Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00390

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1957 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Рашаант, Домын дэвсэгийн 8 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, Жарангийнхан овогт Дэндэвийн Жаргалсайхан /РД:ГГ57070215/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал болон нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00347/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар 1972-1994 оныг дуустал ажиллаж байсан. Миний бие анх 1955 онд Дэндэвийн 2 дахь хүү болж төрсөн боловч тухайн үед бүртгэлд бүртгэгдээгүй улмаас иргэний үнэмлэх маань 1957 оноор бүртгэгдэж 2 жилийн зөрүүтэй явсаар ирсэн. Ингээд улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад уг төрсний бүртгэл 1954-1958 онуудад гаргахгүй байна. Гэтэл миний бие нь 1969 онд аав, ээжтэйгээ мал маллаж цалин нь тэдний нэр дээр гарч байсан. Хөдөлмөрийн дэвтэрт 1955 онд төрснөөрөө зөв бичигдсэн. Иймд миний төрсөн оныг 1955 онд төрснийг сэргээж, дээрх онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдал болон настогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1972-1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдал болон 1955 онд төрсөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1972 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаартай лавлагаа, Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн зөвлөлийн даргын 1972 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаартай тушаал, хавсралт, 1991, 1981 онуудад нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь 1955 онд төрсөн болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тэрээр 1955 онд төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жарангийнхан овогт Дэндэвийн Жаргалсайханыг Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс1975 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 20 /хорин/ жилажиллаж байсныг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жаргалсайханы нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН