Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 503

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Б.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1909015400479 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын их сургуулийн эрх зүйн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бага дарь эх 10 дугаар гудамж, 1964 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

   Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мийтинг” шөнийн цэнгээний газрын гадна талын автобусны буудалд хохирогч З.Солонгоотой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж вискиний шилээр нүүрэн тус газар нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909015400479 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мийтинг” шөнийн цэнгээний газрын гадна талын автобусны буудал дээр найзын хамт явж байгаад хажуу талд байсан Солонго гэх эмэгтэйтэй танилцсан. Солонго намайг ууж байсан юмаа ууж байсан газраа үлдээгээд гарч чадахгүй байж бид нарыг юугаар дайлах гэсэн юм гэхээр нь би гартаа барьсан вискитэй шилээ энийг уу гээд шидсэн чинь Солонгын хамран дээр нь оносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Хохирогч З.Солонгоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Мийтинг баарны хойд талын автобусны буудал дээрээс такси барих гээд зогсож байтал үл таних 2 залуу гарч ирээд “хаашаа явах юм дугаараа өгчих цуг явъя” гээд байсан. Таксинд суулгахгүй намайг “янхан минь чамаас илүү янханууд нь миний өвөрт ордог юм” гээд элдвээр хэлээд доромжлоод байхаар нь өшиглөх гэсэн чинь нэг залуу нь намайг тэврээд авсан. Би нөгөө залууг “чи захиалсан вискигээ үлдээгээд гараад ирж чадахгүй гороогоод аваад гараад ирсэн юм уу” гэсэн чинь нөгөө залуу “тэгвэл чи ав” гээд над руу шидсэн. Шидсэн шилтэй архи нь миний дух хамар хэсэгт цохиод миний хамраас цус гарсан. Би нөгөө залуу руу гүйж очоод цохих гэтэл бид хоёр хамт унасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 19-21 дүгээр хуудас/,

 

   Гэрч У.Мөнхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 05 цагийн үед “Мийтинг” баарны хойд талын автобусны буудал дээрээс такси барих гээд зогсож байтал үл таних 2 залуу гарч ирсэн. Хаашаа явах юм дугаараа өгчих цуг явъя гээд байсан. Таксинд сууж байсан чинь нөгөө хоёр залуу манай найз Солонгоог суулгахгүй хэрэлдээд байсан. Манай найз Солонгоо орилсон Золжаргал таксинаас буусан. Тэгээд би араас нь буусан чинь Солонгоогын хамарнаас цус гарсан байдалтай байсан. Нөгөө хоёр залуу зугтаах гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч  Г.Золжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 05 цагийн үед “Мийтинг” баарны хойд талын автобусны буудал дээрээс такси барих гээд зогсож байтал үл таних хоёр залуу гарч ирээд “хаашаа явах юм дугаараа өгчих цуг явъя” гээд байсан. Таксинд сууж байсан чинь нөгөө 2 залуу манай найз Солонгоог суулгахгүй хэрэлдээд байсан. Манай найз Солонгоо орилсон. Би таксинаас буугаад харсан чинь манай найзын хамарнаас цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4326 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. З.Солонгоогын биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудасны ар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мийтинг” шөнийн цэнгээний газрын гадна талын автобусны буудалд хохирогч З.Солонгоотой үг яриа өдөж хоргоон улмаар зүй зохисгүй харьцаж маргалдаж вискины шилээр нүүрэн тус газар нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Солонгоогын мэдүүлэг, гэрч У.Мөнхзулын мэдүүлэг, гэрч Г.Золжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4326 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч З.Солонго руу вискины шил шидэж хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Сын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь хэсэгт зааснаар Б.Саас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн нөхцөл байдал хангагджээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч З.Солонгоос “...Сүхбаттай хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр хохирлоо шийдвэрлэсэн тул гомдол саналгүй...” гэсэн хүсэлт гаргаж, тэдгээр хоорондоо 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Хохирол барагдуулах хэлцэл”-ийн дагуу Б.Саас хохирогч Э.Солонгоод хохирол болох 1 сая төгрөгийг 2019 оны 9 сарын 05-ны өдөр хүртэл сар бүр тодорхой дүнгээр төлөхөөр тохиролцжээ.

 

Ийнхүү хохирогч, шүүгдэгч нар хохирлын талаар хоорондоо тохиролцож, тодорхой шийдэлд хүрч хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг өөрийн буруутай гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчээс гэм хорын хохирлыг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хохирогч З.Солонго нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

    

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Сыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            6. Хохирогч З.Солонгоо өөрт учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Саас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН