| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0534/Э |
| Дугаар | 528 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Г.Б (өөрийгөө өмгөөлж),
Шүүгдэгч Г.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б нарт холбогдох эрүүгийн 1909004440594 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технилогич мэргэжилтэй, “Энержи ресурс” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар баг Гонир 1 хэсэг гудамж 4-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг эхийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7 дугаар гудамж 88 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” баарны гадна хохирогч Х.Батсүхтэй маргалдаж түүний нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” баарны гадна хохирогч С.Мягмаржавтай маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бартанбаатар мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909004440594 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найзуудтайгаа бааранд ороод бүжиглэж байхдаа Батжавхлан нэг залуутай мөрлөлцсөн. Түүнээс болоод тэр залуутай муудалцаад гадаа гараад тэр залуу Бороог заамдаж авахаар нь би салгах явцдаа толгой руу нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр найзуудтайгаа бааранд ороод бүжиглэж байхдаа нэг залуутай мөрлөлцсөн. Түүнээс болоод гадаа муудалцаад сахалтай залуу нь Бороог заамдаж авахаар нь би нөгөө залуутай ойлголцох гээд зогсож байтал Мягмаржав гэх залуу нь хажуунаас орж ирээд миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Хохирогч Х.Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би найз Мягмаржав, Амартүвшин нарын хамт Холливүүд бааранд орсон. Бүжиглэж байгаад би нэг бандийн хөл дээр гишгэсэн. Би өөрөө мэдээгүй. Бид гурвыг баарнаас гарч ирэхэд арваад залуу хүлээж байсан. Нэг залуу ирээд хэрүүл өдсөн. Хөл дээр чинь гишгэчихээд уучлал гуйгаагүй бол миний буруу гэж хэлсэн. Маргаад зогсож байхад араас нэг залуу цохиод би урд байсан залууг тэврээд газар унасан. Нүүр рүү хэн гэдгийг нь мэдэхгүй 4 удаа өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дүгээр хуудас/,
Гэрч Х.Тэмүүжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би найз нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холливүүд нэртэй бааранд орсон. Тэндээс 03 цаг 30 минутын үед харих гээд гарцгаасан. Гадаа зогсож байхад дотроос 3 ах гарч ирээд сахалтай ах Бороог мөрлөсөн. Бороо “яаж байгаа юм бэ” гэхэд нэг ах “асуудал байна уу” гээд заамдалцсан. Батжавхлан нүдээ хөхрүүлсэн ахтай хэрүүл хийсэн чинь Батжавхланг мөргөсөн. Бид нар салгаад байж байтал хөмсөгөө сэтлүүлсэн ах Батжавхланг заамдаад авсан. Нүдээ хөхрүүлдэг ах “та нар чадах юм уу” гээд Бороог заамдаад тавихгүй болохоор нь Бороо цохисон. Бөөн хэрүүл болоод Лхагвасүрэн бид хоёр салгатал цаана хөмсгөө сэтлүүлдэг ах Батжавхлан 2 хэрэлдээд Галаа салгаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 19 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Оргил-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Найзуудтайгаа бааранд орсон. 03:30 цагийн үед баарнаас гараад гадаа тамхилаад байж байхад дотроос 3 согтуу ах гарч ирсэн. Биеэрхүү сахалтай ах “ахтайгаа зодолмоор байна уу” гээд шууд миний толгой руу цохиод хавираад унагаахад хамт газар унасан. Би нүүрээ дараад биеэ хамгаалж байсан болохоор болж байгааг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Д.Дөлгөөн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр дипломоо аваад найзуудтайгаа бааранд 03:30 цагийн үед би баарнаас гараад тамхинд явсан. Эргээд ирэхэд манай найзууд хэдэн ах нартай мууцалцаад бөөгнөрөөд байж байсан. Би ирээд Батжавхлан 2 ахтай зууралдаад зогсож байхаар нь салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мөнхгал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр найзуудтайгаа бааранд ороод 03:30 цагийн үед баарнаас гараад тамхи татаад зогсож байхад 3 согтуу ах гарч ирээд Бороо руу “чи хувцас хунараа цэрэг хувцастай бааранд орж болохгүй” гээд байсан. Сахалтай буржгар үстэй ах Бороог цохиод хамт газар унасан. Бороог салгах гэсэн чинь намайг түлхэхээр нь би нүүр рүү нь цохисон. Эргээд харахад Баагий /Батжавхлан/ хойно нөгөө 2 залуутай зууралдаад байж байхаар нь салгаад бид нар явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Т.Амартүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр найз Батсүх, Мягмаржав бид 3 бааранд орж сууж байгаад гарсан. Гарч ирэхэд хэдэн залуу зогсож байсан. Тэд нар “уулзая” гээд дуудсан. Батсүх нэг залуутай /урт савхин куртиктэй/ нь замын цаана гарч уулзсан. Нэг харсан чинь Батсүхийг цохиж байсан. Бид хоёр очоод салгах хооронд тэр залуу Батсүхийн нүүр рүү өшиглөсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1685 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1686 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Г.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/, хохирогч С.Мягмаржавын хүсэлт /хх-ийн 87 дугаар хуудас/, хохирогч Х.Батсүхийн хүсэлт /хх-ийн 86 дугаар хуудас/, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 30-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” баарны гадна хохирогч Х.Батсүхтэй хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь “...баруун нүдний ухархайн доод ханын гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, гайморовын хөндийн шингэн хуралдалт, баруун, зүүн зовхи, дух, хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт, хэлэнд шарх бүхий...” хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд баарны гадна хохирогч С.Мягмаржавтай хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Батсүх, С.Мягмаржав нарын мэдүүлэг, гэрч Х.Тэмүүжин, гэрч Д.Дөлгөөн, гэрч Т.Амартүвшин, гэрч Б.Мөнхгал, Ц.Оргил-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1685, №1686 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Х.Батсүхийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Бын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Мөн шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Мягмаржавын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Бгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсгээр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Батсүхээс “...хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 86 дугаар хуудас/,
Хохирогч С.Мягмаржаваас “...Хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн хүсэлт /хх-ийн 87 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Б, Г.Б нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН