Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2025/00017

 

 

  *******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/00186 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 65,894,000 төгрөг гаргуулах" тухай,

 Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 Нэхэмжлэгч ******* би хариуцагч *******ийг хүүтэй мөнгө зээлдэг гэдгийг хүнээс сонсоод зээл авах зорилгоор холбогдож, 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл 1 өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд, буцаагаад хүүтэй нь төлдөг байсан. Би хариуцагч *******ээс зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт хангалттай буцааж төлчхөөд, өрийн дарамтад орчхоод байхад дахин надаас мөнгө нэхэж байгаа.

Бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ба ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байж надаас дахин мөнгө нэхэж хохироож байгаа тул 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 2024 оны 3 дугаар сар хүртэл *******ээс нийт 197,850,000 төгрөг авч, буцааж 263,834,000 төгрөг шилжүүлж, илүү 65,894,000 төгрөг өгч, ******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,894,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. / х.х-1 /

 2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

 ******* нь надад танил эгчээсээ мөнгө зээлээд өгөөч гэж гуйсны дагуу би түүнд ******* эгчээс 10 хувийн хүүтэй буцаан төлөх санал хэлсэн. Уг саналыг ******* зөвшөөрч, миний дансанд орж ирсэн мөнгийг надаас авдаг байсан. ******* энэ мэтчилэн хэд хоноод эсвэл хэсэг хугацааны дараа байнга л мөнгө асуухад би заримдаа асууж өгч, заримдаа өгдөггүй байсан.

 ...******* мөнгө зээлүүлэх эрхтэй газраас мөнгө зээлж авах гэхээр барьцаа байхгүй гэдэг шалтгаанаар хувь хүмүүсээс мөнгө зээлж байсан. Би түүнд тусалж, өөрийнхөө дансаар мөнгийг өгөөд, ******* надад буцаагаад өгөхөөр би цааш нь үндсэн мөнгийг хүүтэй нь өгдөг. ******* авсан зээлээрээ гар утас хямдхан аваад буцаагаад үнэ нэмээд зардаг гэж хэлдэг байсан.

 ******* намайг ашиглаж хүнээс авсан сүүлийн мөнгөө өгөхгүй, нөгөө хүн нь надаас нэхээд байсан учир би *******гаас зээлээ төлөхийг шаардахад намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн утгатай 68,984,000 төгрөг нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна.

 Анх *******г мөнгө асуухаар нь мөнгөөр яах гэж байгаа юм гэж асуухаар ашиг сайн харах хямдхан утас ороод ирлээ, эсвэл ...чи л туслахгүй бол үхэхээс өөр арга байхгүй боллоо, ...цагдаа гэрт ирэх гээд байна, хүний мөнгө өгөх гэсэн юм, зээл чөлөөлөх гэсэн юм гэдэг байсан. Сүүлдээ *******гийн мөнгө асуудаг нь надад маш дарамттай санагддаг болсон.

 ...Хэрэгцээтэй үедээ өөрөө хүүтэй зээл хүсэж аваад бизнес наймаандаа хэрэглэж, ажил амьдралаа зохицуулчхаад, эргүүлж өгснийхөө дараа би хүүгээ буцааж авмаар байна, ******* үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хүүгээ шаардаж байгааг нь ойлгохгүй байна. Иймд *******гийн надаас нэхэмжилсэн 65,984,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х-48-49 /

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ээс 65,894,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг үндэслэн хариуцагч *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хариуцагч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд гэдэг нь тогтоогддог. Энэ нь зөрчлийн тухай хуулийн 11.34 дүгээр зүйлийн 3-т зааснаар Иргэн, хуулийн этгээд нь бүртгүүлэхгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн, . . . бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, . . . торгоно гэж зохицуулсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцохоор хуульчилж өгсөн байхад иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар хариуцагчийг зөвтгөж, тодруулж хэлбэл хууль зөрчсөн үйлдлийг нөгөө хуулиар зөвтгөж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. / х.х-225 /

 5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

 6. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч *******, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 65,894,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, давж заалдсан гомдол гаргажээ.

Хэргээс үзэхэд:

9. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн Хаан банк дахь ******* тоот данснаас өөрийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 184,150,000 төгрөг шилжүүлэн авсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 207,954,000 төгрөг, Хаан банк дахь ******* тоот данснаас 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 12,870,000 төгрөг, ******* тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, Голомт банкны ******* тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 33,560,000 төгрөг, ах Б.Мөнх-Одоор дамжуулан 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5,500,000 төгрөг, нөхөр Б.Мөнх-Эрдэнийн дансаар дамжуулан 11,000,000 төгрөг, нийт 275,884,000 төгрөгийг хариуцагч *******т буцаан төлжээ. /х.х-5-29, 55-86, 87-94, 101-102, 109-110/

10. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж хуульчилсан ба хариуцагч *******ийн зүгээс нэхэмжлэгч *******д 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 184,150,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулаагүй үйл баримтад зохигч маргаагүй боловч хариуцагч ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй атлаа өндөр хүүтэй мөнгө зээлж, зээлийн хүүгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргаж байна.

11. Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгууд зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 184,150,000 төгрөг шилжүүлэн авсан атлаа 275,884,000 төгрөг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн зээлийн харилцааг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасан нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаа гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь хариуцагч ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд болох нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7-10/889 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагч *******ийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй атлаа байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. /х.х-96/

12. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-т мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгч *******гаас зээлийн хүү авах эрхгүй.

Гэвч нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч өөрөө хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан байх тул түүний энэхүү хүсэл зориг нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. гэж заасантай нийцэж байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж хуульчилсан боловч хуулийн энэхүү зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай бөгөөд өөрөө хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгч буцаан шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй зохицуулалт юм.

Иймд зээлдүүлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралтай хуулийн зохицуулалтыг үндэслэн өөрөө хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгч буюу нэхэмжлэгч ******* нь буцаан шаардах эрхгүй учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/00186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН

  ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 Я.ТУУЛ