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02-р сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01281 дугаар шийдвэрийг хүчингүй болгож тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Нотлох баримт бүрдүүлэх, цуглуулахтай холбоотой асуудлын хувьд талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу үүргээ хэрэгжүүлнэ. Хариуцагчийн талаас уг үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагч баримт байгаа гэдэг боловч тухайн баримтаа нотлох баримтаар гаргаж өгдөггүй. Нотлох үүргээ хэрэгжүүлэхгүй байж шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 8 сар үргэлжилсэн боловч энэ хугацаанд хариуцагчийн зүгээс нотлох баримт бүрдүүлэх, цуглуулахтай холбоотой хүсэлт гаргаж байгаагүй. Хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсоны дараа тус хурал дээр үзлэг хийлгэх санал тавьсан бөгөөд түүнтэй холбоотой тайлбараа хэлж уг хүсэлтээсээ татгалзсан. Энэ нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Шүүх талуудын тэгш эрхийг хангадаг. Тухайн баримттай холбоотойгоор талууд маргах эсэх талаарх тайлбарыг ярьдаг. Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгааны талаар асуухад хүндэтгэн үзэх шалтгаан нь хувь хүний нууцтай холбоотой асуудал гэдэг.
Хариуцагч байгууллагын тухайд томоохон төсөл хэрэгжүүлээд явж байгаа компанийн хувьд өөрт байгаа датагаа гаргаж өгөөд тухайн баримт нь байгууллагын болон хувь хүний нууцтай холбоотой баримт байвал нууц гэж аваад хэргийг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч өөрт байгаа эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлэхгүй байж хэн нэгнийг буруутгах үндэслэл болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдоггүй. Хариуцагчийн тайлбар бичгийн нотлох баримтаар нотлогддоггүй. Гомдолтой холбоотойгоор сахилгын шийтгэл оногдуулах гэж байгаа талаар хэлж, тайлбар аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг хэрэгжүүлэх гэж байгаа бол ажилтнаас тайлбар, мэдүүлэг авах ёстой. Байгууллагад хөдөлмөрийн сахилгын журам гэж байгаа. Уг журамд сахилгын шийтгэл оногдуулах гэж байгаа тохиолдолд тайлбар, мэдүүлэг, ярилцлага хийх ёстой гэдэг боловч уг журмаа зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил тогтоогдоогүй учраас шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Уг шийдвэр үндэслэл бүхий тул хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй, ажил олгогч нь дотоод дүрэм, журмуудыг танилцуулаагүй, зөрчил гаргасан талаар ажил олгогчоос шалган тогтоосон баримтгүй, хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* нь хамтран ажиллаж буй хүндээ ажлын байрны дарамт үзүүлж, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн бодлого, дүрэм, журамд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж татгалзсан.
4. Анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Тодруулбал, шүүх хуралдаанд хариуцагч талаас тус компанийн дүрэм, журмуудыг ажилчдад танилцуулсан талаарх цахим шууданг хуулбарлан, орчуулгын хамт гарган өгч, уг баримтад үзлэг хийлгэх, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-ийн 104/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.
Нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд тусгасан ба мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр зохицуулсан.
Хэргийн оролцогч өөрт хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэхгүй байх эрхтэй хэдий ч шүүх эдгээр эрхийг эдлэх боломжоор хангасан байх учиртай. Шүүх дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, эрхээ эдлэх боломжоор хангаагүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.
Хэдийгээр хариуцагч тал хүсэлттэй холбогдуулан тайлбар гаргахдаа нэхэмжлэгч тал маргаагүй үндэслэлээр үзлэг хийлгэх шаардлагагүй гэсэн байх боловч хүсэлтэд дурдсан баримт нь маргааны үйл баримтыг тогтоох, хэргийн бодит нөхцөл байдлын талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байж болно. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01281 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 689,286 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ