| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0495/Э |
| Дугаар | 496 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Хохирогч Р.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хдхолбогдох эрүүгийн 201725021321 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дундговь аймгийн Цагаандэлгэр сум 4 дүгээр баг, Замын улаанд оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2-84 тоотод түр оршин суух, урьд:
Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасаар 2 жилийн хорих ялаар,
Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж өмнөх ялтай нэгтгэж 2 жил 4 сарын хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхээр 2009 оны 7 дугаар сарын 27-ны 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 1 хоногийн хорих ялаас өршөөгдсөн,
Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 47-23 тоотод оршин суух Г.Батжаргалын Монгол гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хар өнгийн “ТСЛ” маркийн хавтгай дэлгэцтай зурагт, Нөт-1 маркийн гар утас, Сони эриксон маркийн гар утас, ДДиШ хүлээн авагч, Чемодан зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 340.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Д.Х нь 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 35-26 тоот хашаанд байрлах Р.Эрдэнэбаярын эзэмшлийн Монгол гэрт нэвтрэн 40 инчийн Хайсенс маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, хүүхдийн жижиг хөөрөг, МНВС-н төхөөрөмж, шар өнгийн орны бүтээлэг, их гарын зэс аяга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.860.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Д.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 7-123 тоотод оршин суух Т.Ганбатын байшин буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, МНВС хүлээн авагч төхөөрөмж, ус буцалгагч, плитка, залгуур, үүргэвч, тамганы хайрцаг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 401.600 төгрөгийн буюу 3 удаагийн үйлдлээр 2.601.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хулгай хийвэл шоронд орно гэдгээ мэдсээр байж хулгай хийсэн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Бүх үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хийсэн. Бусад эд зүйлийг авсан үйлдлээ зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Р.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сард болсон хэрэг. Би тухайн үед Завхан аймагт байсан. Өглөө цагдаагаас хулгай орсон талаар утсаар залгаж хэлсэн. Манай хажуу айлд ажил явдал гарсан учир шөнө 04.00 цаг хүртэл байцгаасан. Өглөө 11.00 цагийн орчим над руу хулгай орсон талаар ярьж мэдэгдсэн. Зурагт, хүлээн авагч, орны бүтээлэг, хөөрөг, 5 аяга алга болсон. Зурагт болон хүлээн авагчаа эргүүлэн авсан. Хөөргийг шүүх хуралдаанд эргүүлэн өгч байгааг хүлээн авна. 4 мөнгөн аяга болон 1 зэс аягаа нэхэмжилж байна...” гэв.
Эрүүгийн 201725021321 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гадуур явж байгаад мөнгөгүй болоод Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцсийн гүүрний хажуухан тал байсан эзэнгүй айл руу орж зурагт, ДДШ-н хүлээн авагч, 2 ширхэг гар утас, дугуйтай цүнх зэрэг эд зүйлс авсан. Би он сарыг нь санахгүй байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн эцсийн гүүрний хажууд байсан айлаас эд зүйл хулгайлсан. Зурагтыг нь өөрийн дүү Хонгорзулаар ломбарданд 50.000 төгрөгөөр тавиулсан. ..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-51, 136-138, 2 дугаар хх-ийн 27-30, 46-48, 83-84 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт хулгай орж 24 инчийн зурагт, 2 ширхэг гар утас, ДДШ-ийн хүлээн авагч, түрдэг дугуйтай чемодан зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Баярболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үл таних эмэгтэй ТСЛ-н 24 инчийн хавтгай зурагт авч орж ирээд авах уу гэж асуусан. Би үзээд 50.000 төгрөгөөр авна гэхэд нөгөө хүн зөвшөөрөөд авсан. 50.000 төгрөгийн хохирлоо буцаан авсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Хар өнгийн Чемодан /дугуйтай/, ДДШ-н хүлээн авагч, сони эрикссон цагаан өнгийн гар утас, хар өнгийн 24 инчийн ТСЛ маркийн зурагт, хар өнгийн нөт-1 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хураан авав...хураалгасан Б.Баярболд...” гэжээ /1 дүгээр хх-ийн 13-14, 16 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хар өнгийн 24 инчийн ТСЛ маркийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, нөт-1 маркийн гар утас, сони эриксон цагаан өнгийн гар утас, ДДШ-ийн хүлээн авагч, чемодан зэрэг эд зүйлийг хохирогч Батжаргалд хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №3198 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 3, 5 дугаарын тунгалаг наалт туузанд байх 3 ширхэг гарын мөр гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. №3 дугаарын 1 ширхэг гарын мөр санд MN0000ШШГ02808, MN005210001897, 25140208 MN000610008124, MN005000000011 дугаарт Даваажав овогт Хатанбаатар нэрээр 5 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын алганы дардастай тохирч байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ “...21 инчийн ТСЛ маркийн зурагт 100.000 төгрөг, ДДШ-ийн хүлээн авагч 40.000 төгрөг, Нөт-1, сони маркийн гар утас 50.000 төгрөг, дугуйтай чемодан 20.000 төгрөг...” гэжээ /1 дүгээр хх-ийн 43, 77 дугаар хуудас/,
Хохирогч Р.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрийн амбаарын монгол цоожыг хөшиж ороод, дотор талд гэрийн хаалганд байсан орос цоожны цүүг тас мушгиад орсон байсан. 40 инчийн “Хайсенс” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, хүүхдийн хөөрөг, MNBC-ийн антены төхөөрөмж, шар өнгийн орны бүтээлэг, зэс аяга зэрэг эд зүйлс алдагдсан байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 196-198 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 180-184 дүгээр хуудас/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга 800.000 төгрөг, их гарын зэс аяга 100.000 төгрөг. Нийт хохирлын дүн нь 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоогдож байна. 40 инчийн Хайсенс брэндийн зурагт 640.000 төгрөг, МНБС антен хүлээн авагч 80.000 төгрөг, хүүхдийн чулуун хөөрөг 50.000 төгрөг. Нийт хохирлын дүн нь 770.000 /долоон зуун далан мянга/ төгрөгөөр тогтоогдож байна..” гэжээ /1 дүгээр хх-ийн 207-209, 211-213 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэлд “...хар өнгийн хавтгай дэлгэцтэй, Хайсенс маркийн LED зурагт 1 ширхэг, 1 ширхэг хар өнгийн удирдлагын хамт хураан авав...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 216 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...40 инчийн Хайсенс загварын зурагтыг хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 217 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Оюунсувд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай “Өнө оюу эрдэнэ” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт Даваажав овогтой Хатанбаатар нь 40 инчийн Хайсенс маркийн зурагт 50.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Удалгүй дахин ирж 50.000 төгрөг авсан байсан. Манай байгууллагад 100.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо авах юм бол ямар нэгэн гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч Д.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай ах Хатанбаатар ТСЛ маркийн 24 инчийн зурагт манай гэрт авчирсан. Надад бичиг баримт алга байна чи энэ зурагтыг ломбарданд тавиад надад мөнгө аваад өгөөч гэсэн. Би уг зурагтыг 6 буудлын Очир төвд байдаг ломбарданд 50.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг нь ах Хатанбаатарт өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Хохирогч Т.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан. Зурагт, MNBC-ийн төхөөрөмж, ус буцалгагч, индукцэн плетка, олон залгуур, тамганы хайрцаг, үүргэвч, повер банк 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 70-73 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 63-67 дугаар хуудас/,
Гэрч Э.Энхзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Уг хүн 7 буудлаас суугаад Салхит орж нэг модон байшингаас телевизор, ус буцалгагч, индукцэн плетка, тогоо, гудас зэрэг эд зүйл аваад 7 буудлын харалдаа далангийн хажууд очсон. Эд зүйлээ тавиад зурагтаа ломбарданд тавина гээд надтай хамт 2-3 ломбардаар орсон боловч нөгөө зурагтыг авахгүй байсан. Таксины мөнгөний оронд нөгөө зурагтаа өгөөд маргааш өглөө авна гэж хэлээд үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 76-77 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зурагт, төхөөрөмж, ус буцалгагч, плетка, залгуур, үүргэвч, хайрцаг зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 401.600 /дөрвөн зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Contex гэсэн бичиг бүхий хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагтыг хураан авав...” гэжээ /2 дугаар хх-ийн 95 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Contex брэндийн зурагт хар өнгөтэй, үүргэвч 1 ширхэг, ус буцалгагч залгуурын хамт, олон залгуур 1 ширхэг, мобикомын интернэт 1 ширхэг, MNBC-ийн төхөөрөмж 1 ширхэг, индукцэн плетка 1 ширхэг, тамганы хайрцаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хохирогч Ганбатад хүлээлгэн өгөв...” гэжээ /2 дугаар хх-ийн 96-97 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 216/
Шүүгдэгч Д.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 52, 2 дугаар хх-ийн 99 дүгээр хуудас/, гэрч Б.Цэнгэлийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Д.Хонгорзулын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь:
2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 47-23 тоотод оршин суух Г.Батжаргалын Монгол гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хар өнгийн “ТСЛ” маркийн хавтгай дэлгэцтай зурагт, “Нөт-1” маркийн гар утас, “Сони эрикссон” маркийн гар утас, ДДШ хүлээн авагч, чемодан зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 8 дугаар сарын 13-наас 2017 оны 8 дугаар сарын 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 35-26 тоот хашаанд байрлах Р.Эрдэнэбаярын эзэмшлийн Монгол гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 40 инчийн “Хайсенс” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, хүүхдийн жижиг хөөрөг, МНВС-н төхөөрөмж, шар өнгийн орны бүтээлэг, их гарын зэс аяга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.860.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 7-123 тоотод оршин суух Т.Ганбатын байшин буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, МНВС хүлээн авагч төхөөрөмж, ус буцалгагч, плитка, залгуур, үүргэвч, тамганы хайрцаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 401.600 төгрөгийн буюу 3 удаагийн үйлдлээр 2.601.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд,
Хохирогч Г.Батжаргал, хохирогч Р.Эрдэнэбаяр, хохирогч Т.Ганбат нарын мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Баярболд, Б.Оюунсувд нарын мэдүүлэг,
Гэрч Б.Цэнгэл, Д.Хонгорзул нарын мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Хын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №3198 дугаартай дүгнэлт,
Эд зүйлийн үнэлгээ, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Д.Х нь өөрийн мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж хохирогч Г.Батжаргал, Р.Эрдэнэбаяр, Т.Ганбат оршин сууж амьдрах тусгайлан хамгаалсан гэр, байшинд нэвтэрч, хохирогч нарт мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг авсаны улмаас тэдгээрт эд хөрөнгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй ба шүүгдэгчээс өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч “...хохирогч Р.Эрдэнэбаярын гэрээс мөнгөн аяганууд авсан болох нь тогтоогдоогүй тул хохирлоос хасч тооцож өгнө үү...” гэсэн саналыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч Р.Эрдэнэбаяр мэдүүлгийнхээ эх сурвалжид мөнгөн аягуудыг ямар байдлаар олж авсанаа тодорхой мэдүүлсэн, хэргийн газарт тухайн айлын бүх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан нь тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тусгагдсанаас гадна анх эд зүйл алдагдсан талаар дуудлага өгсөн гэрч Ш.Лхагвахоролын мэдүүлэгт “...гэрт орж харахад ямар ч гэсэн зурагт, мөнгөн аяга гэх мэт зүйлүүд алга болсон байна...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд тухайн эд зүйлийг шүүгдэгчээс хулгайлсан нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын эд зүйлсийг буцаан өгч хохирогч Г.Батжаргал, Т.Ганбат нарын хохирол бүрэн буцаан төлөгдсөн ба харин хохирогч Р.Эрдэнэбаярын хохирлоос 900.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Баярболдод 50.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Оюунсувдад 100.000 хохирол, төлбөр төлөгдөөгүй байсныг гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг түр завсарлуулсан хугацаанд хохирогч Р.Эрдэнэбаярт 900.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Баярболдод 50.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Оюунсувдад 100.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдсон тул түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Хыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдал тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /биеийн эрүүл мэндийн байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол, түүнийг арилгасан байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 118 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Хыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Хт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд оруулж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН