Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 169

 

                                                                                  Ж.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1955 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тогтоолтой, Ж.Д-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Жунгар овогтой Д, 1955 оны байдлаар 77 настай, Өмнөговь аймгийн Манлай сумын 7 дугаар багийн харьяат, эрэгтэй;

Ж.Д нь 1952 оноос 1954 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаанд 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1955 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Ж.Д-г 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 05 жил хорих ялаар шийтгэж, түүний хувьд ноогдох хөрөнгөнөөс бүгд 12 толгой малыг хураан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн Ардын Шүүх таслах газрын 1955 оны 03 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 22 дугаар тогтоолоор Жунгар овогтой Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр 5 жил хорьж, хувьд ноогдох хөрөнгөнөөс нь тэмээ 2, адуу 5, хонь 5, бүгд 12 толгой малыг хураах ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хавтаст хэрэгт байгаа Д-гийн мэдүүлэгт: “Надад хийсэн хэрэг байхгүй, Т-ыг өвчтэй байхад таньдгийн хувьд эргэхээр очиход бие нь муу байсан, Т нь “миний нэрийг сольж, сахил уншиж өгнө үү” гэснээр би сахилын ном уншиж, Ц гэдэг нэрийг өгч, үсийг нь авч лам болгож, сан тавьж, арц уугиулж, гар нүүрийг нь угаалгасан. Т-ыг үхэхэд хүүрийг нь урд зүгт хаяулсан, өөр айлд ном уншиж, барьц авч байгаагүй. Т-ыг үхсэний дараа 49 хоногт Ерөөл, Манал уншиж өгөөрэй гэж 10 төгрөг өгсний дагуу Манал, Ерөөл уншсан. Маамыг өвчтэй байхад нь сахил уншиж, сан тавьж өгөөд түүнд амьтан алж, нүгэл хилэнц хийж болохгүйг номлож, барьцанд цоохор хадаг өгснийг авсан. Ц хөгшнийг өвчтэй учир түүний хүсэлтээр үсийг нь авч, сахил уншиж, чавганц болгож, барьцанд нь цоохор хадаг, Янжинлхамд насны тоогоор Манал гэх ном уншиж 1 шүдлэн ямаа барьцанд авсан ...” гэжээ.

Гэрч Д.Б мэдүүлэгтээ: “Миний төрсөн ах Т-ыг хүнд өвчтэй, үхлүүт шахам хэвтэж байхад Д гэлэн таньдгийн хувиар ирж байсан. Ном уншиж өгч, нэрийг нь сольж Цэ гэж нэр өгсөн боловч өвчин нь хүндэрсээр байгаад үхсэн” гэжээ.

Гэрч Д.Б мэдүүлэгтээ: “...Д нь үхсэн хүнийг хаядаг хүн байсан. Тэр 1954 оны 6 сард Т-ыг өвчтэй байхад нүүр гарыг нь угааж, нэрийг нь сольж, үхээрт сэвтсэнийг нь хаяж барьцанд хүрэн гүү 1, хонь 1, өмсөж байсан дээл зэргийг авч байсныг би үзсэн” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Ж.Д нь бусдыг шашны суртлаар төөрөгдүүлэн залилж өргөл барьц аваагүй, бусдын гуйлтаар өвчтэй байхад болон нас барснаас хойш 49 хоног болох үед нь ном, гүрэм унших, сан тавих зэрэгт сайн дураараа өгсөн зүйлийг нь авсан нь тогтоогдож байна.

1934 онд батлагдсан “Төр шашныг тусгаарлах тухай” хуулийн 20 дугаар зүйлд ”Орон хийдийн хэрэглэгдэхүүн ба хурал номын хийгээд шашны баяр ёслолыг явуулахад орон хийд жас болон лам нараас аливаа зүйлийн татвар, бадар хандив зэргийг албадан гаргуулахыг цаазална. Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзэхэд сайн дураараа өгсөн зүйлийг авахыг тухайн үед хориглоогүй байжээ.

Ж.Д-гийн үйлдсэн хэргийн санаа зорилго, хэргийн улмаас тухайн нийгэм, иргэдэд ямар хор, хохирол учруулсныг болон шашнаар мунхруулан нөлөөлж зальт арга хэрэглэж, шунахайн сэдлээр өргөл барьц авсан эсэхийг шалгаж тогтоосон баримтгүй байхад нам, засгаас тухайн үед шашны талаар явуулж байсан бодлогын золиос болгон зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн/-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр 5 жил хорьж, хувьд ноогдох хөрөнгөнөөс нь тэмээ 2, адуу 5, хонь 5, бүгд 12 толгой малыг хураах ялаар хилсээр шийтгэсэн Өмнөговь аймгийн Ардын Шүүх таслах газрын 1955 оны 03 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Жунгар овогтой Д-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгаж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1955 оны 03 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 22 дугаар тогтоолоор Ж.Д-д 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 5 жил хорих ялаар шийтгэж, хувьд ногдох хөрөнгөнөөс нь тэмээ 2, адуу 5, хонь 5, бүгд 12 толгой малыг хураан шийдвэрлэжээ. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд Ж.Д нь танилын гуйлтаар бусдыг өвчтэй байхад нь нэрийг нь сольж, ном уншиж өгч, үсийг нь авч лам болгох, сан тавьж, арц уугиулж, гар нүүрийг нь угаалгасан болон нас барсны дараа хөдөөлүүлэх, ерөөл, маань унших зэргээр шашны зан үйлийг хийж, хариуд нь иргэдийн сайн дураар өргөл болгон барьсан мал, эд зүйлийг авч байсан үйл баримт хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн Ж.Д-гийн өөрийнх нь болон нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон хэдий ч түүнийг бусдыг шашны суртлаар төөрөгдүүлэн залилж, ашгийг хичээж, шунахайн сэдэлтээр өргөл барьц авсан буюу тухайн үеийн хууль тогтоомжоор хориглосон нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Түүнчлэн Ж.Д-гийн хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн         137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн                             5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтын Г-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1955 оны 03 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ж.Д-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас  ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1955 оны 03 дугаар сарын 03-ны өдөр таслан шийтгэсэн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Ж.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Б.ЦОГТ

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН