Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00393

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргайт баг 16-25 тоотод оршин суух Боржигон овогт Дуламсүрэнгийн Бямбасүрэн /РД:ФМ58092463/-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн 5-1 тоотод оршин суух Ядам овогт Ядамжавын Гомбосүрэн /РД:ГЖ54042003/-д холбогдох 640000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00337/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Я.Гомбосүрэнд 2014 оны 03 дугаар сард мөнгөний хэрэг болоод байна удахгүй өгнө чи туслаач гэхээр нь өөрийн тэтгэврийг зээлж аваад 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр түүний 5285072654 тоот дансанд 600000 төгрөг, 03 дугаар сарын 29-ний өдөр 40000 төгрөгийг 5286029266 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Түүнээс хойш өгөхгүй жил гаран болохоор нь нэхэж эхэлсэн. Гэрт нь 2, 3 удаа очиход өгнө гэдэг байсан. Иймд Я.Гомбосүрэнгээс 640000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Гомбосүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Бямбасүрэнгийн нэхэмжилсэн 640000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Я.Гомбосүрэнд холбогдох 640000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 640000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарД.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Я.Гомбосүрэнд холбогдох 640000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19550 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 9775 төгрөг, хариуцагчаас 9775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбасүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ