| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 145/2024/00337/и |
| Дугаар | 204/МА2025/00007 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 204/МА2025/00007
2025 оны 3 сар 26-ний 204/МА2025/00007 Өвөрхангай аймаг
Б.Ж-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 314/ШШ2025/00087 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Э.Г-д холбогдох,
Зээлийн төлбөр нийт 4,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Э.Г, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Э.Г 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын хооронд дансаар мөнгө зээлүүлж хэрэгтэй байна эргүүлээд өгнө гээд олон удаа мөнгө авч байсан. Мөн үйл ажиллагаа явуулах гэж байгаа гээд мөнгө авсныг нэхэмжилсэн. Өмнө нь шүүхээс данс руу шилжүүлсэн мөнгийг хасаад зөрүү 1,660,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ мөнгөн дүнгээр эвлэрэх боломжтой.
Улаанбаатар хотод байсан зардал 4-5 сая гэж байна. Тийм зардал гарсныг мэдэхгүй байна. Намайг хот явуулахын тулд надад билет бичиж өгч байсан, гар утасны төлбөр 39,000 төгрөг төлсөн гэж байна. Тийм зүйл байхгүй. Миний *** дугаарыг хэсэг хугацаанд ашиглаж хөлсөнд нь нэг сарын төлбөрийг нь төлчихье гэж тохиролцож байсан. Хариуцагчийн ярьж байгаа 550,000 төгрөг, 200,000 төгрөгийг өмнө нь шүүх шийдэхдээ хасаж тооцсон.
Иймд Э.Г-ээс 4,560,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн мөнгийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа 4,560,000 төгрөгөөс 2 сая гаран төгрөгийг зээлж авсан нь үнэн. Бусад нэхэмжилж байгаа мөнгө нь өөрийнх нь хэрэглэсэн мөнгө. Би өөрийн ХААН банкны *** тоот данснаас Б.Ж-ийн данс руу нийт хийсэн гүйлгээ 2,900,000 төгрөг болж байна. Эндээс торгуулийн мөнгө 200,000 төгрөг, сүүлд нотлох баримтаар гаргаж өгсөн 9UUD гэсэн гүйлгээний утгатай 550,000 төгрөгийн гүйлгээ, 2024 оны 02 дугаар сард Б.Ж-г Улаанбаатар хот руу явахад нь автобусны билет захиалсан 44,600 төгрөг, Б.Ж-ийн *** дугаарын утасны төлбөрийг Юнител ХХК-ны данс руу орсон 40 орчим мянган төгрөг, Б.Ж надаар машинаа янзлуулсан 120,000 төгрөг, эдгээр зардлуудыг хасуулах хүсэлттэй байна. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр болон 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар хот руу явсан нийт зардал нь 4-5 сая төгрөгийн зардал гарсан. Энэ дээр маргахаар бол шинээр нотлох баримтаа бүрдүүлээд маргаж болно.
Би Б.Ж-аас 1,000,000 төгрөг зээлээгүй. Б.Ж Улаанбаатар хотод эгчийгээ үзүүлнэ хамт явъя гэж шавдуулсан. Би үгүй гэхэд хотод очоод хэрэглэх мөнгө, би дансандаа байлгавал үрчихнэ гээд миний данс руу шууд шилжүүлсэн. Тийм учраас миний гаргаж өгсөн Хас банкны хуулгаар 200,000 төгрөг, Б.Ж-ийн данс руу орсон 550,000 төгрөг мөн утасны төлбөр, хот руу явах зардал зэрэг нь Б.Ж-ийн данс руу орсон гэдэг нь нотлогдож байх тул дээрх мөнгөнүүдийг хасаж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Э.Г-ээс 870,049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,689,951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 25,431 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,910 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Э.Г-ийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд хариу тайлбар гаргахдаа иргэн Б.Ж өөрийн эгчийг Улаанбаатар хотод хагалгаанд ороход нь намайг хамт явахыг шаардаж миний дансанд очоод хэрэглэх мөнгө гэж шилжүүлсэн. Улмаар Улаанбаатарт очоод захиран зарцуулсан гэж тайлбарласан. Мөн Б.Ж-тай Улаанбаатарт очсоныг гэрч болон буудлын тамгатай хуулга зэргийг шүүхэд баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хэт нэг талыг барьж гэрчийн мэдүүлэг, буудлын баримт, дансны хуулга зэргийг үнэлэхгүй байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч Б.Ж Э.Г нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл 4,560,000 төгрөг зээлсэн ч одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй гэж нэхэмжлэл гаргасан. Уг мөнгөн дүнг бодитой талаар нэхэмжлэгчээс асуугаагүй. Мөн нэхэмжлэлийн мөнгөн дүн худал болох нь шүүхэд гаргаж өгсөн баримтаар нотлогдож байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Мөн шүүхэд гэрч дуудахад нь шүүх хуралд оролцох шаардлагатай юу гэхэд одоо асуучихаж байгаа учир шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэсэн. Ингээд гэрчийг дуудаж мэдүүлэг авахдаа Э.Г-ийн данс руу Б.Ж Улаанбаатарт очихдоо хэрэглэх мөнгө шилжүүлсэн тухай асуудлыг тодруулахаар мэдэх зүйлээ ярина уу гэсэн.
Үүний дараа шүүх хуралдаан болоход гэрч биднийг Улаанбаатар хот явахад хамт явсан, бүх зүйлийг гэрчилсэн. Мөн дансны хуулгаар ямар ямар газраар орсон нь нотлогдож байна гэхэд гэрч гүйлгээнүүдийг тэнд тэнд зарцуулсан мөнгө гэж нэг бүрчлэн хэлээгүй. Жишээ нь: би CU гэсэн гүйлгээ байна, гэрч энэ болгоныг ярих ёстой гэсэн. Хариуд нь би та шүүх дээр байх шаардлагагүй гэж хэлсэн шүү дээ хэрэв тэр болгоныг гэрчлэх шаардлагатай бол авчрах боломжтой байсан гэхэд шийдвэрээ гаргасан. Мөн Б.Ж-г худал нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Э.Г-д холбогдуулан зээлийн төлбөр 4,560,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “4,560,000 төгрөгийг зээлж авсан учраас буцааж нэхэмжилж байна” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч Э.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Зээлсэн 2,800,000 төгрөгөө төлсөн. Үлдсэн мөнгийг нь Б.Ж хотод байхдаа өөрөө захиран зарцуулсан” гэж маргасан.
9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Э.Г-ээс 870,049 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 3,689,951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Ж-ийн эзэмшлийн Төрийн банкны 19000589481 тоот данснаас хариуцагчийн данс руу 4,560,000 төгрөгийг, хариуцагч Э.Г-ийн эзэмшлийн ХААН банкны *** тоот данснаас нэхэмжлэгчийн данс руу 3,450,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Зохигчдын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд талууд өөрсдийн дансаар дамжуулж харилцан мөнгө шилжүүлж байсан дээрх үйл баримтын талаар маргаагүй.
11. Иргэний хуулийн 25 дугаар зүйл 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Э.Г гомдолдоо “...шүүх хэт нэг талыг барьж гэрчийн мэдүүлэг, буудлын баримт, дансны хуулга зэргийг үнэлэхгүй байгаад гомдолтой байна.” гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй орхигдуулсан боловч давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Хариуцагч Э.Г 2024 оны 01 дүгээр сарын 12-нд “***” зочид буудал /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, мөн 2024 оны 01 дүгээр сарын 12, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд “***” зочид буудлаар /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ тус тус үйлчлүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ. Гэвч Э.Г 2024 оны 01 дүгээр сарын 12-нд хоёр өөр буудлаар нэгэн зэрэг үйлчлүүлсэн нь эргэлзээтэй, түүнчлэн Б.Ж-тай хамт байсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Э.Г-ийн ХААН банкны *** дансны хуулгаар /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/ 2024 оны 01 дүгээр сарын 12-оос 13-ны өдрүүдэд 1,499,900 төгрөгийн зарлага гарсан боловч үүнийг Б.Ж дангаараа хэрэглэсэн гэж дүгнэх боломжгүй, гэрч Л.Нямдоржийн мэдүүлгийг үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч Э.Г 120,000 төгрөгийг Б.Ж машин засуулсны хөлсөнд өгсөн боловч үүнийгээ нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ. Гэрч Г.Х нь Б.Ж-г Э.Г-ээр машинаа засуулж байсан гэж мэдүүлдэг хэдий ч хэзээ, хэдэн төгрөгийн хөлс өгч байсан гэх мэт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар мэдүүлээгүй.
Анхан шатны шүүхээс хариуцагч тал өөрийн татгалзлаа нотолж чадаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
12. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
13. Гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч Э.Г-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 25,431 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 314/ШШ2025/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн Э.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,431 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Б.ЦЭРЭНПҮРЭВ
Т.ДАВААСҮРЭН