Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00532

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/00941 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******, ******* ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 671,801,022 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч *******, *******, ******* ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* ХК-ийн Зуун айл тооцооны төвтэй ЗГ/201944784243 тоот зээлийн гэрээ болон БГХ/201944784243 тоот барьцааны гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БГҮ/201944784243 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 450,000,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлийн барьцаанд бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн байранд байрлах бараа материал болон *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамж, ******* тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, 721.71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй , Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлаастын 24 дүгээр гудамж, ******* тоот хаягт байршилтай, 385 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 609 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан.

Гэрээ байгуулснаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаал, Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал, Зээлийн хорооны шийдвэр, зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 12 сараар сунгаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээгээр олгосон 450,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 17,333,395.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 39,744,666.74 төгрөгийг төлж, гэрээ байгуулах үед үндсэн зээлийн үлдэгдэл 436,998,111.72 төгрөг байсан болно.

2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөн зээлийн болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах гэрээнүүдийг тус тус байгуулан зээлийн хүүг жилийн 10,5 хувь болгон бууруулж, зээл олголт эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Уг гэрээг байгуулах үед 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр олгосон 450,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 18,618,327.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 100,574,324.90 төгрөгийг төлж, энэхүү гэрээг байгуулах үед үндсэн зээлийн үлдэгдэл 435,713,179.39 төгрөг байсан болно.

Зээлдэгч нар нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 18,793,377 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 142,154,447 төгрөг, нийт 160,947,824 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч банкны зүгээс зээлдэгч нартай удаа дараа утсаар холбогдох, биечлэн уулзаж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж байсан ба 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж эвлэрлийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан. Гэвч үр дүнд хүрээгүй учир дахин зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн ба гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь төлж дуусгах арга хэмжээ авахыг шаардаж зээл буцаан дуудах мэдэгдлийг явуулсан боловч зээлээ дуусгаагүй.

Иймд, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 435,538,129 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 120,518,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,407,987 төгрөг, нийт 561,464,431 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд авсан зээлийг ашиглаж байгаа гэж үзэх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 110,336,591 төгрөгөөр ихэсгэж, нийт 671,801,022 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Банкнаас авсан зээлээ төлнө. Харин төлөхөд цаг хугацаа хэрэгтэй байна. Миний үл хөдлөх хөрөнгийг хүн худалдаж авах санал тавьсан учраас би 2024 оны 12 сард банкинд хандаж зээл төлөх хугацаа олгож өгөөч гэхэд банкны зүгээс хугацаа олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээсээ татгалзвал надад өөрийн хөрөнгөө худалдаад цаана нь 100,000,000 төгрөг ч болтугай үлдэх боломжтой болж байгаа. Үндсэн зээлийн төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг бол хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн мөнгийг бизнесийн хэрэгцээнд зориулсан болохоос би хэрэглээгүй. Гэвч зээл авсан гэдэг нь үнэн, гарын үсэг зурсан болохоор төлнө. Зээл төлөх хугацаа хэрэгтэй байна. Хуулийн хүрээнд аль болох бага дүнгээр тооцож шийдэж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* ХХК, ******* нараас 671,801,022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгуулах, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* ХХК, ******* нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 24 гудамж, 584 тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, 721.71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 24 гудамж, 584 тоот хаягт байршилтай, 385 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 24 гудамж, 584 тоот, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 609 м.кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,745,472.15 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,587,155 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

5.1. *******ны эдийн засагч гэх албан тушаалтан танай компанийн бизнесийн үйл ажиллагаа тогтворжсон тогтмол орлогын эх үүсвэр сайтай манай компанийн зээлдэгч болооч гэсээр байгаад биднийг хүсээгүй зээл рүү оруулж, манай компанийн Улаанбаатар банкны зээлийг төлсөн байдаг юм. Бид *******наас дансаар болон бэлнээр ямар нэгэн байдлаар зээл аваагүй харин бидний зээлийг ямар учраас төлж, зээлдэгч болгоод байгааг ойлгохгүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй банк бидний зээлэнд баталгаа гаргах хэлбэрээр оролцсон гэж ойлгодог гэтэл намайг зээлдэгч гээд байгаа хуулийн ойлголт нь буруу гэж үзэж байна. Би Улаанбаатар банкны зээлдэгч байсан, *******ны дээрхи зээлийн гэрээгээр зээлдэгч гэсэн хуулийн ойлголтоор нэг ч төгрөг аваагүй гэж үзэж байна.

Тус шүүхийн шийдвэрээр зээлдэгч гээд үзээд байгаа ******** нь хэдэн сарын хэдний өдөр ямар банкийг иргэн *******, *******, ******* XXК-д зээлийг олгосон болохыг шүүх нотолж чадаагүй гэж үзэж байна.

******* нь зээлдэгч нарын өмнө эрх, үүргийг адил хэмжээгээр эдлэх ёстой. Бид тус банканд зээлтэйгээ шилжиж ирэхдээ эдийн засгийн чадавхтай байсан ******* нь ямар учраас зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон талаарх судалгааг нарийвчлан хийгээгүй, тус компанийн бизнесийн үйл ажиллагаа нь хаанаа хэрхэн доголдох нөхцөл байдалд орсон бэ гэдэг нь зөвхөн зээлдэгчийнх биш, зээлдүүлэгч хоёрын аль алинд нь хамааралтай гэж үзэж байна.

Өнөөдөр шүүхээс зээлийн болон барьцааны гэрээг хоёр тал байгуулсан гэж дүгнээд байгаа гэтэл банк нь гэрээгээ дүгнэх гэж байгаа бол компани нь зээл аваад ашиг хийсэн үү, орлого санхүүгийн чадавх нь дээшилж зээлийг хэрхэн яаж зарцуулсан талаар дүн шинжилгээ хийсэн үү гэдэгт шүүх бодит байдалд дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

 

5.2. Тус хэрэгт ******* хэргийн хариуцагч гэдэг нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. ******* тус зээлээс нэг ч төгрөг аваагүй нэг ч хөрөнгө барьцаалаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар уг хэргийн жинхэнэ хариуцвал зохих этгээд нь ******* ХХК, ******* нар юм. Тус зээлийн гэрээний оролцогч биш *******ыг зээлдэгч хариуцагч гэсэн байгаагаас чөлөөлөх ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч биш болох талаар хуулийн дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна.

 

5.3. ******* нь гэрээг цуцалсан атлаа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хүүгийн төлбөрт 218,318,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,521,587 төгрөг, нийт 110,336,591 нэмэгдүүлсэн. Шүүх нь *******ны нэмэгдүүлсэн шаардлагыг хангасан байгаад маш их гомдолтой байна. Нэмэгдүүлсэн шаардлагаар зээлдэгчээс үндсэн зээл хүүгээ төлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн ба ******* нь гэрээгээ цуцалж, шүүхэд нэхэмжлэл өгсөн. ******* нь зээлийн гэрээгээр зээлдэгчийн эрх ашигт маш ихээр дарамт бий болгосон байгааг шүүх анхаараагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг зөв ойлгож хэрэглээгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээгээр 450,000,000 төгрөгийн үндсэн зээл байх бөгөөд үүнээс зээлийн гэрээний хугацаанд 160,947,824.00 төгрөгийн төлөлт хийсэн талаар шүүх дүгнэсэн. Үүнийг хасаж тооцвол үндсэн зээл 289,052,176.00 төгрөг, зээлийн хүү 120,518,314.54 төгрөг, нийт 409,570,419.54 төргөг төлөх үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгож өгнө үү.

 

6. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас оролцоогүй бөгөөд давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, *******, ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 671,801,022 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, *******, ******* ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХК нь 450,000,000 төгрөгийг, жилийн 18,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* ХХК, ******* нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 450,000,000 төгрөгийг зээлдэгч *******ийн дансанд шилжүүлсэн. /1-р хх-ийн 14-19, 35, 36-р тал/

 

4.2. Зохигч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамж, ******* тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, 721.71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй , Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамж, ******* тоот хаягт байршилтай, 385 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 609 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. /1-р хх-ийн 22-27-р тал/

 

4.3. Талууд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан дээрх гэрээний хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 12 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. /1-р хх-ийн 37-39-р тал/

 

4.4. Мөн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан дээрх гэрээний зээлийн хүүг жилийн 10,5 хувь болгон бууруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. /1-р хх-ийн 39-41-р тал/

 

4.5. Нэхэмжлэгч ******* ХК болон хариуцагч ******* нар нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөн барьцааны гэрээнүүдэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах дээрх гэрээнүүд нь барьцаалагчийн барьцааны эрх олж авах үндэслэл болох, мөн түүнчлэн үүрэг гүйцэтгэх хугацаа болон зээлийн хүүг мөн дээрх гэрээнүүдэд зааснаар өөрчилсөн байна. /1-р хх-ийн 42-45-р тал/

 

5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч ******* ХК нь хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч *******, *******, ******* ХХК-иас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

5.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* ХХК, ******* нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээсэн боловч эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 6 сараас зөрчиж эхэлсэн, 2024 оны 04 дүгээр сараас хойш огт төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдсон. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 434,961,287 төгрөг, хүү 218,318,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,521,587 төгрөг, нийт 671,801,022 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогджээ. /1-р хх-ийн 16-17, 209-210-р тал/

 

5.3. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4.3-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн, гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байна.

 

5.4. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч нар зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн ба нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлээр ... зээл буцаан төлөх хуваарьт хугацааг 486 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй, нийт 539,767,601 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн төлбөрийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх талаар мэдэгдсэн боловч хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэн шүүхэд хандаж үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцжээ./1-р хх-ийн 52,53-р тал/

 

Иймд хариуцагч нар зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаагаар буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.

 

6. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч ******* нь жинэхэнэ хариуцагч биш тул түүнийг үүргээс чөлөөлөх, мөн зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох талаар дурджээ.

 

6.1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт ... үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийн талаар тодорхойлсон байх бөгөөд хариуцагч ******* ХХК, ******* нар нь гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь гэрээний дагуу үүсч буй үүргийг хамтран хариуцахаар тохиролцсон гэж үзнэ. Иймээс хууль болон гэрээнд зааснаар хариуцагч ******* нь зээлийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

6.2. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 161,662,467 төгрөгийг төлсөн байна. /1-р хх-ийн 210/

Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон ба мөн зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж заасан. Зээлийн гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн төлбөр нь үндсэн үүрэгт хамаарна. Талуудын байгуулсан гэрээний 2.4.2.2-т зээл олголт, эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлэхээр тохиролцжээ.

Хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт төлсөн нийт 161,662,467 төгрөгийн 142,292,247 төгрөгийг зээлийн хүүнд, 19,370,220 төгрөгийг үндсэн зээлд суутган тооцсон нь хууль болон талуудын тохиролцоонд нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/00941 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн нийт 1,469,103 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ