Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 519

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Г.Сундуй,  

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1909003700359 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, охины хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо С.Шарав гудамж 32 байр 83 тоот оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Э нь иргэн Б.Наранхүүгээс цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө гэж хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 9 дүгээр сарын 14, 28-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт мобайл банкаар Хаан банкны 5281012860 тоот дансанд 1.070.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 1909003700359 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 5 дугаар сарын үеэр найз Нямсүрэнгийн гэрт очсон. Тухайн үед Нямсүрэнгийн гэрт Булган аймгийн Тэшиг сумаас Наранхүү эхнэр хүүхдийн хамт ирсэн байсан. Наранхүү Булган аймгийн Хилийн цэрэгт ажиллаж байгаад халагдсан. Од ажил олж хийх хэрэгтэй байгаа талаар ярьсан. Цагдаа, шүүхийн шийдвэрт ажилд орчихмоор байгаа талаар ярьж надаас таниж мэдэх хүн байна уу гэж асуусан. Би хүнээс асуучихаад хэлье гэтэл Наранхүүгийн эхнэр нь оруулаад өгөх юм бол мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлсэн. Би тэр явдлаас хойш 7 хоногийн дараа Наранхүүгийн эхнэр рүү оруулах хүнтэй яриад өгье эхний ээлжинд урьдчилгаа гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа миний данс руу 500.000 төгрөг миний данс руу хийсэн. Дараа нь би данс руу дахиад 500.000 төгрөг хийчих гэхэд Наранхүүгийн эхнэр миний данс руу хийсэн. Хэд хоногийн дараа би Наранхүү рүү залгаад ажил бүтээх гэж байгаа хүнийг хоолонд оруулах хэрэгтэй байна гэж хэлээд 70 мянган төгрөг данс руугаа хийлгэж авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Наранхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зүс таних эмэгтэй Энхцэцэг намайг “цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө” гэж хэлсэн. Би үгэнд нь итгээд болзлыг нь зөвшөөрсөн. Энхцэцэг “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд намайг баталгаатай цагдаагийн байгууллагад оруулж өгнө 3.000.000 төгрөг өг” гэж хэлсэн. Надад “тийм их мөнгө байхгүй би ажилд орж байгаад 2.000.000 төгрөгийг нь өгье” гэхэд Энхцэцэг зөвшөөрсөн. Би тухайн өдөр Энхцэцэгийн 5281012860 данс руу өөрийн 5019083594 дугаартай данснаас 500.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн тамгын газрын хажууд явж байхдаа мобайл банкаар шилжүүлсэн. Дараа нь хамт ажилладаг байсан Цэцэгдэлгэр гэх хүнээс 500.000 төгрөг зээлж тус хүний 5281054561 дугаартай данснаас Б.Эийн 5281012860 данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Энхцэцэг нь “хүмүүс хоолонд оруулах гэж байна мөнгө хэрэгтэй байна. Таныг ажилд оруулах асуудлыг ярилцана” гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу өөрийн 5019083594 дугаартай данснаас Энхцэцэгийн 5281012860 дугаартай данс руу 70.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 26 дугаар хуудас/,

 

Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч Б.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч А.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 118 дугаар хуудас/, гэрч Г.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчийн өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлж барагдуулсантай холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

                                      

  Шүүгдэгч Б.Э нь иргэн Б.Наранхүүгээс “цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө” гэж хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт мобайл банкаар “Хаан” банкны 5281012860 тоот дансанд 1.070.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Наранхүүгийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Б.Э нь “Цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө” гэж Б.Наранхүүг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар өөртөө шилжүүлүүлэн авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Б.Эийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, ажилтай болох гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Эийг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

шүүгдэгч Б.Эээс Б.Наранхүүгийн хохирлын 1.070.000 төгрөгийг тус тус шүүхийн дансанд шилжүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, мөнгийг шүүхийн данснаас хохирогчид гаргуулан олгох нь зүйтэй. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Б.Эийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 7 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /7*8=56/ 56 цагийг хасч /240-56=184/ 184 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хугацааг тогтоов. 

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Эг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /7*8=56/ 56 цагийн ажлыг эдлэх ял хасч, /240-56=184/  184 /нэг зуун наян дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН