| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/02645/И |
| Дугаар | 210/МА2025/00363 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00363
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох
Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 3,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай үндсэн,
Хадгалалтын хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр товчооны 1000 машины зогсоол дээр байсан RX-450 маркийн автомашиныг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар *******тэй тохиролцож урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгө орохгүй удсаны улмаас машиныг худалдан авах боломжгүй талаар хариуцагчид мэдэгдсэн.
Гэвч хариуцагч нь төлбөрийг удаашруулж 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Харин үлдэх төлбөрийг буцааж өгөхгүй байх тул хариуцагчаас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
******* нь *******ийн RХ-450 маркийн автомашиныг 1000 машины зогсоол дээрээс 2022 оны 07 дугаар сараас өмнө үзээд 75,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Улмаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг төлсөн. Тэрээр миний машиныг найдвартай газар хадгалж байгаарай гэж байнгын утсаар холбогдож, улирлын чанартай зам ангид ажилладаг тул төлбөр мөнгө гүйцэт орж ирэхгүй байна гэж хэлсэн. Тиймээс машиныг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд хувь хүний автозогсоолд хадгалсан тул зогсоолын төлбөрийг авъя гэхэд машиныг авахдаа төлбөр тооцоог хийнэ гэж хойшлуулсан.
Нэхэмжлэгч машиныг хэзээ авах нь тодорхойгүй байсан тул бид хэсэг хугацаанд хүлээсэн ч сүүлдээ тэрээр мөнгө олдохгүй байна, өгсөн мөнгөө авъя гэсэн тул машин ихээр борлогдох үе өнгөрсөн, хадгалуулсан машинаа авахгүй байсан бол хадгалалтын хөлс авах тухай мэдэгдсэн. ******* машинаа зараагүй, мөн гараашны хадгалалтын төлбөр нэмэгдсэн тул машиныг Худалдаа хөгжлийн банкинд зээлийн барьцаанд тавьж, нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрөөс 22,000,000 төгрөгийг буцааж өгч, үлдэх 3,000,000 төгрөгийг машин хадгалалтын хөлсөнд төлсөн.
Иймд уг машиныг зарсан бол сар бүр банкны хүү 870,000 төгрөгийг төлөхгүй байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Авто худалдааны-22 төв дээр машиныг ирж үзээд худалдаж авахаар болсон. Тухайн үед тэрээр өөрийгөө зам ангид ажилладаг, удахгүй мөнгө орж ирэхээр төлбөрөө төлөөд машиныг чинь авъя гээд урьдчилгаа төлбөрт 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг төлж өөр хүнд заралгүй, хадгалж байгаач гэж гуйсан тул автозогсоолд өдрийн 20,000 төгрөгөөр тавихаар тохирч байрлуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь мөнгө нь орж ирэх хугацаа хойшлогдоод байна, 7-14 хоногийн дараа мөнгө бүтнэ гэж ярьсаар байгаад машин зарагддаг үе болох дулааны улирлыг дуусгасан. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр машин хаана байгаа тухай асуухад нь төлбөртэй зогсоолд найдвартай газар хадгалагдаж байгаа тухайгаа хэлж зургийг нь явуулахад мөнгөө хүлээж байна авна гэсэн.
Тухайн үед зогсоолын төлбөр гарч байгааг анхааруулсан, дараа нь хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй, холбогдохгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын сүүлчээр мөнгө бүтэхгүй нь өгсөн мөнгөө буцааж авъя гэж шаардсан тул 22,000,000 төгрөгийг буцаасан. Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зогсоолын төлбөрт бэлэн 3,000,000 төгрөг төлж машинаа авсан. *******ийн буруугаас зогсоолын төлбөр төлсөн, эртхэн авахгүй гэж мэдэгдсэн бол өөр хүнд худалдах боломжтой хугацаа өнгөрсөн. Мөн автозогсоолд хадгалуулж илүү зардал гаргах шаардлагагүй байсан.
Иймд автомашиныг хадгалуулсны улмаас гарсан зардалд төлсөн автозогсоолын төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Би автомашиныг анх авах үед нэг л удаа харсан, харин төлбөртэй зогсоолд байрлуулсан талаар мэдэхгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид *******т олгож, хариуцагчийн 3,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан болох нь нотлогдоогүй тул энэ төрлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Гэвч нэхэмжлэгч нь RХ-450 маркийн автомашиныг худалдаж авахаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлж, үлдэгдэл мөнгөө төлөх хүртэлх хугацаанд бусдад зарж борлуулахгүйгээр найдвартай газар хадгалж байгаарай гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Улмаар түүний саналыг хүлээн авч замын хөдөлгөөнд оролцоогүй, улсын дугаар аваагүй, шинэ автомашиныг төлбөртэй зогсоолд хадгалуулахаар тохиролцож 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр машиныг автозогсоолд байрлуулсан. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, гаражийн төлбөр тооцоо яваад байгааг сануулж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түүний гар утас руу машин гаражид хадгалагдаж байгаа зургийг явуулж байсан. Мөн тус шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ******* нь RХ-450 маркийн автомашиныг гаражид хадгалуулах хүсэл зоригоо илэрхийлсэн талаар мэдүүлэгтээ дурджээ. Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд хадагалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр хадгалалтын гэрээ амаар байгуулагдсан байх тул тус гэрээ байгуулагдсан эсэх нь талуудын тайлбар дээр үндэслэж тогтоох боломжтой байсан боловч нэхэмжпэгч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, бидний хооронд ярьж байсан ярианы дуудлага болон бичиж байсан мэссежийг холбогдох газраас гаргаж өгөөгүй нь хадгалалтын гэрээ байгуулагдсан эсэх нь тогтоогдох боломжгүй үзэхэд нөлөөлсөн. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.1-д хадгалагчид эд хөрөнгө хадгалсны зайлшгүй зардлыг төлөх, 422.4.2-т хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалагчид хөлсийг төлөх гэж заасны дагуу нэхэмжлэгч нь RХ-450 маркийн автомашиныг хадгалсан төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иймд нэхэмжэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Автомашиныг 2022 оны 07 дугаар сард Яармагийн гаражид байхад нь үзсэн. Улмаар банк бусаар авахаар тохиролцож урьдчилгаа мөнгө өгсөн боловч банкны зээлийн асуудлаас болоод зээл гарах боломжгүй болсон тул сарын дараа автомашиныг авах боломжгүй болсон тухай мэдэгдэж, урьдчилгаа мөнгийг буцаан авах саналтай талаар хэлсэн. Гэвч хариуцагч мөнгийг өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж автомашины байршлыг тогтоосны дагуу нийт 22,000,000 төгрөгийг буцаан авсан. Харин үлдэгдэл 3,000,000 төгрөгийг шаардахад автомашиныг зогсоолд хадгалсан төлбөрт тооцон авсан гэж хэлсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хадгалалтын хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. ******* нь *******ээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Лексус ар экс 450 эч /Lexus RX-450h/ маркийн тээврийн хэрэгслийг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон нь хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон.
3.1. Нэхэмжлэгч ******* нь тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлсэн нь талуудын тайлбар, банкны дансны хуулгаар нотлогдсон.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн байна.
3.2. Талуудын хооронд тээврийн хэрэгслийг авто зогсоолд тавьж хадгалуулсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
3.3. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг зээл авч төлөхөөр хөөцөлдсөн боловч улирлын чанартай замын ажил эрхэлдэг байснаас зээл гарах боломжгүй болсон тул гэрээнээс татгалзсан болохыг хариуцагчид мэдэгдсэн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.
3.4. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчид худалдан авсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүйгээс гэрээнээс татгалзаж дуусгавар болгох талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
3.5. Дээрх гэрээнээс татгалзсан татгалзлыг хариуцагч хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, харин үлдэх 3,000,000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
3.6. Нэхэмжлэгч нь автомашины худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн тул нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгөх үүрэгтэй.
3.7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Иймээс шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 25,000,000 төгрөгийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
4.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ...Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт зааснаар хадгалалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу зогсоолын төлбөрт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн... гэж тодорхойлжээ.
4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүсээгүй, авто зогсоолын төлбөрийг нэхэмжлэгч төлөхөөр харилцан тохиролцсон гэх тайлбар, татгалзлаа хариуцагч нотолж чадаагүй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хадгалалтын гэрээгээр 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд өдрийн 20,000 төгрөгийн төлбөртэй зогсоолд автомашиныг хадгалсан, хадгалалтын хөлсөнд 3,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдохгүй байна.
4.3 Түүнчлэн, гэрч ******* шүүхэд автомашиныг өдрийн 20,000 төгрөгөөр зогсоолд 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар байрлуулсан гэж мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хадгалалтын хөлс төлсөн мөнгөн хөрөнгийг хэрхэн шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хариуцагчийн авто машиныг зогсоолд байрлуулах талаар нэхэмжлэгч хүсэл зоригоо илэрхийлсэн тул хадгалалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу зогсоолын төлбөрт 3,000,000 төгрөгийг төлсөн, энэ талаар гэрч мэдүүлсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч гэрээний үүрэг шаардсан байхад маргаанд хамаарах Иргэний хуулийн зохих зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан заалтыг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулав.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/05126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...205 дугаар зүйлийн 205.1 гэсний дараа, 422 дугаар зүйлийн 422.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ