Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 493

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Хохирогч Э.Мөнхжин, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

Шинжээч Б.Ариунзул,

Гэрч Т.Хөхөөдэй, А.Алтангэрэл, А.Төгөлдөр,   

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1809001971282 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч ажилтай, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, сонсголон 12 дугаар гудамж 493 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 20-58 тоотод оршин суух, урьд:

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааранд үйлчлүүлж байгаад хохирогч Э.Мөнхжинтэй бүжгийн талбайд маргалдан түүнийг араас нь хөөж гараараа цохиж унагаасны улмаас Э.Мөнхжин нь нүүрээрээ газар унахдаа шат мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 30-наас 2017 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө найз Төгөлдөр, Гэрэлт-Од, Алтангэрэл нарын хамт “Лакс” бааранд орсон. Бааранд урт үстэй 2 залуу байсан. Нэг нь Алтангэрэлтэй гар бариад байж байтал Мөнхжин гэнэт араас нь цохиод Алтангэрэл ухаан алдсан. Би Мөнхжингийн араас нь очиж барьж аваад “...яагаад цохиж байгаа юм бэ?...” гэж асууж байтал найзууд нь бүгд над руу дайраад би буйдангийн гол руу арагшаа унасан. Мөнхжин шатанд тээглээд урагшаа уначихсан...” гэв.

          Хохирогч Э.Мөнхжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай төрийн бус байгууллагын шинэ жил болоод тухайн бааранд орсон. Намайг гадаад төрхтэй гэдгээр ийм асуудал урьд нь гардаг байсан. Бааранд байхад нэг залуу хүрч ирээд намайг гадаад гэж доромжилсон. Одоо бодоход Алтангэрэл байсан юм шиг байна. Би шилэн хүзүүн дээр нь гараа тавиад юм яриад байж байсан. Гэтэл хажуунаас нэг залуу орж ирээд намайг шууд цохьсон. Би хойшоо ухарч байхдаа нэг удаа цохиулаад унах үедээ буйдангийн наана байсан шаталсан брожур шиг зүйлийг мөргөсөн. Сэрэхэд миний нүднээс цус гарсан байсан. Баруун нүдний яс цаашаа цөмөрч орсон. Эмчилгээ хийлгээд арай дээрдсэн. Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн. Солонгос улс руу хагалгаа хийлгэх талаар баримт явуулсан. 18.000.000 вонны зардал гарна гэсэн. Би Итали улсад байнга оршин суух эрхтэй. Тэнд Эрүүл мэндийн даатгал төлдөг учир арай хямд байх гэж бодоод эмчид үзүүлсэн. Эмч миний биеийг үзээд “...Авсан гэмтэл нь амь насанд аюулгүй, гэхдээ хагалгаа хийлгэж болно. Хагалгааны зардал 30.000.000-40.000.000 төгрөг болно гэсэн. Надад санхүүгийн боломж байгаагүй учир хагалгаа хийлгэж чадаагүй. Одоогоор 2 өөр нүдтэй, толгой заримдаа өвдөх зовиуртай байна. Замын зардал 2.235.000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардлыг нэмж нэхэмжилнэ...” гэв.

           Шинжээч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Духны хөндийн өмнөд ханын баруун нүдний дээд ирмэг хүртэл үргэлжилсэн хугарал байна гэж дүрс оношилгооны эмч оношилсон. Эмнэлгийн баримт, материал, сидинд тулгуурлан дүгнэлт гаргасан. Хохирогчид үүссэн гэмтэл 2.8*0.7 см хэмжээтэй байсан. Духны яс хэсэгхэн хөндийтэй байдаг. Энэ хөндий яс хугархаар хөндий рүүгээ цөмрөхөөс гавалтай ямар ч хамааралгүй тул хөнгөн гэмтэл юм...” гэв.

          Гэрч Т.Хөхөөдэй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би ариун цэврийн өрөөнд ороод гараад ирэхэд Мөнхжинг толгойн тушаа газар нь баруун гараараа цохьсон.  Цохиод унагаачихаар нь би яаж байгаа юм бэ гээд Баттүшигийг түлхсэн. Мөнхжин газар унасан байсан. Босгоод харахад хөмсөгний дээд талаас цус гарсан байсан. Дахиад дайраад байхаар нь хамгаалагч нар ирж Баттүшигийг авч явсан...” гэв.

          Гэрч А.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би найзтай нь шүргэлцээд гар бариад зогсож байтал Мөнхжин миний эрүүн дээр цохисны улмаас би ухаан алдсан. Тухайн үед би шоконд орсон байсан...” гэв.

          Гэрч А.Төгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Алтангэрэлтэй бүжгийн талбай руу хамт гарсан. Алтангэрэл нэг залуугийн хөл дээр гишгэсэн гээд гар барьтал Мөнхжин шууд хүрч ирээд цохиод унагаасан. Баттүшиг Мөнхжингийн араас явахад найзууд нь шууд Баттүшигийг зуурч цохиж байсан. Тэр үед Мөнхжин гэх залуу өөрөө хальтираад унасан...” гэв.

Эрүүгийн 1809001971282 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө өөрийн найз Гэрэлт-Од, Алтангэрэл, Төгөлдөр нарын хамт Сүхбаатар дүүргийн “Лакс” бааранд орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал үл таних Мөнхжин гэх залуу манай найз Алтангэрэлийг цохиж унагачихаад зугтсан. Би Мөнхжин гэх залуугийн араас очоод барьж аваад зогсож байтал тухайн залуу намайг хойш нь түрсэн. Тэгээд халтирч унаад шат мөргөж унасан. Би тухайн үед Мөнхжингийн биед гар хүрээгүй. Намайг түрж явж байгаад хальтирч унасан. Дух хэсгээс нь цус гарсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Мөнхжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлын шинэ жилээ тараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс баар руу бид нар 02-03 цагийн орсон. Бүжгийн талбай дээр байсан хэсэг хүмүүс намайг өдсөн. Нэгэнтэй нь юм ярьж байтал тэр залуутай хамт явсан залуучууд намайг унагаагаад унасан хойно толгой руу өшиглөсөн. Миний баруун нүдний ухархай болон духний яс цөмөрч орсон. Хөмсгөн дээрээ 7-8 оёдол тавиулсан. Гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Чогсомдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 23 цагийн үед өөрийн найз нартай “Лакс” бааранд орсон. Тухайн бааранд манай найз Мөнхжин нэг хүнтэй барилцаж аваад арагшаа алхаж байгаа харагдсан. Би Мөнхжинтэй маргалдаж байсан хүнээс салгах гээд очтол хамгаалагч холдуулсан. Нөгөө хүмүүсийг салгасан тэр үед манай найз Мөнхжин газарт унасан байсан. Мөнхжинг босгоод иртэл нүд хэсгээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Хөхөөдэй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би өөрийн найз нарын хамт “Лакс” бааранд орсон. Би бие засах өрөө орчихоод ирэхэд манай найз Мөнхжин нэг залуутай барилцаж авсан байсан. Нөгөө залуу Мөнхжинг цохиход Мөнхжин ширээний хажууд унасан. Би Мөнхжинг босгоход нүүр хэсгээс нь цус гарч байсан. Аль хэсгээс нь цус гарч байгаа нь мэдэгдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би өөрийн найз нартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Лакс” нэртэй бааранд орсон. Бүжиглэж байгаад үл таних 2 залуутай хальт шүргэлцсэн. Тухайн залуутай гар бариад зогсож байтал гэнэт нэг гар орж ирээд намайг цохисон. Би газар унаад намайг босоход Баттүшиг нэг залуутай барилцаад зогсож байсан. Баттүшигтэй барилцаад зогсож байсан залууг намайг цохисон гэж ойлгоод нүүр хэсэгт нь нэг удаа тохойлдсон. Тухайн үед баарны хамгаалагч нар Баттүшигийг буйдан дээр суулгасан. Мөнхжинтэй хамт явж байсан эмэгтэй Мөнхжингийн хөмсгийг гараараа дарсан байсан. Би маргаан дууссан байхад очсон болохоор юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Гэрч А.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би найз нарын хамт “Лакс” бааранд орсон. Бүжгийн талбай дээр Алтангэрэлийг нэг залуу цохисон. Ямар хүн цохисныг харж чадаагүй буржгар үстэй хүн байх шиг байсан. Алтангэрэл газар унахад би Гэрэлт-Одын хамт босгосон. Алтангэрэлийг цохисон залууг манай найз Баттүшиг бариад авсан. Алтангэрэл босч ирээд өөр залуутай маргалдаад байсан. Баттүшиг Мөнхжин болон түүний найз нартай цаашаа барилцаад явсан. Тэр үед би Алтангэрэлийн цохиулсан газар Алтангэрэлтэй хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Гэрэлт-Од мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би найз нарын хамт Лакс нэртэй бааранд орсон. Бүжиглэж байгаад эргээд харахад Алтангэрэл газар унасан дээшээ харсан байдалтай байсан. Баттүшиг Алтангэрэлийг цохисон залуугийн араас явж байсан. Би цааш нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Үнэнбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө “Лакс” бааранд ажлаа хийж байтал бүжгийн талбай дээр хэдэн залуучууд зодолдох шиг болсон. Нэг залуу газар татаад унасан байсан. Би болиулах гээд ирэхэд нэг залуу нь төмөр босоо ширээ цагаан буйдан хоёрын гол хэсэгт унасан. Хөмсөг хэсгээс нь цус гарчихсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Зэс-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Лакс нэртэй бааранд найз нарын орж үйлчлүүлсэн. Бүжгийн талбай дээр Мөнхжин, Батаа бид 3 үл таних 2 залуутай маргалдаад ярилцаад зогсож байсан. Тэр үед саарал цамцтай залуу хүмүүсийн цаагуур тойрч Мөнхжин рүү гүйж очсон. Мөнхжин газар унасан. Мөнхжин босоод ирэхэд нүүр хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 140 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Эрдэмсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Мөнхжинг үл таних саарал цамцтай залуу заамдаж аваад түлхээд цохиж байгаа харагдсан. Тэгээд би гүйгээд очтол 2 хамгаалагч Мөнхжинг цохьсон залууг буйдан дээр суулгачихсан харин Мөнхжингийн хажууд Хөхөөдэй зогсож байсан. Саарал цамцтай залуу Мөнхжинг түрээд цохиод унагасан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 141 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №336 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №919 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Э.Мөнхжингийн биед баруун хөмсөгний дээд талд шарх, баруун нүдний зовхинд хаван цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно..." гэжээ /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №127 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шүүх эмнэлгийн  хүний биед хийсэн шинжилгээ №919 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн №336 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.
  2. Э.Мөнхжингийн биед баруун нүдний ухархайн дээд ирмэг, духны ясны баруун өмнөд ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний дээд талд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирчээ. 2014.12.05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжээчийн №291 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжилгээ №919 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт 336 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №127 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Э.Мөнхжингийн биед духны хөндийн өмнөд ханын, баруун нүдний ухархайн дээд ирмэг хүртэл үргэлжилсэн хугарал, баруун хөмсөгний дээд талд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Э.Мөнхжин нь тус гэмтлийг баруун хүзүү /шанаа/ орчимд цохигдоод газар унах үед үүсэх боломжгүй..." гэжээ /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “1_13_R_171231030800.avi”, “2_14_R_171231030800.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

  2. Шинжилгээнд ирүүлсэн “1_13_R_171231030800.avi”, “2_14_R_171231030800.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийг нэг дахин томруулж тодруулан, хурдыг нэг дахин удаашруулж DVD дискэнд хуулбарлан хавсаргав...” гэжээ /хх-ийн 70 дугаар хуудас/,

   

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Камерийн бичлэгийн зүүн дээд буланд цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн өмссөн хувцас нүүр царайг тодруулах боломжгүй хүнийг баруун гараараа 1 удаа цохиж үргэлжлүүлэн дарж унан...дэлгэцний баруун хэсгээс хохирогч Э.Мөнхжин нь баарны шалан дээр, холбогдогч Баттүшиг нь буйдан ширээ хоёрын завсраар унаж байгаа бичлэг байх ба Э.Мөнхжинг эмэгтэй хүн босгож байгаа бичлэг байлаа...” /хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 110-112 дугаар хуудас/,

 

Э.Мөнхжингийн өвчний түүх /хх-ийн 57-66 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 101 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 103-107, 142 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 14 хуудас гэм хорын хохиролтой холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 30-наас 2017 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Мөнхжинтэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж унагаан хүч хэрэглэж эрүүл мэндэд нь “духны хөндийн өмнөд ханын, баруун нүдний ухархайн дээд ирмэг хүртэл үргэлжилсэн хугарал, баруун хөмсөгний дээд талд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

 Хохирогч Э.Мөнхжингийн “...нэг залуу орж ирээд намайг шууд цохьсон. Би хойшоо ухарч байхдаа нэг удаа цохиулаад унах үедээ буйдангийн наана байсан шаталсан брожур шиг зүйлийг мөргөсөн. Миний нүднээс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Хөхөөдэйн “...Мөнхжин нэг залуутай барилцаж авсан байсан. Нөгөө залуу Мөнхжинг цохиход Мөнхжин ширээний хажууд унасан. Би Мөнхжинг босгоход нүүр хэсгээс нь цус гарч байсан. Мөнхжинг толгойн тушаа газар нь баруун гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Эрдэмсайханы “...Саарал цамцтай залуу Мөнхжинг түрээд цохиод унагасан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Зэс-Эрдэнийн “...саарал цамцтай залуу хүмүүсийн цаагуур тойрч Мөнхжин рүү гүйж очсон. Мөнхжин газар унасан. Мөнхжин босоод ирэхэд нүүр хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Чогсомдоржийн “...Мөнхжин нэг хүнтэй барилцаж аваад арагшаа алхаж байгаа харагдсан. Мөнхжин газарт унасан байсан. Мөнхжинг босгоод иртэл нүд хэсгээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч А.Алтангэрэлийн “...Мөнхжинтэй хамт явж байсан эмэгтэй Мөнхжингийн хөмсгийг гараараа дарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Гэрэлт-Одын “...Баттүшиг Алтангэрэлийг цохисон залуугийн араас явж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Үнэнбатын “...хэдэн залуучууд зодолдох шиг болсон. Нэг залуу газар татаад унасан байсан. Хөмсөг хэсгээс нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, 

 

Шинжээч Б.Ариунзулын “.... Хохирогчид үүссэн гэмтэл 2.8*0.7 см хэмжээтэй байсан. Духны яс хэсэгхэн хөндийтэй байдаг. Энэ хөндий яс хугархаар хөндий рүүгээ цөмрөхөөс гавалтай ямар ч хамааралгүй тул хөнгөн гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжээчийн №291 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1.         Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжилгээ №919 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт 336 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №127 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.         Э.Мөнхжингийн биед духны хөндийн өмнөд ханын, баруун нүдний ухархайн дээд ирмэг хүртэл үргэлжилсэн хугарал, баруун хөмсөгний дээд талд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №919 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №127 дугаартай дүгнэлт,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Э.Мөнхжингийн өвчний түүх зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд “Лакс” баранд шүүгдэгч Т.Бээс найзад нь хүч хэрэглэсэн гэсэн шалтгаанаар агшин зуурт хохирогч Э.Мөнхжингийн араас очиж нүүрэн тус газар цохиж хүч хэрэглэн газар унагасан байх ба тухайн агшинд болсон үйлдлийг шууд харсан гэрч Т.Хөхөөдэй дахин түүнийг цохих үйлдлийг таслан зогсоох зорилгоор Т.Бийг буйдан руу түлхэж, араас нь барны хамгаалагч нараас түүнийг дахин зохисгүй үйлдэл гаргахаас таслан зогсоожээ.

   

Ийнхүү Т.Бийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас Э.Мөнхжин газар унаснаас түүний дух, нүүр хэсгээс цус гарч гэмтэл авсан даруйд зохих газарт хандаж мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд тухайн цаг хугацаанд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байна.

 

Мөн түүнчлэн хэрэг болсон тухайн баранд Т.Бийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Мөнхжин гэмтсэнийг шууд харсан гэрч Т.Хөхөөдэйн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгүүд тодорхой эх сурвалжтай, бусад гэрч нарын мэдүүлэг болон дүрс бичлэгт тусгагдсан агуулгатай нийцсэн төдийгүй хэргийг шийдвэрлэх боломжгүй эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хуульзүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж “...шүүгдэгч Баттүшигийг гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай тогтоогоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй тул түүнийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг тус гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй нотлох баримтуудаар илэрч няцаагдсанаас гадна шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дээр дурьдсан дүгнэлтээр үгүйсгэгдсэн байна.

 

Өөрөөр хэлбэл тухайн баранд маргаан, зодоон болсон болохыг хохирогч Э.Мөнхжин, гэрч Т.Хөхөөдэй, Г.Эрдэмсайхан, Г.Зэс-Эрдэнэ, Н.Чогсомдорж, А.Алтангэрэл, Б.Гэрэлт-Од, Д.Үнэнбат нар мэдүүлж, хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлийг хохирогч өөрөө, шууд харсан гэрч Т.Хөхөөдэй, Г.Эрдэмсайхан, Г.Зэс-Эрдэнэ, Н.Чогсомдорж нараас мэдүүлсэн, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт шүүгдэгчээс хохирогч руу хандаж буй хандлага, биеийн үйлдэл хөдөлгөөн тодорхой тусгагдсан ба хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд хохирогч Э.Мөнхжингөөс “... Итали улсад эмнэлэгт үзүүлэхээр явсан ба онгоцны тийзийн зардал, эмчид үзүүлсэн төлбөр болон хагалгаа хийлгэх зардлаа нэхэмжилнэ...” гэсэн боловч гаргасан баримтууд нь үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                  

         ТОГТООХ нь:

 

            1. Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Т.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Т.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            5. Хохирогч Э.Мөнхжин өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.Бээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН