Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0011

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын

прокурорын дүгнэлттэй зөрчлийн хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч улсын байцаагч Б.Б, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрыг төлөөлж Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх А.А дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх А.А 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр дүгнэлтдээ:

“Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0172306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 36 шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 4.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0172306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0172306 дугаар шийтгэлийн хуудсын дагуу Т.Ө торгуулийн төлбөр ....... төгрөгийг төлөөгүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч улсын байцаагч Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь:

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0172306 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Ингэж шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/75 тушаалаар батлагдсан “Зөрчлийн улмаас хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг баримтлан шийдвэрлэх” ёстой гэж үзжээ.

Шүүх уг журмын 3.3-т заасан “Зөрчлийн тухай хууль, бусад хууль захиргааны хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно” гэснийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

Уг журамд дурдагдсан хуулиудад хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага, албан тушаалтныг заагаагүй, мөн эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас хохирол, нөхөн төлбөрийн үнэ цэнэ, түүний үнэлгээг тогтоосон журам одоо хир батлагдаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/3266 дугаартай албан бичгээр газарт учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох аргачлал, журмын талаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг нэг мөр хэрэгжүүлэх тухайд албан бичгээр хүсэлт хүргүүлсэн.

Уг албан бичгийн хариу ирээгүй байна. Миний тухайд хэн нэгнийг торгохгүй, хариуцлагаас чөлөөлөх санаа зорилго огт байхгүй, хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх ганцхан зорилготой байгаа юм.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгов.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, 5 толгойн гудамж, 1206 тоотод оршин суух Т.Ө нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр буюу газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байхад байшин барьж эхэлсэн зөрчилд улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0172306 дугаар шийтгэлийн хуудсаар ........ төгрөгийн торгууль ногдуулсныг иргэн Т.Ө хүлээн зөвшөөрч, улмаар байшин барихаа зогсоосон тул тухайн газарт “учруулсан гэх хохирлыг нөхөн тооцож гаргуулах” арга хэмжээ аваагүй гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагагүй.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж зааснаас гадна Т.Ө амьдарч байсан байшин 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гал түймрийн улмаас шатсан, хэдийгээр гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй ч, энэхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засаг дарга М.Б, газрын даамал Э.Ж нар Т.Ө хамт одоогийн зөвшөөрөлгүй байшин барьж эхэлсэн газарт газар олгох боломж байгаа эсэх талаар ярилцаж байжээ.

Прокурорын зүгээс улсын байцаагчийг “…Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл тухайн зөрчилд торгууль ногдуулсан ч газар ашигласны улмаас төрд учирсан хохирлыг төлүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй…” гэдэг, гэтэл газарт учруулсан хохирлыг тооцох аргачлал байгаа эсэхээс илүүтэй энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээг харьцуулан үзэх шаардлагатай.

Түүнчлэн тухайн газрыг цаашид Т.Ө эзэмшүүлэх боломжгүй гэж үзвэл Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 62 дугаар зүйлийн 62.1-т “Газарт хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран уг хохирлыг өөрийн хүч хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна” гэсэн зохицуулалтын дагуу Засаг дарга, Газрын албанаас холбогдох зардал болон хохирлыг буруутай этгээдээс гаргуулах бүрэн боломжтой.

Иймд зөрчлийн хэрэг нээлгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, торгууль ногдуулсан нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т заасан “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэсэн үндэслэлүүд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шаардлагагүйгээр тогтоогдож, Т.Ө нь газар эзэмших эрх үүсээгүй байхдаа байшин барьж эхэлсэн, мөн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.2, 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.А 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 11 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн газрын хяналтын улсын байцаагч Б.Б давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН