Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00389

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1954 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Рашаантын Зүүнтүрүүний 23 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, Шаазгант овогт Раднаагийн Ганболд /РД:ГЭ54021733/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00368/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Ганболд, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн Баяннуур сумын ТАА-д 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор улсын фондын өвс бэлтгэж ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй тул дээрх онуудад улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Баяннуур сумын ТАА-д 1974 оноос 1978 оныг дуусталтракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Ганболд нь Булган аймгийн Баяннуур сумын ТАА-д тракторын жолоочоор 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл улсын фондын өвс бэлтгэж ажиллаж байсан нь тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Ганбатын ...Миний бие 1976 онд Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд тоо бүртгэгчээр ажилд ороход Р.Ганболд нь тус Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг тус аж ахуйд орохоос өмнө Р.Ганболд нь 2 жил ажилласан байсан. Бид 1976-1978 он хүртэл Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд хамт ажиллаж байсан. Р.Ганболд нь 1978 онд цэрэгт татагдан явж би 1979 онд ажлаасаа гарсан... гэх, гэрч Г.Дамдинсүрэнгийн ...Миний бие Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд ороход Р.Ганболд нь тус Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. Бид тус аж ахуйд 5 жил хамт ажилласан. Р.Ганболд нь 5 жил ажлаад ажлаасаа гарсан... гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шаазгант овогт Рандаагийн Ганболдыг Булган аймгийн Баяннуур сумын ТАА-д тракторын жолоочоор 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 3 /гурван/ жил 10 /арван/ сар 10 /арван/ хоног ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН