Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 115/ШШ2017/0012

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

             Нэхэмжлэгч: иргэн Бийн Бийн нэхэмжлэлээр 

     Хариуцагч: Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдуулан үүсгэсэн

              Тус Орон нутгийн өмчийн газрын даргын гаргасан “Б.Бийг ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт  хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч иргэн Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч У.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ж, гуравдагч этгээд Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга  Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны мэргэжилтнээр ТЗ-5 дугаар тушаалаар цалинжихаар томилогдон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан.

Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дугаар заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 23-р зүйлийн 23.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэн орон нутгийн өмчийн албаны мэргэжилтний үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлж миний төрийн албанд тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөх эрхийг зөрчлөө.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн алба байсныг Орон нутгийн өмчийн газар болгон өргөтгөсөн болно. Энэ тогтоолыг үндэслэн Дорноговь аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/446 тоот захирамжаараа Орон нутгийн өмчийн газрын шинэ бүтэц орон тоог баталсан. Захирамжийн хавсралтын 6-д миний эрхэлж байсан орон тоо хэвээр байхад миний биеийг төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би ямар нэг улс төрийн болон төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдоогүй.

Орон нутгийн өмчийн газар болон өөрчлөн байгуулагдсан ч орон тоо цөөрөөгүй харин ч нэмэгдсэн байхад миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь хууль бус гэж үзэж Дорноговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2016.11.02-ны өдөр гомдол гаргасан боловч Төрийн албаны салбар зөвлөл 2016.12.28-ны өдрийн 38 тоот тогтоолоороо миний гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг 2017.01.13-ны өдөр өгсөн.

Иймд Орон нутгийн өмчийн газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бийн гаргасан Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэсэн шаардлагыг гаргаж байсан ба энэ нэхэмжлэл дээрээ нэмж нийгмийн даатгалын болон  эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэсэн шаардлагыг нэмэгдүүлж гаргаж байна.

Нэхэмжлэл дэх Б/07 тоот тушаалаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн  23.4, 27.2.4 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэн хууль бусаар чөлөөлж төрийн албанд тасралтгүй ажиллах хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Миний бие анх аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргын 2012.12.03-ны өдрийн 10 тоот тушаалаар орон нутгийн өмчийн албаны мэргэжилтний орон тоонд томилогдож, төрийн захиргааны ТЗ- 5 дугаар шатлалаар цалинжиж байсан. Ингээд Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосны дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд алба байсныг Орон нутгийн өмчийн газар болгон өргөтгөсөн. Үүнийг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны А/446 дугаар захирамж гарч шинэ бүтэц, бүрэлдэхүүний тоог баталсан. Энэ захирамжинд миний өмнө эрхэлж байсан ажил хэвээр, мөн орон тоо цөөрөөгүй, харин нэмэгдсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 23.4, 27.2.4-т заасныг зөрчиж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Намайг тухайн үед ажлаас халагдахаа хүлээн зөвшөөрч байснаар 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авсан гэсэн асуудал яригдаж байна, гэтэл ийм яриа болж байгаагүй бөгөөд тухайн тэтгэмж болох 1 617 940 төгрөг тэр үед миний дансанд орж ирсэн нь үнэн, гэхдээ үүнийг би надад олгогдох ёсгүй мөнгө гэж үзэж байгаа тул эргүүлж өгөхөд бэлэн байгаа.

          Би Б/07 тоот тушаалыг хууль бус гэж үзэж аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөл нь 2016 оны 38 дугаар тогтоолоор миний гаргасан гомдлыг хангах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд Орон нутгийн өмчийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт  хийхийг даалгах гэсэн шаардлагуудаар гаргаж байгаа нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын гаргасан 2016.10.06-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/07 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг бүхэлд нь барьсан байдаг ба гэтэл 79 дүгээр зүйл нь олон зохицуулалттай үүнээс аль нь хамаарах болох нь мэдэгдэхгүй байгаа нь энэ хуулийг зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалт нь байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан бол цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлэх буюу энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг авч, ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэлэг олгоно гэж заасан байдаг. 

Нэхэмжлэгч нь 3 сарын тэтгэмжийг авсан боловч тэтгэмжийг авч тухайн үед зөвшөөрч ажлаас гарсан асуудал байхгүй. Харин яагаад орон тоо хэвээрээ байхад намайг ажлаас халж байгаа юм бэ гэхэд дарга нь хайхарч үзэхгүйгээр чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 

 Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсгийг буюу төрийн жинхэнэ албан хаагчийн  ажиллах баталгааг зөрчсөн байдаг. Төрийн байгууллага өөрчлөгдөх, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч чиг үүрэг нь хэвээр үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн эрхэлж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн бол тухайн албан хаагчийн мэргэжлийн түвшин, ажлын туршлага зэргийг харгалзаж томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэж заасан байдаг. 

Хавтаст хэргийн 35-р хуудас дахь  ажлын байрны тодорхойлолтод мэргэжилд тавигдах шаардлагыг эрх зүйч, хуульч байхаар болгож энэ үндэслэлээр нягтлан бодогч, эдийн засаг хүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус юм. Гэнэт л ажлыг нь авах хүн орж ирээд ажлаа өг гэсэн байдаг. Гэтэл тэр хүн нь ийм тооцоо боддог ажил байсан юм уу, ийм ажил гэж мэдээгүй шүү дээ, би  хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүн гэж хэлж байсан гэсэн. Төрийн албыг ингэж  зөрчин хүний эрхийг зөрчиж болохгүй юм. 

Засгийн газрын 09 тоот тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын дэргэд хэрэгжүүлэгч агентлаг байхаар орон нутгийн өмчийн газрыг  худалдан авах ажиллагаатай нийлүүлэн өргөтгөсөн байдаг. Худалдан авах ажиллагааг хариуцсан мэргэжилтэн гэж байгаа, ажлын байрны тодорхойлолт нь хавтаст хэргийн 86-р хуудсанд байдаг. Энд эдийн засагч, нягтлан бодогч, худалдааны менежмент байхаар тодорхойлсон байгаа үүнд заасан мэргэжилтэн одоо ажиллаж байгаа, энэ мэтээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөргүй байж болох байсан. 

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар албан тушаалд тавигдах шаардлага, чиглэл өөрчлөгдсөн гэж байгаа боловч ажлын байрны тодорхойлолтыг тухайн агентлагын дарга өөрчлөөд байдаг  зүйл биш юм. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 2001 оны 3 талт зөвлөмжөөр ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах талаар дэс дараалалтай өвөрмөц зохицуулалтыг  тогтоосон байдагаас үзэхэд хэн нэгэн албан тушаалтан санааны зоргоор өөрчлөөд байдаггүй нь харагдаж байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлд захиалгаа өгсөн болон тэндээс сонгон шалгаруулалт явуул гэсэн албан бичиг байхгүй байхад дур зоргоороо ажлаас халсан. Хариуцагч нь Төрийн албаны хуульд заасан байгаа “өөрчлөн байгуулагдсан” гэдэг зохицуулалтыг  үндэслэл болгосны дагуу 3 сарын тэтгэмж авах гэдэг зохицуулалтыг барьсан  гэж тайлбарлаж байна.

 Өөрчлөн байгуулагдсан юм бол хуулийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлэх ёстой ба үүнийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг ерөнхийд нь барьчихсан байгаа. Үүнээс харахад нягтлан бодогчид хуулийн заалтыг ашиглаад төрд хохирол учруулж болгохуйц эрх мэдлийг олгосон нь харагдаад байгаа. Хариуцагчаас Засгийн газрын 09 тоот тогтоолын дагуу байгуулагдсан газрын орон тоонд албан тушаалтныг ажиллуулахдаа хуулийг буруу хэрэгжүүлсэн. Аймгийн Засаг даргын захирамжаас харахад орон тоо нь нэмэгдсэн байгаа бөгөөд байгууллагын нэр нь өөрчлөгдсөн болохоос энэ нь албан тушаалтныг халах үндэслэл болохгүй. Ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөр батлуулсан талаар албан бичиг байхгүй байгаагаар түүнийг мөн хууль бус гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсанаар шинжлэн судлагдсан гуравдагч этгээд Б.Мөнх-Эрдэнийн ажлын байрны тодорхойлолт,Бийн ажлын байрын тодорхойлолтуудыг харьцуулснаас үзэхэд албан тушаалын хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдсөн зүйл байхгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийг одоогийн албан тушаал болох орон нутгийн хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтний албан  тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн авч байсан цалин хөлсний талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай тухай хуулийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 173 хоногт түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 4 897 630 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12 дугаар зүйлд зааснаар бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бийн танай байгууллагад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дараахь тайлбарыг хүргүүлж байна.

1. Орон нутгийн өмчийн алба нь /хуучнаар/ анх Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 02-р сарын 26-ны өдрийн 12 тоот тогтоолоор удирдах-1, гүйцэтгэх-1, үйлчилгээний-1 ажилтантай ИТХ-ын дэргэдэх байгууллага байхаар үүсгэн байгуулагдсан байдаг. Харин Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газартай байхаар шийдвэрлэсэн. Тус тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга нь 2016 оны 10-р сарын 04-ний өдөр А/446 дугаар Захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрыг байгуулж бүтэц, орон тоог баталсан байдаг. Энэ хүрээнд холбогдох мэргэжилтнүүдийн орон тоо, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн бөгөөд нэхэмжлэл гаргагч Б.Бийн өмнө нь ажиллаж байсан чиг үүрэг бүхий мэргэжилтний ажлын байр байхгүй болж “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоо шинээр батлагдан тухайн ажлын байранд тавигдах чиг үүрэг, мэргэжил, мэргэшил өөрчлөгдсөн билээ.

2. Нэхэмжлэл гаргагч Б.Бөд тухайн үед байгууллагын удирдлагын зүгээс Орон тоо байхгүй болж шинээр орон тоо батлагдсан, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн учир ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гарах болсон мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу байгууллагын цалингийн сангийн хэмжээнд тулгуурлан 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжтой талаар мэдэгдэхэд Б.Б нь би хуульд заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авч байж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иймээс Б.Бтэй харилцан тохиролцсоны дагуу түүнд 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн. Ингээд Б.Бийн Худалдаа хөгжлийн банкин дахь цалингийн данс руу 2016 оны 10-р сарын 20-ны өдөр тэтгэмж болох 1 617 940 төгрөгийг шилжүүлсэн болно.

3. Б.Б нь чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлүүдийн нэг болох Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хүлээн зөвшөөрч буйгаа өмнө нь гомдол гаргаж байсан Төрийн албаны аймгийн салбар зөвлөлийн гишүүнтэй уулзаж тодруулга өгөхдөө илэрхийлсэн байдаг гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс одоо нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэснээр өмнөх нэхэмжлэлд байхгүй байсан шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм байна, гэхдээ манай эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн зүгээс үүнийг энэ хурлаар хэлэлцээд явах боломжтай гэж байгаатай санал нэг байгаа тул уг нэмэгдүүлсэн шаардлагыг энэ хурлаар хэлэлцэж, шийдвэрлэхэд болно гэж үзэж байна.

Байгууллагын даргын 2016.10.06-ны өдрийн Б/07 тоот Б.Бийг ажлаас чөлөөлсөн тушаал байдаг. Энэ тушаалд баримталсан хуулийн зүйл, заалтыг тайлбарлаж ярихаас өмнө болсон процессыг ярихад 2010 онд аймгийн Орон нутгийн өмчийн албыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар тогтоолоор тус Хурлын дэргэд байгуулсан байдаг. Сүүлд 2016 оны мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 22 тоот тогтоолоор тус орон нутгийн өмчийн албыг аймгийн Засаг даргын дэргэд болгож шилжүүлсэн байдаг ба үүний дагуу аймгийн Засаг даргын зүгээс энэ тогтоолыг үндэслэж орон нутгийн өмчийн албыг аймгийн Засаг даргын дэргэд  байгуулсан талаар гаргасан ямар нэгэн захирамж байдаггүй. 

Үүнээс хойш 2016 онд Засгийн газрын 09 дүгээр тогтоол гарч, уг тогтоолд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар /Худалдан авах ажиллагааны албатай/-тай байх талаар заасан шийдвэр гарсан ба энэ нь орон нутгийн өмчийн албыг  шинээр өөрчлөн байгуулж Орон нутгийн өмчийн газартай байна гэсэн тогтоол юм.

Тухайн тогтоолыг үндэслээд Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны А/446 тоот захирамж гарч, уг захирамжаар орон нутгийн өмчийн газрын дарга 1, худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн  1, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан бүртгэл, цахим сан хариуцсан мэргэжилтэн 1, худалдан авах ажиллагааны барилгын зураг төсөв, төсвийн тооцоолол хариуцсан мэргэжилтэн 1, өмчийн бодлого хариуцсан мэргэжилтэн 1, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтэн 1, орон нутгийн өмчийн хөрөнгийн харилцааг зохицуулах мэргэжилтэн, няравын хамт 1 гээд 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог баталсан.

Тухайн үед Бөд орон нутгийн өмчийн газрын бүтцийг танилцуулж, энэ үедээ мөн орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан миний бие болон худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Х.М, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Н бид гурав шинээр боловсруулж баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлын байрны чиг үүрэгт тавих шаардлага өөрчлөгдсөн гэдгийг танилцуулаад, тавигдах мэргэжлийн шаардлага өөрчлөгдсөн учраас ажлаас чөлөөлөгдөх шийдвэр гарна, хуучин орон нутгийн өмчийн алба гэж байхгүй шинээр байгуулагдсан  бүтэц орон тоо хийгдсэн гэдгийг өөрт нь танилцуулсан. 

Эдгээрийг танилцуулахад хажууд хөндлөнгийн этгээд үүнийг бичиж авч бичлэг хийж байсан зүйл байхгүй боловч тухайн үед Б гурван сарын тэтэгж авч байж ажлаас чөлөөлөгдье гэсэн хүсэлтийг амаар  тавьсан байдаг. Миний зүгээс 1-2 сарын тэтгэлэг олгоно гэж хэлэхэд заавал гурван сарын тэтгэмж авна гэсэн. Ингээд би цалингийн сандаа тохируулаад гурван сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоод чөлөөлнө гэснээр тохирсон байдаг. Гэтэл одоо нэхэмжлэгч талын ярьж байгаагар амаар тийм юм ярьж байгаагүй гэж байгаагаар байр суурь нь өөрчлөгдсөн байгааг гайхаж байна. 

Тушаалд баримталсан зүйл заалтаа тайлбарлахад Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтын “бүтцийн өөрчлөлт орж” гэсэн байгааг нь авч мөн хуулийн 27.2.4-т заасан “өөрчлөн байгуулагдсан” тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасантай холбож баримталсан. Ингээд Бөд тэтгэмжийг олгож, ажлыг нь хүлээлцүүлж, ажлаас нь чөлөөлсөн. 

Иймд өөрийн гаргасан шийдвэрээ үндэслэлтэй, хууль ёсны гэж үзэж байна  гэв.

           Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бээс гаргасан тайлбар дээр нэмж тайлбарлахад хамгийн гол нь  шинэ өгсөн нотлох баримт болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн өмчийн алба нь аймгийн Засаг даргын мэдэлд шилжсэн үүнийг үндэслэн аймгийн Засаг даргын А/446 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж ташаа тайлбарлачихлаа. Үүн дээр нэмэлт тайлбар хэлье. 

             Нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг баримталсан  талаар хэллээ, энэ зохицуулалт нь ээлжийн амралтын талаарх нийтлэг зохицуулалт тул үүнийг баримтлах нь зөв, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-ийг үндэслэсэн нь байгууллагын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөн байгуулагдсан учраас нэхэмжлэгчид гурван сарын тэтгэмж олгосон тул хуулийг зөрчөөгүй юм. Мөн нэхэмжлэгч тал Төрийн албаны тухай хуулийн 23.4,  27.2.4 дэх хэсэгт заасныг зөвшөөрөхгүй гэж байгаа ба орон тоог бүтцийн хувьд өөрчилсөн гэж байгааг хэрхэн ойлгохыг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 8 дугаар тогтоолд үүнийг тодорхой тайлбарласан байдаг. 

             Энэ нь орон тоо бий боловч бүтцийн өөрчлөлт хийгдсэн байгаа, энэ дагуу ажлын байрны шаардлага нь өөрчлөгдсөн байхыг шаардаж байгаа юм. Үүний дагуу ажлын байрны шаардлагад хуульч, эрх зүйч байх шаардлага тавигдсан. 

               Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дүгээр зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь дараах нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдох үндэслэлтэй юм. Б/07 тоот тушаалын заалтыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой ярьсан. 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Бийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4 дэх хэсэгт зааснаар зөвшилцсөн эсэх тухайг асуугаад байна, гэвч шүүхийн хэлэлцүүлгийн явцад орон нутгийн өмчийн газар нь бие даасан гэдэг нь тогтоогдсон. Баримталсан үндэслэлийн хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 22-р тогтоолоор аймгийн Засаг даргын харьяанд шилжсэнтэй холбоотой бөгөөд хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд байгаа А/446 тоот захирамжаар Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог баталсан байдаг, үүнийг үндэслэн дээрх хуулийн 33.4 дэх заалтыг тушаалд оруулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр заалтыг бүхэлд нь барьснаар нягтлан бодогчийн зүгээс хууль бус үйлдэл гаргах нөхцөл бүрдүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой асуудал гараагүй бөгөөд болзошгүй гэдэг байдлыг өнөөдөр хөндөж ярих шаардлагагүй, үүнийг зөвхөн ээлжийн амралтын мөнгө олгосонтой холбоотойгоор авсан заалт юм.

         Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дүгээр заалтыг манай хувьд байгууллага өөрчлөн байгуулагдсан гэдгээр нь авсан, энэ нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар тодорхойлогдож байгаа ба гуравдагч этгээд тайлбараараа үүрэг, роль нь өөрчлөгдсөн гэдгийг тодрууллаа.

Бийн хувьд хөрөнгө хадгалалт, хамгаалалт, баримт бичгийг төсөл төдий боловсрууж л байсан, харин шинэ ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг Мөнх-Эрдэнэ бие даан хийж, хэрэгжүүлдэг  болсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг авсан гэдгээ нэхэмжлэгч тайлбартаа ч тодорхой ярьсан. Б/07 тоот тушаалыг тухайн үед зөвшөөрч зөвшилцөж байсан болох нь хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсдан Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүнийБтэй хийсэн тэмдэглэл байдаг. Энэ нь анхнаасаа Бтэй зөвшилцсөн нөхцөл байдал тогтоогдож байна, нөгөө талаас харин ч Бийн хувьд эдийн засгийн хямралтай, төсөв хөрөнгө хангалттай биш байсан ч 3 сарын тэтгэмж авна гэсний дагуу тэтгэмжийг олгосон байдаг. Эдгээр байдлуудаас үзэхэд орон нутгийн өмчийн газрын даргын Б/07 тоот тушаал нь хууль зөрчөөгүй хууль зүйн үндэслэл бүхий эрх зүйн акт болжээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гол үндэслэлийг нотлох баримтууд нь хавтаст хэргийн 7 дугаар хуудас дахь Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт, 6 дугаарт байгаа  Төрийн албаны салбар зөвлөлийн 38 тоот тогтоол, 32 дугаарт  байгаа тус салбар зөвлөлийн гишүүнийБтэй ярилцсан тэмдэглэл, 35 дугаарт байгаа ажлын байрны тодорхойлот, 48 дугаарт байгаа аймгийн Засаг даргын А/446 тоот захирамж, 50 дугаарт байгаа аймгийн Засаг даргын А/429 тоот захирамж зэргээр бүрэн нотлогдон тогтоогдох үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж, дүгнэн доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хангаж шийдвэрлэв.

1. Маргааны үйл баримтыг хянаж үзвэл: 

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Орон нутгийн өмчийн алба байгуулах тухай” 12 тоот тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Орон нутгий өмчийн албыг удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 1, үйлчилгээний ажилтан 1, нийт 3 орон тоотой байхаар /хх-ийн 34-р хуудас/ тус албыг анх байгуулж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Орон нутгийн өмчийн албыг өөрчлөн байгуулах тухай” Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 22 тоот тогтоолоор /хх-ийн 22-р хуудас/ дээрх Орон нутгийн өмчийн албыг Дорноговь аймгийн Засаг даргын харьяанд шилжүүлж шийдвэрлэж байжээ.

Тус албыг аймгийн Засаг даргын харьяанд шилжин очихоос өмнө нэхэмжлэгч Б.Б нь Орон нутгийн өмчийн албаны даргын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” 10 тоот тушаалаар “орон нутгийн өмчийн албаны мэргэжилтэн” орон тоон дээр, төрийн захиргааны албан хаагчийн ТЗ-5 зэрэглэлээр цалинжин ажиллахаар мөн өдрөөс томилогдон ажилласан /хх-ийн 3-р хуудас/ байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр баталгаажуулалт хийгдсэн Орон нутгийн өмчийн албаны ажлын байрны тодорхойлолтод бичигдсэн ажлын байрны нэр, нэхэмжлэгч Б.Бтэй байгуулан, дүгнэж байсан 2013, 2015, 2016 онуудын Үр дүнгийн гэрээнд бичигдсэн албан тушаалын нэр зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь тухайн албыг анх байгуулах үед батлагдсан орон тоо болох “гүйцэтгэх ажилтан” буюу орон нутгийн өмчийн албаны мэргэжилтэлтний албан тушаалыг эрхэлж байсан байна /хх-ийн 3,133-142,144,150,183,185-р хуудас/. 

Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн  “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 тоот тогтоолын 4 дүгээрт зааснаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх агентлагт Орон нутгийн өмчийн газар /Худалдан авах ажиллагааны албатай/-тай байхаар шийдвэрлэсэн байх ба үүний дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон нутгийн өмчийн газар байгуулах тухай” А/429 тоот захирамж гарч, тус захирамжаар Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны алба болон Орон нутгийн өмчийн албыг нэгтгэн Орон нутгийн өмчийн газар болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлсэн байна /хх-ийн 27,28, 50-р хуудас/.

Засгийн Газрын 2016 оны 09 тоот тогтоол, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны А/429 тоот захирамжтай холбогдуулан мөн тус аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/446 тоот захирамж гарч, уг захирамжийн хавсралтаар /хх-ийн 48,49,63,64-р хуудас/ Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн Газрын бүтэц, орон тоог батлахдаа, Орон нутгийн өмчийн газрын дарга 1, Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн 1, Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан бүртгэл, цахим сан хариуцсан мэргэжилтэн 1, Худалдан авах ажиллагааны барилгын зураг төсөв, төсвийн тооцоолол хариуцсан мэргэжилтэн 1, Өмчийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн 1, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтэн 1, Орон нутгийн өмчийн хөрөнгийн харилцааг зохицуулах мэргэжилтэн 1 байхаар нийт 7 орон тоотойгоор баталсан байх ба улмаар дээрх бүтэц, орон тоог шинээр баталсантай холбогдуулан Орон нутгийн өмчийн газрын  ахлах мэргэжилтэн /Э.Мөнх-Оргил/-ий боловсруулж, тус газрын дарга /У.Б/-ын баталсан “Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт” /хх-ийн 65-68-р хуудас/, мөн тус Орон нутгийн өмчийн газрын дарга /У.Б/-ын боловсруулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Г/-ын баталсан “Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт” /хх-ийн 35-36-р хуудас/-уудыг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус батлан  гаргажээ. 

Дээрх ажлын байрны тодорхойлолтын нэг болох “Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-оор уг албан тушаалын мэргэжилд тавигдах шаардлагыг “хуульч, эрх зүйч” байхаар тогтоож, улмаар хариуцагчийн зүгээс Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн алба байх үеэс мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Бийг уг албыг Орон нутгийн өмчийн газар болох үед тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  Б/07 тоот тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэнээр маргааныг үүсгэх үндэслэл болжээ.

2. Нэхэмжлэлд дурдагдаж буй захиргааны акт болох Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хянаж үзвэл: 

Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог баталсан Дорноговь аймгийн Засаг даргын А/446 тоот захирамжаар миний өмнө эрхэлж байсан ажил хэвээр, орон тоог цөөрүүлээгүй, харин мэргэжилтний тоо нэмэгдсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дүгээр зүйлд заасныг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлснийг хууль бус гэж, харин хариуцагчаас Б/07 тоот тушаалыг гаргах болсон үндэслэлийг Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу Дорноговь аймгийн Засаг даргын А/446 дугаар захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, холбогдох мэргэжилтнүүдийн орон тоо буюу “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоо шинээр батлагдан гарч, нэхэмжлэгч Б.Бийн өмнө нь ажиллаж байсан чиг үүрэг бүхий мэргэжилтний ажлын байр байхгүй болж, улмаар ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөн тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага нь “хуульч, эрх зүйч” байхаар чиг үүрэг нь өөрчлөгдсөн гэж байгаагаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан  маргаж байна.

Хариуцагчийн гаргасан захиргааны акт буюу Б/07 тоот тушаалд нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөхдөө баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дугаар зүйл дэх зохицуулалт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга болон Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах,  Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл дэх заалтууд нь ажилтны ээлжийн амралт, түүний хугацааг тооцож, тодорхойлох, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дүгээр заалт нь төрийн албан хаагчийн баталгааг хангах үүднээс тодорхой нөхцөлд өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, дахин мэргэших, ажлын байраар хангуулах, тэтгэлэг олгох зэрэг  асуудлуудыг тус тус зохицуулсан байгаагаар эдгээр нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөхөд баримтлах хуулийн нарийвчилсан зохицуулалт болохгүй байх ба харин уг тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дүгээр зүйлээр зохицуулснаас үзэхэд уг зүйлд заасан нөхцөл байдлууд бий болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг “төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх” асуудлыг зохицуулсан байгаагаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх тухай захиргааны актыг гаргахдаа тухайн заалтыг үндэслэл болгон баримталсан байна гэж үзэхээр байна.

Энэ нь хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “...Гол зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 23.4 дүгээр заалт бөгөөд үүнд заасан “бүтцийн өөрчлөлт орж” гэсэн хэсгийг авч, хуулийн 27.2.4-т заасан байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохтой хамааруулж баримталсан...” гэж тайлбарлаж байгаагаар тогтоогдож байна.

Гэтэл Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх” асуудлыг зохицуулсан 23 дугаар зүйлийн 23.4-д “..., тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан байх ба хуулийн уг зохицуулалтыг агуулгын хувьд авч үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллаж байсан төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, эсхүл мөн түүний ажиллаж байсан төрийн байгууллагын бүтцэд эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөлт орсны улмаас тухайн орон тоо нь хасагдсан тохиолдолд буюу дээрх хоёр үндэслэлийн аль нэг бий болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлөхөөр зохицуулагдсан байна гэж үзэхээр байна.

Хуулийн уг  заалттай холбогдуулан дээр тогтоогдсон маргааны үйл баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Засаг даргын харьяанд байсан Орон нутгийн өмчийн алба нь эрх бүхий байгууллагын шийдвэр болох Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн  “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 тоот тогтоолын дагуу гарсан  Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны “Орон нутгийн өмчийн газар байгуулах тухай” А/429 дүгээр захирамжаар “Орон нутгийн өмчийн газар” болж, бүтцийн хувьд өөрчлөн байгуулагджээ.

Ийнхүү бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдож гарсан Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/446 тоот захирамжийн хавсралтаар тогтоосон орон тооны /хх-ийн 64-р хуудас/ зөвхөн орон нутгийн өмчийн асуудлыг хамаарч, эрхлэх мэргэжилтний орон тоог баталсан хэсгийг авч үзвэл Орон нутгийн өмчийн газрын даргаас гадна Өмчийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтэн, Орон нутгийн өмчийн хөрөнгийн харилцааг зохицуулах мэргэжилтэн гэж баталснаар мэргэжилтний 3 орон тоо батлагдсан байгаа ба үүнийг Орон нутгийн өмчийн алба байх үед 1 мэргэжилтний орон тоотой /хх-ийн 34-р хуудас/ байсантай харьцуулж үзэхэд тухайн орон тоо нь нэмэгдсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан төрийн байгууллагын бүтцэд эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөлт орсон боловч орон тоо хасагдаагүй байна.

Гэтэл орон тоо хасагдаагүй байхад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн захиргааны актыг гаргахдаа орон тоо хасагдсан тохиолдолд баримтлах хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэгжүүлж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дүгээр зүйлд заасныг зөрчжээ.  

Мөн нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх болсон өөр нэг үндэслэлээ “ажлын байранд тавигдах шаардлага нь “хуульч, эрх зүйч” байхаар чиг үүрэг нь өөрчлөгдсөн”  гэж тайлбарлаж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох нэхэмжлэгч Б.Бийн орон нутгийн өмчийн албаны мэргэжилтнээр ажиллаж байх үеийн түүний ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 183-184-р хуудас/, гуравдагч этгээд Ц.Мийн одоо эрхэлж буй орон нутгийн өмчийн газрын орон нутгийн хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 35-36-р хуудас/-уудад заасан байгаа ажлын байрны зорилгыг “Орон нутгийн өмчийн харилцааны асуудлаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээ мэдээллээр хангах, төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх” үндсэн чиг үүрэгтэй байхаар тодорхойлсон нь өөрчлөгдөөгүй, мөн нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдтэй байгуулсан  Үр днгийн гэрээ /хх-ийн 144,150,185,176-р хуудас/-нүүдийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-дахь заалтууд дахь “Гэрээний агуулга, зорилго” ижил, улмаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэг болон Үр дүнгийн гэрээнүүдэд заасан агуулга, зорилгын хүрээнд орон нутгийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтыг хариуцах, тэдгээрт бүртгэлээр хяналт тавих, мөн тухайн эд хөрөнгийн ашиглалтад хяналт шалгалт хийх, орон нутгийн өмчийн асуудлын талаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомж болон орон нутгийн удирдлагаас гаргаж буй тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлуудыг хэрэгжүүлэхээр тус тус тусгагдсан нь мөн өөрчлөгдөөгүй, түүнчлэн нэхэмжлэгч Б.Б нь орон нутгийн өмчийн алба байх үед төрийн захиргааны ТЗ-5 зэрэглэлээр цалинжиж байсан /хх-ийн 3, 212-р хуудас/ болон гуравдагч этгээдийн одоо эрхэлж буй орон тоог баталсан аймгийн Засаг даргын А/446 дугаар захирамжийн хавсралтад зааснаар тухайн мэргэжилтний албан тушаалын ангилал, зэрэглэлийг мөн ТЗ-5 байхаар тогтоосон /хх-ийн 63-64-р хуудас/ байгаа зэрэг байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийг орон нутгийн өмчийн албаны мэргэжилтнээр ажиллаж байх үеийн албан тушаалын чиг үүрэг нь одоо орон нутгийн өмчийн газар болсноор хэрэгжүүлж байгаа тухайн албан тушаалын чиг үүргээс өөрчлөгдсөн болох нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба өөрөөр хэлбэл байгууллага бүтцийн хувьд өөрчлөгдөж өөр нэртэй болсон ч тухайн албан тушаалтны  ажлын байрны тодорхойлолтод зааснаар хэрэгжүүлэх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад түүнийг өөрчлөн байгуулагдсан бүтцийн дагуу боловсруулж баталсан гэх ажлын байрны тодорхойлолтод заасан “хуульч, эрх зүйч” байх мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, үүнийгээ төрийн албанаас халах нэг үндэслэл болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах”-аар заасныг зөрчсөн байх бөгөөд хариуцагчийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн албаны зарчим”-ыг тодорхойлосон 4 дүгээр зүйлийн 4.1-д “... хууль дээдлэх...”, 4.2.5-д “төрийн алба...тогтвортой байх”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” гэж заасан зарчим болон Захиргааны ерөнхий хууль дахь “Захиргааны үйл ажиллагааны зарчим”-ыг зохицуулсан 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-аар тус тус заасан хуулийн зарчим, шаардлагад нийцэхгүй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Дорноговь аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2014 оны 02 тоот тушаалаар батлагдан мөрдөгдөж байсан Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор уг албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлага нь “инженер, эдийн засагч, инженер” байхаар тодорхойлогдож /хх-ийн 123-126-р хуудас/ байсан ба тус аймгийн Засаг даргын 2016 оны А/429 тоот захирамжаар дээрх албыг орон нутгийн өмчийн албатай нэгтгэснээр Орон нутгийн өмчийн газар болсны дагуу тус газрын худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн /Э.М/-ий боловсруулж, газрын дарга /У.Б/-ын баталсан 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтоор тухайн албан  тушаалын ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг “хуульч, эдийн засагч инженер, нягтлан бодогч худалдааны менежмент” гэж тодорхойлсноор “хуульч” байх мэргэжлийн шаардлагыг нэмсэн  /хх-ийн 65-68/ байгаа боловч тухайн албан тушаалыг одоо түүнийг  өмнө эрхэлж байсан албан тушаалтан үргэлжлүүлэн эрхэлж байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд энэ талаар гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Энэ байдлаас дүгнэхэд шинээр боловсруулж баталсан Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод “хуульч, эрх зүйч” байх мэргэжлийн шаардлагыг нэмж баталсан ч нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад түүнийг одоогийн албан тушаалд  дээрх байдлаар үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсан гэж үзэхээр байх бөгөөд үүнд төрийн албаны үндсэн зарчимын нэг болох Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ...шударга ёс, ...тэгш байдал...” алдагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч “Б.Бийг ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаал нь нэхэмжлэгч иргэн Б.Бийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна гэж үзэж, тухайн захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бийг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал буюу дээр тогтоогдож байгаагаар тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаал болох Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 

            3. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчээс гаргаж буй бусад шаардлагууд болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт  хийхийг даалгах шаардлагын тухайд:

  Дээр тогтоогдож байгаагаар нэхэмжлэгчийг төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан захиргааны актыг хүчингүй болгож, улмаар түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагуудыг дараахь байдлуудыг үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Б.Б нь Орон нутгийн өмчийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа Засгийн Газрын 2014 оны 332 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ” дэх албан тушаалын ТЗ-5 дугаар зэрэглэлийн 4 дүгээр шатлалд тогтоосон 599237 төгрөгийн үндсэн цалингаар цалинжиж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Орон нутгийн өмчийн албаны даргын нэхэмжлэгчийг анх ажил, албан тушаалд томилж байсан  2012 оны 10 тоот тушаал /хх-ийн 3-р хуудас/, мөн тус албаны даргын “Бүтэц, орон тоо батлах тухай” 2016 оны Б/01 тоот тушаал, түүний хавсралтуудаар тогтоосон албан тушаалын ангилал, зэрэглэл, үндсэн ба нэмэгдэл цалингийн жагсаалт /хх-ийн 212-214-р хуудас/, нэхэмжлэгч Б.Бийн 2016 оны цалингийн тооцооны карт /хх-ийн 9-р хуудас/, мөн 2012-2016 онуудад нэхэмжлэгчийн авч байсан цалингийн жагсаалт /хх-ийн 31-р хуудас/, түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 5-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба харин тэрээр ажиллаж байх хугацаандаа төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл авдаггүй байсан нь дээр дурдсан нотлох баримтуудад энэ талаар байхгүй байгаа болон тухайн нэмэгдлүүдийг авдаггүй байсан талаар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Б.Бийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “...дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацааг түүнийг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн захиргааны акт дахь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт  8 сар 6 хоногоор тооцож, уг хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4 913 740 төгрөг (599 237 төгрөг /үндсэн цалин/ х 8 сар = 4 793 896 төгрөг, 19 974 төгрөг /1 хоногийн дундаж цалин хөлс/ х 6 хоног = 119 844 төгрөг, 4 793 896 + 119 844 = 4 913 740 )-ийг  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж тус тус шийдвэрлэснээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дүгээр зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Бийг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийн хамт түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэгийг олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч нь уг тэтгэлэгийг өөрийн дансаар хүлээн авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул уг тэтгэлэгийг олгосон асуудал нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх үндэслэлгүй бөгөөд харин нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараараа дээрх тэтгэлэгийг буцаан өгөхийг зөвшөөрч байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

            Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                            ТОГТООХ нь:

         1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 4.2.6, 23 дугаар зүйлийн 23.4 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.5.2 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын “Б.Бийг ажлаас чөлөөлөх тухай”  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бийг  түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг  нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаал болох Орон нутгийн өмчийн газрын орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

             2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн хууль бусаар ажилгүй байсан 8 сар 6 хоногийн хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4 913 740 төгрөг /дөрвөн сая есөн зуун арван гурван мянга долоон зуун дөч/-ийг гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн Газрын даргад даалгасугай.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

    4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.ЦЭНД