Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2025/00016

 

******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/00114 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оноос эхлэн авто машин худалдан авахад зориулж өгсөн мөнгөний үлдэгдэл 11,838,000 төгрөг гаргуулах" тухай,

Иргэний хэргийг хариуцагч ******* гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие нь 2022 онд *******аас түүний приус 20 маркийн автомашиныг 14,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед ******* нь миний машин 4 дугуйгүй тул наана чинь гражид байгаа, би өөрөө Улаанбаатар хотод ажилтай яваад байна, удахгүй очоод гаргаад өгнө гэж байсан. Ингээд удалгүй надтай ирж уулзаад надад мөнгөний хэрэг гарсан тул та өөрийн машинаа барьцаанд тавиад мөнгө олж өгөөд машиныхаа төлбөрөөс суутгуулчих гэсэн тул би зөвшөөрч өөрийн приус 11 маркийн ******* ДАА улсын дугаартай машиныг ТБ авто финанс ХХК-д барьцаалан 1,000,000 төгрөгийг ******* зээлж өгсөн.

Сарын дараа ******* нь за ах аа, та 1 сая төгрөг дээрээ нэмээд машиныхаа урьдчилгаа төлбөрийг төлөөд машинаа аваарай гэсэн тул би өөрийн машиныг *******аар дамжуулан 2,500,000 төгрөгөөр худалдан, 1,000,000 төгрөгөөр нь ТБ авто финанс ХХК-д байсан машиныхаа зээлийг хаагаад 1,500,000 төгрөгийг ******* бэлнээр өгсөн. Гэтэл ******* нь шалтаг хэлсээр машинаа өгөхгүй байсан.

Ингэж явсаар 2022.09.02-ны өдөр та машины урьдчилгаан дээрээ мөнгө нэмж өгөх хэрэгтэй байна, та тэтгэврийнхээ зээлийг авчих гэсэн. Би тухайн үед тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан тул ******* нь нэг хүн дагуулж ирээд миний 3,340,000 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг хаалгаад 5,560,000 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулсан. Үүнээс 3,430,000 төгрөгийг таны зээлийг хаасан хүнд өгнө, та надад үлдсэн 2,220,000 төгрөгийг нь өгчих гээд мөн бэлнээр авсан.

Ингээд 2023 оны 06 дугаар сард надтай холбогдоод Худалдаа хөгжлийн банк 2 жилийн тэтгэврийн зээл өгч байгаа юм байна, та надад тэтгэврийн зээлээ тулгаж авч өгөөд машинаа авчих гэсэн. Ингээд би тэтгэврийн зээлээ Хаан банкнаас ХХБ-руу шилжүүлээд 9,500,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг авч Хаан банкны тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2,882,000 төгрөгийг дараад, 6,618,000 төгрөгийг мөн ******* өгсөн.

Гэтэл ******* нь таньдаг хүнээрээ яриулчихлаа ах гээд Хаан банкнаас мөн 2,873,300 төгрөгийн зээл авхуулсан. Би түүнээс ах нь чамд зөндөө мөнгө өглөө шүү дээ, одоо машинаа авъя гэхэд мөн л элдэв шалтаг хэлээд маргааш, нөгөөдөр, дараа 7 хоногт гэсээр сүүлдээ та мөнгөө гүйцэд өгч байж машинаа аваарай гэсэн.

Би түүний энэхүү үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандсан боловч цагдаа нар машин зарах асуудал чинь иргэний маргаан шүү дээ, гэмт хэрэг биш байна гэсэн бөгөөд ******* ч Цагдаагийн газарт байхдаа 2,873,300 төгрөгийн зээлийг дараад, үлдсэн мөнгийг чинь сар сард хувааж өгөөд дуусгая гээд Эвлэрлийн гэрээ гэх ******* бичүүлж ирсэн баримт бичигт гарын үсэг зурчих гэсэн. Би тухайн бичигт чи надаас бага мөнгө авсан гэж биччихсэн байна шүү дээ гэхэд өө, би яараад ингээд бичүүлчихлээ, энэ бичгийг зөвхөн цагдаад л өгөх юм чинь ямар хамаа байх вэ дээ? Танаас мөнгө авсан нь л үнэн юм чинь эргээд би танд төлөх нь ойлгомжтой гэсэн тул би итгэн гарын үсэг зурсан.

Гэвч ******* нь тухайн мөнгөнөөс 500,000 төгрөгийг л буцаан өгч, Хаан банкны зээлд 2,873,300 төгрөг төлснөөс өөрөөр мөнгө өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие *******аас машиныг нь худалдан авъя гэж тохиролцсоноос хойш түүнд 1,000,000 төгрөг, +2,500,000 төгрөг, +2,220,000 төгрөг, 6,618,000 төгрөг, +2,873,300 төгрөг, нийт 15,211,300 төгрөгийг ******* төлсөн боловч өнөөдөр машин ч үгүй, мөнгө ч үгүй, маш их зээлтэй болж хоцорсондоо үнэхээр гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч миний бие 2022 оноос эхлэн автомашин худалдан авахад зориулж ******* нийт 15,211,300 төгрөгийг төлснөөс ******* нь 2,873,300 төгрөгөөр миний зээлийг хааж, 500,000 төгрөгийг надад төлж, нийт 3,373,300 төгрөгийг эргүүлэн төлснөөс өөрөөр огт мөнгө төлөөгүй тул түүнд өгсөн мөнгөний үлдэгдэл 11,838,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х 1-2/

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

 

...Манай нөхөр ******* нь нэхэмжлэгч *******тай уулзаад түүнээс 9,500,000 төгрөгийн зээл авхуулсан ба тухайн зээлийг өөрийн ах хавдрын эмчилгээнд хэрэглэх зорилготойгоор зээлсэн юм. Үүнийг нь би мэдэж байсан бөгөөд зээл авхуулах үед нь хамт явж байсан нь үнэн. Тэр үед ******* нь тэтгэврийн зээл хийж *******д өгсөн бөгөөд ******* тэтгэврийн зээлийн гэрээнд найз баталгаа гаргагчаар оролцсон.

 

******* нь зээлсэн мөнгөө аваад маргааш нь хот руу явсан. Тэр үеэс хойш намайг залгахаар утсаа авахгүй, холбоо барих боломжгүй, нэг ч удаа уулзаагүй өнөөдрийг хүрсэн. Ингээд энэ асуудалд нөхөр ******* олдохгүй байсан учир ******* надад холбогдуулаад Цагдаагийн газар өргөдөл гаргаж, хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд тухайн үед гомдлыг шалгаж байсан цагдаагийн албан хаагч нь ...та энэ хүний эхнэр нь юм чинь хариуцлага хүлээх ёстой, нэг гэрт амьдарч байсан... гэж хэлээд эвлэрлийн гэрээ байгуул гэж хэлсэн.

 

Тэгээд би аргагүйн эрхэнд, нөхрийгөө ирээд энэ төлбөрийг төлөх байх гэж найдаад эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Хэдийгээр би *******аас зээл аваагүй боловч хүн чанарын үүднээс өөрийн нөхрийн зээлсэн 9,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлсөн тул дахин төлбөр төлөх ёсгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ / х.х 43,68-69/

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******аас 8,519,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 3,319,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 151,254 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

Анхан шатны шүүх намайг эзгүйд шүүх хурал хийсэн. Би 2025 оны 01 сарын 20-ны өдөр шүүх хурал хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт бичгээр гаргасан. Би хүсэлтдээ *******г өөрийн биеэр шүүх хуралд оролцуулах, гэрч шүүх хуралд оролцуулах, мөн хэргийн үйл баримтыг сайн мэдэх У.ыг гэрчээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хурал болохын өмнө 10:00 цагт өгсөн. Шүүх хурал 11:00 цагт эхлээд миний хүсэлтийг хангаагүй шүүх хурал хийсэн байсанд гомдолтой байна. Энэ маргаан нэхэмжлэгч тал ******* намайг *******аас машин зарах нэрээр 5 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөг авсан гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ бичдэг.

 

Огт тийм машины асуудал биш. нь эхлээд өөрийнхөө тэтгэврийн зээлийг ээр батлан даагч хийлгэх гээд дуудаж батлан даагч хийлгэсэн байдаг. Гэтэл өөрт нь тэтгэврийн зээл гарахгүй, өгөхгүй болохоор *******г гуйгаад ******* тэтгэврийн зээлийг авхуулж, батлан даагчаар нь орж 9,500,000 төгрөг аваад уг мөнгийг авсан ийм үйл явдал болсон. Би болохоор энэ тэтгэврийн зээл нэг нь нөгөөгөөрөө авхуулсан асуудалд ямар ч хамаарал байхгүй. Шүүх хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь буруу.

 

Би яагаад холбогдоод байна вэ гэхээр тэтгэврийн зээл өгсөн мөнгөө авах гээд өдөр шөнөгүй гэр орноор ирээд асуугаад яваад байдаг байсан. Сүүлдээ чи нөхрөө нуулаа гэсэн. Би манай гэрт ирэхээс нь залхаад ын өмнөөс ирэх болгонд нь мөнгө өгсөөр байгаад нийт 4.500,000 төгрөг өгсөн байдаг. Нэхэмжлэгч тал болохоор намайг 3,373,300 төгрөгийг өгсөн. Мөнгө өгөх шалтгаан нь гэрээр байнга ирээд та хоёр нэг гэрт байсан биз дээ гээд бөөн хэрүүл болоод байхаар нь хүүхдүүдээсээ санаа зовоод байсан мөнгөө өгдөг байсан. Түүнээс биш ******* бид хоёрт зээлийн гэрээний харилцаа анхнаасаа үүсээгүй. Энэ маргаан Цагдаад өргөдөл гомдол шалгах ажиллагаа явагдах үед шалгаж байсан цагдаа нь эвлэрлийн гэрээ хий гэхээр нь би хаашдаа 4,500,000 төгрөг өгсөн байсан учир төлсөн хэсгээ татгалзаагүй үлдэх хэсгийг төлнө гэсэн учир би ыг үлдэгдлийг төлөх юм байна гэж ойлгосон. Тэгтэл эвлэрлийн гэрээний үлдэгдэл мөнгөө сар сард нь төлөх үүргээ биелүүлээгүй болохоор ******* намайг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнээс анхнаасаа би *******тай зээлийн гэрээ байгуулаагүй юм.

 

Нөгөө талаас анх д тэтгэврийн зээл авахад 9,500,000 төгрөг авлаа гэдэг. Би ын өмнөөс 4,500,000 төгрөг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх намайг *******тай зээлийн гэрээ байгуулсан гэж үзээд 8,519,000 төгрөг гаргуулж миний өгсөн 4,500,000 төгрөгийг 3,319,000 төгрөг гэж үзсэнийг ойлгохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. / хх 140-141 /

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2022 оноос эхлэн авто машин худалдан авахад зориулж өгсөн мөнгөний үлдэгдэл 11,838,000 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х 1-2, 43, 68-69/

Хэргээс үзэхэд:

 

8. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан эвлэрлийн гэрээ зэргээс үзэхэд зохигчдын хооронд анх приус-20 маркийн автомашиныг худалдах, худалдан авах талаар ярилцаж, үүний үндсэн дээр нэхэмжлэгч нь тэтгэврийн зээл авах, өөрийн унаж байсан машинаа зарах зэргээр нийт 15,211,300 төгрөгийг хариуцагч ******* өгсөн талаар тусгагджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг зарна гэж байсан автомашинаа өгөхгүй байсан учир автомашин худалдан авахад зориулан өгсөн мөнгөө буцаан нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч нотлох баримтаар няцааж чадаагүй байна.

 

9. Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээ зэргээс үзэхэд талуудын хооронд авто машин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас худалдан авагч нь гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч ******* нь гэрээнээс татгалзаж, авто машины үнийн төлбөрт зориулж шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан байх тул хариуцагч ******* нь авто машины үнийн төлбөрт авсан мөнгөө буцаан төлөх үүрэгтэй юм.

 

10. Хариуцагч нь цагдаагийн албан хаагч та энэ хүний эхнэр нь юм чинь хариуцлага хүлээх ёстой нэг гэрт амьдарч байсан... гэж хэлээд эвлэрлийн гэрээ байгуул гэж хэлсэн. Тэгээд би аргагүйн эрхэнд, нөхрийгөө ирээд энэ төлбөрийг төлөх байх гэж найдаад эвлэрлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, 2,984,398 төгрөгийг өөрийн сайн дурын үндсэн дээр нэхэмжлэгч *******д зээл төлөв, зээл зэрэг утгатайгаар шилжүүлж байсан зэргээс үзэхэд хариуцагч ******* би машин зарна гэж *******аас мөнгө аваагүй, харин нөхрийнхөө зээлж авсан мөнгөнөөс төлж байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэргийг үндэслэн хариуцагч *******аас 8,519,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 3,319,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

11. Хариуцагч ******* ...нэхэмжлэгч *******, гэрч *******, Д. нарыг шүүх хуралдаанд оролцуулж, шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт өгсөн боловч шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой гэх гомдлын тухайд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно. гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон учир нэхэмжлэгч *******г шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагагүй.

 

Гэрч хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд түүнээс юу нэмж тодруулах талаар хүсэлтдээ тодорхой тусгаагүй, гэрчээр оролцуулахыг хүссэн оршин суугаа хаяг, түүнээс юу асууж тодруулах шаардлагатай гэдгийг хүсэлтдээ дурдаагүй, шүүх хуралдааныг ямар үндэслэлээр хойшлуулах талаар нотлох баримтаа ирүүлээгүй байна. /х.х-125/

 

Түүнчлэн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 11:00 цагт болох хурлын товыг надад мэдэгдээгүй гэж гомдол гаргаж байгаа боловч 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 15:00 цагт болох хурлын товыг 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 09 цаг 57 минутад шүүгчийн туслах утсаар мэдэгдэхэд за за, ойлголоо гэх хариу өгсөн, 2025 оны 01 сарын 13-ны өдөр шүүгчийн туслах холбогдож, хэрэг шүүгчид хуваарилагдсан талаар мэдэгдэж, эрх, үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах шаардлагатай байгаа талаар мэдэгдэхэд гарын үсэг зурахгүй, танилцахгүй гэх хариу өгсөн зэргээс үзэхэд шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /х.х 121, 123/

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/00114 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэснийг

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,254 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Я.ТУУЛ